Гончигийн Дагдан

(Г.Дагдан-с чиглүүлэгдэв)

Гончигийн Дагдан (1898 онд Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цээл гэдэг газар төрсөн-1989 онд нас барсан) -Ардын хувьсгалын партизан, БНМАУ-ын Ардын армийн хошууч генерал юм.

Гончигийн Дагдан болбоос 1898 онд Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цээл гэдэг газар төржээ. 1920-1921 онд Барон Унгерний цэрэгт элсэж, хятадын гамин цэргийн эсрэг байлдаж явсан. 1921 оны 5-р сард цагаантны цэргээс 4 нөхрийн хамт оргосон ч, 1 нөхрийн хамт тус оны 7-р сард Монгол Ардын журамт элсэн цэргийн зүүн хязгаарыг тохинуулах дарга Бумцэндийн цэрэгт багтаж, Цэнхэрийн гол, Арын хамба, Алтан очиртын хийд, Бухын хашаат, Бадам-Ишийн тал, Шар улаан шороот, Улаан худаг зэрэг газраар цагаантны цэргийг мөрдөн хөөж, зүүн хязгаарыг чөлөөлөх байлдаанд оролцсон байна.[баримт хэрэгтэй]

Тэрээр 1923 онд цэргээс халагдсан боловч жилийн дараа дахин татагджээ. 1924-1926 онд зүүн хязгаарт цэргийн алба хааж байхдаа их буу болон пулемётчины курст хамрагдан ур чадвар нь дээшилснээр салаан даргын туслах болж, 1928 онд тавдугаар морьт хороонд шилжин, пулемётын салааны дарга, мөнгөний нярав, эвлэлийн товчооны дарга зэрэг алба хашиж байжээ.[баримт хэрэгтэй]

1932 оноос Дорнод аймгийн яаманд цэргийн хэлтсийн дарга, аж ахуйн дарга зэрэг алба хашиж, хажуугаар нь их бууны даргын курст суралцан төгсөж, 1935 оноос 6-р их бууны хороонд Батарейн дарга, 1937 оноос 7-р морьт дивизийн их бууны хорооны дарга, 1939 оноос 5 дугаар морьт дивизийн Их бууны дивизионы дарга, 1940 оноос тавдугаар морьт дивизийн даргаар тус тус томилогдон ажилласан байна.[баримт хэрэгтэй]

1943 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургууль байгуулагдахад анхны захирлаар нь томилогдон ажиллаж, үндэсний цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд дорвитой хувь нэмэр оруулжээ.

1945-1948 онд Цэргийн явдлын яамны арын албаны удирдах газрын харьяа Дорнод баазад хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1948 оны 10 дугаар сард өвчний улмаас цэргээс халагджээ. Тухайн үед эмч зүрх муудсан, удаан амьдрахгүй гэж хэлж байсан ч тэрээр 91 хүртэл өндөр насалсан билээ.[баримт хэрэгтэй]

Тэрээр 1936 онд зүүн хязгаарт болсон Адаг дулаан, Булан дэрсний байлдаан, 1939 онд Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон, баатарлагаар тэмцэж явсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын улаан армид ах дүүгийн найрамдалт Монголын ард түмнээс илгээсэн бэлгийг хүргэх бүрэлдэхүүнд орж явсан гэдэг. Цэргээс халагдсаны дараа орон нутгийн намын удирдлага болон нэгдэлд бригадын ахлагч, ухуулагч зэрэг алба хашиж, МАХН-ын 7, 8, 9, 10, 11 дүгээр Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв.[баримт хэрэгтэй]

Ардын хувьсгалын партизан, ахмад их буучдын нэг Г.Дагдангийн эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг Монголын төр засаг үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор хоёр удаа шагнаж, 1944 оны 4-р сарын №52 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын анхны 11 генералын нэг болон түүхэнд тэмдэглэгдсэн юм. Тэдгээр генералуудад ЗХУ-аас дурсгалын сэлэм гардуулсан бөгөөд Дагдан генералын сэлмийг хүү Д.Цагаанхүү Сүхбаатар аймгийн орон нутгийн музейд хадгалуулсан байдаг.[баримт хэрэгтэй]

