Ховд аймгийн Хөгжимт Драмын театр
Ховд аймгийн Хөгжимт Драмын театр-(1936 онд байгуулагдсан) Ховд аймгийн соёл урлагийн байгууллага.
Түүхэн тойм
засварлах1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараагаар шинэ цагийн Монгол орны соёлын өөрчлөлтийн явцад нийт ард иргэдийнхээ хөгжил дэвшлийн төлөө ухуулга, сурталчилгааны ажил эрхлэхээр Ховдын хязгаарт олон тоогоор байгуулагдсан “Улаан гэр”-үүдээс уламжлан анхны мэргэжлийн урлагийн байгууллагын эх суурийг тавьсан “Залуучуудын клуб” буюу “Олон ястны клуб” 1936 онд байгуулагджээ. Анхны тийм клубийг санаачлагчид идэвхтэй зохион байгуулагчид нь Б.Жамъян, М.Пүрэвжал, Ж.Буянтогтох, Н. Дэндэв нарын ардын урлагаар хүмүүжсэн авъяаслаг уран бүтээлч залуус байжээ.
Залуучуудын клубийн ажлыг анхнаасаа Ховд нутгийн иргэд идэвхтэй дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Тухайлбал Чандмань сумын иргэн Хүрэн Батсуурь 50 эр хонь, эр үхэр, Буянт сумын IX багийн малчин Ж.Хайдав эхнэрийнхээ үсний мөнгөн хэрэглэл 20-иод үхрийн хамт тус тус хандивлаж нийтдээ 157 мянган төгрөг хуримтлагдан тэр мөнгөөр клубын барилга барьж, хөгжмийн зэмсэг худалдан авч 1936 оны 11 дүгээр сарын 5-ны 16 цагт Октъябрийн хувьсгалын 19 жилийн ойн үеэр “Клуб” албан ёсоор нээгдэн ажиллажээ. Үүнээс ганцхан жилийн дараа 1937 оны эцсээр Улаанбаатарт Ховд, Сэлэнгэ аймгийн урлагийн клубуудын уран сайхны үзлэг /декад/ явагдахад Ховдынхон олон ястны дуу, хөгжим, бий бүжгээс бүрдсэн концерт, Ж.Буянтогтохын “Цөмийг хамтаар”, “Алиар хүүхний буян”, Ши. Аюушийн “Хатан Долгор, харц Дамдин” жүжгүүд тоглож мэргэжлийн өндөр үнэлгээ авч тэргүүн байр эзэлжээ.
МАХН-ын ТХ, БНМАУ-ын Засгийн газраас Ховдын Клубыг бүтэц зохион байгуулалтын хувьд томсгон өөрчлөж “Театрчилсан клуб” болгон соёлын салбарт гүйцэтгэх үүргийг нь өсгөн баруун Монголын соёл урлагийн гол төв байх эхлэлийг нээж өгчээ. Клубт З.Дамдин, Ц.Хүүхээ, Х.Галжав, Ц.Баасанжав, Цэрэндулам, Бүдээ, Долгор, Сурмаажав, Дэнсмаа нар идэвхтэй тоглодог байв” хэмээн өгүүлж байлаа. Ийнхүү Ховдод байгуулагдсан уран сайхны клубын анхны уран бүтээлүүд мэргэжлийн урлагийн түвшинд хийгдэж эхэлсэн төдийгүй анхны өдрөөсөө эхлэн авъяаслаг залуусыг цуглуулан уран бүтээлийн салбарт хүчээ авч эхэлжээ.
1950 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Ховд аймгийн Театрын дарга Д.Гонгорын тушаалын дагуу уран бүтээлчид шаргуу ажиллаж бэлтгэл ажил хангагдсаны дагуу 1950 оны 11 дүгээр сарын 25-нд Ховд аймгийн театрчилсан клубийг Хөгжимт драматик театр болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Хөгжимт Драматик Театрын нээлтийн үеэр уран бүтээлчид “Эрэлхэг монголын ард түмэн” нэртэй олон угсаатны дуу, бүжиг, хөгжмийн нэгдсэн концерт, Ч.Лодойдамба, Ц.Зандраа нарын “Эрдэнийн Дорж” жүжиг тогложээ. Анхны даргаар хожим нэрт эрдэмтэн болсон түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгор, анхны найруулагчаар ардын жүжигчин Нямын Цэгмэд, найрал дууны багшаар Ц.Дарьсүрэн, хөгжмийн багшаар Урлагийн Гавъяат Зүтгэлтэн бага хэмээх Дамбын Лувсаншарав, бүжгийн багшаар Д.Мажигсүрэн, зураачаар Эрдэнэбулган нар томилогдон иржээ.
Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Учиртай гурван толгой” үндэсний дуурь, Ч.Ойдовын цомнол Б.Дамдинсүрэнгийн хөгжим “Далан худалч” инээдмийн хөгжимт драм, А.Баряновын “Тэр талд”, Г.Мухтаровын “Гэр бүлийн нэр төр”, Америкийн дуу хоолой, Ш.Цэрэнгийн “Анхны жил”, Б.Баастын “Цогийн идэр нас”, “Костюмтэй хүн” , “Өөрсдөө шийдэг”, Л.Ванганы “Урагшлах замд”, “Эмч нар” Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” зэрэг үндэсний болон гадаадын сонгодог түүх хувьсгал, орчин үеийн сэдэвтэй уран бүтээлүүд туурвиж олон уран бүтээлийг дагаж чадварлаг жүжигчид төрж гарсны заримаас нь нэрлэхэд Д.Даваажав, О.Гомбо-Нянгар, П.Жавзан, Д.Занданхүү, С.Мэндээ, Д.Найдан, Д.Дэлэгням, С.Домид, Д.Пүрэвжав, Д.Лхашид, Янжин, Рэнцэнханд, Чойжилсүрэн, Дашжав, Тангад, Цэдэнхүү, Готовдорж, Дашзэвэг, М.Долгорсүрэн, Ж.Дулмаа, Бааст, Ц.Дорж, Баяраа, Т.Батнасан, Ядамсүрэн, Шарав, Очирбат, Гиваа нар байжээ.
