Сержио Леоне
Сержио Леоне (Итали: SergioLeone, 1929 оны 1 сарын 3 - 1989 оны 4 сарын 30) нь Италийн кино найруулагч юм.
Намтар
засварлахТэрээр кино найруулагч Роберто Роберти нэрээрээ алдартай Винчензо Леоне болон жүжигчин Эдвиг Валкаренжи нарын хүү болон Ром хотноо мэндэлжээ. Кино урлагийн салбарт 18 настайгаасаа ажиллаж эхэлсэн. 1950 оноос киноны зураачаар ажиллаж эхэлсэн ба зарим нэг том хэмжээний тухайлбал Күо Вадис, Бен-Гур зэрэг Холливудын кинонд туслах найруулагчаар ажилласан. 1959 онд Марио Боннард "Помпейн сүүлчийн өдрүүд" киногоо хийж байхдаа өвдөхөд Сержио Леоне киног цааш нь хийж дуусгасан. 1961 онд өөрийн анхны бие даасан кино болох "Родос арлын Колоссын хөшөө" бага хэмжээний зардлаар маш сайн хийсэн нь Холливудын анхаарлыг татсан.
1960-аад он
засварлах1960-аад оны эхээр түүхэн домгийн сэдэвтэй киноны эрэлт нуран унасан. Гэвч Леоне хүмүүсийн шинээр сонирхож эхэлсэн Вэстерн кино үйлдвэрлэгчдийн манлай эгнээнд явах хувьтай байжээ. Түүний “Атга дүүрэн доллар” нь шинээр бий болж байсан Вэстерн хэмээх төрлийн анхны төлөөлөгчдийн нэг болсон. Уг кино нь Японы алдарт найруулагч Күросава Акирагийн Мэйжигийн үеийн самүрайн түүхийг харуулсан Ёожимбо /1961/ хэмээх кинонд тулгуурлан хийгдсэн. Мөн энэ киногоор Клинт Иствүүд анх од болон төрсөн.
Америкийн баруун нутгийн ерөнхий байдлыг шийдэмгий, хэрцгий байдлаар харуулсан нь уламжлалт Вэстерн кинонуудад том нөлөө үзүүлсэн. Гэвч зохиол, утга санаа, жүжигчид болон хийц зэргээрээ тэднээс тэс өөр байлаа. Одоог хүртэл Вэстерн кинонд мөрдөж буй нэгэн гайхалтай шинчлэлтийг хийсэн юм. Өмнөх уламжлалт киноны дүрүүдийн хувцаслалт нь загварын сэтгүүлээс гарч ирсэн мэт эерэг дүр нь цагаан хувцастай, эсрэг нь хар хувцастай, мөн зан чанарын хувьд тэс өөрөөр хийгддэг байсан. Харин Леонегийн бүтээлүүд дээр дүрүүд нь эерэг сөрөг хамаагүй ихэвчлэн зан чанарын хувьд ганцаар явагч чононууд, бохир, сахал үсэндээ баригдсан, биеэ тоосон, гэмт хэргийн өөрийн гэсэн арга барилтай, нөхцөл байдлаас шалтгаалан үргэлж амиа бодсон, илүү бодит, цогц хүмүүс байдаг байв. Энэхүү шинж нь өнөөдөр ч Вэстерн кинонуудад хадгалагдаж байгаа ба бусад төрлүүдэд ч маш хүчтэй нөлөөлсөн. Олон хүн англи хэл мэдэхгүй, хэзээ ч Америкийн Вэстерн үзэж байгаагүй итали найруулагч жинхэнэ ковбойн дүрийг тодорхойлсон хэмээн ёжлон яридаг. Хүүхэд байхдаа тэрээр Кристофер Фрайлиний “Үхтлээ хийх ажил“ хэмээх зохиолыг уншин шүтдэг байсан нь түүний кинонуудад маш их нөлөөлөн, тусгагдсан байдаг.
