Эрэн сурвалжлах сэтгүүл зүй
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг.
Тодорхойлолтууд
засварлахАНУ-ын эрэн сурвалжлах нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн, байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээний (GIJN) үүсгэн байгуулагчдын нэг, "Таамагт суурилсан судалгаа" номын зохиогч, сэтгүүлч Марк Ли Хантер "Эрэн сурвалжлах сэтгүүлзүй аливаа далд асуудлыг олон нийтэд ил болгоход чиглэдэг. Ийнхүү далд орсон мэдээлэл нь хэн нэгний эрх мэдлээ урвуулан ашигласантай холбоотой байж ч болно, эсхүл зүгээр л ойлгоход хэцүү, замбараагүй олон мэдээллийн дунд гээгдсэн байж болно. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нууц болон нээлттэй эх сурвалжийн аль алиныг нь ашигладаг" гэсэн байдаг.
Английн нэрт сэтгүүлч Дэвид Рэндал “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зорилго нь “албан хаагч, төр захиргааны ажилтнуудын нуухыг хичээж буй мэдээллийг ил гаргах, хүмүүсийн амьдрал, нийгэмд нөлөөлөх үйл явдал, туршлагуудын тухай мэдээлэх, эрх баригчдын авилга, улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд цацах зэрэг буруу үйлдлийг хянаж байхад оршдог” гэжээ.
Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Нарангэрэл "Асуудлыг гаргаж тавих бус асуудлыг судалж шинжилдэг шинжилдэг. Асуудлыг бүх талаас нь судалдаг" гэжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгмийн үр нөлөө өсөхийн хэрээр судлаач шүүмжлэгчдийн анхааралд өртөн, түүний талаар олон янзын шүүмж гарах болжээ. Тухайлбал АНУ-ын баруун хойд мужийн их сургуулийн эрдэмтэд, профессор Дэвид Протесс ба түүний удирдсан бүлэг судлаач хэдэн жилийн турш эрэн сурвалжилга хийсэн сэтгүүлчдийн дунд асуулга явуулсны дүнд олдсон мэдээ, мөн түүнчлэн уншигч, телевиз үзэгчдийн дунд хийсэн ажиглалтдаа үндэслэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бичиж, тодорхой дүгнэлтүүд гаргасан байна. Тэдгээрийн заримыг дурдвал, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэдвүүд нь хэд хэдэн эх сурвалжаас үүдэн гардаг, эрэн сурвалжлах ажлын бэрхшээлийг харилцан буулт хийх замаар даван туулна, илчлэх бүтээл гарахад янз янзаар л ханддаг, эрэн сурвалжлагын үр дүнг нийтлэхэд уг байдлыг өөрчлөх гэсэн олон нийтийн шаардлага хааяа өрнөх үе бий, харин албан тушаалтан, байгууллагууд нийтлэгдсэн бүтээлийн талаар янз бүрийн учир шалтгаан зааж, хариу өгдөг бөгөөд заримдаа арга хэмжээ авдаг” гэжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хариуцлагатай сэтгүүл зүй мөн. Нэг талаас албан тушаалтнуудын олон түмний өмнө хүлээх хариуцлага. Нөгөө талаас сэтгүүлчдийн олон түмэнд гагцхүү үнэн бодит баримттай нийтлэл мэдээлэл хүргэх хариуцлагаар хэмжигддэг.
"Албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой хэргийг эрж сурвалжлахдаа сэтгүүлчид шинэ, шинэ зөрчил будлианы учгийг хөөж, учрыг олохын хэрээр сэтгэлд хамгийн хүчтэй буусан баримтуудыг шохоорхдог юм. Үүнийг даган баримтлах логик гэж нэрлэж болно" хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Үнэхээр ч шилж, шигшсэний дараа үлдсэн баримт болгон үнэн байдлыг бодитой тусгаж чаддагийг олон улсын туршлагатай эрэн сурвалжлагчид бүтээлээрээ харуулдаг билээ.
