Баавгай
Баавгай гэж Баавгайнхан овгийн хөхтөн амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгайн одоо байгаа наймхан зүйл байдаг боловч, өргөн тархсан. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тархсан. Баавгай Хойд Америк, Өмнөд Америк, Европ, Азид тархаагүй
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | баабгай |
монгол кирилл. | баавгай |
Баавгай Оршин байсан хугацаа: Хожуу Эоцен - одоо хүртэл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Пиренейн үндэсний парк дахь баавгай.
| ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Төрлүүд | ||||||||||||||||
|
Орчин үеийн баавгайн түгээмэл шинж чанар нь бүдүүн бахим хөл, том бие, урт хоншоор, сэгсгэр үс, эргэж хураагддаггүй таван хумс бүхий тавхайтай, хойд хөл дээрээ босдог, богино сүүлтэй. Цагаан баавгай голдуу мах иддэг бол, аварга хулсны баавгай бараг үргэлж хулсаар хооллодог. Үлдсэн зургаан зүйлийн баавгай нь бүгд холимог идэштэн, тухайлбал ургамал, амьтнаар хооллодог.
Нийлж буй баавгайнууд болон бамбарууштайгаа хамт байх эвшүүдийг эс тооцвол ганц ганцаараа амьдардаг. Өдрийн цагаар идэш хоолоо хайх нь бий боловч, голдуу шөнө буюу үүрээр идэвхтэй байдаг. Сайн үнэрлэх чадвартай, хүнд лагс биетэй, болхидуу боловч, хурдан давхидаг ба юманд авирах буюу сэлэхдээ чадамгай. Намар зарим баавгайн зүйл иссэн жимс ихээр иддэг тул зан төлөвт нь нөлөөлдөг.[1]Баавгай агуй, нүхэнд үүрлэдэг ба ихэнх зүйлийн баавгай өвөл ичдэг.
Балар эртний үеэс баавгайн мах, үсийг авах гэж агнасаар иржээ. Өнөөг хүртэл баавгай хүн төрөлхтний урлаг, домог болон бусад соёлд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Орчин үед амьдрах орчин нь хумигдаж байгаагийн зэрэгцээ, баавгай болон түүний эд эрхтний хууль бус наймаанаас (ялангуяа баавгайн цөсний худалдаа) болж тоо толгой нь хорогдсоор байна. IUCN зургаан зүйлийн баавгайг эмзэг буюу ховор амьтдын жагсаалтад оруулсан бөгөөд ховордоогүй хүрэн баавгай хүртэл зарим улсад устах аюулд ороод байна. Хамгийн ховордсон баавгайн хулгайн ан, олон улсын худалдааг хориглосон боловч зогсохгүй байна.
Эволюцийн хамаарал
засварлахБаавгайнхан овог мах идэштэний багт хамаарах бөгөөд нохой төрхтөн дэд багийн есөн овгийн нэг. Баавгайн хамгийн ойрын төрөл нь сэлүүр хөлтнүүд, тухайлбал Odobenidae (далайн морь), Otariidae (далайн хав, далайн арслан), Phocidae (жинхэнэ буюу чихгүй далайн нохой). Баавгай гурван дэд овгийн найман зүйлээс бүрдэнэ: Ailuropodinae (аварга хулсны баавгай), Tremarctinae (Андын баавгай), Ursinae (нэгээс гурван төрөлд хуваагддаг зургаан зүйл). хөөе
Баавгайнхан овгийн гарал үүсэл маш жижиг, хээнцэр Parictis хэмээх амьтнаас эхтэй. Тэр нь дөнгөж 7 см урт гавалтай байв. Parictis анх Хойд Америкт хожуу Эоцений үед (38 сая орчим жилийн өмнө) үүссэн боловч Миоцен хүртэл энэ төрөл Еврази, Африкт үзэгдээгүй.[2] Зээхийн хэмжээтэй, нохойтой төстэй Cephalogale хамгийн бүдүүлэг баавгайнхан гэж тооцогдох нь элбэг. Cephalogale анх дунд Олигоцен ба түрүү Миоцений (20–30 сая жилийн өмнө) үед Европт үүсчээ. Cephalogale Ursavus төрлийн анхны баавгайн өвөг болно. Энэ төрөл Ази руу тархаж, улмаар 5 сая жилийн өмнө Европт анхны жинхэнэ баавгай (Ursus төрөл) бий болжээ. Хамгийн бүдүүлэг энгийн зүйлүүд нь хүртэл, тухайлбал C. minor баавгайн шүдлэлтийн шинжийг үзүүлдэг. Тухайлбал арагшаа чиглэсэн M2 postprotocrista араатай, уртассан m2 араатай, богиноссон бага араатай. Баавгайнхан овгийн одоо байгаа зүйлүүд нь дан махаар хооллодоггүй шинжийн шүдтэйгээрээ онцлог боловч малтмал баавгайн хувьд дан махаар хооллодог шинжийн шүдтэй. Гэхдээ суусрынхан овгийнхны түвшинд хүртлээ мах идэштэн болоогүй. Cephalogale нь mesocarnivore буюу дунд түвшний мах идэштэн байжээ.[3] Бусад устсан баавгайн төрлүүд гэвэл Arctodus, Agriarctos, Plionarctos, Indarctos нар болно.
