Жамъянгийн Чулуун
Жамъянгийн Чулуун (1928 оны 2-р сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрж, 1996 онд нас барсан) - Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч.
Жамъянгийн Чулуун | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | хөгжмийн зохиолч |
Намтар
засварлахНэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Чулууны эцэг Жамъян өнчин ядуугийн эрхээр айлд зарцлагдаж, жин тээж явсан бөгөөд нөгөөтэйгүүр орос, казах, хятад хэлтэй боловсролтой хүн байжээ. Тэрээр 1921 оны Ардын хувьсгал ялсны дараагаас аймгийн захиргаа, дотоодыг хамгаалах газарт хэлмэрч, Ховдын клубийн хөгжмийн эрхлэгч /багш/, хөгжимчин байв. Тэдний төрөл төрөгсдийн дунд урлаг, хөгжмийн авьяастан олон хүн байсан нь Чулууны урлагийн авьяас нээгдэхэд их нөлөөлжээ.
Ж.Чулуун эцгээсээ өвлөн авсан авьяасаа хөгжүүлж Ховдын клубт “Солгой” хэмээх Баяр хуурчаар 9 наснаас ёочин заалган, 1938 онд эцэг нь нас барсны учир Улаанбаатар хотноо иржээ. 1939 онд Улсын театрт сайн дураар сурагч-хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин Очирын Дашдэлэг, Оросын мэргэжилтэн Б.Ф.Смирнов, А.Белоусов нарт шавь оржээ. Энэ үеэс Чулуун ёочин, бөмбөр цан, царгил (ксилофон) зэрэг цохивор хөгжмийн зэмсгүүдийг чадварлаг эзэмшсэн юм. Улмаар 1941 оноос Н.И.Моториноор хийл хөгжим заалгаж “Баян Монгол” дууны найруулгыг Зөвлөлт Буриадын найрал хөгжимтэй анх хөгжимдөж, тэр цагаас тод авьяастай хөгжимчин гэж үнэлэгдэх болсон юм.
1950-1960 онд тэрээр Хөгжим Бүжгийн дунд сургуулийн хийл хөгжмийн ангийн багш, удирдаачаар ажилласан ба энэ хугацаанд хийл болоод үндэсний хөгжмөөр Праг, Будапешт, Берлин, Бухарест хотноо Дэлхийн Залуучууд Оюутны Их наадмуудад шалгаран оролцож IV Их наадмын хүрэл медаль хүртэж байжээ. Энэ үеэс Ж.Чулуун уран авьяаслаг хөгжимдөхийн зэрэгцээ, хөгжмийн зохиол туурвихад биеэ зориулж, ялангуяа өөрийн хайртай хийл хөгжмийн бүтээлүүдээ зохиож эхэлсэн байна. Энэ бол 1949 онд бичсэн “Хийлийн хоршил”, 1951 онд бичиж өөрөө хөгжимдсөн “Ардын хоёр дууны сэдэвт хувилбар аялгуу” хэмээх хийлийн гоцлол, “Аялгуу” хэмээх хийлийн чуулга зэрэг шилдэг бүтээлүүд юм. Хийлийн “Хувилбар аялгуу”-г 1973 онд Алма-Ата хотноо болсон “Азийн хөгжмийн индэр”-ээс дэлхийд заавал сурталчилбал зохих монгол хөгжмийн шилдэг бүтээлийн жагсаалтад бүртгэн авсан нь энэ зохиолыг хэр зэрэг үнэлсний баталгаа болох юм.
Хөгжмийн зохиол бичсэн 20 гаруй жилийн туршлага найрал хөгжмийг сайтар ойлгож эзэмшсэн туршлагадаа тулгуурлаж 1973 онд бүтээсэн “Уран хас” бүжгийн жүжиг нь Ж.Чулууны авьяас билгийг тал бүрээс нь нээсэн онцгой бүтээл болсон юм. Энэ бүтээл нь ардын домогт үндэслэж ард түмний мэргэн сэцэн ухаан, шинийг хүсэн тэмүүлэгч, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг хурцаар ёгтлон харуулж, үндэсний хөгжмийн аяс намбыг түшиглэсэн сонирхолтой арга дүрслэлтэй, хөгжим бүжгийн эвлэг сайхан нийцэл зохицлоор бүтсэн зохиол болсон юм. “Уран хас” нь чадварлаг сайн найруулгатай, аялгуу хөгжүүлэхэд их анхаарч эерэг сөрөг дүр бүрийн онцлог илэрхийлэх хөгжмийн хэллэгийг чадварлаг ашигласан энгийн яруу бичлэгийн аргатайгаараа онцлог юм. Тус бүжгийн жүжиг манай хөгжмийн театрын санд хандив болон орсон шилдэг бүтээлд тооцогдож 1974 онд БНМАУ-ын Соёлын яамны шагнал хүртжээ. Ж.Чулуун уран яруу хөгжимддөгөөрөө алдаршсан Монголын анхны нэрт хөгжмийн зохиолч төдийгүй, улсын дуурь бүжгийн театрыг үүсгэн байгуулалцсан анхны гарамгай хөгжмийн удирдаач юм.