Үүрэг
засварлах“Сэтгүүл зүйд байх шохоорхлын хэм хэмжээ нь тэдгээр баримтыг цаагуураа үндэслэлтэй болгодог. Гагцхүү тэдгээрийг нэгтгэн дүгнэх хийгээд гаднах үндэслэл нь эргэлзээтэй байж болох талтай. Энэ нь сэтгүүлчид хэрэг явдлын ижил болон ялгаатай, эерэг болон сөрөг, эсвэл төсөөтэй байдлыг сайтар анзаарахгүй, харин тусгай, тусгай баримтыг илүү анхаардагт хамаг учир нь оршиж байдагтай холбоотой” гэж Оросын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал А. Константинов хэлсэн байдаг. Зарим судлаачид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг “гүн ухаан, философийг өөртөө нэвт шингээсэн сэтгүүл зүй” гэж үнэлдэг тал ч бий.
Барууны сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг:
- Албан тушаалтнуудын хаацайлан далдлахыг хүсэж байгаа хууль бус нууцлаг зүйлийг ил гаргаж тавих;
- Далд сэдвийг дэлгэх замаар түүнд олон түмний анхаарлыг хандуулж, улмаар тэдэнд тавих хяналтыг бий болгох;
- Эх сурвалжийн баримт мэдээлэлд тулгуурлан тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гаргаж тавих;
- Төр засаг болон бусад аж ахуйн байгууллагуудын хууль бус үйлдэлд хэвлэл мэдээллийн хяналт тавих
гэх зэргээр тодорхойлжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь нийгмийн өмнө хүлээсэн сэтгүүл зүйн хоточ нохойн үүргийг хамгийн сайн биелүүлдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл эрэн сурвалжлагч сэтгүүлчид нь хуулиар, дүрэм журмаар, зарчмаар хамгаалсан, зөвшөөрсөн "эрүүл нийгмийн төлөөх манаач" буюу "сэтгүүл зүйн хоточ нохой" юм.
Тойм
засварлахОлон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол сэдэж гаргадаг, олон нийт зэвүүцэн дургуйцэхэд эрх баригчид байдлыг засах арга хэмжээ авдаг гэсэн хэт хялбаршуулсан схемийг АНУ-ын эрдэмтэн Дэвид Протесс арилгахыг хичээсэн аж. Түүний ажиглалтаар эрэн сурвалжлах ажиллагааны явцад сэтгүүлчид сэдэж тавьсан асуудлыг нь эрх баригчид анхаарч, арга хэмжээ авахыг зүгээр хүлээж номхон хүлцэнгүй сууж байгаагүй. Сэтгүүлчид эрх баригчидтай хамтран ажиллахыг оролдож, шүүмжлэлт материал бүр нийтлэгдэхээс өмнө ч зайлшгүй өөрчлөх хэрэгтэй асуудлаар тэдэнтэй ярилцаж, үр дүнг нь хянан тандаж нэмэлт өгүүллүүд бичиж, энэ тухай уншигчдын сонорт хүргэж байсныг Протесс судалгаагаараа гаргасан байна.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаарх шүүмжлэлт үзэл санааг Баруун хойд мужийн их сургуулийн профессор асан Жеймс Эттема, Стэнфордын их сургуулийн Теодор Глассер нар эрэн сурвалжилга хийж, мэргэжлийн шагнал хүртсэн сэтгүүлч, редакторуудтай хэдэн жилийн турш ярилцан асуулт тавьж, сэтгүүлчдийн хэрхэн ажилладаг, ажил мэргэжлийнхээ тухай юу бодож явдаг зэргийг судалжээ. Судалгааны үр дүнд “Сурвалжлагч сэтгүүлчид баримтыг гуйвуулан овжин ашиглаж, үнэхээр тийм явдал болсон юм байна гэж уншигчид, телевиз үзэгчдэд ойлгуулан, тэдний дургүйцлийг төрүүлэхийн тулд гэмт хүмүүсийг гэмгүй болгодог гэсэн нээлт хийж, хүмүүст итгүүлэхийг хүсч байжээ” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Эдгээр судлаачдын үг тухайн үедээ нотолгоо үнэмшил багатай байжээ.