Г.Дагдан гуай 1930-аад оны эхээр анхны эхнэр Норжмаатайгаа танилцан гэрлэсэн юм. Гэвч тэдэнд үр заяасангүй тул 1937 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд очоод найз Б.Тавхай, Ё.Балжинням нараас охиноо үрчлүүлэхийг гуйжээ. Тэднийх тухайн үед гурван охинтой байсан бөгөөд үрийн мөрөөс болсон залуу хосод “үгүй” гэж хэлж чадалгүй, ой хүрээгүй байсан бага охиноо өгсөн гэдэг.[баримт хэрэгтэй]

Улмаар гэрлэлтээ цуцлуулахдаа Норжмаа нь охиноо аваад явжээ. Ганцаар хоцорсон Дагданд найз Тавхай нь хүү төрвөл өгнө гэж амласандаа хүрч, хожим 1943 оны эхээр ой, зургаан сартай хоёр дахь хүүгээ үрчлүүлсэн аж. Дагдан гуай цэргээс халагдсаны дараа Онгон суманд очин, Баянгуу хэмээх газар өвөлжиж, өргөмөл ганц хүүгээ төрсөн ах, дүү нараас нь хөндийрүүлэхгүй гэсэндээ олон жил айл саахалт явсан гэдэг.[баримт хэрэгтэй]

Г.Дагдан хожим дахин гэрлэсэн нь мөн л Норжмаа нэртэй Улаан-Үдийн буриад бүсгүй байж. Тэрээр орсон гарсанд унд хоолтой, олонтой нэгэн явсныг нутгийнхан нь дурсан ярьж байна билээ.[баримт хэрэгтэй]

Дурдатгал

засварлах

Нэг удаа Ю.Цэдэнбал дарга Сүхбаатарын Онгонд явж байтал дагагсдынх нь нэг нь “Генерал өмдтэй өвгөн худаг дээр морь услаад зогсож байна. Яах аргагүй генерал өмд мөн дөө” гэж хэлж. Гайхширсан Цэдэнбал дарга зорьж очоод уулзсан нь Г.Дагдан гуай байсан гэдэг.[баримт хэрэгтэй]

“Чингис хаан” одонт, МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Г.Мэнд-Ооёо гуай нэгэнтээ олон нийтийн сүлжээнд Онгон сумаар овоглодог генераль, баатар хоёр эрхмийн тухай дурсан бичжээ. Тэрээр: “Хүүхэд насандаа монгол цэргийн хоёр домогт хүнтэй айл аймаг явж, эгэл аж төрөл ба эгэлгүй сүр жавхааг нь харж өссөн байх юм аа. Дагдан гуайнх манайх хоёр нэгдлийн хонь хариулж байв. Би жаахан. Сумын даргын машин Дагдан гуайг авахаар ирлээ гэхээр нь тэднийд гүйж очвол Дагдан гуай ер бусын саа манжлага, олон таван хошуу болсон хувцас өмсөж, ташаандаа гялалзсан сэлэм зүүж байв. Би баахан сүрдэж, буцаж гүйгээд ээжид ирж хэлвэл “Тэгэлгүй яах вэ дээ, Дагдан гуай чинь цэрэг командалж явсан, генераль хүн шүү дээ” гэж билээ. Ийнхүү Ардын хувьсгалын партизан, хошууч генераль Гончигийн Дагдан гуай нутагтаа ирж, мал маллаж байсан түүхтэй. Хүнгэнэсэн баргил дуутай, сүрлэг сайхан биетэй түүнээс хүүхэд залуус баахан дөлдөг сөн. Сүрнээс нь л тэгдэг байсан байх даа” хэмээн бичжээ.

Ач хүү Б.Ганбаатар нь өвөөгийнхөө тухай дурсан ярьсныг сийрүүлбэл:

“Өвөө маань баяр болохоор энгэр дүүрэн одон медалиа зүүгээд явахад нь бид бахдан баясаж, дагаад явдаг байлаа. Өвөөг хүн бүр хүндэлнэ. Баяр ёслолоор Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх гэх мэт том дарга нараас гарын бэлэг ирнэ. Тэр бэлгээс нь хүмүүст хүртээх гэж бас бөөн юм болдог байлаа.

