Монголын радиогийн түүх

1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурал “агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн.” гэж заагаад Ардын Хувьсгалийн 10 жилийн ойн баярын өмнө заавал багтаан радио нэвтрүүлэг эхлүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Вандализм байгуулах ажилд олон нийтийн хүчийг татан оролцуулах үүргийг Худалдаа аж үйлдвэрийн яаманд даалгажээ. Үүний дараа 1930 онд ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирчээ. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” гэдэг хоршоог байгуулжээ.

Монголын радио 1930-1959 онд

засварлах

1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Эрхүү хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны мэргэжлийн ажилтнууд болжээ. Мэргэжилтэн, тоног төхөөрмжөө бэлтгэсэний дараа туршилтын журмаар радио нэвтрүүлэг хийж эхэлсэн байна.

1931 оны 5 дугаар сарын 1 нд Засгийн газар, цэнгэлдэх хүрээлэн, Лениний нэрэмжит клуб зэрэг хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж үдшийн 19 цагаас монгол, орос хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим нэвтрүүлжээ. Мөн оны 6 дугаар сарын 20 –ноос эхлэн Ардын хувьсгалийн 10 жилийн ойн өмнө Улаанбаатар хотод 7 хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулсан байна.

1931 оны 7 дугаар сарын 11 нд Буянт-Ухаа дахь наамдын талбайгаас анх удаа радио нэвтрүүлэг шууд дамжуулжээ. Энэ бүхнээс харвал Монголд радио 1930 оны эхэн үед тулгийн чулуугаа тавьсан гэж үзэж болно. 30-аад эхэн үед радио нэвтрүүлгийн хамрах хүрээ нь зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдаж байлаа. Радио нэвтрүүлгийг тогтмол, тасралтгүй явуулахад техникийн болон, уран бүтээлийн мэргэжилтэн, найдвартай ажиллах тоног төхөөрөмж, дэд бүтэц дутагдаж байлаа. Монгол Зөвлөлтийн засгийн газар хоорондын хуралдааны үеэр манай тал радиогийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслахыг хүсжээ. ЗХУ-ын тусламжтайгаар радиогийн техникийн төв, дахин дамжуулах станцийг Монголд барьж байгуулжээ.

1934 оны 8 дугаар сард ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцийг БНМАУ-ын Засгийн газрын комисс хүлээн авсан байна.

1934 оны 9 дүгээр сарын 1-нд Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхлэв. Өдрийн 11 цагт Ерөнхий сайд Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны сайд Мэнд зэрэг албаны хүмүүс радиогоор ээлжлэн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ тухай радиогийн үйл ажиллагааг бичдэг тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээжээ. Энэ тэмдэглэлийн дэвтэрийг 60-аад оны эхэн үед Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд сурч байсан оюутан Д.Дууз Хонхор дахь радиогийн дахин дамжууулах станцаас олжээ. Энэ дэвтэрт анхны радио нэвтрүүлгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл байжээ.

1964 онд Д.Дууз дипломын ажлаа “Монголын радиогийн түүх” сэдвээр хамгаалсан байна. Хэдэн жилийн өмнө санаандгүй олж байсан жижүүрийн дэвтэрт байсан мэдээлэл түүний дипломын ажилд их хувь нэмэр болжээ. Монголын радио анх байгуулагдахдаа Харилцан нэвтрэлцэх холбооны харъяанд, одоогийн Сүхбаатарын талбайн баруун урд орой дээрээ цамхаг, цагтай хоёр давхар байшинд байрлаж байв. Радио нь эрхлэгч, хоёр нэвтрүүлэгчийн бүрэлдэхүүнтэй өдөрт 2 цагийн нэвтрүүлэг бэлтгэж 1700 орчим цэгт нэвтрүүлгээ цацаж байв. “Анхаараарай. Радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн анхны түүхэн нэвтрүүгийг харилцан нэвтрэлцэх хорооны дарга, орчуулагч, радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа дамжуулсан байна.

1935 оны 1 дүгээр сараас радиод Лувсангийн Рагчаа гэдэг бүсгүй нэвтрүүлэгчээр ажиллах болжээ. Монголын радио өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл, үдэш17 цагаас 21 цагийн хооронд нэвтрүүлэг цацаж байлаа. Харин өглөөний 9 цагаас 17 цагийн хооронд Оросын радиогийн нэвтрүүлгийг дахин дамжуулдаг байжээ. Монголын радиогоор ихэвчилэн нам засгийн шийдвэр, тогтоол, олон улсын байдлын талаар мэдээлдэг байжээ. Уран сайхны нэвтрүүлэгт Улсын төв театр, Сүхбаатарын нэрэмжит үлгэр жишээ клуб, Ардын цэргийн Ансамбель, сайн дурын уран сайханчид, зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг нар оролцдог байжээ. Шинээр байгуулагдсан радиод олон бэрхшээл тохиолдож байв. Энэ тухай радиогийн ахмад ажилтан С.Лувсанцэнд “1930-аад оны үед радиод уран сайханчдийг өглөө 5 цагт дуудаж ирүүлнэ. 30-40 хүн зэрэг цуглахгүй. Хоцорч загнуулах, санамсаргүй алдаа гарах тохиолдол бишгүйдээ л тохиолдож байсан” гэж дурьсан ярьжээ. Тухайн үед бүх нэвтрүүлэг шууд цацагддаг байжээ. Монголын радио иргэдийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон арван нэвтрүүлэг явуулж байлаа.

1935 оны 5 дугаар сарын 15 нд “Нүд далдын сургууль” нэртэй алсын зайн сургалтын нэвтрүүлэг явуулжээ. 1938 оны 8 сараас МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр радио нэвтрүүлгийг “Радио сонин” гэж нэрлэж эрхлэгчийн үүргийг Төв Хорооны ухуулан боловсруулах хэлтсийн аль нэг ажилтан гүйцэтгэх болжээ. 1938 оны 9 дүгээр сарын 1 ээс радиогийн өглөөний нэвтрүүлгийн цагийг нэг дахин нэмэгдүүлж, 7-11 цаг хүртэл явуулах болжээ.

