Зундуйн Зундарь

Зундуйн Зундарь (1952 оны 5-р сарын 2-нд Улаанбаатар хотод төрж, 1998 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монголын поп, рок урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, хөгжимчин, хөгжмийн зохиолч, СТА, Пентатоник-96 цомын эзэн.

Түүний эцэг Садын Зундуй нь орос ардын хөгжим мандолин, балалайка хөгжмөөр тоглож, Монгол циркийг үндэслэгч Ж.Раднаабазартай Орос улсад суралцаж байхдаа хөгжим тоглож циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан, эх Махвалын Дариймаа нь шанз хөгжмийг маш чадварлаг тоглодог нэгэн байжээ. С.Зундуй, М.Дариймаа нар 7 хүүхдийнхээ отгон хүүд өөрсдийн нэрийг оруулан нэр хайрласан нь Зундарь болсон байна. Гэвч 1962 онд эцэг С.Зундуй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд гэргий Дариймаа өөрийн долоо, мөн үрчлэн авсан гээд нийт есөн хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн хүний зэрэгт хүргэсэн гэдэг.

Удам дамжсан урлагийн авьяастай түүний төрсөн ах Зундуйн Эрдэмбилэг нь Монголын анхны мэргэжлийн төгөлдөр хуурчдын нэг бол ах З.Хангал нь гитар, бөмбөр, төгөлдөр хуурыг гаргууд тоглодог, 1964 оноос Барилгачдын Соёлын Ордон, 1965 оноос хуучин Пионерын Ордонд байгуулагдсан гитарын дугуйлангуудад багшилж, 1966 оноос ХБДуС-д концертмейстрээр ажиллаж, хожим Хөгжмийн Их Сургуульд явж суралцан Уралын Консерваторыг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн Төрийн шагналт (1990 он) хөгжмийн зохиолч билээ.

Төрөлхийн хөгжмийн сайн сонсголтой З.Зундарь ХБДуС-ийн хийлийн ангид элсэн, улмаар хуучир хөгжмийн ангиар сольж суралцсан боловч 1960-аад оноос Монгол оронд өргөн дэлгэрсэн гитар хөгжимд илүүтэй татагдан дурлаж нийслэлийн 6 дугаар дунд сургуульд шилжин суралцаж, хөгжмийн зохиолч, найруулагчийн мэргэжлийг эчнээ эзэмшжээ. Тэрбээр хийл, хуучир, гитараас гадна төгөлдөр хуур, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсгүүдийг чадварлаг эзэмшсэн.

Зундарь 1969 оны сүүл 1970 оны эхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дэргэд байгуулагдсан Монголын хоёр дахь иж бүрэн цахилгаан хөгжмийн "Сансар" хамтлагт 17 настай хөгжимчнөөр ажилд орж гоцлол гитар тоглон "Хөдөлмөр" нийгэмлэгийн зааланд зохиогдох нийтийн бүжигт хөгжим тоглож бүжиг явуулж, дуучин Х.Төмөр зэрэг тухайн үед нэрд гарсан дуучдын дуулсан хит дууг дан аяар нь хөгжимдөж, "Тэрэлж", "Сэлбэ", "Сөгнөгөр", "Сонгино” зэрэг төвлөрсөн томоохон амралт сувиллын газруудад 2-3 хоногоор томилогдон очиж амрагч, сувилуулагчдад урлагаар үйлчлэхээс ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлжээ.

Тэрбээр "Сансар" хамтлагт 1971 он гартал бөмбөрчин н.Наранбаатар, даралтат хөгжимчин н.Батмөнх, хэмнэлт ба гоцлол гитарчин н.Ганболд, аргил гитарчин С.Баатар нартай хамт гоцлол ба хэмнэлт гитар тоглож байлаа. "Сансар" хамтлагийн урын санд З.Зундарийн төрсөн ах З.Хангалын "Аяны шувууд", "Сарнай цэцэг", "Нарт тэнгэрийн дор" зэрэг дууны уран бүтээл, тус хамтлагийн аргил гитарчин С.Баатарын төрсөн ах С.Баатарсүхийн зохиосон "Цэнхэр залаа", "Сансрын хөлөг", "Долоон бурхан", найруулсан З.Хангалын ая "Өглөөний наран", Ж.Дорждагвын ая "Соёл-Эрдэнэ", анх тоглосон Т.Уртнасангийн "Улаан сарнай" зэрэг гитарын гоцлолууд тоглож байжээ.

Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамбын 1969 оны 12 сард (шинэ жилийн арга хэмжээний дараа) байгуулахаар санаачилсан, 1970 оны 6 сард хөгжим хэрэгсэлтэй болсон, 1971 оны сүүлээр нээлтийн тоглолтоо хийсэн “Соёл Эрдэнэ” хамтлаг УАБДЧ-ын харьяанаас Улсын филармонид шилжин очсон. Энэ үед бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орж хэмнэлт гитарчин Д.Цэрэнбатаа сургуульд явах болсон тул З.Зундарь тус чуулгад хөгжимчнөөр орж ажиллав. З.Зундарь тус чуулгын гоцлол гитарчин Д.Галсанбат нар бага наснаас Улаанбаатарын 12-р микрорайонд нөхөрлөсөн дотны анд нөхөд байв.

Зундарь 1972 онд Улсын Филармонийн "Соёл-Эрдэнэ" чуулгад хөгжимчнөөр орж Д.Батсүрэнгийн шүлэг "Сайхан жавхаа" дуугаараа уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн бол ах З.Хангал нь 1965 онд Д.Дашдондогийн шүлэг "Аяны шувуу" дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. МN25 телевизээс санаачлан Монголын ХХ зууны эстрадын шилдэг 25 дуу шалгаруулахад ах дүү хоёрын "Аяны шувууд" (З.Хангалын ая), "Сэтгэлийн жигүүр" (З.Зундарийн ая) дуунууд "зуузай холбон" тэргүүлсэн билээ.

З.Зундарийг орж ирснээр Монголын эстрадын "Зууны манлай", "Алдрын Од"-ын анхны эзэн "Соёл-Эрдэнэ" хамтлагийн уран бүтээл поп-рок тал руугаа хөгжиж эхэлсэн гэж үздэг. Түүний дууны уран бүтээл "Соёл-Эрдэнэ" чуулга болон түүний байгуулсан "Мөнгөн хүрхрээ" хамтлагаас гадна "Аясын салхи", "Одод"/"Харш" зэрэг эстрад хамтлагуудын урын санд орж зуун дамжин дуулагдаж ирсэн.

1978 онд бүтсэн "Учралын уянга" телекино концерт түүний энэ сайхан дууны уран бүтээлээр нэрлэгдэж, энэ дуугаар эхэлдэг бөгөөд мөн эстрадын нэрт дуучин Баарайн Баяр энэхүү телекино концертод З.Зундарийн бас нэг уран бүтээл болох "Сэтгэлийн жигүүр" дууг дуулсан.

"Учралын уянга" хэмээх энэхүү монголын анхны эстрад чиглэлийн клипний зохиогч нь түүний арван жилийн ангийн анд (6-р сургуулийг 1969 оны төгсөгч), ЗСБНХУ-ын Ленинград хотын Н.К.Крупскаягийн нэрэмжит Соёлын Дээд Сургуулийн театр-киноны ангийг 1978 онд төгссөн, кино найруулагч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Бадрууганы аав СГЗ ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа гуай билээ. Уг киноны зөвлөхөөр МҮЭТЗ-ийн дэргэд 1970 онд цахилгаан хөгжмийн "Сансар" хамтлаг байгуулагдах үед тус байгууллагын дээд удирдлагын хүсэлтийн дагуу өөрийн биеэр хүрэлцэн ирж заавар зөвлөгөө өгч явсан БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор, МРТУХ-ны цахилгаан хөгжмийн чуулгыг (одоогийн Улсын Филармонийн "Баянмонгол" чуулга) үндэслэн байгуулагч УГЗ хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж ажиллажээ.