1987 он шиг санаж байна. Манай аймагт орос, монгол дарга нар ирээд дайны үед монголоос бэлэг хүргэж очсон элч төлөөлөгчдөд шагнал гардуулна гээд өвөөг дуудсан юм. Тэгтэл өвөө “Би яах вэ, хүргэж өгсөн төдий. Харин бэлэг илгээсэн олон хүн бий, тэднийг л шагнах хэрэгтэй” гэж хэлж байсан. Өвөө хэдий татгалзсан ч шагнал эзэндээ ирсэн. Ер нь их л зарчимч, шударга хүн байсан даа, өвөө маань.

Биднийг хүүхэд байхад гайгүй цалинтай хүмүүс 800-1000 төгрөг л авдаг байсан. Гэтэл өвөө маань 1500 төгрөгний тэтгэвэр авдаг байлаа. Төр засаг маань их л харж үзэж байна даа гэж ярина.

Би өвөөгийн өвөрт унтдаг байлаа. Багын л их тийчэгнүүр хүүхэд байсан гэдэг, гэсэн ч өвөө маань намайг өвөртөлж унтахаасаа ер цааргалаагүй юм даг. Настай хүнд амар байгаагүй л байх. Хожим өвөөгийн бие муудаж эхэлмэгц аргагүйн эрхэнд өөр өрөөнд унтах болоход гэрээсээ хол явж байгаа юм шиг л мэдрэмж төрж билээ. Өвөө бид хоёр тийм л ойр дотно байж” хэмээн ярьлаа.[баримт хэрэгтэй]

Г.Дагдан генералын отгон ач охин Ц.Баярчимэг:

“Өвөө маань их халамжтай хүн байсан. Өглөө бүр ач нартаа будаатай цай чанаж, гамбир хайрч өгдөг, хажуугаар нь бидний хүссэн хэлбэрээр өөрсдөөр нь боов хийлгээд хайрч өгдөг байлаа. Хөгшин хүнд олон хүүхдийн өглөөний цай бэлдэх амаргүй л байсан байх. Нэг удаа өвөө алимны зурагтай тор харчихаад алимыг нь авах гэж самардаж байхыг хараад би өвөөгийн хараа муудаж байгааг анх анзаарсан юм. Өвөө бие нь тааруу байхдаа Чимэгээгээ сургуульд орохыг үзчих юм сан гэж ярьдаг байсан тул аав, ээж хоёр намайг дөнгөж долоон нас хүрмэгц сургуульд оруулсан. Тухайн үед найман настай хүүхдийг бэлтгэлд авдаг байсан шүү дээ. Сургуульд ороод эхний амралт эхлэхэд өвөө маань өөд болсон. Би цэцэрлэгт явдаггүй, гэртээ өвөөтэйгээ хамт үлддэг байсан болохоор тэр үү, анх удаа амралтаараа гэртээ ганцаараа үлдэхдээ маш их айж, өвөөгөө санаж, нууцхан уйлж байлаа. Аав, ээж хоёр маань өвөөг маш сайн асарч байсан даа.” хэмээн дурсан ярьсан юм.[баримт хэрэгтэй]

Тэрээр 1961 онд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт руу шилжиж, дараа жилийн намар нь ганц хүүгээ цэргийн албанд үдсэн байна. Хүүдээ захидал бичихийн тулд шинэ үсэгт суралцаж, анхны захидалдаа “аав” гэж бичихдээ гурван “а” үсэг бичиж хөглөж байсан тухай хадам аавын маань дүү Т.Хүрэлхүү хуучлав.[баримт хэрэгтэй] Насаараа цэргийн албанд зүтгэсэн Дагдан бага залуу насандаа уйгаржин монгол бичиг үсэг сурсан ч тэтгэвэрт гарахаас нь хоёрхон жилийн өмнө улс орон даяар кирил үсгийг нэвтрүүлж, албан ёсны бичиг болгосон байдаг. Тиймээс хожуу ч гэлээ шинэ үсэгтэй танилцсан нь ямагт өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж явсныг нь гэрчилнэ.[баримт хэрэгтэй]

  • Равдангийн Баяр “Монгол Улсын генералууд”
  • Талын Түрлэг Бүлгэм