Лхавааны Дорж
Лхавааны Дорж (1921-1980) нь Монголын хөгжмийн зохиолч юм.
Лхавааны Дорж | |
---|---|
| |
Төрсөн: | 1921 оны 11 сарын 3 Дорнод аймаг |
Өнгөрсөн: | July 24, 1980 | (58 насалсан)
Тэрбээр 1921 оны арван нэгдүгээр сарын 3-нд Дорнод аймгийн Матад сумын 4 р багийн нутаг Чулуун хашаат гэдэг газар Лхавааны 1 р хүү болон төржээ. 1929 онд 8 настайдаа Матад сумын клубтсайн дурын уран сайханч-дуучнаар орж урлагийн гараагаа эхэлж байсан.
Монголын алтан үеийнхний дахин давтагдашгүй суут хөгжмийн зохиолч Лхавааны Дорж ард түмний дунд Лха Дорж нэрээрээ алдаршсан.
Ард түмэнд ардын дуу болтлоо дуулагдсан Цэнхэр дурдан алчуур буюу Амрагийн дуу , Хар ус нуур, Эрхмийн дээд, Энгийн биш нүд , Монгол морь зэрэг олон сайхан бүтээлтэй.
Дорнод аймгийн Залуучуудын клубт хөгжимчин , Улаанбаатар хотын Залуучуудын Соёлын ордон, Хязгаарын цэргийн ансамбльд хөгжмийн багш , удирдаачаар, Улсын радио хороо, Санхүү эдийн засгийн техникум, Улсын Багшийн сургууль, Шарын голын Соёлын ордон, Говь-Алтай аймгийн клуб, Ховд аймгийн Хөгжмийн Драмын театр, Увс аймгийн Хөгжмийн Драмын Театрт хөгжмийн багшаар тус тус ажилласан.
1964 оноос эхлэн Монголын хөгжмийн зохиолчдын холбооны бүгд хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдсон ба Монголын хөгжмийн зохиолчдын холбооны I, II их хуралд тэргүүлэгчээр оролцсон. 1967 онд МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар Манжерокт болсон Монгол-Зөвлөлтийн Залуучуудын уулзалтад төлөөлөгчөөр оролцсон. Мөн Герман улсад төлөөлөгчөөр явж байсны зэрэгцээ 1968 онд Москвад болсон Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын IV их хуралд төлөөлөгчөөр оролцсон. Лха Дорж нь Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны ууган гишүүдийн нэг. Тэрбээр "Монголын залуучуудын марш " зэрэг шилдэг дуу бүтээсэн учир хөгжмийн зохиолчдын дотроос хамгийн анх МХЗЭ-ийн нэрэмжит хүндэт шагналыг хүртсэн юм.
Монголын дууны уран бүтээлийн хөгжлийн явцыг энэ хүний нэр, уран бүтээл хоёргүйгээр авч үзэж болшгүй юм. Лха Дорж нь манай орчин үеийн мэргэжлийн хөгжим дөнгөж үүсэж байсан үед уран бүтээлээ эхэлж, ахар богино хугацаанд цаг үеэ эзэлсэн том төлөөлөгч болж тодорсныг нь нийгмийн хөгжлийн явц, зүй тогтолтой холбон үзэж тайлбарлах хэрэгтэй
Намтар
засварлах1921 онд Дорнод аймгийн Матад сумын 4 р багийн нутаг Чулуун хашаат гэдэг газар Лхавааны 1 р хүү болон төржээ. 8 нас хүртэл эцэг эхийн гар дээр өсөж, 8 наснаасаа сумын уран сайханд оролцон Цамба гэдэг хүнээр хуучир, морин хуур, лимбэ хөгжим заалган сурчээ. Дорнод аймгийн залуучуудын клубт хөгжимчнөөр ажиллаж байхад төвөөс очсон элсэлтийн шалгалтаар гоц шалгарч Улаанбаатар хотод ирж Уран сайхны сургуульд орж суралцан 2 жилийн дараа төгсчээ.
1936 он (15 насандаа) тус аймгийн Залуучуудын цэнгэлдэх хүрээлэнд хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн.
1939 он (18 насандаа) Улаанбаатар хотын Уран сайхны сургуулийн хөгжмийн ангид 2 жил суралцаж сайн дүнтэй төгссөн.
1941 он Улаанбаатар хотын Залуучуудын Соёлын ордонд хөгжмийн багшаар ажилласан.