1939 оны 7 дугаар сарын 11 нд “Цэнд комиссар” дуулалт жүжиг, 1940 оны 9 дүгээр сарын 27 нд “Өргөмөл сувд” радио жүжиг нэвтрүүлжээ. 12 аймагт Радио нэвтрүүлгийг дахин дамжуулах 1700 цэг байгуулсан нь хөдөө орон нутгийн иргэдийг шинэ соёлд уриалан дуудсан үйл явдал болов. Энэ тухай “Монголтранс”-ын жолооч байсан Хас гуай “Би радио дэлгэрүүлэх орос мэргэжилтнүүдийг Улаан-Үд хотоос ачааны машинаараа авч ирсэн. Тэдний нэг нь надтай танилцаад танай гэрт хамгийн түрүүнд радио тавьж өгнө гэж амласан. Анх манай гэрт радио холбосоны дараа чанга дуугарахад миний ээж сандарч дууг нь намсгахаа мэдэхгүй дэмий л дээлээрээ бүтээж бөөн инээдэм болж байлаа” хэмээн дурссан байдаг. 1940 оноос хойш Монголын радио сэтгүүл зүйн үүргийг жинхэнэ утгаар нь биелүүлж эхэлсэн юм. Үүнд ч нөлөөлсөн чухал тогтоол шийдвэрийг нам засгаас гаргажээ.

1939 оны 11 дүгээр сарын 9 нд БНМАУ-ын бүх яам, аж ахуй, олон нийт, соёлын байгууллагын сайд дарга нарын зөвлөгөөн болж радио нэвтрүүлгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцжээ. 1940 оны 4 дүгээр сарын 18 нд радиог МАХН-ын Төв Хорооны шууд удирдлага доор авчээ. 1941 оны 5 дугаар сарын 15 нд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 28 дугаар тогтоолоор радио хороог Төв Хорооны сурталын хэлтсийн эрхлэгчид хавсруулж хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байна. 1941 оноос Монголын радио дуу хураагч ашиглаж эхэлжээ. Мөн Алтанбулаг хотоос Майн баярын концертийг улс орон даяар дамжуулжээ. 1942 оноос Монголын радиогийн нэвтрүүлгийн цаг ч нэмэгдсэн байна. 1944 онд радиогийн удирдлагыг чадваржуулах, нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо хоёр удаа тогтоол батласан юм.

1944 оны 2 дугаар сард Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор 1941 онд баталсан Радио хорооны Зөвлөлийг дахин шинэчилж тухайн үед Гончигийн Дуламдорж даргаар томилогдон ажиллаж байв, 10 дугаар сард Төв Хорооны тэргүүлэгчдийн 75 дугаар хурлаар радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн ажлыг сайжруулах тухай тогтоол гаргаж шилдэг уран бүтээлийг хальсанд бичиж хадгалах, шаардлагатай үед радиогоор нэвтрүүлэх боломжоор хангахыр Уран сайхны хүрээлэн, Холбоонй яаманд даалгажээ. 1942 оны 2 дугаар сарын 22 нд Д.Сүхбаатарын үйл амьдралыг сурталчилхад зориулсан радио өдөрлөгийг Хувьсгалын музейгээс шууд дамжуулжээ. Энэ бол Монголын радиогийн хамгийн анхны шууд сурвалжлага байлаа. 1943 оос идэвхитэн бичигчид хальсанд концертоо бичүүлвэл урамшуулал мөнгө олгодог болжээ.

1944 оны намар ЗХУ-аас радиогийн техникийн засварын мэргэжилтэн оросын иргэн В.С.Мяткин кино хальсан дээр бичдэг чулуун зүүтэй шоринофон гэдэг өндөр босоо аппарат зохион бүтээж радио нэвтрүүлгийн эхлэл төгсгөл дуу “Монгол интернационал”-ыг бичжээ. Үүнээс өмнө уран сайханчид өглөө оройдоо ирж шууд дуулдаг байжээ. 1946 онд Д.Сэнгээгийн шүлэг, Л.Мөрдоржийн ая “Эх орон” дууны аялгууг Монголын Радио өргөн нэвтрүүлгийн эхлэл болгон сонгожээ.

1945 оны 4 дүгээр сараас монголын радио өдөр бүр орос хэлний нэвтрүүлэг, 1946 оноос долоо хоног бүрийн пүрэв гарагт хятад хэлээр нэвтрүүлэг явуулах болсон юм. 40-өөд онд радиогийн нийтлэл нэвтрүүлэгт газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, цаг үеийн тухай мэдээлэл түлхүү цацагдаж байлаа. Нийтээрээ бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөнд радио гол манлайлагч болж, дэлхийн 2 дугаар дайны тухай мэдээлэл зонхилж байлаа. Дайны жилүүдэд радио зохион байгуулагчийн үүргээ сайн биелүүлж, галын шугам дээр тулалдаж байгаа цэрэг эрст туслах хөдөлгөөнийг идэвхитэй сурталчилж байлаа. Энэ үед радио хүмүүсийн мэдээлэл хүлээн авах чухал суваг, амьдралын хэрэгцээ болоод байлаа. 1944 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 70 хувь, хөдөө орон нутгийн айл өрхийн 46 хувь нь радио сонсдог байжээ.

1947 оны 4 дүгээр сарын 19 нд МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 12 дугаар хурлаар Радио хороог өргөтгөж, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Радио нэвтрүүлгийн ба радиожуулалтын хороо гэдэг бие даасан байгууллага болгожээ. Тур хороо нь улс төрийн нэвтрүүлгийн хэлтэс, уран сайхны нэвтрүүлгийн хэлстэс гэсэн үндсэн хоёр хэлтэс, 12 хөгжимчний бүрэлдэхүүнтэй үндэсний хөгжмийн хэсгээс бүрдэж байв. 1947 онд АНУ-ын Атланта, 1948 онд Мексикийн нийслэл Мехико хотод өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хурал зохион байгуулагдахад Монголын төлөөлөгчид оролцжээ. Энэ нь Монголын радио гадаад харилцаагаа өргөжүүлэхэд чухал алхам болжээ.