Түүний дараагийн хоёр кино – "Дахиад хэдэн долларын төлөө" /1965/ болон "Сайн, Муу, Хэрцгий гурав" /1966/ гарснаар Долларын гурвал хэмээх нэрээр алдартай болсон. Уг бүтээлүүд нь гарах бүртээ өмнөхөөсөө санхүүгийн болон техникийн хувьд үргэлж илүү болж байв. Эдгээр гурван бүтээлийн дууг нь алдарт Эннио Морриконе зохиосон ба Леоне өөрөө зураг авж байхдаа түүний дуунуудыг тоглуулдаг байжээ. Шүүмжлэгчид "Сайн, Муу, Хэрцгий гурав"-ыг хамгийн сайн болсон нь гэж үздэг.
1967 онд Парамаунтын урилгаар Америкт ирэн "Баруунд нэг удаа" хэмээх алдарт бүтээлээ хийсэн. Ихэнх зураг авалтаа Испани, Итали болон Ютад авсан бөгөөд Хенри Фонда, Чарльз Бронсон, Жэсон Робардс, Клауди Кардиналь нар тоглосон. Кино зохиолыг Бернардо Бертолючи, Дарио Арженто нар бичсэн ба хоёулаа хожим нь алдартай найруулагчид болсон.
Гэтэл цацагдаж эхлэхийн нь өмнө Парамаунт бүдүүлгээр засвар хийсэн юм. Энэ нь ч кино жагсаалтын байранд нь муугаар нөлөөлсөн. Гэвч Европт маш их амжилт олж, Хойд Америкийн киноны чиглэлээр суралцагч оюутнууд өндрөөр хүлээж авсан. Мөн мэргэжилтнүүд Леонегийн хамгийн алдартай кино гэж үздэг.
1970-аад он
засварлах1971 онд "Атга дүүрэн тэсрэх бодис"–ыг найруулав. Уул нь Леоне эхлээд продюсерээр яжиллаж байсан ч найруулагч Петер Богдановичтай уран сайхны хувьд таарахгүй байсан учир оролцсон. Уг кино нь Мексикийн хувьсгалын тухай Жеймс Кобурн Ирланд хувьсгалч, Род Стэйгэр Мексикийн дээрэмчний дүрд тоглосон адал явдалт драм юм.
Леоне үйлдвэрлэсээр л байлаа. 1973 онд "Миний нэр Хэнчбиш", 1975 онд "Гоц ухаантан, хоёр хамтрагч, тэнэг дөрөв", 1977 онд "Муур", 1979 онд "Тоглоом", 1981 онд "Цагаан, Улаан, Ногоон", 1986 "Агуу" зэрэг инээдмийн кинонууд хийсэн. Мөн тухайн цаг үед олон алдартай телевизийн рекламыг хийж байжээ.
1980-аад он
засварлахЛеоне алдарт "Загалмайлсан эцэг"-ийг найруулах саналаас татгазлаа. Учир нь өмнө бас нэг алдарт дээрэмчдийн тухай киноны санал хүлээн аваад байсан юм. Энэ төсөл дээр тэрээр 10 жил ажилласан. Киноны зохиол нь багаасаа нөхөрлөсөн 1920-1930-аад оны Нью-Йоркийн еврей дээрэмчдийн тухай Харри Грэйгийн "Хүүдс" хэмээх зохиолоос сэдэвлсэн. 1984 онд кино дуусч "Америкт нэг удаа" гэсэн нэртэй гарав. Уг кинонд Роберт Де Ниро, Жеймс Вүүдс нар тоглосон ба нөхөрлөл, нөхөрлөлдөө үнэнч байдал, шунаг сэтгэл, гэмт хэргийг харуулсан бас нэг Америкийн түүхийн тухай эрэгцүүлэл агуулсан кино болсон байв. Өмнөх кинонуудын нь адил хэтэрхий урт болсон нь студийн толгойн өвчин болов.
Дөрвөн цаг үргэлжлэх хугацаанаас нь студи хассан нь зохиолын цогц байдлыг алдагдуулж, шүүмчлэгчдээс их шүүмж сонсон өндөр амжилт олж чадаагүй юм. Гэхдээ энэ хассан хэлбэр нь зөвхөн Америкт цацагдсан билээ.
Эх хувь нь бусад улсад маш их сайшаал, талархлыг шүүмжлэгчид, үзэгчдээс хүртсэн. Хожим нь Америкт DVD-нд, бүтэн хэлбэрээрээ худалдаанд гарсны дараа шүүмжлэгчид агуу бүтээл хэмээн магтацгааж байв.
