Хенри Кавендиш

Эрдэмтэн

Хенри Кавендиш (Англи: Henry Cavendish, * 1731 оны аравдугаар сарын 10; † 1810 оны хоёрдугаар сарын 24) — Английн нэрт физикч, химич байв.

Хенри Кавендиш

Хенри Кавендиш нь Францын Ницца хотод 1731 оны аравдугаар сарын 10-нд Девонширын гүнтэн Вильям Кавендишын гутгаар хүү лорд Чарльз Кавендиш болон Кентийн гүнтэн Хенри Грейн дөтгөөр охин Анна Грей нарын том хүү болон мэндэлжээ. Дүү Хенри Фредерикийг төрүүлээд эх нь хорвоог орхисон бөгөөд эцэгт нь хоёр хүүгээ хүний дайтай авч явах үүрэг оноогджээ. 18 настайдаа Кембрижийн их сургуульд элсэж гурван жилийн дараа төгссөн байна. Сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх болж цахилгаан, дулааны үзэгдлийн мөн чанар болон хийн шинж төлөвийг судлахад гол бүтээлээ зориулжээ. Тэрээр Кулоноос бүр өмнө цахилгаан цэнэгийн харилцан үйлчлэлийг нээж, Фарадейгаас түрүүнд цахилгаан тусгаарлагчийн коэффициентийг тодорхойлж, Резерфордоос өмнө азотыг нээсэн боловч эдгээр нээлт бүтээлээ хэвлүүлээгүйгээс эзэн нь болж чадаагүй ажээ.[1]

Кавендиш 1766 онд устөрөгч болон нүүрстөрөгчийн хийг анх цэврээр гарган авч хувийн жингийг нь тодорхойлжээ.[2] Тэрчлэн агаарын найрлагыг 1781 онд, усны найрлагыг 1784 онд тус тус нарийвчлан тогтоожээ. Тэрээр агаар, шүлт дундуур цахилгаан оч дамжуулан агаарын найрлагыг судлах явцдаа хүчилтөрөгчтэй үл нэгддэг өчүүхэн хэмжээний өөр төрлийн хий байгааг олж тогтоожээ. Тэр хийг Рамзай 1894 онд нээж аргон гэж нэрлэжээ.

Рамзайн дурсахдаа "Кавендиш бол баячуудын дотроос хамгийн эрдэмтэй нь, эрдэмтдийн дотроос хамгийн баян нь" гэж бичжээ. Тэрээр нэг сая фунт стерлингийн хөрөнгөтэй байсан боловч ганц бие, тун даруу аж төрж, олсон бүх орлогоо дэлхийд нэрд гарсан тоног төхөөрөмжтэй физикийн лаборатори байгуулахад зориулжээ.

Кавендишийн лаборатори

засварлах

Түүний үндэслэн байгуулсан лаборатори шинжлэх ухааны хөгжилд их үүрэг гүйцэтгэжээ. Энэ лабораториос Максвелл, Рамзай, Томсон, Резерфорд нарын зэрэг дэлхийд нэрд гарсан эрдэмтэд төрөн гарчээ. Энэ лабораторид Ричардсон, Астон, Бернал, Ланжевен, Капица, Крик, Чедвик нарын зэрэг эрдэмтэд сурч ажиллаж, шинжлэх ухааны суут бүтээлээ туурвижээ.

XIX, XX зууны эхэн үеийн энэ алдарт лабораторид физик, биологийн шинжлэх ухаанд эргэлт гаргасан гарамгай нээлт, жишээлбэл 1897 онд атомын электрон нээгдэж, 1919 онд атомын цөмийг зохиомлоор ялган тодорхойлж, 1932 онд нейтроныг нээжээ. Мөн 1912 онд атомын бүтцийг судлах Вильсоны камер, 1913 онд масс-спектрограф, 1932 онд цөмийн физикийн шугаман хурдасгагч гэх мэт гайхамшигт багаж, аппарат, 1953 онд эсийн ДНХ-ийн молекулын байгууламжийг тогтоосон анхны загвар зохион бүтээгджээ.[1]

  1. 1.0 1.1 Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. p. 247. {{cite book}}: Text "publisher" ignored (help)
  2. Cavendish, Henry (1766). "Three Papers Containing Experiments on Factitious Air, by the Hon. Henry Cavendish". Philosophical Transactions. The University Press. 56: 141–184. doi:10.1098/rstl.1766.0019. Татаж авсан: 6 November 2007.

Холбоос

засварлах