Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг зохион бүтээх, хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны нэг байгууллага юм. Шинжлэх ухааныг өмчлөх аргагүй тул хувийн судалгаа, шинжилгээний байгууллагыг Монгол улс хүлээн зөвшөөрнө.[1]

XIII зуунд Их хаан Хубилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгосон нь монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсэний илэрхийлэл билээ.

1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Ардын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн баталж, улмаар мөн сарын 22-ний өдөр Богд хаан зөвшөөрч зарлиг буулган мутрын тэмдэг дарснаар "Судар бичгийн хүрээлэнг" байгуулсан явдлыг баталгаажуулсан байна. Улмаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болгон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан юм.

Монгол Улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Монгол улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулиар ШУА нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг зохион бүтээх, хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны нэг байгуулага болохыг хуульчлан заасан юм.

Өнөөдрийн байдлаар ШУА-ийн шууд харьяалалд 14 эрдэм шинжилгээний хүрээлэн[2], 2 салбарын төрөлжсөн академи[3] үйл ажиллагаа явуулж байна.

1964 онд Химийн хүрээлэн, 1965 онд Биологийн хүрээлэн, 1972 онд Философи, социологи, эрхийн хүрээлэн, 1973 онд Физик-техникийн хүрээлэн, Математикийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, 1976 онд Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэн, Дорно дахин судлалын хүрээлэн зэргийг шинээр байгуулжээ.

ШУА-ийн үе үеийн удирдлага

засварлах
  1. Судар бичгийн хүрээлэнгийн дарга гүн Сангажавын Жамьян. 1921-1930 он.
  2. БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Анандын Амар. 1930-1932 он.
  3. БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ дарга Лхамсүрэнгийн Дэндэв. 1932-1940 он.
  4. БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ дарга Баярын Жаргалсайхан. 1940-1941 он.
  5. БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ дарга Жалцавын Дүгэрсүрэн. 1941-1946 он.
  6. БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Цэндийн Дамдинсүрэн. 1950-1953 он.
  7. БНМАУ-ын Шинжлэх ухааны хорооны дарга Нямын Жагварал. 1953-1957 он.
  8. БНМАУ-ын Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнгийн захирал Дондогийн Цэвэгмид. 1960-1961
  9. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Базарын Ширэндэв. 1961-1982 он.
  10. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Чойдогийн Цэрэн. 1982-1987 он.
  11. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Намсрайн Содном. 1987-1990 он.
  12. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч- Думаажавын Баатар. 1991-1996 он.
  13. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч- Баатарын Чадраа. 1996-2000 он.
  14. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч-Батболдын Энхтүвшин. 2008-2016 он.
  15. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч- Дүгэрийн Рэгдэл. 2016 оноос

Их чуулган

засварлах

Академийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм[4]. Их чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих, ШУА-ийн эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид болон эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байдаг.

Тэргүүлэгчид

засварлах

Их чуулганы чөлөөт цагт ШУА-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчид гишүүдээс бүрдсэн Академийн Тэргүүлэгчид удирддаг бөгөөд Академийн Тэргүүлэгчид ажлын албаараа дамжуулан (Тэргүүлэгчдийн газар) үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

  • Ерөнхийлөгч: Академич, профессор Дүгэрийн Рэгдэл
  • Дэд ерөнхийлөгч: Академич, профессор Г.Чулуунбаатар
  • Эрдэмтэн нарийн бичгийн дарга: Академич Б.Авид

Бага чуулган

засварлах

ШУА-ийн салбарын бага чуулганы үйл ажиллагаа нь Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай Монгол улсын хууль, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дүрэм, ШУА-ийн бага чуулганы дүрэм, эрх зүйн бусад актын хүрээнд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудал, төрөл бүрийн шинжлэх ухаан, технологийн төслийг хэлэлцэж дүгнэлт гаргах, судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ.