1954 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав Ховдын театрын урлагийн 10 хоногийн тоглолтыг бэлтгүүлж байсан байна.
1962 оноос шинэ бүрэлдэхүүнтэй ажиллах болж театрын даргаар Алтангэрэл, уран сайхны удирдагч найруулагчаар Ц.Раднаа, хөгжмийн багшаар Д.Чойдог, бүжгийн багшаар Жамъяндагва, найрал дууны багшаар Б.Зангад, хөгжмийн удирдаачаар М.Яасай, ерөнхий зураачаар Дашдондог нарыг ажиллуулж аймгийн бүх сургууль, сумуудаар явж авъяастан нарыг сонгон авч байжээ.
Тоглолтууд
засварлах1973 онд бүх аймгуудаас анх удаа театрынхаа тайлан тоглолт хийв. Энэ үед театрын дарга Д.Пүрэвжав, уран сайхны удирдагч найруулагч Д.Гомбосүрэн, хөгжмийн багш Д.Лхадорж, удирдаач М.Яасай бүжгийн багш Д.Чилхаажав, ерөнхий зураач М.Амгалан, ерөнхий ня-бо А.Жоом нар ажиллаж байлаа. Тайлан тоглолтын үеэр Улаанбаатар хотноо Содномдоржийн цомнол, Лхадоржийн хөгжим “Атрын өглөө” хошин дуурь (Монголд анх удаа тоглосон), Д.Дожоодоржийн зохиол “Хөрш” яриан жүжиг, “Итгэлийн дуу” концерт тогложээ.
1989 онд Улаанбаатар хотод Ховд аймгийн Соёлын өдрүүд анх удаа болжээ. Соёлын өдрүүдийн хөтөлбөрт Д. Пүрэвдоржийн цомнол, Д. Жанчивын хөгжим “Ховорхон бэр” хөгжимт драм, Ч. Ойдовын цомнол, Б. Дамдинсүрэнгийн хөгжим “Далан худалч” инээдмийн хөгжимт драм, Д. Урианхайн зохиол “Анхны даваа” драмын жүжиг, “Уул усны дуулал” иж бүрэн туульсийн концерт, тавуул хамтлагийн “Алтайн цуурай” концерт зэрэг таван уран бүтээл багтаж байлаа.
Ховдын Хөгжимт Драмын театрын хамт олны дундаас Ж.Чулуун, З.Чойдог, Д. Мяасүрэн, Ч.Жамсранжав, Б.Лхадорж, Н.Цэвээн, Ц.Гомбосүрэн, С.Цамбаа, Н.Цолмон, УГЗ М.Довчин М.Алтангэрэл, Ж.Батцэнгэл, А.Сайнбилэг, Х.Эрхэмбаяр Б.Энхтайван, Н.Норовням, Төмөрсүх, Б.Хүрэлбаатар нарын хөгжмийн зохиолчид төрөн гарч олон сайхан дуу хөгжим зохиож театарынхаа урын санг баяжуулж “Морин хуур” наадмын шагналыг Н.Цолмон, Н.Цэвээн, Б.Хүрэлбаатар нар хүртэж байсан.
2000 оноос хойш Н.Цэвээн, М.Ганболд нарын зохиол Н.Сэнгэдоржийн найруулга “Буйр сэлгэсэн чулуу” хөгжимт жүжиг, Н.Сүхдоржийн зохиол Н.Сэнгэдоржийн найруулга “Ану хатан” хөгжимт жүжиг, Н.Сэнгэдоржийн зохиол, найруулга “Харуул овооны домог”, “Музей амилсан нь” дуулалт жүжиг Америкийн зохиолч Жек Лондоны “Мартин Иден” романаар жүжиг болгон бичиж найруулсан Н.Сэнгэдоржийн “Мартин Иден” жүжиг, З.Гүнсэнгийн зохиол, Д.Лувсаншаравын хөгжим ” Галын дөл өөдөө” хөгжимт драм , Д.Урианхайн зохиол ” Үхэхээс хойно, төрөхөөс өмнө” драмын жүжгийг найруулан тавьж хүүхдэд зориулсан ” Шидэт виз” нэг, “Шидэт виз” хоёр , хөтөлбөрүүдийг С.Ариунжаргал найруулан тоглуулжээ.
Найруулагч Б.Мөнхдорж /АЖ/, Ж.Мюллерийн зохиол “Бэрд” жүжгийг найруулан тавьсан бол нарйуулагч Т.Цэцэгмаа /МУСТА/ Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”, Н.Ганхуягийн “Огторгуйд очиж амьдарна”, Б.Лхагвасүрэнгийн “Улаан тэргэл сар”, С.Жаргалсайханы “Галзуу хот”, Л.Лхагвасүрэнгийн “Гахайн ганц торой” Бирваагийн “Ишиг гэдэг хөөрхөн нэр” жүжгүүд найруулан үзэгч олондоо хүргэхийн хамт “Эрхэм төр”, “Тэнгэр аялгуу”, “Уяхан замбуутивийн нар”, “Ховдын цэнхэр эгшиглэн”, “Тэнгэрийн ивээл” зэрэг 40 гаруй концертоор уран бүтээлийн урын сан баяжсан байна.
Цахим холбоос
засварлахДэлхийн сонгодог бүтээлээр өвөл цагийн тоглолтын нээлтээ хийв