Хожуу Эоцений үед баавгай Азид байсан эсэх нь тодорхойгүй боловч 37 сая жилийн өмнө далайн түвшин бага байх үед Азиас нүүсэн цөөн тоотой баавгай Хойд Америкт Parictis-ийг үүсгэсэн байх гэсэн таамаглал байдаг. Гэхдээ Зүүн Азид үүнийг нотлох Parictis-ийн малтмал үлдэгдэл олдоогүй. Гэхдээ баавгай Олигоцений үед Азид маш олон төрөл зүйл болон хөгжжээ. Хоёр дэд овгийн (Amphicynodontinae, Hemicyoninae) дөрвөн төрөл Олигоцений үед Азид байсан нь илэрсэн. Тухайлбал: Amphicticeps, Amphicynodon, Pachycynodon, Cephalogale. Amphicticeps нь зөвхөн Азид тархсан байсан бол, нөгөө гурав нь Европ, Азид хоёуланд нь байжээ. Энэ нь Олигоцений үед Ази, Европын хооронд баавгай нүүдэллэж байсныг харуулж байгаа бөгөөд хэд хэдэн зүйл Азиас Хойд Америк руу нүүсэн нүүдэл хожуу Олигоцен буюу түрүү Миоцений үед болсон байхыг харуулсан. Amphicticeps нь морфологийн хувьд Allocyon болон Хойд Америкийн Kolponomos-той төстэй боловч, энэ үед байсан Баавгайнхан овгийн нэг ч төрөл Еврази, Хойд Америкт хоёуланд нь тархаагүй юм. Гэхдээ Cephalogale түрүү Миоцений үед Хойд Америкт тархсан. Түүнчлэн Haplomys, Pseudotheridomys (хожуу Олигоцен), Plesiosminthus, Palaeocastor (түрүү Миоцен) зэрэг мэрэгчид Ази, Хойд Америкт хоёуланд нь түгээмэл байсан нь хоёр тивийн хооронд хожуу Олигоцен, түрүү Миоцений үед амьтны аймаг нь шилжин нүүдэллэж байсныг харуулж байна. Тиймээс Азиас Хойд Америк руу нүүсэн баавгайн нүүдэл энэ үед болсон байх магадлал их юм.[4] Хожуу Шинэ төрмөлийн үед Еврази, Хойд Америкийн хооронд гурван удаа мах идэштэн, үүний дотор баавгайн том нүүдэл болсон нь тодорхой болсон. Эхнийх нь (21–18 сая жилийн өмнө) Amphicynodon, Cephalogale, Ursavus зэрэг төрөл үе үе нүүсэн нүүдэл юм. Хоёрдахь нь 7-8 сая жилийн өмнө болсон бөгөөд үүгээр Agriotherium нүүжээ. Энэ төрөл Сахаараас өмнөх Африкт мөн тархсан байсан нь урсоидуудын хувьд сонин тохиолдол юм. Гуравдахь ь түрүү Плиоцений үед 4 сая жилийн өмнө тохиолдсон ба Ursus тархан нүүжээ.[5]
Аварга хулсны баавгайн таксономи удаан хугацааны турш маргаантай байгаа юм. Арманд Дэвид анх 1869 онд үүнийг Ursus төрөлд хамааруулан ангилсан боловч 1870 онд үүнийг Алфонс Милн-Эдвардс зээхийн төрөлд хамааруулжээ.[6] Сүүлийн үеийн ДНХ-ийн судалгаагаар аварга хулсны баавгай бусад баавгайтай илүү ойр төрөл болохыг тогтоож, баавгайнхан овогт хамааруулж тооцдог болсон.[7] Гэхдээ улаан хулсны баавгайн ангилал тодорхойгүй үлдсэн. Олон судлаачид, тухайлбал Вилсон, Рийдер нар түүнийг баавгайн овогт хамааруулсан. Бусад судлаачид түүнийг зээхүүдтэй хамт нэг овогт багтаасан бол, зарим нь Ailuridae гэх тусдаа овог болгон ангилжээ. Хоёр хулсны баавгайн хоорондох олон төстэй шинж, тухайлбал, хуурмаг эрхий хуруу зэрэг нь хулсаар хооллодогтой холбоотой ижилсэн хувьссан хувьслын үр дүн гэж үздэг.
