Тогтох (Ляо ван)

Тогтох (хятадаар: 脱脱, пиньинь: Tuō tuō) (?-1328) нь Чингис хааны дүү Тэмүгэ отчигины удмын хиад боржигин овгийн язгууртан.

Товч намтар

засварлах

1316 онд Буянт хааны зарлигаар Тогтохыг Ляо ван (遼王) цолоор өргөмжлөв. 1323 онд Есөнтөмөр жинь ванг хаанд өргөмжлөгдсний дараа, өөрийн ойр төрлийн ах дүүс, тэдний хатад, хөвүүд 100 гаруй хүнийг алж, тоносон хэрэг гарчээ. Энэ явдалд төрийн сайд түшмэдийн эгдүүцэж, Тогтохыг зохих ёсоор нь яллаж, ляо ван цолыг нь хурааж цаазлахыг шаардаж байсан ч, Есөнтөмөр хаан түүний хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тогтох нь энэ үеэс их хааны ойрын хүрээлэлд багтаж, эрх мэдэл нь өссөн. 1328 оны 1 сард Тогтох ванд 5000 дин мөнгө шагнав. Тус жилийнхээ намар нь Есөнтөмөр хаан тэнгэрт халисны дараа, Дайду хотод Элтөмөр ноён, Раднашири ван нар төрийн эргэлт хийж, Тугтөмөр ваныг хаанд өргөмжлөв. Мөн үүнтэй зэрэгцэн Шанду хотод балчир хунтайж Аригибаг хаанд өргөмжлөн нэгэн зэрэг хоёр хаантай болж, хоёр талын цэргүүд 8 сараас 11 сарын хооронд байлдав. 1328 оны 11 сард хасарын угсааны Ци ван Уругтөмөр нарын удирдсан цэргүүд Шанду хотыг бүслэн байлдаж, удалгүй эзэлсэн. Энэ тулаанд Тогтох ван алуулсан. Тугтөмөр хааны тал ялсны дараа хятад түшмэд Отчигины угсааны вангийн эрхийг хурааж, цөллөгт явуулан, газар эзэмшил нутгийг нь хураан төв засгийн газарт нэгтгэхийг гуйж байсан ч, эдгээр саналыг хүлээж авалгүй Тогтохын хөвүүн Янаширид ляо ван цолыг залгамжлуулав. Юань улс мөхөх үеэр Янашири вангийн хөвүүн Ажашири нь 1389 онд Мин улсад бууж өгсөнд, түүний захирсан нутагт нь Тайнин харуулыг байгуулсан.