Монгол улсын Шинжлэх ухааны Академи нь:

  • Физик, математик, информатикийн салбарын бага чуулган
  • Хими, биологийн салбарын бага чуулган
  •  Геологи, газарзүй, байгаль орчны салбарын бага чуулган
  • Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулган
  • Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулган
  • Техник, технологийн салбарын бага чуулган

гэсэн салбарын 6 бага чуулгантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бага чуулганы үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргадаг.

ШУА-ийн салбарын бага чуулган тус бүр 25 гишүүнтэй бөгөөд академийн гишүүд, шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлөн сонгогдсон эрдэмтдээс гишүүнчлэл нь бүрддэг. Салбарын бага чуулганы гишүүдийн мэргэжлийн чиглэл, тооны хязгаарыг Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоодог бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

Бага чуулган нь жилийн ажлын төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тайлангаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн дүгнүүлдэг.

Бага чуулганы эрх, үүрэг

засварлах

Бага чуулган нь салбарын чиглэлээр гарсан судалгааны бүтээлийг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах, бага чуулганы гишүүн болон шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтдээс Шинжлэх ухааны Академийн гишүүнд нэр дэвшүүлэх, Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтныг шагнал, урамшуулалд дэвшүүлэх, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал гаргах, бага чуулганы гишүүдийн ердийн олонхын зөвшөөрлөөр Академийн Их чуулганд санаачилгаараа асуудал оруулах зэрэг эрхтэй бол засгийн газрын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажил, хөтөлбөр, төслийг сонгон шалгаруулахад үнэлгээ өгөх, магадлан шинжилгээ хийж холбогдох газарт оруулах, суурь судалгааны төслийн тайланг хэлэлцэн дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалт, хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэх, дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар, үзэсгэлэнг дангаараа болон хамтран зохион байгуулах, улсын эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл, зөвлөмж боловсруулах, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах зэрэг үндсэн үүрэгтэй.

Бага чуулганы гишүүний эрх, үүрэг

засварлах

Бага чуулганы гишүүн нь тухайн салбарын чиглэлээр боловсруулсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөтөлбөр, шинжлэх ухаан, технологи, инновацын болон суурь судалгааны төсөл, тэдгээрийн тайланд өөрийн мэргэжлийн дагуу үнэлэлт өгөх, магадлан шинжилгээ хийх, мэргэжлийнхээ дагуу шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдуулан санал, дүгнэлт гаргах, академийн Их чуулганд зөвлөх эрхтэй оролцох, ШУА-ийн гишүүний сонгуульд өрсөлдөхөөр Бага чуулганд нэрээ шууд дэвшүүлэх, бага чуулганы гишүүний үүргийг биелүүлэхдээ шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг баримтлах зэрэг эрх, үүрэгтэй.

Гадаад хамтын ажиллагаа

засварлах

ШУА-ийн гадаад хамтын ажиллагаа бүс нутгийн түвшинд төдийгүй олон улсын хэмжээнд өргөжин хөгжсөөр байна. ШУА нь Олон улсын шинжлэх ухааны зөвлөлийн жинхэн гишүүн бөгөөд дэлхийн 10 гаруй олон улсын шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага, гадаадын 30 гаруй орны 100 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуультай нийт 180 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, хөтөлбөр, бусад төрлийн баримт бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.

2010 оноос Шинжлэх ухааны Академи нь Азийн шинжлэх ухааны зөвлөлийг тэргүүлэх болж, Азийн Шинжлэх ухааны Академиудын холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллах боллоо. Эрдэм шинжилгээ судлагааны ажлын чанарыг дээшлүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийн чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бүс нутгийн хэмжээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон улсын хурал, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж байна.

ШУА нь уламжлалт харилцаа бүхий орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны протокол, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шинээр зарим орны академи, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоох, олон улсын чанартай арга хэмжээнд оролцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан экспедици ажиллуулах, эрдэмтэд солилцох зэрэг чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Цахим холбоос

засварлах