Тавнан (Хятад: 塔布囊) гэдэг үгийг XV-XVII зууны үед Монголын хаад ноёдын Бэхи, Гүнж, Авай нартай гэрлэсэн хүргэд хэрэглэх болсон.

Тавнан гэсэн үгийг Монголын ихэнх судлаач нар Таван ван буюу тав гэсэн монгол үг, Ван гэсэн хятад үгийн нийлмэл гэж үздэг. Учир нь Чингис хааны 11-р онд (1217) Жалайрын Мухулайд улсын ван цол өгөхдөө Мангуд, Уруд, Жалайр, Хонгирад, Ихирэс гэсэн 5 аймгийг захируулж, таван түшээ аймаг гэж нэрлээд, Алтан улсыг дайлах хэргийг хариуцуулсан. Энэ үеэс эхлээд Хиад Боржигин овгийнхон энэ таван аймгаас их хатан сонгож иржээ. Юань улсын үед тэдгээр аймгийн ахлагчдад ван цол шагнаж, нийтэд нь таван ван буюу монголоор танан ун гэж нэрлэж байсан нь Даян хааны үед тавнан (tabunang) болж өөрчлөгдсөн. Галдан туслагчийн бичсэн Эрдэнийн эрих гэх сурвалжид Чингис хааны их хатан Бөртэг Модон хотын Мухар бор хулгайлсанд, Урианхайн Зэлмэ аргаар оргуулж, зугтааж яваад шөнө дөлөөр амгаланг үүсгэж, нэгэн хүү төрснийг Чингис хааны тавдугаар хүү гэж цээрлэн нэрлээд, хожмын үед Харчин гурван хошуу, Түмэдийн нэг хошуу, Зостын чуулганы ноёдын дээд өвөг боллоо гэж дурдсан байдаг. Мөн ийм учраас Зэлмийн үрс Боржигин овгоос эхнэр авч, тавнан болдог гэх үг байдаг.

Эрх мэдэл, байр суурь

засварлах

Тавнангууд ямар нэг хаан, хан, эсвэл тайж ноёдын хүргэн болж тавнан гэж нэрлэгдэх болсон үе нь XV-XVII зууны үед болж өрнөсөн. XVI-XVIII зуунд бичигдэж үлдсэн бичгийн дурсгалд тэдгээрийн тухай цухас дурджээ. Даян хаан, Далан түрүүн гэх газарт баруун гурван түмний их цэргийг дарсан тулаанд гавьяа байгуулсан Халх Жаруудын Баасунд их дарх, ал (улаан) жуух, "Manduqai secen qatun-u yayca abqai Toroltu gungju-yi"[1] өгчээ. Энэ Баасун тавнан бол Урианхайн Зэлмийн хойчис бөгөөд Жарууд отгийн эзэн юм. Ийм маягаар хаад, хунтайж, тайж нарын охидтой гэрлэх замаар тавнан буюу хүргэн болж, ургийн холбоогоо бататгаж, хадмын эрх ашгийн төлөө үйлчилдэг хэсэг бүлэг дунд давхаргын ноёдыг хэлдэг байжээ. XVI зууны сүүл үед гадагш дайн хийх нь багассан учраас тавнан нар нь их, бага цааз батлахад тайжийн дараа, сайд ноёдын дээр бичигдэж, отог хошууны захиргааны түшмэл болох ажил үүрэг гүйцэтгэж байв. Чуулган чуулахад тавин адуу, таван тэмээгээр торгох болсон. Халх 7 хошуунд тавнан гэх үг нь бэлгэдэл, зэрэг зиндааг илтгэж байсан бол, Өмнөд Монголын Харчин 3, Түмэд 1 хошууны тухайд хэрэглээ гэхээсээ илүү хэргэм цол, эрх мэдлийг илтгэж байв. XVII зууны сүүл үед Галдан бошигтын дайнд Халх, Өвөрлөгчийн нутгаас хэсэг тавнангууд Буриадын нутагт зугтан гарснаар буриадын Табунгууд овог үүсэхэд хүрсэн.

Түүхэнд үлдсэн тавнангууд

засварлах
  • Халх Жаруудын Баасун дархан тавнан, Даян хааны хүргэн
  • Хутагтай хошууч тавнан, Бошигт жононгийн хүргэн
  • Ламсав тавнан, Бошогт жононгийн хүргэн
  • Эрэхэй тавнан, Бошогт жононгийн хүргэн
  • Далбай тавнан, Асудын ноён


Холбоотой мэдээлэл

засварлах
  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртнуу цол зэрэг" УБ., 2010. тал 74