Яньтөмөр

(Элтөмөр-с чиглүүлэгдэв)

Яньтөмөр буюу Элтөмөр (монгол: ᠡᠯᠲᠡᠮᠦᠷ; ханз: 燕帖木儿, пиньинь: Yàn tiē mù er) (1285-1333) нь Кипчакаас нүүж ирсэн Баяд овгийн цэргийн их жанжин Тутухагийн хүү Рунжян жүн ван Чунхур ноёны хүү бөгөөд Юань улсын сүүлээр тодрон гарсан төрийн нэрт түшмэл байжээ.

Товч намтар

засварлах

Элтөмөр нь 1285 онд Чунхур ноёны 3-р хөвүүн болж төрсөн. анх Хайсан хүлэг хааны цэрэгт алба хааж монгол нутагт арав гаруй жил байсан. 1307 онд Хайсан хааны зарлигаар жэнфэн дайфу (正奉大夫), сюаньжэн хүрээлэнгийн бүгд мэдэгч түшмэл (同知宣徽院事) зэрэг албан тушаалд томилогдож байсан. 1312 онд Буянт хааны зарлигаар хишигтэн цэргийн зүүн харуулын мянгатын захирагч (左卫亲军都指挥使) болсон. 1325 онд Есөнтөмөр хааны зарлигаар Тайпу түшмэл (太仆卿), цэргийн явдлын хүрээлэнгийн бүгд хэрэг мэдэгч түшмэл (同佥枢密院事) болсон. 1328 оны эхээр цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгч (佥书枢密院事) болж, 1328 оны намар Есөнтөмөр хааныг тэнгэрт хальсны дараа, Раднашир вангийн хамтаар төрийн эргэлт хийж, Дайду хотод байсан сайд түшмэдийг цэргийн хүчээр сүрдүүлж Тугтөмөрийг их хаанд өргөмжлөхөд гол үүрэг гүйцэтгэж, өмнө зүгээс Дайду хотод залж 1328 оны 10 сарын 16 нд тус улсын их хааны сэнтийд залсан. Элтөмөрийг төвлөн засах яамны баруун гарын чинсан (中书右丞相 ), цэргийн явдлын хүрээлэнгийн сайдын (知枢密院事) албан тушаалд томилж, бүх цэргийг захируулж, Шанд хотоор төвлөрсөн Ашидхэв хаан тэргүүтэй Давлат шахын тэргүүлсэн армитай 1328 оны 11 сар хүртэл байлдаж ялалт байгуулан, Ашидхэв хаан зэрэг олон ноёдыг баривчлан цаазласнаар их гавъяа байгуулжээ. Иймд хааны зарлигаар Тайпин ван (太平王) цолоор шагнуулж, ах дүү садан төрлийнхөн нь төрийн гол албан тушаалд томилогдож, төрийн эрх мэдлийг атгах болсон.

1329 оны хавар Тугтөмөр хаан өөрийн сэнтийгээ төрсөн ах Хүслэнд шилжүүлэхээр болж, Элтөмөрт хааны тамгыг өгч Хүслэнгийн нүүдлийн орд руу илгээн хаан суухыг ятгасан. 1329 оны намар Онгучат гэдэг газарт болсон их найранд Хүслэн хутагт хааныг хордуулсан хэрэгт Элтөмөрийг хардах үзэгдэл байдаг. Хүслэн хааныг нас барснаас 3 хоногийн дараа Тугтөмөр дахин их хаан болж, Элтөмөр хуучин албан тушаалдаа хэвээр үлдэж, эрх мэдэл нь улам их нэмэгдсний илрэл нь Тугтөмөр хааны хөвүүн Гунадараг өргөмөл хүүгээ болгон Элтөгс гэж нэрлэн, охин Данашир нь Тогоонтөмөр хааны их хатан болсон зэргийг онцлон нэрлэж болно. 1333 онд 48 настайдаа нас барсны дараа Тогоонтөмөр хааны зарлигаар тайш, кайфу итун сансы (开府仪同三司) цол, шанжу гуо (上柱国) цол, дэ ван зэрэг цолоор нэхэн өргөмжилсөн.

  • Элэнц өвөө: Балтуча 班都察/bāndōuchá)