Түүнчлэн Аляскын Эйбиси арлуудад тархсан хүрэн баавгай дэлхийн бусад хүрэн баавгайтай гэхээсээ илүү цагаан баавгайтай ойр төрөл болох нь тогтоогдсон. Аляскын Их Сургуулийн Фэрбэнкс дахь Хойд туйлын биологийн хүрээлэнгийн судлаач Жералд Шийлдс, Сандра Тэлбот нар тус зүйлийн хэд хэдэн дээжээс ДНХ-ийг нь шинжлэхэд, бусад хүрэн баавгайныхаас өөр байв. Судлаачид тэдгээр баавгайн ДНХ дэлхийн бусад газрын хүрэн баавгайтай харьцуулахад өвөрмөц шинжтэй байсныг нээсэн. Тус нээлтээр бусад бүх хүрэн баавгай хоорондоо ойрын төрөл бол Аляскын Эйбиси арлуудын баавгай тэднээс ялгарах бөгөөд харин цагаан баавгайтай ойр төрөл болохыг тогтоосон.[8] Мөн Хятадад хөх баавгай хэмээх хар баавгайн төрөлд хамаарах нэн ховор зүйл байдаг гэлцдэг. Гэвч энэ амьтны зургийг нэг ч удаа авч байгаагүй.
Уутат баавгай буюу коалаг гаднах төрхөөр нь баавгай гэдэг боловч тэдгээр нь баавгай биш харин уутат амьтан юм.
Ангилал
засварлах- Баавгайнхан овог
- Ailuropodinae дэд овог
- Аварга хулсны баавгай, Ailuropoda melanoleuca
- Одой хулсны баавгай, Ailuropoda minor†
- Tremarctinae дэд овог
- Андын баавгай, Tremarctos ornatus
- Флоридын агуйн баавгай, Tremarctos floridanus†
- Аварга богино нүүрт баавгай, Arctodus simus†
- Нэргүй богино нүүрт баавгайн зүйл, Arctodus pristinus†
- Бразилийн богино нүүрт баавгай, Arctotherium brasilense†
- Аргентинийн богино нүүрт баавгай, Arctotherium latidens†
- Ursinae дэд овог
- Хүрэн баавгай, Ursus (Ursus) arctos
- Сирийн хүрэн баавгай Ursus arctos syriacus
- Гриззли баавгай, Ursus arctos horribilis
- Кодяк баавгай, Ursus arctos middendorffi
- Хималайн хүрэн баавгай бөгөөд Хималайн улаан баавгай, Ursus arctos isabellinus
- Хималайн хөх баавгай, Ursus arctos pruinosus
- Бергманы баавгай, Ursus arctos piscator†?
