Пьер Ферма

Францын математикч

Пьер де Ферма (Франц: Pierre de Fermat, 1601 оны наймдугаар сарын 17 -нд төрсөн— 1665 оны нэгдүгээр сарын 12-нд нас барсан) — Францын дундад зууны алдартай математикч.

Пьер де Ферма

Ферма Францын Бомон-де-Ломань гэх тосгонд худалдаачны гэр бүлд төржээ. Тэрээр Тулуз хотын их сургуулийн хууль цаазын ангийг төгсөж 1631 оноос эхлэн насан туршдаа хотын Захиргааны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажлынхаа чөлөө цагаар өөрийн мэргэжлээс тэс өөр салбар математикаар хичээллэж тооны онол, алгебр, геометр, магадлалын онолд чухал нээлтүүд хийсэн юм.

Ферма өөрийн бүтээлийг хэвлүүлэхийг хүсдэггүй, харин ажлынхаа үр дүнг нэрт математикч Паскаль, Декарт зэрэг нөхдөдөө бичиг захидлаар мэдээлдэг байв. Түүнчлэн нөхдөдөө өөрийн ажлын үр дүнг зөвхөн мэдээлээд, чухам ямар аргаар баталснаа хэлдэггүй байсан учир түүний томъёолсон теоремуудыг хожим нь Эйлер, Коши гэх мэт алдарт математикчид баталж гүйцээжээ.

Тэрээр "Фермагийн их, бага теорем" гэж нэрлэгдсэн хоёр теоремыг томъёолсноороо тооны онолыг үндэслэгчдийн нэг болж алдаршсан билээ. Эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлэх тогтмол хэвлэл байгаагүй тэр үед Грекийн эрдэмтэн Диофантын "Арифметика" номын   гэсэн тэгшитгэлийн харалдаах сул зайд "кубыг хоёр куб, биквадратыг хоёр биквадрат, ер нь квадратаас дээш ямар ч зэргийг мөнхүү зэрэгтэй хоёр тоо болгон задалж болохгүй. Би үүний үнэнхүү гайхамшигт баталгааг олсон боловч энд бичих зай байсангүй" хэмээн бичиж үлдээжээ. Фермагийн их теоремийн агуулга чухам ийм билээ.   гэсэн тооны "p" нь анхны тоо байвал заавал "p"-д хуваагдана. Энэ бол Фермагийн бага теорем юм. Тэрээр энэ теоремынхоо баталгааг мөн л үлдээгээгүй бөгөөд хожим түүнийг нэрт математикч Эйлер баталжээ.[1]

Ферма тэгш өнцөгт координатын аргыг геометрт системгүйгээр хэрэглэн, үл мэдэгдэгчтэй I, II зэргийн ерөнхий тэгшитгэлийг судалж аналитик геометрийн үндсийг тавьсан юм. Түүний нээсэн "хамгийн их, хамгийн бага утгыг олох арга", "бутархай илтгэгчтэй зэргийн функцийг дифференциалчлах ба интегралчлах ерөнхий дүрэм" зэрэг нь дифференциал, интеграл тоололд чухал байр суурь эзэлдэг. Бас физикийн ухааны салбарт, тухайлбал гэрлийн хугарал болон ойлтын хуулийг томъёолсон нь "Фермагийн зарчим" гэж алдаршжээ. Энэхүү зарчмыг математикийн үүднээс авч үзвэл вариац тооллын анхны бодлого байсан юм.[1]

  1. 1.0 1.1 Л.Түдэв (1988). Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь III. p. 510. {{cite book}}: Text "publisher" ignored (help)

Цахим холбоос

засварлах
  Commons: Пьер де Ферма – Викимедиа зураг, бичлэг, дууны сан