1942 онд нас тэнцэж Хязгаарын цэргийн ансамбльд цэргээр оржээ.
1943 онд МХЗЭ-ийн гишүүнээр элссэн
1943- 1954 он хүртэл Хязгаарын цэрэгт офицер, хөгжмийн багш, хөгжмийн удирдаачаар ажиллаж байсан.
1954 онд МҮЭвлэлийн гишүүнээр элссэн.
1954 он Улсын радио хороонд хөгжмийн багшаар ажилласан.
1957 онд БНМАУ, БНХАУ-ын хоорондын харилцаа сайн байх үед БНХАУ-ын Шанхай хотод Хөгжмийн дээд сургуульд орж, 1962 онд хөгжмийн дээд боловсрол эзэмшиж төгссөн.
1962 онГовь-Алтай аймгийн клубт хөгжмийн багшаар ажиллаж байх хугацаандаа гэр бүлтэй болсон (Эхнэр Шагдар овогтой Долгорсүрэн Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн).
Улмаар Ховд аймаг руу шилжин Хөгжимт Драмын театрт 1973 он хүртэл хөгжмийн багшаар ажилласан.
1964 оноос эхлэн Монголын хөгжмийн зохиолчдын холбооны бүгд хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдсон ба Монголын хөгжмийн зохиолчдын холбооны I, II их хуралд тэргүүлэгчээр оролцсон.
1967 онд МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар Манжерокт болсон Монгол Зөвлөлтийн Залуучуудын уулзалтад төлөөлөгчөөр оролцсон. Мөн Герман улсад төлөөлөгчөөр явж байсны зэрэгцээ 1968 онд Москвад болсон Зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын IV их хуралд төлөөлөгчөөр оролцсон.
1973 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж, Санхүү эдийн засгийн техникумд
1974 он Улсын Багшийн сургуульд хөгжмийн багшаар тус тус ажилласан.
1975 онд Соёлын Яамны тушаалаар Шарын голын Соёлын ордонд 3 жил хөгжмийн багшаар ажилласан.
1978 онд Соёлын Яамны тушаалаар Увс аймгийн Хөгжмийн Драмын Театрын хөгжмийн багшаар томилогдсон.
1978 оны 12-р сард эхнэр 6 хүүхдийн хамт Увс аймагт шилжин очсон. 1979 оноос эхлэн удтал хүндээр өвчилж 1980 онд таалал төгссөн.
Уран бүтээл
засварлахДорж 1940-өөд оноос уран бүтээлээ эхэлж, нийтийн дуу 250 орчим, найрал дуу 50 орчим, тайзны бүжгийн 70 гаруй хөгжим, дан хөгжмийн гоцлол, цөөхүүл,чуулга 40 гаруйг бүтээжээ.
Хөгжмийн театрт зориулсан
засварлах- "Будилаан" хошин жүжиг 1969 онд Ховд ХДТ
- "Хүрмэн хүү" 1965 онд Ховд ХДТ
- "Асгалдай" 1947 он
- "'Хязгаарчдын холбоо" 1948 он
- "Амарсанаа" 1968 онд Ховд ХДТ
- "Уургын хуйв" 1981он Баянхонгор ХДТ
Дулаачийн бүтээл
засварлах- Лениний тухай дуулал магтуу" 1969 он
Хөгжмийн гоцлол
засварлах- "Миний төрсөн нутаг" хийлийн гоцлол, төгөлдөр хууртай
Марш
засварлах- Монголын залуучуудын марш (шүлгийг Ц.Гайтав, Ч.Чимид)
- Найрамдалт нөхдийн дуу (шүлгийг Ч.Лхамсүрэн)
