Эрвин Шрёдингер
1887—1961 оны хооронд 74 жил амьдарсан Австрийн онолч, нэрт физикч, квант механикийг үндэслэгчийн нэг Эрвин Шрёдингер (Герман: Erwin Schrödinger) Вена хотод төржээ. Математикч болох авьяас билэг нь багаасаа тодорсон Э. Шрёдингер Венийн их сургуулийг төгсөөд 1900—1938 онд Вена, Йен, Бреслау, Цюрихийн их сургууль, Штутгартын техникийн дээд сургуулийн профессор болж, 1927—1938 онд Берлин, Оксфорд, Грацийн их сургуульд багшилж, 1941—1955 онд Дублин дахь тулгуур судалгааны хүрээлэнг удирдаж байв.[1]
Эрвин Шрёдингер | |
---|---|
Төрсөн | 1887 оны 8-р сарын 12 Австри-Унгар, Вена |
Нас барсан | 1961 оны 1-р сарын 4 Австри-Унгар, Вена |
Үндэстэн | Австри, дараачаар нь Ирланд |
Төгссөн сургууль | Венийн Их Сургууль |
Юугаараа алдаршсан | Шредингерийн тэгшитгэл Шредингерийн муур Шредингерийн арга Шредингерийн зураг Шредингер-Ньютоны тэгшитгэл |
Шагнал | Физикээрх Нобелийн Шагнал (1933) |
Гарын үсэг |
Эрвин Шрёдингерийн эрдэм шинжилгээний гол бүтээлүүд нь статистик физик, квант онол, квант механик, харьцангуйн ерөнхий онолын салбарт хамаарагддаг. 1926 онд Де Бройлийн электрон бол долгионы ба корпускул чанартай гэсэн санаан дээр тулгуурлан квант механикийн математик үндэс болсон дифференциал тэгшитгэлийг гаргажээ. Энэ тэгшитгэлийг «Шрёдингерийн тэгшитгэл» гэдэг. Микро биетийн төлөвийг тайлбарлахдаа Э. Шрёдингер долгионы функц гэдэг ойлголтыг физикт анх удаа оруулсан нь сонгодог механикт Ньютоны хуулиудын гүйцэтгэсэн үүрэг шиг атомын зүй тогтлыг тайлбарлахад чухал нөлөө үзүүлсэн билээ.[1]
Э. Шрёдингер төрөлх Австридаа залуу насаа, амьдралынхаа сүүлийн 4 жилийг өнгөрүүлсэн бөгөөд бусад хугацаанд Герман, Швейцар, Англи зэрэг гадаад оронд байжээ. Тэрээр харьцангуйн ерөнхий онолын зарим асуудлыг боловсруулснаас гадна физик орны тухай нэгдмэл онол бий болгох замыг эрж олохыг оролдож байв. Мөн мезоны онол, термодинамик, элекродинамикийн асуудлаар судалгаа явуулж үр дүнд хүрчээ.[1]
Э. Шрёдингер сонирхолтой гүн санаа бүхий «Амьдралыг физикийн үзлийн үүднээс үзэхүй» гэдэг номдоо шинжлэн судлагчдын анхаарлыг татсан тэнцвэрт бус термодинамик кинетикийн нарийн асуудлуудыг хөндсөн нь түүний сэтгэн бодох өргөн цар хүрээг гэрчилнэ.[1]
Атомын онолыг хөгжүүлж, долгионы буюу квант механикийн үндсийг тавилцсаны учир Э. Шрёдингерт 1933 онд Нобелийн шагнал олгожээ.[1]
Зураг
засварлах-
Залуухан Шрёдингер