Халиун буга (Cervus Elaphus) нь бугын төрлийн хамгийн том биетэй зүйл бөгөөд эр бугын сэрвээний өндөр нь 140-165 см, биеийн урт 213-247см, сүүл 7-13 см, зүс бор халиун, хэвлий тан цайвар зогдортой. Дайр (эр буга) хосоор 12 салаалсан том сэргэр эвэртэй, 7 кг хүртэл жинтэй юм.[1] Монгол улсын амьтны аймгийн тухай хуулиар (Засгийн газрын тогтоол, №264) ховор зэрэглэлд (2001) оруулсан. Монгол улсын ан агнуурын тухай 1995 оны хуульд ховор зүйлийн жагсаалтад оруулсан. Монгол улсын хэмжээнд Устаж байгаа, A2acd ба A3d[2] төрөл зүйлд багтаж орсон.

Халиун буга
Оршин байсан хугацаа: Палеогений сүүл үеэс одоо хүртэл
Халиун буга
Халиун буга
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Салаа туруутан (Artiodactyla)
Овог: Бугынхан (Cervidae)
Зүйл: Халиун буга (cervus elaphus)
Богд уулын буга
Богд уулын буга

Таних шинж

засварлах

Зуны өнгө шаргал, бор хүрэн, өвлийн зүс бор саарал, тана тод цайвар шаргал өнгөтэй бөгөөд бараан хүрээтэй, зоргол нь нуруугаараа толботой. Намрын гуужилтаар толбо нь аажим арилна. Бие гүйцсэн эр бугын биеийн урт 213-247 см, согооных 193-232 см; дайрын биеийн жин 250-345 кг сэрвээний өндөр дайрт 142-165 см, согоонд 124-152 см байна. Зөвхөн эр нь эвэртэй. Эврийн урт нь 1.5 м, далайц 1.3 м хүрнэ. Нас ахих тутам эвэр уртсаж, хүчирхэг болно. Эврийн хөгжил 5-6 настайд гүйцэх бөгөөд 10-12 насны дайр хамгийн хүчирхэг эвэртэй байх ба үүнээс хойш хөгшрөлтийн шинж илэрнэ. Эврээ хавар 3-4 сард гээж, намар дуудлагын өмнө шинэ эвэр ургаж гүйцнэ.

Тархац, байршил нутаг

засварлах

Монгол орны ой модтой бүх нутгийн хэмжээнд буюу Монгол–Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы салбар уулсын тайга, ойт хээр, мөн хээрийн бүсийн зарим нутгийг хамарч, бараг 500 мян.ам дөрвөлжин км нутгийн хүрээнд буюу 14 аймгийн 140 гаруй сумын дэвсгэр нутагт аль нэг хэмжээгээр тархан нутагладаг[3].

Амьдралын онцлог

засварлах

Зуны улиралд өвслөг, өвөл хаврын улиралд модлог, бутлаг ургамал, намар төрөл бүрийн жимс жимсгэнэ, мөөг зэргээр хооллоно. Ороо хөцөө 9-10-р сард болно. Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй. Хээлээ тээх хугацаа 230-258 хоног. Согоо 5-7-р сард голчлон нэг илий гаргана. Ихэрлэх нь ховор.

Экосистемд үзүүлэх нөлөөлөл

засварлах

Халиун буга нь том хөхтөн амьтан тул амьдарч буй орчиндоо ихээхэн нөлөөтэй. Ялангуяа тоо толгой нь ихэссэн үедээ нөлөөлөл нь их байдаг. Шотландын зарим нутагт бугын нягтшил нэг хавтгай дөрвөлжин км-т 1-40 толгой хүрдэг. Судлаач Сэр Фрэнк Дарлинг 1950-иад оны үед нэг хавтгай дөрвөлжин км-т бугын тоо таваас дээшгүй бол ой жамаараа нөхөх сэргэх боломжтой байдаг гэсэн байдаг. Гэхдээ тухайн нутгийн нөхцөл, хөрсний чанар, зулзаган модны тоо, бусад мал амьтан бэлчээрлэдэг эсэхээс бас шалтгаална.

