Кембриж (англи. Cambridge, [ˈkeɪmbɹɪdʒ], орч.: «Кем гол дээрх гүүр») — Их Британийн Зүүн Англи дахь хот бөгөөд Кембрижшир мужийн засаг захиргааны төв бөгөөд 87 Нобелийн шагналтан төрүүлсэн, 1209 онд байгуулагдаж, өдгөө дэлхийд эрэмбээрээ тэргүүлдэг Кембрижийн Их Сургууль оршдог хот юм.

Кембриж хотын сүлд
Кембриж хотын төв

1974 оны захиргааны өөрчлөлтөөр Кембриж Кембрижшир мужийн дүүрэг хот болсон. Лондон хотоос умард зүгт 89 км зайд тус хот Кем голын эрэг дээр 40 км² газар нутаг эзлэн оршдог бөгөөд 2021 оны Их Британийн хүн амын тооллогоор тус хот 145 700 хүн амтай байжээ. Рассел Макферсон 2020 оны 5-р сараас хойш хотын даргаар 2 дахь сонгуульт хугацаандаа ажиллаж байна.

Кембриж нь програм хангамж, байгалийн шинжлэх ухаан зэрэг салбарууд, мөн их сургуулиас бий болсон олон шинэ компаниудын өлгий болсон өндөр технологийн "Цахиурын намаг"-ийн төвд байдаг. Ажиллах хүчний 40 гаруй хувь нь дээд боловсролтой байгаа нь улсын дунджаас хоёр дахин их байгаа юм.

Кембрижийн тухай 730 оны эх сурвалжид анх тэмдэглэн үлдсэн байдаг. 1068 онд байлдан дагуулагч Уильям Кембрижид цайз байгуулжээ. 1349 онд хотын хүн ам тахал өвчинд нэрвэгджээ. Английн иргэний дайны үед Кембриж нь парламентын талын хүчний чухал түшиц газар байсан байна. 19-р зуунд хот идэвхтэй хөгжиж байв. Кембриж хүрэх төмөр зам 1845 онд баригдсан ажээ.