Суралцсан байдал
засварлахЖ.Чулуун 1959-1960, 1966-1967 онуудад Прагийн хөгжмийн академид мэргэшил дээшлүүлэх дээд курст суралцаж профессор И.Рохан, И.Церемуга, Р.Брок нарыг удирдаачийн эрдэм, онол зүйгээр дагалдан ажиллаж амжилттай төгсчээ. 1960-1988 онд УДБТ-ын ерөнхий удирдаач, 1988-1995 онд Улсын филармонийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажиллаж байв.
Гавьяа шагнал
засварлахЖ.Чулууны, орчин үеийн монголын хөгжмийн соёл урлагт оруулсан их хувь нэмрийг төрөөс үнэлж
- БНАМАУ-ын Гавьяат Жүжигчин (1957-10-17. №87)
- БНМАУ-ын Төрийн шагнал /1966/ - Үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж, удирдаж, нэгдсэн концертод амжилттай оролцсон учир Г.Жамъян, Ц.Дашдулам нарын хамт
- БНМАУ-ын Ардын Жүжигчин (1971-07-02. №133)
- Сүхбаатарын одон,
- Алтан гадас одон 2 удаа тус тус шагнажээ.
Хөгжмийн зохиолчоор
засварлах- “Уран хас” бүжгийн жүжиг 1973
- Найрал хөгжимтэй хийлийн хоршил 1949
- Ардын 2 дууны сэдэвт хувилбар аялгуу хийлийн гоцлол 1951
- Хийлийн 3 чуулга: “Залуусын золбоо”, “Малчид”, “Дөрвөд” зэрэг бүжгийн хөгжим “Уулын горхи”, “Голын эрэг дээр” зэрэг дан хөгжмийн бүтээл,
- “Уудам хөндий”, “Талын дуу”, “найрамдал” зэрэг дуу
Уран сайхны киноны хөгжим
засварлах- “Алтан соёмбын дуулал” 1975
- “Хонины найр” 1976
- “Давааны цаана даваа” 1977
- “Тойрох хуудас” 1979
- “Гул Аранжин” 1980
- “Саруул талын ерөөл” 1984
- “Харуул занги” 1986
- “Хэцүү даалгавар” 1988
Баримтат киноны хөгжим
засварлах- “Туулсан зам” 1981
- “Хоньчин Цогтгэрэл” 1982
Удирдсан бүтээл
засварлахБалет
засварлах- Б.Асафьев “Бахчисарайн оригилолт булаг” 1956
- Ф.Яруллин, “Шурале” “Ойн савдаг” 1958
- С.Гончигсумлаа “Ганхуяг”
- Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” 1963
- Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” 1968
- С.Гончигсумлаа “Найз залуус” 1970
- Минкус “Дон кихот” 1971
- С.Прокофьев “Золушка” 1972
- П.И.Чайковский “Хунт нуур” 1975
Дуурь
засварлах- С.Гончигсумлаа “Үнэн” 1957
- П.И.Чайковский “Евгений Онегин” 1963
- А.Даргомыжский “Лусын дагина” 1964
- В.Мурадели “Октябрь” 1967
- Ш.Гуно “Фауст” 1969
- С.Рахманинов “Алеко” 1969
- Д.Лувсаншарав “Шивээ хиагт” 1971
- А.П.Бородин “Игорь ван” 1972
- Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй 42 хоног” 1974
- Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” шинэчилсэн тавилт 1975
Симфони бүтээл
засварлах- В.А.Моцарт “Юпитер” 41-р симфони,
- Ф.Шуберт “Төгсөөгүй симфони”,
- Л.Бетховен 1-р симфони, “Эгмонт” удиртгал,
- А.Дворжак Славян бүжгүүд,
- Ф.Мендельсон Хийлийн концерт,
- П.И.Чайковский Төгөлдөр хуурын 1-р концерт,
- Д.Шостакович “Баярын удиртгал” зэрэг
Жамьянгийн Чулуун дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет; 80 шахам симфони бүтээлийн хөгжмийг удирдан тоглуулжээ.