1952 оны 9 дүгээр сард Олон улсын радиогийн байгуулагын гишүүн болжээ. 1952 оны 7 дугаар сарын 19 нд Москвагийн радио монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэх редакц байгуулахад Д.Цэдэвсүрэн анхны нэвтрүүлэгчээр нь томилогджээ. 1953 оны 9 дүгээр сарын 13 нд ЗХУ-ын радиотой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүний дараа Хятад, Румын улсын радиотой холбоо тогтоож, хамтран ажиллах гэрээн хийсэн байна. 1963 оны 10 дугаар сарын 29 нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 86/220 тогтоолоор Радио хорооны зохион байгуулалтыг өөрчилж, Хорооны дарга, Улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц, Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц, сурвалжлагчдийн хэлтэс, техник хяналтын дуу бичлэгийн хэлтэс, гадаад харилцааны хэлтэс, ах ахуйн хэлтэс, үндэсний хөгжмийн оркестр, нэвтрүүлэгчийн алба гэсэн 9 нэгжтэй болгожээ. Уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакц нь хөгжмийн, уран зохиолын, хүүхэд залуучуудын нэвтрүүлгийн хэлтэстэй байв. Харин улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакц нь суртал нэвтрүүлгийн, хөдөө аж ахуйн, гадаад нэвтрүүлгийн хэлтэсээс бүрдэж байлаа.

1954 онд монголын радиогийн дуу хөгжмийн алтан сан хөмрөгийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа эмхлэн байгуулжээ. Түүхэн чухал үйл явдалыэн тухай мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, урлагийн зүтгэлтэнүүдийн уран бүтээлийг соронзон хальсанд бичиж хадгалах болжээ. 1954 онд Монголын радиогийн дууны оператор Д.Пүрэв, инженер Ц.Мятав, сурвалжлагч Ч.Лодойдамба нар Төв аймгийн Баянцагаан суманд томилолтоор ажиллаж тэргүүний малчидаас ярилцлага авсан байна. Тухайн үед бичэг хийх төхөөрөмж нь 33 кг жинтэй байжээ. Хөдөө цахилгаан эрчим хүч байхгүй тул кино гаргадаг Л-3 маркийн дизель хөдөлгүүр ашиглажээ. Сурвалжлага хийхийн тулд илүү гэр бариулж хөдөлгүүрээ дотор нь байрлуулжээ. Дуу чимээг хязгаарлах зорилгоор хөдөлгүүрээ эсгийгээр бүтээж байжээ. Москва хотод Дэлхийн Оюутан Залуучуудын 6 дугаар их наадам болоход Монголын радиогоос улс төрийн ерөнхий редакцийн редактор Б.Гаваа, гадаад харилцааны хэлтсийн ажилтан Д.Лодойдамба томилолтоор явжээ. Энэ нь хилийн чанадаас бэлтгэсэн хамгийн анхны сурвалжлага болжээ. 1950 оны сүүл үеэс радиод хуурай зайгаар ажилладаг овор багатай магнитфон хэрэглэх болжээ. Энэ нь сурвалжлага бэлтгэх ажлыг хөнгөвчилжээ. Радиогийн өргөн нэвтрүүлгээс гадна Монголд радио холбоо сонирхогчдийн санал санаачилгаар радио спортын холбоо 1958 оны 4 дүгээр сарын 15-нд байгуудагдсан байна.

ТОДРУУЛГА: Монгол улсад Радио спортын үүсэл хөгжил нь анх МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор Ардын цэрэгт туслах сайн турын нийгэмлэлийг МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн харъяанд 1958 оны 4 дүгээр сарын 15-нд Радио төв клуб нэртэйгээр байгуулагдсанаар эхэлсэн юм. Радио төв клуб хүүхэд залуучуудын дунд радио техникийн мэдлэгийг сурталчилах, радио спортын шинэ шинэ тeрлүүдийг бий болгож хeгжүүлэх ажлыг зохион явуулах болсон байна. ЗХУ-ын ДОСААФ-аас уригдан ирсэн мэргэжилтэн Казмер Николаевич Журавицкийн удирдлагын дор Радио төд клубын дэргэд "ПУРК-24" аппаратаар тоноглогдсон танхим байгуулж, радио сонирхогчдод морзе хэлний хичээл, 3 дугаар зэргийн радио телеграфистын программаар сургалтыг явуулж эхэлсэн.

1958 онд социалист орнуудын хурдач радистын олон улсын уралдаанд манай улсын багийг урьсан юм. Энэ тэмцээнд тамирчдыг бэлтгэж оролцуулахын тулд хурдач радистын секцийг мэргэжлийн радистуудаар зохион байгуулж К.Н.Журавиций өөрийн биеэр уригдан дасгалжуулжээ. Анхны энэ багийн бүрэлдэхүүнд К.Дэмбэрэлсамбуу, С.Пүрэв, Д.Ёндон, эмэгтэй тамирчин Ч.СҮрэн нарын зэрэг тамирчид оролцож, 1958 оны 11 дүгээр сард манай тамирчид олон улсын радио спортын уралдаанд анх удаа оролцсон нь радио спортын уралдаан тэмцээний эхлэл болсон билээ. Мэргэжилтний зөвлөгөө, олон улсын уралдаанд оролцсон туршлага дээр тулгуурлан 1957 онд радиогийн өдрийг тохиолдуулан хурдач радистын Улаанбаатар хотын аварга шалгаруулах уралдааныг зохион явуулж, түүнийг цаашид жил бҮр уламжлал болгон явуулдаг болжээ.