Дуу
засварлах- Бид ялна (шүлгийг Д.Тарва)
- Монгол морь (шүлгийг Ц.Гайтав)
- Амрагийн дуу (шүлгийгХ.Пэрлээ)
- Хилчин (шүлгийг Д.Сэнгээ)
- Үдэлтийн дуу (шүлгийг Д.Тарва)
- Гурван баатар (шүлгийг Баянмөнх)
- Эрхмийн дээд (шүлгийг Ц.Цэдэнжав)
- Улаанбаатар (шүлгийг Ц.Гайтав)
- Энгийн биш нүд (шүлгийг Ж.Бадраа)
- Аргагүй (шүлгийг Ц.Цэдэнжав)
- Хар ус нуур (шүлгийг Ц.Гайтав)
- Сэтгэлийн сайхан (шүлгийг Ц.Цэдэнжав)
- Домогт алаг морь (шүлгийг Б.Жаргал)
- Асралт ээждээ би хайртай (шүлгийг Ц.Цэрэнчимэд)
- Хүлээлт (шүлгийг Н.Санжмятав)
- Жаргалтай дэлгэр дэлхий (шүлгийг Г.Балжинням)
- Хилч би (шүлгийг Н.Санжмятав)
- Хүсэл (шүлгийг Ч.Лхамсүрэн)
- Ухаант ханийн халамж (шүлгийг Д.Саманд)
- Барилгачдын дуу ()
- Тэшүүрчин (шүлгийг Д.Даржаа)
- Эргэж хармаар санагдана (шүлгийг Н. Санжмятав)
- Бүүвэйн дуу ()
- Эх нутгийн салхи (шүлшгийг Н.Жамбалсүрэн)
- Одонт хороо ()
- Баяртай (шүлгийг Ц.Дамдинсүрэн)
- Далдуур зөргөөр яахав (шог дуу, шүлгийг Ц.Цэдэнжав)
- Еэ еэ бөөвөө (хүүхдийн дуу, шүлгийг Ц.Цэдэнжав)
- Даанч ухаангүй тоглож дээ (хүүхдийн дуу, шүлгийг Н.Санжмятав)
- Орос жаал (хүүхдийн дуу)
- Тугалчин (хүүхдийн дуу)
- Жанжин Сүхбаатар (шүлгийг Ц.Жарантав)
- Манай манлай нам (шүлгийг Ц.Цэрэнчимэд)
- Жуулчлан нисье (шүлгийг Б.Дамдиндорж)
- Москва (шүлгийг Ц.Цэнджав)
- Винтов (шүлгийг З. Пунцаг)
- Байлдагч (шүлгийг Л.Цэнд-Очир)
- Үдэлтийн дуу (шүлгийг Д.Тарва)
- Ялалтын дуугаа өргөн мандуулна (шүлгийг Б.Зуршиг)
- Уран үйлчлэгч танаа (шүлгийг Ш.Сүрэнжав)
- Тийм улирал сайхан (шүлгийг С.Долд)
- Зүрхний угаас баярлаад байна (шүлгийг А.Самбалхүндэв)
- Шарга морь (шүлгийг Ц.Цэдэнжав)
- Эрвээхий (шүлгийг Б.Дамдиндорж)
- Нам айлтайм (шог дуу, шүлгийг Б.Дамдиндорж)
- Салчид
- Сайн нөхрийн ачийг дуулъя (шүлгийг Ж.Бадраа)
- Сүүний тухай дуу (шүлгийг Ч.Лхамсүрэн)
- Баян цагааны ялалт (шүлгийг Д.Тарва)
- Бат эгнээ (шүлгийг Д.Тарва)
- Хүн гэдэг сайхан юм даа (шүлгийг Ж.Бадраа)
- Шуудхан хэлэхэд (шүлгийг А.Самбалхүндэв, олны хүсэлтээр "Амрагийн дуу"-ны хариу болгож хожим зохиосон дуу)
- Хүлээлт (шүлгийг Ч.Батчулуун)
Хэвлэгдсэн бүтээл(ноттой)
засварлахМонголын орчин үеийн хөгжмийн түүхийг эргэн харвал 1934-1935 онд хамгийн анхны ноттой дууны түүврийг гаргасан байдаг.Үүнээс хойш 12 жилийн дараа 1947 онд Монголын хамгийн анхны хөгжмийн зохиолчийн бие даасан түүврийг гаргасан. Энэхүү түүвэр нь Хөгжмийн зохиолч Лхавааны Доржийн 47 дуутай түүвэр (5000 хувиар хэвлэн гаргасан) юм.