- Евразийн хүрэн баавгай Ursus arctos arctos
- Мазаалай, Ursus arctos gobiensis (нэн ховор)
- Атлас баавгай, Ursus arctos crowtheri†
- Америкийн хар баавгай, Ursus (Ursus) americanus
- Шаргал хүрэн баавгай, Ursus americanus cinnamomum
- Көрмөүдийн баавгай, Ursus americanus kermodei
- Цагаан баавгай, Ursus maritimus
- Азийн хар баавгай, Ursus thibetanus
- Формозын хар баавгай, Ursus thibetanus formosanus
- Ursus thibetanus gedrosianus
- Ursus thibetanus japonicus
- Ursus thibetanus laniger
- Ursus thibetanus mupinensis
- Ursus thibetanus thibetanus
- Ursus thibetanus ussuricus
- Залхуу баавгай, Melursus ursinus
- Шри-Ланкын залхуу баавгай Melursus ursinus inornatus
- Энэтхэгийн залхуу баавгай Melursus ursinus ursinus
- Нарны баавгай, Helarctos malayanus
- Борнеон нарны баавгай Helarctos malayanus euryspilus
- Овернийн баавгай, Ursus minimus†
- Этрускийн баавгай, Ursus etruscus†
- Агуйн баавгай, Ursus spelaeus†
- МакФарлэйний баавгай, Ursus (Vetularctos) inopinatus (устсан)
- Дэнингэрийн баавгай, Ursus deningeri†
- Хүрэн баавгай, Ursus (Ursus) arctos
- Ailuropodinae дэд овог
Melursus, Helarctos төрлийг заримдаа Ursus-д хамааруулдаг. Азийн хар баавгай, цагаан баавгай нь Selenarctos ба Thalarctos хэмээх өөрийн төрөлд хамаардаг байсан бол өдгөө дэд төрлийн түвшинд ангилагддаг болсон.
Америкийн хар, хүрэн, цагаан баавгайнуудын дундаас эрлийз гаргаж авсан тохиолдол олон бий (Эрлийз баавгайнуудыг үз).
Эшлэл
засварлах- ↑ "Словакт халамцуу баавгайнаас болгоомжлохыг сануулж байна". Archived from the original on 2012-07-06. Татаж авсан: 2008-11-11.
- ↑ Kemp, T.S. (2005). The Origin and Evolution of Mammals. Oxford University Press. ISBN 0198507607.
- ↑ Wang, Xiaoming, Malcolm C. McKenna, and Demberelyin Dashzeveg (2005). "Amphicticeps and Amphicynodon (Arctoidea, Carnivora) from Hsanda Gol Formation, Central Mongolia and Phylogeny of Basal Arctoids with Comments on Zoogeography" (PDF). American Museum Novitates (3483): 57. Archived from the original (PDF) on 2008-05-29. Татаж авсан: 2009-03-07.
{{cite journal}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ Wang Banyue and Qiu Zhanxiang (2005). "Notes on Early Oligocene Ursids (Carnivora, Mammalia) from Saint Jacques, Nei Mongol, China" (PDF). Bulletin of the American Museum of Natural History. 279 (279): 116–124. doi:10.1206/0003-0090(2003)279<0116:C>2.0.CO;2.
- ↑ Qiu Zhanxiang (2003). "Dispersals of Neogene Carnivorans between Asia and North America" (PDF). Bulletin American Museum of Natural History. 279 (279): 18–31. doi:10.1206/0003-0090(2003)279<0018:C>2.0.CO;2.
- ↑ Lindburg, Donald G. (2004). Giant Pandas: Biology and Conservation, pp. 7–9. University of California Press
- ↑ Olaf R. P. Bininda-Emonds. "Phylogenetic Position of the Giant Panda". In Lindburg, Donald G. (2004) Giant Pandas: Biology and Conservation, pp. 11–35. University of California Press
- ↑ "Хүрэн баавгай: Цагаан баавгайн өвөг үү?, Аляскын шинжлэх ухааны форум". Archived from the original on 2010-01-09. Татаж авсан: 2009-03-07.
Нэмж унших
засварлах- Bears of the World, Terry Domico, Photographs by Terry Domico and Mark Newman, Facts on File, Inc, 1988, hardcover, ISBN 0-8160-1536-8
- The Bear by William Faulkner
- Brunner, Bernd: Bears — A Brief History. New Haven and London: Yale University Press, 2007
Гадаад холбоос
засварлах- The Bears Project Европын хүрэн баавгай болон бусад амьтны зүйлийн тухай мэдээ, мэдээлэл, зураг
- Grizzly Bear Outreach Project Хойд Америкийн гриззли баавгайн түүх, биологи, хамгааллын тухай мэдээлэл