1962 онд хурдач радистын улсын аварга шалгаруулах анхны уралдаан явагдаж бүх аймаг, хотоос шалгарсан тамирчдын дотроос eсвeрийн залуу тамирчин Х.Туул түрүүлжээ. 1959 оноос манай радио сонирхогч зохион бҮтээгчдийн хөдөлгөөн өрнөж мэргэжилтэн К.Н.Журавицийн зөвлөсний дагуу дагуу радио сонирхогчдын хамтын ба хувийн нэвтрүүлэх аппарат, хҮлээн авагчийг анх өөрийн орондоо хийж олон улсын богино долгиончдын дунд өөрийн орны нэрийг цуурайтуулах болжээ. Манай улсын богино долгиончид 1960 оноос эхлэн дэлхийн бүх тивийн 200 гаруй улс орны богино долгиончидтой 2 талын радио холбоо барьж олон улсын дипломуудыг авч эхэлсэн байна. Монголын радио спорт сонирхогчид 1965 онд Болгарын Вена хотод болсон уралдаанд амжилттай оролцсон бол 1974-1977 онд Монголын богино долгиончид Ази тивийн уралдаанд тэргүүн байр, 1969 онд Ленинград хотод болсон олон улсын Радио холбооны тэмцээнд 2 дугаар байранд орж байлаа.

1980-аад оны дунд Үеэс 1990 оны эхэн хүртэлх үед радио спорт манай улсад маш эрчимтэй хөгжиж түүхийн шинэ хуудсыг нээн радио спортыг сонирхон хичээллэгчдийн тоо маш ихээр нэмэгдэн сайн дасгалжуулагчид, тамирчдыг төрүүлж спортын олон амжилт, рекордуудыг Үзүүлсэн жилүүд байсан юм. 1988 онд Радио спортын тeв клубт Унгарын Батлан Хамгаалахад Туслах нийгэмлэгээс Техник хэрэгслийн тусламж Үзүүлэх асуудал хэрэгжиж нийт 11 өрөөг иж бҮрэн тохижуулж радио спортын техник хэрэгсэл олноор түүхэндээ байгаагҮйгээр олноор ирж техник хэрэгсэл материаллаг баазын хувьд сайжирсан билээ. Түүнчлэн радио спортоор хичээллэгч тамирчдын тэр дундаа хөдөө орон нутагт хичээллэгчдийн техник хэрэгслийг хангах зорилгоор 1990 онд РСТК-ын дэргэд инженер П.Ганхуяг, дасгалжуулагч Д.Цогтбаяр нарын бүрэлдэхүүнтэй "Спортын аппарат техник зохион бүтээх төв" байгуулагдан эх орондоо анх удаа олон тоогоор спортын аппарат техник хэрэгслийг Үйлдвэрлэн тамирчдынхаа хэрэгцээг хангаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэх нэгэн чухал Үйл явдал болсон билээ. Радиопеленгацын дэлхийн аварга шалгаруулах уралдааан 4 жилд 1 удаа зохиогддог байсан бөгөөд 1990 онд БНСЧСУ-ын Братислав хотноо энэ төрлийн 5 дахь удаагийн уралдаан зохион явагдаж, уг уралдаанд дэлхийн 19 орны 159 тамирчдаас тамирчин оролцож 10, 11 дүгээр байр, багийн дҮнгээр 5 дугаар байр эзэлсэн нь тухайн Үедээ болон одоо ч их өндөр амжилтад тооцогддог юм.

1991 онд БНХАУ-ын Радио Спортын холбоо олоэ улсын радио пеленгацийн уралдаан зохион байгуулж манай орны тамирчдыг урьсан бөгөөд уг уралдаанд оролцсон тамирчдаас Э.Майбаяр анх удаагаа олон улсын уралдаанаас хувийн дүнгээр 3 дугаар байр эзэлж хҮрэл медаль хҮртсэн явдал манай тамирчдын анхны өнөө үеийн олон улсын уралдааны шагналын эхлэл байсан юм. Улс орон өөрчлөл шинэчлэл явагдсан шилжилтийн 1990-ээд онуудад радио спорт нь мeн л энэ Үеийг дайрч тэмцээн уралдааны тоо, хичээллэгчид, тэмцээнд хамрагдагсадын хҮрээ хумигдсан бөгөөд харин сүүлийн жилүүдэд радио спорт дахин сэргэж тэмцээн уралдаан тогтмолжиж хичээллэгчдийн хүрээ тэлж байна. 2005 онд ОУХМ А.Ариунаа Ази тивийн шилдэг эмэгтэй тамирчин болсон юм. Түүнчлэн Радио пеленгацын Ази тивийн аваргын тэмцээнийг 2001, 2007 онуудад өөрийн эх орондоо зохион явуулж олон улсын хэмжээнд зохих ёсоор Үнэлэгдэн эх орныхоо нэрийг өндөр өргөж байна.

1959 оноос радиогийн бүх нэвтрүүлгийг соронзон хальсанд бичиж нэвтрүүлэх журам батлагджээ. 1956 оны 6 дугаар сарын 23 нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 316/195 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулалтын хороог Соёлын яамны харъяанд оруулжээ. Гэвч 1958 оны 8 дугаар сарын 7-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хорооны 259/246 дугаар тогтоолоор Соёлын яамнаас тусгаарлаж, бие даасан Улсын хороо болгожээ. 1959 оны 5 дугаар сарын 6-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 177 дугаар тогтоолоор Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газар байгуулжээ. Монголын радио хороо, Монцамэ агентлаг, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийг энэ байгуулагийн мэдэлд шилжүүлжээ.

Монголын радио 1960-1990 онд

засварлах
Хөгжимт дохио:[1]
 