1980-аад оны дундуураас зарим хэвлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй устана гэсэн зүйл бичиж байсан нь амьдрал дээр батлагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь авч үзвэл өргөн нэвтрүүлгийн болон сонин хэвлэлээр явуулсан эрэн сурвалжилга зарим талаар буурсан тал бий. Гэвч сэтгүүлчдийн дундах судалгаагаар эрэн сурвалжилга хийж, мэргэжлээрээ “алдарших” хүсэл нь төдийлөн буураагүй гэсэн дүн гарчээ. Эрэн сурвалжилга хийх цагийг багасгах хандлага илэрч байв. Энэ нь урт хугацаанд эрэн сурвалжилга хийх төслүүд унахад хүргэж мэдэх юм хэмээн судлаачид болгоомжилдог.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид нягт хамтран ажиллах хэрэгтэй байдаг. Мэдээллийг түргэн олж авах нь сэтгүүлчдэд чухал.
Үр нөлөө
засварлахФиллипин улсад
засварлах1990-ээд оны сүүлчээр Шейла Коронел, Ивон Чува тэргүүтэй дөрвөн сэтгүүлч Филлиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг санаачлан байгуулж, өөрсдийн үйл ажиллагааг ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн хууль бусаар хөрөнгө, орлогоо бэхжүүлж, авилгалын хэргийг өөгшүүлж буй хэрэгт чиглүүлэн ажиллажээ. Тэр тухайн улс оронд бөөн хардлага, сэрдлэ, гудамжны хов живээс өөр барих барьцгүй байсан үйл явдлын араас олон сарын турш уйгагүй эрэн сурвалжилсаны эцэст ерөнхийлөгч хэдэн тэрбум пэсогийн хээл хахууль, авилгал авч байсан хэргийг илрүүлэн бичжээ. Энэхүү цуврал бүтээл нь олон түмнийг ерөнхийлөгчөө огцруулах хөдөлгөөнд оруулаад зогсоогүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хуулийн хэрэгжилт маш сул дорой, авилгалд идэгдсэн, танил талын хэлхээ холбоо дэндүү хөгжсөн нийгэмд хүртэл асар их нөлөө үзүүлж чаддаг гэдгийг харуулж, бас батласнаараа бусдад үлгэр загвар болсон юм.
Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс нийтлэн гаргасан эхний гурван сурвалжилга нь л Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь нь болсон байна. Тэрхүү шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч Эстрада огцорч, ФЭССЗТ-ийн бүтээл нь шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үеэс л Филлиппинд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй хөгжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв нь сургалт, судалгааны үйл ажиллагааг давхар хийх болжээ. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн хийсэн эрэн сурвалжилга нь сэтгүүл зүйн судалгааны үнэтэй арга зүй төдийгүй улс төр, хууль эрх зүй, нийгмийн үр нөлөөгөөрөө асар их ач холбогдолтой бүтээлүүд болсон билээ.
Нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл асар их үүрэг, хариуцлагатай байдгийг нийгэмд мэдрүүлж, олон түмэн хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглалын хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд ихээхэн түлхэц өгчээ. Шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөдөлгөөнд орж, өмнө нь Ерөнхийлөгчид тал заслаа хэмээн шүүмжлэгддэг байсан хэвлэлүүд зориг орж, Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчдийг ухаж төнхөн, эрэн сурвалжилга хийх болжээ. Тэр үед дөрвөн сэтгүүлчийн ахлагч, Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал Коронел “Одоо хүн бүр л Эстрадагийн нууц амрагуудын байшинг олж илрүүлэхийг хичээж байна. Хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэлж сурч байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Хоёрдугаарт, Сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь маш их эрх мэдэл, мөнгө хөрөнгийг өөртөө хуримтлуулж чадсан хүчирхэг Ерөнхийлөгчийн эсрэг шүүх хэрхэн шударгаар ажиллахыг олон түмэн харж, хяналтаа тогтооход ихээхэн тус үзүүлсэн юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс хэвлэн гаргасан эхний гурван сурвалжилга нь Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь болсон байна. Шүүх Жозеф Эстрадад авилга, хээл хахуульд автсан, олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр ял тулгасан байна. Ялын үндэслэлийн гурав нь сэтгүүлчдийн сурвалжилгад суурилжээ. Шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч зөөлөн суудлаасаа огцорчээ.
Гуравдугаарт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь ард түмэн Ерөнхийлөгч сонгогчдынхоо итгэлийг хэрхэн хөсөрдүүлснийг баримт нотолгоотойгоор мэдэж, улмаар түүнд хяналт тавьж, басхүү сонгосон ч эргүүлэн огцруулж чаддаг өөрсдийнх нь хүч чадлыг мэдрүүлж өгчээ.
