Дархан чин ван Ринчиндорж
Дархан чин ван Ринчиндорж - († 1756 он) Түшээт хан аймгийн Дархан засгийн хошууны Засаг ноён, хошой чин ван, Манжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослогыг үүсгэн зохион байгуулагч.
Чин ван Ринчиндорж нь Түшээт хан Чахундоржийн жич, Галдандоржийн хүү Дондовдорж болон Манжийн Энх-Амгалан хааны охин Хичээнгүй амарлингуй гүнжийн хүү юм.
Ринчиндорж нь хэдийгээр манжийн хааны эфүгийн хүү буюу манжийн хааны зээ байсан боловч Монголын тусгаар тогтнолыг сэргээн байгуулах чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн байжээ. Манжийн хаан Ринчиндоржийг 1723 онд Хөхнуурт Манжийн ноёрхолыг эсэргүүцэн гарсан Лувсанданзангийн бослогыг дарах Халхын цэргийг удирдуулан явуулж байжээ. Мөн Манжийн хаанаас Зүүнгарын хаант улсын эсрэг хийсэн 1755-1756 оны дайны үед мөн цэрэг удирдан оролцсон боловч Хотгойдын шадар ван Чингүнжав, Өвөр Монголын хорчин ван эфү Сэвдэнбалжир, Ойрадын чин ван Амарсанаа нартай мөн оны намар Халх, Зүүнгар, Өвөр Монголд Чин улсын эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэрэг гарган тэмцэж, харийн ноёрхлыг түлхэн унагахаар хэлэлцэн тохиролцож, бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, нягт холбоотой ажиллаж байжээ.
Гэвч манжийн хатуу хараа хяналт, хагалан бутаргах бодлогын улмаас, санаснаа хэрэгжүүлж чадаагүй байна. Манжууд 1755 оны сүүлээр Сэвдэнбалжирыг Бээжинд дуудан гэрийн хорионд оруулж, Чингүнжавыг Хатан голын тэлэнгэд (одоогийн алтайчуудыг хэлж байна, уг голыг оросоор Катунь, алтайгаар Кадын гэдэг) нарыг дагуулах үүрэг өгөн илгээж, Ринчиндорж ванг цаазаар аваачсан байна.