1960 оны 5 дугаар сарын 19 нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хороо болгожээ. 1960 он гэхэд Монголын радиогийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлж, олон төрөл зүйлийн нэвтрүүлэгтэй болжээ. 1960 онд Монголын радио шинэ барилгад нүүж, олон студи ашиглалтанд оруулжээ. Мэдээ хүлээн авах өөрөө бичигт телеграф аппаратыг хэрэглэх болсон нь гадаад дотоод мэдээг цаг алдахгүй шуурхай хүлээн авч сонсогчдод түгээх боломж олгожээ. 1961 оны 4 дүгээр сарын 12 нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 163 дугаар тогтоолоор Мэдээлэл, радиогийн улсын хорооны орон тоо, бүтцийг нэмэгдүүлж, Удирдах хэсэг, Мэдээллийн хэлтэс, Нэвтрүүлгийн хэлтэс, Гадаад мэдээллийн хэлтэс, Программын хэлтэс, Лавлах тасаг, Олон улсын харилцааны тасаг, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийн газар, Бичиг хэргийн товчоо, Техникийн хэлтэс, Захиргаа аж ахуй гэсэн 12 хэлтэс, тасгийн бүтцэд сүүлийн үеийн мэдээний, суртал нэвтрүүлгийн хөдөө аж ахуйн, үйлдвэр худалдаа, тээвэр холбооны, хүүхэд залуучуудын, жүжиг, уран зохиолын, дуу хөгжмийн зэрэг төрөлжсөн 7 редакцтай нэвтрүүлэг явуулах болжээ. 1960 оноос “Хөдөлмөр зол жаргал”, 1964 оноос “Хүсэлтийн хариу”, 1964 оны 8 дугаар сарын 23 аас “Ургацийн далай”, 1965 оны 1 дүгээр сарын 4 өөс “Өглөөний мэнд” нэвтрүүлэгийг бэлтгэжээ. Мэдээлэл, радиогийн улсын хорооны дарга 1964 оны 6 дугаар сарын 29 нд “Гадаадын сонсогчдод зориулан монгол хэлээр тусгай нэвтрүүлэг явуулж эхлэх тухай” 104 дүгээр тушаал гаргажээ. Үүний дагуу “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийг долоо хоногийн пүрэв, ням, гаригт 21 цагаас 30 минутын хугацаатай явуулах болжээ. Энэ нэвтрүүлэгийг Хөх хотын чиглэлд монгол хэлээр, Бээжингийн чиглэлд хятад хэлээр, Урумчийн чиглэлд казах хэлээр тус тус цацаж байлаа.

1964 оны 4 дүгээр сарын 9 нд “Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газрын ажлыг цаашид сайжруулах тухай” МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны 120 дугаар тогтоол гарсан юм. 1965 оны 1 дүгээр сарын 29-өөс Монголын радио Алс Дорнод, Өмнөд ба Зүүн өмнөд Ази, Шинэ Зеланд, Австрали, Европын орнуудад зориулан англи хэлээр нэвтрүүлэг явуулжээ. 1966 оны 3 дугаар сарын 7 нд Москвагийн радиогийн дэргэд Монголын радиогоос байнга сурвалжлагч ажиллуулах болжээ. Монголын радио 60-аад оны дунд үеэс радио жүжиг хийх болов. Радио жүжгийн зохиолыг Ө.Баасанжав, М.Чимид, Ш.Шажинбат нар бичиж байлаа. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1967 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 129 дүгээр зарлигаар Мэдээлэл радиогийн улсын хороог БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн мэдээлэл, радио, зурагт радиогийн хороо гэж нэрлэх болжээ. Үүнээс 7 хоногийн дараа Монгол телевиз албан ёсоор нээлтээ хийсэн юм. 1968 оноос Монголын радио хятад хэлээр явуулах нэвтрүүлгээ өдөр бүр, гадаадын орнуудад зориулан монгол хэлээр явуулах нэвтрүүлгийг 7 хоногт 6 удаа, казах хэлээр явуулах нэвтрүүлгийг 6 удаа, англи хэлээр явуулдаг нэвтрүүлгийг 7 хоногт 12 удаа, Ази, Африкийн сонсогчдод зориулсан нэвтрүүлгийг 12 удаа болгож нэмэгдүүлжээ. Энэ үед гадаад хэлээр бэлтгэдэг нэвтрүүлгийн үргэлжилэх хугацаа нь 30 минут байсан юм.

1970 оны 11 дүгээр сараас франц хэлээр нэвтрүүлэг явуулах редакц шинээр байгуулжээ. Энэ редакц нь Хойд Америк, Европ, Африкийн сонсогчдод зориулан нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн юм. 1979 оноос МОНЦАМЭ, радио телевизийн Москва дахь сурвалжлах хэсэг болгон өргөжүүлсэн юм. Мөн оны 11 дүгээр сарын 24 нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 195 дугаар зарлиг гарч “Мэдээлэл радио, зурагт радиогийн улсын хороог” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Мэдээлэл радио телевизийн улсын хороо болгон өөрчилжээ.” Энэ бүтэц 30 жилийн турш өөрчлөгдөөгүй байна. Суртал нэвтрүүлгийн ажлыг сайн зохион байгуулж, үүргээ сайн биелүүлсэн тул 1971 онд БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1974 онд 40 жилийнхээ ойгоор Төрийн дээд шагнал Д.Сухбаатарын одонгоор шагнуулжээ. 1978-1981 оны хооронд ЗХУ-ын буцалтгүзй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгий, Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэт чиглэлээр радио релейний шугам тавьжээ. Ийнхүү радио нэвтрүүлгийн сонсгол чанар дээшилжээ. Радио релейний шугамаар радиогийн төдийгүй телевизийн нэвтрүүлгийг ч дамжуулах болжээ.