Дөрөвдүгээрт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь дэлхий дахинд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадал, ач холбогдлыг мэдрүүлэхэд түлхэц өгсөн юм. Тэрч утгаараа Филиппиний дөрвөн сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Жэйм В.Онгпины уралдааны тэргүүн шагналыг 2001 онд авчээ. “Урьд өмнө сэтгүүл зүйн чиглэлээр гарч байгаагүй гойд сайн судалгаа хийж, баримтаар нотлон, ур чадварын дээдийг харуулсан бүтээлүүд” гэж тус төвийнхний тухай дэлхий нийтээр бичиж байна. Оросын сэтгүүл зүйн уламжлалд эрэн сурвалжлагын хэлбэр социализмын үед ч байсан, гэхдээ “тухайн үед сэтгүүлчид мэргэжлээ богино хугацаанд сольж гуанзны үйлчлэгч, таксины жолооч зэргийг хийж, үйлчилгээний байгуулллагын ажлыг шүүмжлэхээс хэтрээгүй. Харин шинэ үеийн сэтгүүлчид тийм ч тааламжтай бус орчинд нийгмээс нууцалж байгаа зарим үзэгдлийн мөн чанарыг илрүүлж чаддаг болсон нь ахиц дэвшил” юм.
Орос улсад
засварлахЭрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хамтын бүтээл, хамтын зориг эрмэлзлэл байдаг. Энэ жишгийг Орос улсад үзүүлж, тухайн орны сэтгүүл зүйд эрэн сурвалжлагын үлгэр дууриал, ач холбогдлыг мэдрүүлж байгаа хэсэг сэтгүүлчдийг Санкт-Петербург дэх Андрей Константиновын төв нэгтгэн ажиллаж байна. Энэ төв нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувийн агентлаг бөгөөд 40 гаруй сэтгүүлч, цөөн тооны хуульчид ажилладаг. Тус төвийнхөн Төрийн думын гишүүн асан эмэгтэйн гэнэтийн үхлийн шалтгаанаас авахуулаад хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан ч үйл ажиллагаа нь дампуурсан барилгын компанийн сүйрлийн араас мөшгин сурвалжилж олон нийтийн анхааралд хүргэжээ. Тус төв 24 цагаар мэдээлэл авах утас ажиллуулж, эрэн сурвалжлах шаардлагатай гэж үзсэн баримт, хэрэг явдал, сэжиг таамгийнхаа араас сэтгүүлчдийг багаар нь ажиллуулж, үр дүнг нь үзэхийг зорьдог байна. Тэр эрэн сурвалжилга хийх явцдаа шударга ёс, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн ашиг сонирхлыг эрмхэмлэхийг гол шугамаа болгодог яч зарим тохиолдолд улс төр, бизнесийнхний захиалгаар төлбөрт эрэн сурвалжилга хийдэг ажээ. Тухайлбал энэ төвд Финланд, Шведээс тодорхой хэрэг явдлын зангилааг тайлж, эрэн сурвалжилж өгөхийг хүссэн захиалга ч ирж байжээ.
Мэдээллийн эх сурвалжийг нууцлах талаар урьдчилан тохирсон л бол ямар ч нөхцөлд нь хамгаалах ёстой гэдэг зарчмийг тус төвийнхөн мэргэжлийн онцгой эрхээ болгодог байна. Ийнхүү Оросын өнөөгийн сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хандлага байгаа ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төр , эдийн засгийн капиталболон илүүтэй хөгжиж байна. Санкт-Петербургийн их сургуулийн доцент А.А. Юрковын үзэж буйгаар “Өрнөдөд хэвлэл мэдээлэл бизнес болон хувирсан бол Орост гол гол хэвлэл улс төрийн капитал буюу улс төрчдийн засгийн төлөөх тэмцлийн зэвсэг болон илүүтэй ашиглагдаж байгаа” юм.
