Дайртан
Дайртан гэж нэгэн монгол овог.
Монголчуудын онгон үсийг дайр үс гэдэг байсан бололтой. 12-р зууны эцэс 13-р зууны эхэн үед Орхон-Сэлэнгийн нутгаар нутаглаж асан Увас мэргидийн тэргүүн нь Дайр Үсүн гэдэг хүн байсан билээ. Эрдэмтэн Ш. Гаадамбын хэлснээр эл дайр гэдэг үг нь онгон гэсэн утгатай ажээ. Харин Л. Болд дайр хэмээх нь хар хүрэн гэсэн өнгө заасан үг гэжээ. Дайр буга гэж халиун бугыг хэлдэг байна. Үүнээс үзэхэд дайр гэдэг үг нь анхандаа онгон гэх үгийг илтгэж байгаад сүүл рүүгээ бор гэсэн үгийг илэрхийлдэг болсон байх ч боломжтой юм.
А. Очирын "Монголчуудын гарал нэршил" номд Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Булнай, Их Уул; Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Жаргалант; Архангай аймгийн Жаргалан, Тариат, Хангай, Чулуут, Батцэнгэл; Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт; Төв аймгийн Баян, Сэргэлэн, Баянцагаан суманд Дайртан нар тархан сууж байна гэсэн байна. Харин О. Сэржээгийн "Монголчуудын овгийн лавлах" номын статистик судлагаагаар Баянхонгор аймагт голчлон Баянцагаан болон Баян-Өндөр сумдад илэрсэн байна.