1981 оны 3 дугаар сард Зундуйн Доржийн санаачилсан “Залуучуудын уулзалтын цаг” нэвтрүүлэг студийн хэлбэрээс гарч амьдралын тулгамдсан асуудлыг зөв сонгож, чөлөөтэй ярилцаж газар дээр нь шийдвэрлэх шууд сурвалжлагийн хэлбэрээр хийгджээ. Энэ нь сонсогчдийн сонирхолыг татаж байлаа. 1984-1985 онд радио өргөн нэвтрүүлгийн студийн магтфоны тоог нэмэгдүүлж СТМ-600 маркийн суурин магнитфон гуравыг нэмж ашиглаж, эфирийн студи, радиогийн төв аппаратын техникийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилжээ. 1984 онд “Өнөөгийн хөдөө” , “Малчин”, “Газар хүн” нэвтрүүлгийг шинээр хийжээ. 1985 оноос радиогийн хэлтэсүүд нь Ерөнхий редакцийн зохион байгуулалтад орж, мэдээлийн ерөнхий редакцийг шинээр бие даалган байгуулав. Ингэснээр радиод мэдээний цаг нэмэгдэж, шуурхай үйл ажиллаагатай болжээ. 1985 онд Чойбалсан хотод радио өргөн нэвтрүүлгийн станцийн өргөтгөл Улаанбаатар-Багануур-Өндөрхаан-Баруун-Урт –Чойбалсан чиглэлд радио релейний шугамын барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ. 1980 аад оны үед Монголын радио 7 хоногт 10658 цагийн нэвтрүүлэг хийж, радиогийн шуурхай мэдээг 8 удаа дамжуулдаг байжээ. Мөн энэ үед хөдөө орон нутагт радио өргөн нэвтрүүлэг хийх бааз суурь тавигдаж эхлэв. 1980 онд Дорноговь аймагт, 1981 онд Хөвсгөл аймагт радио өргөн нэвтрүүлгийн станц ашиглалтад оржээ. 1986 онд Өвөрхангай, Ховд, Дорнод аймагт МОНЦАМЭ агентлаг, радио телевизийн аймаг дундах сурвалжлах хэсэг ажиллаж эхлэв. Энэ нь хөдөө орон нутгийн амьдралыг цаг алдахгүй мэдээлэх боломжийг хангасан юм. 1986 оноос Монголын радио “Та өөрчлөн шинэчлэлтийн хаагуур явж байна?” хэлэлцүүлэг, “Ил тод илэн далангүй ярилцъя”, “Хуудас цаас”, “Шил савны тухай яриа”, “Сансрын зууханд ердийн хөсөг хэрэггүй гэж үү?”, “Гэм зэмгүй гэмтэн”, и”Шинэ ном очсон уу”, “Туул гол тунгалаг байх ёстой”, “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох ёсгүй”, “Дөрөө даах гутал байна уу? “ зэрэг асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ. Энэ нь тухайн үед нийгэм улс төрд гарсан өөрчлөлттэй холбоотой байв. 1987 онд гадаадын сонсогчдод зориулан “Аюуш” туужаар радио жүжиг хийсэн байна. Ардын домог дуугаар хийсэн зохиомж, “Бямба гарагийн ая дуу” нэвтрүүлэг гадаадын сонсогчдын сонирхолыг татаж олон захидал ирдэг байжээ. 1988 оны 12 дугаар сарын 28 нд ЗХУ-ын тусламжаар баригдсан радио телевизийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй шинэ төв ашиглалтанд орлоо. 1980 оод оны дундуур хөрш болон найрамдалт харилцаатай орнуудын радиогийн байгуулагатай тогтоосон холбоогоо өргөжүүлэх зорилгоор хамтран уран бүтээл туурвиж эхэлсэн байна. 1987 онд Орос Монголын хүүхдийн “Эв модны наадам”-ыг Сүхбаатар хотод зохион байгуулж радиогоор шууд сурвалжилжээ. Мөн Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Шверин (Арлдчилсан Герман) хотын хооронд шууд нэвтрүүлэг хийжээ. 1989 онд Монголын радио найрамдалт харилцаатай 9 орны 30 гаруй төлөөлөгчдийг хүлээн авч, гадаад нэвтрүүлгийн үр өгөөж, арга барилын талаар олон улсын хэмжээний зөвлөгөөнийг анх удаа өөрийн эх орондоо зохион байгуулжээ. 1989 оноос Монголын радио япон хэлээр нэвтрүүлэг явуулах болжээ.

Монголын радио 1990 оноос өнөөг хүртэл

засварлах
 
ТВ/радио хөтөлбөр 1990

90-ээд оноос Монголын сэтгүүл зүйн түүхэнд шинэ хуудас нээгдсэн гэж хэлж болно. Нийгэм эдийн засгийн байдал, хүмүсийн оюун санаанд гарсан өөрчлөлт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа радпиод ч нөлөөгөө үзүүлсэн юм. 1990 онд Монголын хүн амын 93 хувь нь радиогийн нэвтрүүлэгийг сонсож байлаа. Харин Харин 1994 онд Монголын радиогийн 60 жилийн ойн үеэр “Ардын эрх сонинд Монголын радиогийн захирал У.Сарантуяагаас сурвалжлагч “Манайх дэлхийн хөгжлийн өнөөгийн түвшинп аль хэр радиотой айл вэ гэж асуухад, тэр “Том агентлагийг бодвол жижиг. Гэхдээ “дориун” жижиг. Бас гадаадын орон ру таван хэлээр нэвтрүүлэг явуулдаг. Японд ийсэн судалгаагаар Монголын радио 18 дугаар байранд орсон. Цаана нь өчнөөн орны радио нэвтрүүлэг бий шүү дээ гэж хариулжээ. 1990 оноос хойш радиогийн нэвтрүүлгийн бүтэц өөрчлөгджээ. Мэдээлэл, уран сайхны нэвтрүүлгийн эзлэх хэмжээ нэмэгдсэн байна. Улс төр мэдээллийн “Төр”, төр засгийн мэдээллийн “Соёмбо”, “Дөрвөн зүг найман зовхист” нэвтрүүлэг шинээр хийгджээ. 1996 оноос “Хөгжмийн тойрон аялал”, “Саран хөхөө”, “Зуун билиг”, “Он цагийн дуулал”, “Уран бүтээлчийн хөрөг”, “Цагаан лавайн эгшиг” зэрэг олон нэвтрүүлэгийг санаачилжээ. 1993 онд Монголын радиогийн мэдээллийн алба нь “Хурд” агентлаг гэж нэрээ өөрчилжээ. Мөн онд “Шинэ эрин” радиостанц байгуулагджээ. “Зах зээл”, “Улаан шугам”, “Хот хүмүүс”, “Залуусын цаг”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Мэдээллийн 20 хором”, Уран жиргээ“, “Улс төрийн мэдээллийн 2 дугаар танхимаас ярь байна.”, “Шааззгайн шагшраа”, “Буянт мал” нэвтрүүлэг сонсогчдийн үзэх дуртай нэвтрүүлэг нь байлаа. 1994 оноос Монголын радио зарлал сурталчилгаа явуулах болжээ. Цаг бүрийн сүүлийн 5 минутад зарлал сурталчилгаа танилцуулж байлаа. 1994 онд Японы засгийн газар Монголын радиод 40 мянган америк долларын үнэ өртөгтэй тоног төхөөрөмжийг Монголын радиод бэлэглэжээ.