З.Зундарь 1978 онд бүтсэн "Учралын уянга" телекиноконцертод орох "Соёл-Эрдэнэ" чуулгынхаа уран бүтээлийн дуу бичлэгийг тус хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагчийн хувьд хариуцан гүйцэтгэсэн ч зураг авалтын үеэр эмнэлэгт эмчилгээ хийлгүүлж таарсан тул (тэрбээр тус хамтлагт ороод удаагүй шарлаж хүнд өвдсөн тул 1973 оны зун Герман улсад зохион байгуулагдсан Дэлхийн Залуучууд Оюутны 10-р их наадамд оролцож чадаагүй) тус хамтлагийн үүсгэн байгуулагчид болох ЗСБНХУ-ын Ленинград хотын Хөгжмийн Их сургуулийн оюутан Ж.Батсайхан, МҮЭСТО-ны хөгжимчин Б.Наранбаатар нар дуудагдан ирж уг телекиноконцертын дүрс бичлэгт оролцжээ.

З.Зундарь "Соёл-Эрдэнэ" хамтлагт хөгжимчин, хөгжмийн зохиолч, уран сайхны удирдагч, хамтлагийн ахлагчаар 1978 оны 8-р сарын 11-нд НААҮ-ний Соёлын ордонд орж, улмаар өөрийн "Мөнгөн хүрхрээ" хамтлагаа байгуулах хүртлээ ажилласан байдаг байна.

Монголын поп, рок урлагт өөрийн авьяас билэг, хүч хөдөлмөр, нэгэн насныхаа амьдралаа зориулсан авьяаслаг уран бүтээлч З.Зундарь 1996 оны 6 сард "Сэтгэлийн жигүүр" бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж үзэгч сонсогч олондоо толилуулсан юм. Монголын хөгжмийн урлаг, эстрад урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж СТА цол, монголын поп рок урлагт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Пентатоник-96 цом түүнд олгосон билээ.

Уран бүтээл

засварлах
  • "Амин насны урсгал" (шүлэг Д.Төрмөнх) [1]
  • "Ар цармын цэцгүүд" / "Чамдаа" (шүлэг Б.Дагданбазар) [2]
  • "Бүжин" (шүлэг Л.Хуушаан)
  • "Зөвхөн чи мэднэ" (шүлэг Д.Цогт) [3]
  • "Зүрхний айзам" / "Хайрыг минь хайрла" (шүлэг Ж.Ёндонсамбуу), [4], (дууг дуулсан Ж.Батсайхан, дуучин Б.Баяр), (Энэ д*уны аяны хэсгээс MN25 телевизийн цаг агаарын мэдээгээр явдаг)
  • "Зүүдний шувуу" (шүлэг Б.Лхагвасүрэн) [5]
  • "Нартай хорвоо" (шүлэг М.Дариймаа)
  • "Сайхан жавхаа" (шүлэг Д.Батсүрэн)
  • "Сайхнаа" (шүлэг З.Зундарь) [6]
  • "Сэтгэлийн жигүүр" (шүлэг Д.Мангалжав), [7], (анх дуулсан басс гитарчин Ж.Батсайхан, мөн дуучин Баарайн Баяр, "Бүх одод")
  • "Уучлаарай хайрт минь" (шүлэг Б.Төмөрхүү)
  • "Учралын уянга" (шүлэг Ж.Ёндонсамбуу) [8]
  • "Хөдөөгийн сайхан талд зорино" (шүлэг Ц.Бүдханд) [9]
  • "Эхийн сэтгэл" (шүлэг Б.Төмөрхүү)

Хамтлаг

засварлах
  1. "Сансар" хамтлаг
  2. "Соёл-Эрдэнэ" чуулга
  3. "Мөнгөн хүрхрээ" хамтлаг
  • МҮОНР, 2019-09-07, Монголын Радиогийн "ХҮН ГАРАГ" нэвтрүүлэг, "Гуньж үзээгүй рокийн гутарч үзээгүй Зундарь" хөрөг [10]
  • SoundCloud, 2019-09-06, Гуньж үзээгүй рокийн гутарч үзээгүй Зундарь [11]
  • "Тал зоос" (баримтат тууж), 2002 он, зохиогч: М.Дариймаа
  • "МОНГОЛ РОК-Н САЛХИЧ ШУВУУН", 2021 он, зохиогч: Б.Төмөрхүү