Бугын тоо толгой зохистой үедээ ойн экосистемд ач тустай байдаг. Жишээ нь, туурайгаараа газар гишгэлснээр хөрсийг ил гаргаж, шотланд нарс гэх мэт ургамлын үр соёолох нөхцөл бүрдүүлдэг. Өвс ургамал идсэнээрээ ургамлын зүйлийн олон янз байдал баяжихад тустай байдаг. Буга ойтой газар төдийгүй ил задгай газрын байгаль орчинд бас чухал үүрэгтэй.

Бугын тоо толгой ихэссэнээр тухайн газрын ургамалжилд ихээхэн нөлөөлөх ба модлог, өвслөг ургамлын аль алины нөхөн сэргэх үйл явцыг удаашруулна. Шотландад хийсэн судалгаагаар шотланд нарс (Pinus sylvestris), хус (Betula spp.), арц (Juniperus communis) зэрэг ургамал нөхөн ургахгүйд хүртэл нөлөөлжээ.

 
Бүх бугын мөр

Урьд цагт энэ бүс нутагт чоно зэрэг махчин амьтдын нөлөөгөөр халиун бугын тоо толгой зохистой хэмжээнд байдаг байжээ. Мөн шилүүс, хүрэн баавгай зэрэг нь ил, зорголыг нь барьдаг байжээ. Эдгээр махчин амьтад бугын сүргээс хөгшин, доройг нь барьж идэн цэвэрлэгээ хийж, популяцийг эрүүлжүүлж, чийрэг болгодог байв. Гэвч Шотландад эдгээр араатан амьтад нэгэнт устгагдсанаар бугын популяцийн эрүүл мэнд хэвийн экосистемд байснаас доройтсон байна. Хүн бугыг агнасаар ирсэн хэдий ч байгалийн махчны үүргийг орлож чадахгүй.

Учир нь урьд анчид сайхан эвэр олзлох зорилгоор аль эрүүл чийрэг эр бугыг онилдог, сул дорой, согоо сэлтийг орхидог байсан. Ингэснээр сүргийн бүтцэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ тоо толгой өсөхөд бас нэмэр болсон. Энэ байдлыг засах үүднээс согоо болон зааз амьтдыг илүүтэй агнах тоо тогтоосон. Эдүгээ анчид зааз амьтдыг сонгон агнах журмаар эр бугын эрүүл мэнд, хүч тэвээргийг хангахыг зорих болсон хэдий ч согооноос заазлах хэцүү байна. Согоог цусан эврээр нь ялгах боломжгүй тул зүгээр л сул доройг нь онилж агнаж байна. Урьд буга чоно үүрлэсэн нутгуудаас бүрэн дайжиж, тэр нутагт нь мод ургамал нөхөн сэргэдэг байсан бол ан агнуур нь байгалийн энэхүү зохицуулалтыг орлож чаддаггүй байна.

Байгалийн шалтгаанаар үхсэн буга сэг зэмээр хооллогч амьтдад чухал хоол тэжээл болдог. Махчин амьтан буга барих, анчид бугыг агнахын бас нэг ялгаа нь, махчин амьтад буга барьснаар бугын биомасс махчин чоно ба сэг идэштэн амьтдын тэжээл болж экосистемдээ үлддэг байжээ. Харин анчид агнаснаар тэрхүү биомассыг бүхлээр нь байгалиас булаан авч, махыг зарж борлуулдаг байна. Ийнхүү Шотландын өндөрлөгийн экосистемээс биомасс, тэжээл алдагдаж, ядуурдаг байна.

Халиун бугын сэг нь цармын бүргэд, үнэг, сар (Buteo buteo), хон хэрээ (Corvus corax), дорго (Meles meles) зэрэг сэг зэмээр хооллогч амьтдын хүнсний чухал үүсвэр болдог. Стратгласс нутагт хийсэн судалгаанаас үзэхэд ойн суусрын (Martes martes) нийт хүнсний бараг гуравны нэг нь амьтдын сэг байх ба тэрхүү сэгийн 99% нь бугынх байдаг аж. Бугын сэг зэм нь бас олон янзын сээр нуруугүй амьтдын тэжээл болно.

Бугын ялгадас нь олон зүйлийн мөөг ургах тэжээллэг орчин үүсгэдэг. Унасан цусан эвэр нь оготно (Apodemus sylvaticus), үлийн оготно (Microtus agrestis) гэх мэт жижиг хөхтөн амьтдын хоол болдог байна.[4]

Цахим хуудас

засварлах
  Commons: Халиун буга – Викимедиа дуу дүрсний сан