Монголын радиогийн 2 дугаар суваг

засварлах

1994 оны 12 дугаар сарын 15 нд Монголын радиогийн 2 дугаар суваг хөгжим сургалт мэдээллийн “Хөх тэнгэр” радио станц анхны эфирээ явуулжээ . Хэт богино долгионы FM-100,9, мегагерцийн богино долгионы SW-4850 килогерцийн үелзлэлээр сургалтын нэвтрүүлэг, орчин үеийн дуу хөгжмийн тухай нэвтрүүлэг зонхилж байлаа. Мөн сонсогч шууд эфирт утсаар холбогдох нь Монголын радиогийн түүхэнд шинэлэг зүйлс байлаа. 1995 оны 12 дугаар сарын 25-31 хооронд радиогийн хөтөлбөрт өглөөний 6.05, 6.45 цагт мэдээний тойм, 8.00 цагаас “Найм арван нэг” улс төрийн мэдээллийн хөтөлбөр, 8.20 минутаас гадаад мэдээ, 9.00, 10.00, 12.00, 13.00, 15.00 цагаас дотоод мэдээ, 16.00, 17.00 цагаас гадаад мэдээ, 18.00, 19.00 20.00 цагаас дотоод мэдээ, 20.30 минутаас “Москвагаас монгол хэлээр” нэвтрүүлэг, 22.00 цагаас мэдээний тойм явуулж байлаа. 1995 оноос Монголын радио уран бүтээлийн хэсгээ редакцийн зохион байгуулалтаас нэгдэлийг хэлбэр рүү шилжсэн байна. Радиогийн албадууд:

-Улс төр, сургалт танин мэдэхүйн мэдээллийн алба

-Нийгэм эдийн засаг, бизнесийн нэвтрүүлгийн алба /”Шинэ эрин” радио станц/

-Мэдээллийн “Хурд” агентлаг-Гадаад нэвтрүүлгийн алба

-Хөгжим, уран сайхны нэвтрүүлгийн алба

-Захидал харилцааны алба

-Техникийн компани

-Захиргаа

-Аж ахуй, санхүүгийн алба

1995 оноос хойш өглөө 7.32 минутаас “Та гэрээсээ гарах гэж байна уу?” нэвтрүүлэгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралын бодит хэрэгцээ болсон хоол хүнс, барааны үнэ ханшийг тогтмол мэдээлдэг нь их үр дүнтэй юм. Ингэж радиогийн нэвтрүүлэг амьдралд илүү ойртжээ. “Таны үдийн амралтанд”, “Цагаан лавайн эгшиг”, “Төвөргөөн”, “Манай сурвалжлагч газар дээрээс нь” нэвтрүүлэг хамгийн олон сонсогчтой байлаа. 90 ээд оноос Монголын радиогоор улс төрийн намуудын захиалгат нэвтрүүлэгийн цаг нэмэгджээ. 2000 онд Монголын радио өдөрт хоёр сувгаар 26 цагийн нэвтрүүлэг хийж байлаа. Орос, хятад, англи, франц, япон хэлээр 10 цагийн нэвтрүүлэг хийдэг. Монголын радиогийн гадаад харилцаанд ахиц дэвшил гарч дэлхийн 10 орны радиотой хамтран ажиллаж байна. Дээр нэр дурьдсан албадаас гадна “Баян Монгол”, “Бөмбөрцөг”, Чөлөөт долгион“, “Дөрвөн цаг”, “Нүүдэлчдийн дуу хоолой” гэсэн бие даасан студийн нэвтрүүлгийг өөрийн сувгаараа дамжуулдаг. Монгол улсын 21 аймгийн 14-д нь байнгийн сурвалжлагчтай. Монгол улсын парламент 1998 оны 8 дугаар сарын 28 нд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “103 дугаар тогтоол баталжээ. Энэ тогтоолын дагуу “Радио Телевизийн хэрэг эрхлэх газар”, “Монцамэ” агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж Үндэсний хэвлэл мэдээлийн хэрэгсэл болгон өөрчилж зохион байгуулах тухай төсөл боловсруулж 1998 оны 10 дугаар сарын 15 аас өмнө УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгажээ. Өөрөөр хэлбэл 1998 оноос Монголын радио төрийн мэдлээс гарч Монголын Үндэсний Радио гэсэн статустай болжээ.

Олон нийтийн радио телевиз статус

засварлах

2005 оны 1 дүгээр сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль[2] хэлэлцэж, батлав . 2005 оны 4 дүгээр сарын 1-нээс энэ мэндхүү багш хүчин төгөлдөр болжээ. Энэ хуулиар засгийн газрын мэдэлд байгаа Монголын Үндэсний радио, телевизийг олон нийтэд Үйлчлэх статустай болгон өөрчилжээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлээд бодитой алхам боллоо. Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхүү олон нийтийн эрх ашигт Үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь Үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" байх юм. ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хүнийг сонгож, Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр олон нийтэд нэр хүндтэй, эрүүгийн ял шийтгэлгҮй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггҮй боловч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхгҮй байхаар хуульд заасан байна.

ОНРТ нь холимог санхүүжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх үүсвэр нь нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхүүжинэ. Нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамжийн хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна. Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх үүрэг бҮхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна. Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хҮртээл болгох шол шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хҮний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бҮрийн бҮлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгсон байна. ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хүний нэр хүнд, алдар хҮндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглосон байна. ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.