Оросын нэр нөлөө бүхий хэвлэлийг ямар ямар улс төрчид эрхэндээ оруулсныг “Независимая газета” сонин жагсаан хэвлэсэн нь энэхүү сэжиг таамгыг нотолж баталгаажуулсан байна. Орос оронд улс төр, бизнесийнхний мэдээллийн дайн явагдаж буй гэж үздэг судлаачид ч байдаг. Ийм нөхцөлд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжинө гэдэг нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай хөрс нь бүрдээгүй байна гэсэн үг. "Мэдээлэл олж авах хууль зүйн бололцоо урьд өмнөхөөс хялбар болсон ч сэтгүүлчдийн хувьд хаалттай бүсүүд байсаар байна. Ялангуяа төрийн эрх баригчдын үйл ажиллагаа ил тод болоогүй, олон түмэнд тайлагнадаггүй, хариуцлагын механизм үйлчилдэгүй учраас эрэн сурвалжилга хийнэ гэдэг нь эрх баригчдын эсрэг сэтгүүлчид нүцгэн гараараа тулалдахтай адил гэж тэд үздэг байна. Энэ хандлага нь дийлэнхи сэтгүүлчдийг эрэн сурвалжилга, шүүмжлэлт нийтлэл бичихээс зайлсхийх шалтаг болж, тэд дуулиан шуугиан, гэмт хэргийн ертөнц, секс рүү хошуурч, эргээд хэвлэл өөрсдөө шарлаж эхэлсэн байна”. Энэ бол Оросын хэвлэлийн сүүлийн арав гаруй жилийн нүүр царай юм. Харин цөөн хэвлэл, цөөн сэтгүүлчид хэн нэгний захиалгаар бус итгэл үнэмшлээрээ ажиллаж, мэргэжлийнхээ нэр хүндийг аврах цаг болсон гэж үздэг ажээ.
Байгууллагууд
засварлахЭрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (ЭССTТ) нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд редакцууд болон сэтгүүлчдийг чадавхжуулах, дотоод, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Англи нэршил нь The Mongolian Center for Investigative Reporting (MCIR) гэж байдаг.
Эх сурвалжийг хамгаалах нь
засварлахЦагдаа, хуулийн байгууллага, шүүх, шоронгоор хавчигдсан ч сэтгүүлч хүн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх чөлөөг илүү сайжруулах (илүү хүчтэй болгох) шаардлага байдаг. АНУ-д эх сурвалжийг хууль байдаггүй ч, шүүх маш онцгой үе биш бол сэтгүүлчдийг эх сурвалжаа тавихыг хүчилдэггүй. Шүүх энэ хэмжээг тогтоодог. Шүүхийн шийдвэр авсан ч эх сурвалжаа нууж байгаа сэтгүүлч шүүхэд дуудагдаж, торгуулж, бүр шоронд орох эрсдэлтэй.
Ном бүтээл
засварлахМонгол зохиогчтой ном бүтээл
засварлах- 2000 онд Д.Цэмбэл, До.Цэнджав нар "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол практикийн асуудал"
- 2002 онд Сэтгүүл зүйн доктор профессор М.Зулькафиль "Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик"
- 2007 онд Сэтгүүл зүйн доктор профессор Ч.Базар "Эрэн сурвалжлах сэтгүүл зүй"
Орчуулгын ном бүтээл
засварлах- Марк Ли Хантер "Таамагт суурилсан судалгаа" ЮНЕСКО 2011
- Михайэл Халлер "Мэдээллийг нягтлахуй" 7 дахь хэвлэл, УБ 2015
Уралдаан тэмцээн
засварлахЭрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн "Цахиур" уралдааныг ХБНГУ-ын Дойче Велле Академи, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Хэвлэлийн Хүрээлэн 2017 оноос эхлэн зохион байгуулж байна.
- Цахиур-2017
- Цахиур-2018
- Цахиур-2019
- Цахиур-2020
Цахиур-2017
засварлахЭрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн "Цахиур" уралдааныг анх удаа 2017 оноос эхлэн зохион байгуулжээ.
Цахиур-2018
засварлахЦахиур-2018 эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байрыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга "Хувьсан өөрчлөгдсөөр буй "үнэн" буюу цианидын хэргийн буруутан хэн бэ" бүтээлээрээ авсан байна.
Цахиур-2019
засварлахЦахиур-2019 эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байрыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” хэмээсэн 12 цуврал нийтлэл бүтээлээрээ шалгарчээ.