Үхэл
засварлах1989 онд 60 настайдаа таалал төгсөхдөө тэрээр мөн нэгэн түүхэн кино болох Дэлхийн хоёрдугаар дайны Ленинградын бүслэлтийн тухай бүтээл туурвихаар ажиллаж байсан билээ. Түүнийг зүрхний шигдээсээр таалал төгсөхөд их иддэг байснаас үүдсэн таргалалт нөлөөлсөн нь гарцаагүй юм.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр алдарт найруулагч Клинт Ийствүдтэй ажиллахаа болиод байсан юм. "Америкт нэг удаа"-г найруулсныхаа дараа Роберт Де Ниро бол Ийствүдээс өөр, жинхэнэ жүжигчин хэмээн хэлсэн.
2004 онд түүний хүү Андрей "Зөвхөн Мэригийн мэддэг газар" нэртэй Америкийн иргэний дайнд явж буй хоёр цэргийн тухай өгүүлдэг кино бүтээсэн.
Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг янз бүрээр хүлээж авдаг байв. Учир нь Вэстерн кинонууд нь өндөр нэр хүндтэй байгаагүй юм. Гэвч өнөөдөр түүнийг бүгд агуу кино найруулагч гэдгийн хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Леонегийн хамгийн том фэнүүд нь түүний мэргэжил нэгт найруулагчид байдаг билээ. Түүний киноноос сурсан, санаа авсан хэмээн өөрсдийгөө хэлж байсан найруулагчид гэвэл Сэм Пекинпах, Мартин Скозес, Стивен Спилберг, Жон Милиус, Жорж Лукас, Квентин Тарантино, Роберт Родригез, Горь Вербински, Стэнли Кюбрик зэрэг алдартнууд байна.
Түүний кинонуудын гайхамшигтай үйл явдлын дараалал, өрнөл, дүрүүдийн дахин давтагдашгүй байдал мөн Эннио Морриконий аязууд нь дэлхийн кино урлаг болон хөгжмийн салбарт шүтээн болон үлдсэн.
Сонирхолтой баримтууд
засварлах- Мартин Скорзес "Христийн сүүлчийн өдөр"-т Христийн дүрд Виллиам Дифое тоглоно хэмээн зарлахад "Энэ бол алуурчны царай, лав манай эзнийх биш" хэмээж байжээ.
- Леонегийн таван Вэстерн киноны талаар нэгэн шүүмжлэгч хэлэхдээ ”Буунууд нь их буу шиг, их буунууд нь цөмийн зэвсэгтэй адил дуугардаг” гэжээ.
- Италийн алдарт Ханнибал Холокаустыг үзсэнийхээ дараа найруулагч Р.Диодатод захидал бичжээ. Захидалд: "Эрхэм Ружжеро, гайхалтай кино. Хоёр дахь хэсэг бол кино урлагийн бодит байдлын жинхэнэ агуу бүтээл. Гэвч бүх зүйл үнэхээр үнэмшилтэй байна. Миний бодлоор та асуудалд орох байх” хэмээсэн байжээ. Үнэхээр ч засгийн газар уг киног баримтат, бодит зүйлийг бичсэн хэмээн итгэн Диодатог баривчилсан юм.
- Долларын гурвалыг хийж дууссаныхаа дараа Леоне "Америкт нэг удаа"-г хийхийг хүсч байсан ч фэнүүд нь түүнээс дахин нэг Вэстерн хүсэж байлаа. Тиймээс уг алдарт бүтээл 20 жилийн дараа мэндэлсэн юм. Хэрвээ тухайн үедээ бүтээгдсэн байсан бол "Загалмайлсан эцэг"-ийг найруулах ч байсан юм билүү.
Цахим холбоос
засварлах- Fistful-of-Leone.com
- Сержио Леоне — Internet Movie Database
- Senses of Cinema: Great Directors Critical Database
- www.fistfulofwesterns.com A Fistful of Westerns
- www.Spaghetti-western.net The Spaghetti Western Database
- Biographical article at Once Upon A Time In America fansite
- Photo