“Говийн Бэлчээр” төсөл болон малчдын эрх ашигтай тустай сэдвүүдийн талаар хийгдсэн цуврал нэвтрүүлэг 2007 оны 1 дүгээр сараас эхлэн 4 дүгээр сарын дуустал Монголын Үндэсний Радиогоор цацагдаж эхэлжээ. Эдгээр нэвтрүүлгүүдийг Пакт Монгол байгууллагатай ( Пакт Монгол вебсайт ) хамтран хийсэн байна. Пакт Монгол байгууллага нь 1999 оноос хойш Говийн бүсийн эдийн засгийн хeгжил, дэвшлийн мэдээллийн систем байгуулах зорилт тавин ажиллаж байна. 15 минутын нийт 14 удаагийн цуврал нэвтрүүлэг нь долоо хоногийн Лхагва гараг бүр Хөдөөгийн Бизнес Мэдээгийн цаг буюу өглөө 9.15, орой 21.15 цаг тутам явагдаж байна. Цуврал нэвтрүүлэгт манай орны бэлчээрийн одоогийн нeхцeл байдал, цаашдын хандлага, мал аж ахуйн салбарын урьдчилан сэрэмжлүүлэх системийн ач холбогдол, малын тэжээллэг, ашиг шим, малын тэжээлийг хэрхэн сайжруулах, малчдын аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх зэрэг сэдвүүдийг хамруулжээ. Монголын радио сүүлийн жилүүдэд хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлжээ. Монголчууд хүн ам залуу. Бид энэ онцлогийг байнга харгалзах ёстой. Тиймээс манай хөтөлбөр залуучууд, хүүхэд рүү илүүтэй хандаж тэдний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг аль болохоор тусгахыг эрмэлздэг. ОНРТ болсноос хойш манай радиогийн ч, телевизийн ч энэ талын нэвтрүүлгийн хэмжээ, ур чадварын түвшин нэмэгдсэн. Захидал, хүсэлт ч цөөнгүй ирж байгаа гэж Монголын радиогийн захирал Б.Пүрэв хэлсэн байна.

2008 онд Ази тивийн радио нэвтрүүлгийн станцууд шилдгээ тодруулж зарлажээ. Энэхүү уралдааны цэнгээнт нэвтрүүлгийн төрөлд МҮОНР-гийн хөтлөгч, редактор Ж.Ариунгэрэлийн бэлтгэсэн нэвтрүүлэг шалгарч, Тегеран хотноо болох хоёр дахь шатны уралдаан буюу дэлхийн шилдэг нэвтрүүлэгт бүтээлээ сорих урилга хүлээн авчээ . 2008 онд Индонезийн Бали аралд болсон Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны чуулга уулзалтын үеэр МҮОНРадио хүүхдийн нэвтрүүлгээрээ шилдэг нэвтрүүлгийн шагнал хүртэснийг зарласан юм. Энэ нэр хүндтэй шагналыг Гэгээрэл сургалт танин мэдэхүйн редакцын сэтгүүлч, редактор Ц.Түвшинзаяа “Чингис хааны хойч үеийнхэн хийгээд гудамжны хүүхдүүд” сэдэвт бүтээлээрээ хүртжээ .

Монголын радиогийн 3 дугаар суваг

засварлах

2008 оны 5 дугаар сарын 1-ээс МҮОНР-ийн 3 дугаар суваг “Р3 FM” 100.9- радио станцийг нээсэн юм. P3 FM нь сургалтын нэвтрүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүй, хөгжмийн нэвтрүүлэг ихэвчилэн явуудаг байна. МҮОНР, Шведийн хөгжлийн агентлаг, Шведийн олон нийтийн радиотой хамтарсан төслийн хүрээнд радиогийн хамгийн сүүлийн үеийн технологи, шинэлэг загвараар энэ радио сувгийг ажиллуулж эхэлжээ. ”Залуусын дурладаг дуу хөгжим, Баяр хөөр бас амралт Мэдээ мэдээлэл, мэдээж мэдлэг” гэсэн уриатай манай “P3” сувгийн мэргэжлийн баг өглөөний 07 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажилладаг. Бага оврын явуулын станцаараа 30 км газарт хаанаас юуг ч татаж шууд нэвтрүүлэх боломжтой. Хэлний боловсрол хөндсөн нэвтрүүлгүүд их хийнэ. Монголын радиогийн олон хэлээр цацагддаг бааз суурьтаа түшиглээд орос, хятад, япон гээд таван хэлнээ нэвтрүүлэг хийнэ. “Миний Монгол хэл” нэртэй нэвтрүүлэг бас бий. Монгол хэл заах ч юм уу гээд хүмүүс их гайхаж байгаа л даа. Монгол хэлээрээ хэрхэн зөв ярих тухайд чиглэсэн нэвтрүүлэг. Энэ бол өнөөдөр манайд гарцаагүй тулгараад байгаа залуучуудын төлөвшил, боловсролд гарцаагүй хэрэгтэй сэдэв. Олон нийтийнх учраас арилжааны реклам сурталчилгаа тэр бүр явуулахгүй. Нэг хэсэг олон дуу явуулах эсвэл удаан үргэлжилсэн ярилцлага цацах гээд сонсогчдыг залхаах байдлаас ангид радио байх зорилготой. Тухайлбал, ярилцлага гэхэд таван минутаас хэтрэхгүй. Бараг таван минутыг ч урт хугацаа гэж тооцдог Европын FM радиогийн жишгийг барьж байгаа гэж энэ радиогийн ахлах редактор Амарзаяа ярьжээ.

Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 1 дүгээр программыг хоногт 17 цаг /Улаанбаатарын цагаар 06.00-23.00 цаг/, 2 дугаар программыг хоногт 3 цаг /Улаанбаатарын цагаар 08.00-09.00, 15.00-17.00цаг/ -ийн турш дамжуулахаас гадна “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлгийг хоногт 14 цагаар хилийн чандад Орос, Хятад, Япон, Англи, хэлээр дамжуулж байна. Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй, хүн амын 80 гаруй хувь нь найдвартай сонсголын бүсэд хамрагддаг ба энэ сүлжээг бүрдүүлэхэд орон нутгийн бүх РӨНСтанцууд болон FM станцууд онцгой үүрэгтэй ажиллаж байна.

  1. World radio handbook for listeners 1959 p. 115
  2. "www.legalinfo.mn/law/details/424". Эх хувилбараас архивласан: 2017-04-23. Татаж авсан: 2017-03-05.