Бэсүд
Бэсүд овог нь Боржигин овгийн нэг дэд овог ба Чингис хааны өвөг дээдэс Хайдугийн ач хүү Бэсүдэйгээс уламжлан гарчээ(Зарим судлаачдын тогтоосноор, Хайду нь XI-XII зууны зааг үеийн хүн аж. Иймд Бэсүд аймаг XI зууны эцсээр үүссэн гэлтэй)[1]. Үүнтэй төстэй нэртэй овог одоогийн Афганистаны Хазара Монголчууд дунд тохиолдоно.
(Бэсүд нарын анхны цөм нь тайчуудын нэг хэсэг болно. 1206 онд Чингис хаан бэсүдээс бүрдсэн 2 мянган байгуулаад, өөрийн отгон дүү Отчигинд өгчээ[2]. Тэр цагаас бэсүд алтан ургийнханд захирагдан явсаар XVI зууны дунд үед Гэрсэнзийн дэд хүү Ноёнтойн эзэмшилд очиж, Халхын арын долоон отгийн бүрэлдэхүүнд оролцожээ. Тэд XVI зуунд Хангай уулаар нутаглаж байснаа XVII зууны эхээр Алтайн нурууны зүүн урд биед очиж суурьшижээ[3]. Манжийн эрхшээлийн үед тэд Засагт хан аймгийн Засагт ханы хошуу, Илдэн засгийн хошуу, Жонон засгийн хошуу, Ёст засгийн хошуу, Бишрэлт засгийн хошуу(одоогийн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Бигэр, Эрдэнэ, Цогт, Алтай; Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянгол, Баянцагаан сум бүтэн, Баянлиг, Баян-Өндөр сумын баруун тал; Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын баруун хэсэг)-г бүрдүүлж байв. Тэд Алтайн нуруунд удаан суусаар Сэрхийн нурууны сэргэлэн хар бэсүд гэгдэх болсон бөгөөд Тарлан хайрхан уулыг тахиж, Атаа таван тэнгэрийг шүтдэг байжээ. Бэсүдийн цөөнх зарим нь Гэрсэнзийн ууган хүү Ашихайн удмын ноёдод захирагдаж яваад хожим нь хотгойд нартай хольцолдон, Хөвсгөл, Завхан аймгуудын баруун талын сумдад суужээ. Дээрхээс гадна бэсүд нар Архангай аймгийн Жаргалант, Эрдэнэмандал, Тариат; Баянхонгор аймгийн Заг, Баян-Овоо, Баацагаан; Говь-алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарви, Тонхил, Бугат, Алтай; Дорнод аймгийн Хөлөнбойр, Булган; Завхан аймгийн Нөмрөг, Тэлмэн, Булнай, Их-Уул, Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй; Ховд аймгийн Чандмань, Дарви, Цэцэг; Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ, Тосонцэнгэл, Их-Уул сумдад бусадтай холилдон сууж байна[4].)[5].
Бусад нэршил: Бэсүд нь хүн ам олонтой, томхон аймаг байгаад, зарим нь бусад монголчуудын дотор орж, олон газарт өөрийн аймгийн нэрээр овоглон суужээ. Бэсүд хэмээх угсаатны нэр нь монгол хэлний ес гэсэн тооны нэрийн олны хэлбэр бололтой. “Сударын чуулган”-д бэсүдийг “ийсут” гэж тэмдэглэжээ.
Мөн үзэх
засварлах- ↑ Монголын түүхийн урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ. УБ: Х.Пэрлээ. 1956.
- ↑ Сборник летописей. Рашид-Ад-Дин. 1952, Т-1, кн-II, М-Л, стр.277.
{{cite book}}
: Check date values in:|year=
(help) - ↑ Халхын арын долоон отгийнхны угсаатны бүрэлдэхүүн, гарал, тархац //Төв азийн нүүдэлчдийн угсаатны түүхийн асуудал. УБ: А.Очир. 2002.
- ↑ Монгол Ард Улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас. УБ. 1979.
- ↑ МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ НЭРШИЛ. Тайжиуд Аюудайн Очир. 2008. pp. 68–69. ISBN 978-99929-59-97-5.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (help)