- "Дууны түүвэр"- 1947 он (Энэ түүвэрт анхны бүтээл Бид ялна, Амрагийн дуу, Монгол морь, Хилчин, Үдэлтийн дуу, Хилч би, Одонт хороо зэрэг одоо хэр дуулагдсаар байгаа 47 дуу оржээ)
- "Дуунууд" - 1948 он (Энэ түүвэрт яруу найрагч Ц.Цэдэнжавын шүлгүүдээр дагнаж бүтээсэн 21 дуу орсон)
- "Эрхмийн дээд" - 1971 он
- "Хар ус нуур" - 1990 он
Бүтээлийн талаарх үнэлгээ, шүүмж
засварлахБНМАУ-ын соёлын түүх 2-р боть 178-179 дүгээр тал:
Лха Доржийн 40, 50-иад оны нийтийн дууны уран бүтээл бүхэлдээ эх орондоо хайртай ард түмэн, цэрэг эрсийн дайчин бадрангуй үзэл санаагаар нэвт шингэсэн, үргэлж уриалан дуудсан чанартайгаараа онцлог юм.
Хөгжим судлаач Д.Батсүрэн (1987 он):
Лха Доржийн уран бүтээл бүхэлдээ монгол дууны ая, хөг хэмнэлийн уламжлалд суурилсан байдаг. Үндэсний бадагт дууны хэлбэрийг нэлээд богино дуундаа баримталсан харагдана. Харин 2-4 мөртэй түрлэгт буюу 2 ангит хэлбэрийг уран бүтээлийнхээ бараг эхэн үеэс чадварлаг эзэмшиж, хойшид улам баяжуулсан байна. Жишээ татвал "Монгол морь", "Үдэлтийн дуу", "Хүлээлт", "Эргэж хармаар санагдана", "Гурван баатар", "Эрхмийн дээд" зэрэг 4 өгүүлбэрт түрлэгийн хэлбэр, "Даанч ухаангүй тоглож дээ", "Гарамгай хилчин", "Бид ялна" (анхны дуу), "Винтов", "Амрагийн дуу", "Барилгачдын дуу" зэрэг хоёр өгүүлбэрт түрлэгийн хэлбэр, тэр ч байтугай нэг өгүүлбэрт түрлэг "Салчид"-ыг өгүүлэн буй утга агуулгад зохистой шүтэлцүүлэн хэрэглэсэн байна. Сондгой мөрт (3,5,7) хэлбэр монгол ардын дуунд ховор тохиолдлын зүйл байдаг. Ноён худагт Д. Равжаагийн "Үлэмжийн чанар" бол энэ ховрын нэг бөгөөд жишээ загвар болохуйц сайхан шүтэлцсэн хэлбэр байдаг билээ. Энэ өвөрмөц хэлбэрийг манай хөгжмийн урлагийг үндэслэгч М. Дугаржав "Үзэсгэлэн гоо"-доо гайхамшигтайяа уламжилсан юм. Лха Дорж үүнийг "Сэтгэлийн сайхан" дуундаа үргэлжлүүлсэн нь нэн сонсголонтой бөгөөд сонирхолтой.
Ардын жүжигчин Б Зангад:
"Монгол морь”, "Амрагийн дуу”, "Эрхмийн дээд”, "Монголын залуучуудын марш”, "Энгийн биш хар нүд”-ийг зохиосон Лхавааны Дорж ямар ч цол гавьяа авч чадалгүй өөд болсонд харамсдаг. ...Цэнхэр дурдан алчуурыг Цэцэг навчаар гоёлоо доо... гээд л ямар агуу дуу вэ. Үүнийг дуулаагүй өнгөрсөн цэрэг байна уу, цаашдаа ч олон жил насална. Базарваань, бид гавьяатнуудаа мартаж болохгүй. Ялангуяа монголчуудын оюун санаанд хөрөнгө оруулалт хийж, тэр нь мөнхийн бүтээл болсон хүмүүсээ мартах учиргүй.
Гавьяа шагнал
засварлахТеатруудын үйл ажиллагааг сайжруулах, Монгол улсын урлагийн салбарын урын санг арвижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн:
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Алтан гадас одон
- Байлдааны медаль
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- Зөвлөлтийн “Бид ялав” медаль
- Монголын “Бид ялав” медаль
- Ардын Хувьсгалын 25 жилийн ойн медаль
- Ардын Хувьсгалын 40 жилийн ойн медаль
- МХЗЭ-ийн 50 жилийн ойн медаль
- Соёлын тэргүүний ажилтаны цол тэмдэг
- НАХЯамны 50 жилийн ойн медаль
- МХЗЭ-ийн шагнал
- БНМАУ-ын онц хилчин
- МҮЭ-ийн 50 жилийн ойн медаль
- Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль, жуух, баярын бичгүүдээр тус тус шагнагдаж байсан.