Хоовойн Галхүү
Хоовойн Галхүү (1952-1997) Монголын эстрадын дуучин, багш. 1952 онд төрсөн. Хөрвөх чадвар өндөртэй, өвөрмөц сайхан хоолойтой, хоолойгоо удирдах төрөлхийн ур чадвартай авъяаслаг нэвтрүүлэгч, тайзны өндөр соёлтой дуучин, монголын хөгжмийн урлагийн олон арван түүчээлэгчдийн багш. Манай эстрад урлагийн нэртэй зүтгэлтнүүдийн нэг.
Нийслэлийн 11-р сургууль, Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургууль, ЗХУ-ын Иркутск хотын Багшийн Дээд Сургуульд тус тус суралцаж төгссөн.
1960-аад оны дунд үеэс Монголын Радиод “Өглөөний мэнд” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байв. 1967-1971 онд Багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж “Дуу хөгжмийн багш” мэргэжил эзэмшсэн. 1969 оноос МРТУХ-ны Хөгжмийн Редакцийн дэргэдэх “Цахилгаан хөгжмийн чуулга” буюу одоогийн Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулгатай хамтран ажиллаж С.Баатарсүхийн хөгжим “Сургууль минь баяртай”, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, Д.Жанчивын хөгжим “Мөрөөдлийн дуу” зэрэг олон дууг анх дуулж сонсогчдод хүргэсэн.
1974 оны 8-9 сард Улсын филармонийн “Баянмонгол” чуулга, джазын өлгий Америк тивд анх хөл тавьж, Куба улсад айлчлан тоглоход тэрээр дуучин Л. Оюунчимэг, Т.Рэнцэнханд, Н. Гэрэлт-Од нартай хамт оролцож ая дуугаа өргөж байжээ.
Тэрээр дээр дурдагдсан, анх дуулж сонсогчдод хүргэсэн, өөрийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээсээ гадна тус чуулгатай дуулж байхдаа урын сангийнх нь эрэгтэй хоолойн бүхий л уран бүтээлүүдийг гадаад дотоод, хот хөдөө орон нутгийн тайзнаа дуулдаг байсан билээ.
Дуулахын зэрэгцээ өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу хот хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургууль, их дээд, дунд тусгай мэргэжлийн сургуулиудад багшилж ирсэн. 1986 онд хэвлэгдэн гарсан ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-р ангид үзэх “Дуу хөгжмийн сурах бичиг”-ийн со-автор. Ерөнхий боловсролын сургуульд багшилж байх хугацаандаа сурагчдын цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж удирдаж байв. Хөгжмийн зохиолч С.Батболд, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр, дуучин Н.Гантулга зэрэг олон арван авъяастнуудад багшилж байжээ.
1989 оноос насан эцэслэх хүртлээ УФ-ийн дарга Д.Ухнаагийн санаачлан байгуулсан “Эстрадын ахмад дуучид” хамтлагтай дуулж ард түмэндээ ая дуугаа өргөсөн юм.
1999 оны сүүлээр түүний шавь нарын нэг, дуучин Н.Гантулга багшийнхаа дурсгалд зориулж түүний дуулах дуртай, анх дуулж амьдруулсан “Цэцгэн зүйрлэл” дууг нь дуулж дүрсжүүлжээ. Монгол түмний ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх "Монгол тулгатны 100 дуу”-нд "Цэцгэн зүйрлэл" дуу мөн дуучин Н.Гантулгын дуулснаар орсон байна.
“Баянмонгол” чуулгын Монголын эстрад урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 2019 онд 50 жилийн ойгоор Төрийн соёрхол хүртээхэд МУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд нь Хоовойн Галхүү гэх энэхүү эрхэм хүний, тус чуулгын анхны эмэгтэй дуучин Лувсангийн Оюунчимэгтэй хамтран дуулсан Д.Батсүрэнгийн шүлэг, С.Баатарсүхийн хөгжим “Дөрвөн улирал хоёр амраг” дуу дурдагджээ.
Багшийн сургуулийн 100 жил, хөгжмийн багшийн салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд нэрт сурган хүмүүжүүлэгч, эстрадын дуучин агсан Х.Галхүү багшийн нэрэмжит хөгжмийн кабинетыг 2022 оны 10-р сарын 26-нд Багшийн их сургуульд нээв.
Уран бүтээл
засварлах“Сургууль минь баяртай” (шүлэг Ө.Тогоо, хөгжим С.Баатарсүх)
“Цэцгэн зүйрлэл” (шүлэг З.Түмэнжаргал, хөгжим С.Баатарсүх)
“Дөрвөн улирал хоёр амраг” (шүлэг Д.Батсүрэн, хөгжим С.Баатарсүх) [1]
"Явах л хүсэл байвал явъя" (шүлэг н.Жигмэдготов, хөгжим Т.Уртнасан)
"Унаган нутгийн дуудлага" (шүлэг н.Ням-Осор, хөгжим Л.Батаа)
“Мөрөөдлийн дуу” (хөгжим Д.Жанчив), (“Чимгээгийн төрсөн өдөр” киноны дуу) [2]
“Зөн билгийн дуу” (н.Балчинсүрэн, хөгжим Т.Уртнасан)
“Сансрын нисэгчийг хүлээх дуу” / "Хүлээлтийн дуу" (шүлэг Д.Батсүрэн, хөгжим В.Боролдой)
Эх сурвалж
засварлах2022-10-26, Багшийн их сургууль Х.Галхүү агсны нэрэмжит хөгжмийн кабинеттэй боллоо