Жалцавын Дүгэрсүрэн
Жалцавын Дүгэрсүрэн ( 1909/1910 онд Буриадын Хорь аймгийн Элхи нэртэй газар төрсөн- 1992 онд нас барсан) -Монгол Улсын анхны мэргэжлийн геологич, БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ дарга.
Намтар
засварлахТэрээр 1909 онд Жалцав ламын ганц хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Жалцав лам 1860-1870 онд Хорь Буриадын Чулуутын дацанд шавилан сууж байгаад, Далай ламд мөргөхөөр Түвд рүү явж, улмаар Энэтхэг, Тайланд, Сингапур, Гонконгод очиж, эргээд Хятадыг явган туулж Бээжинд ирээд, жинчдийн хамтаар Монголдоо эргэн ирсэн сонин түүхтэй нэгэн ажээ.
Ж.Дүгэрсүрэн Герман, Франц улсад илгээсэн анхны 35 сурагчийн нэгэн болж 1927-1929 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн.
1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.П.Рачковский, К.А.Недадкевичийн хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Аранзан Зэст, Эрдэнэт, Багануур, Цайдан тугалтай нурууг шинжилсэн байна.
1938 онд Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль сурч дүүргэсэн.
1938 онд Өмнөговь аймгийн Даланзадгадын Охин хөтлийн чулуун нүүрсний ордыг шинжлэн, Таван толгойн нүүрсний ордыг урьдчилан үзэх ажлыг хийлцжээ.
1940 онд тэрээр Оросын геологич Ю.С.Желубовский нар Дорноговийн сав газарт Зүүнбаянгийн газрын тосны ордыг нээсэн юм.
Ж.Дүгэрсүрэн, Ю.С.Желубовский нар 1940 онд Дорноговийн Зүүнбаянгаас нефть олж, удалгүй өрөмдсөн анхны цооногт 450 м хүртэл гүнд нефть бүхий 70 үе тогтоосон байна.
Тэрээр 1941-1946 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ даргаар ажиллахдаа Маршал Х.Чойбалсанд хандан “Улаанбаатар хот тэлэхэд одоогийн газар багадна, цэвэр усны нөөц ховор, бэрхшээл учирна” хэмээн Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлэх асуудлыг хөндөн санал болгож байжээ.
Ж.Дүгэрсүрэн нь 1946 оноос 1947 оны 3-р сарын 15-ныг хүртэл Ус цаг уурын хорооны дарга.
Ж.Дүгэрсүрэн хувийн архивтаа шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний холбогдол бүхий олон чухал баримт бичгүүдийг маш эмх цэгцтэй хадгалж байгаад Үндэсний төв архив, Шинжлэх ухаан, технологийн сургуулийн геологийн музейн архивт шилжүүлсэн нь одоо хүртэл хадгалагдаж байдаг юм байна.
Геологи, минералогийн ухааны эрдэмтэн Жалцавын Дүгэрсүрэн нь 1961 онд ОХУ-н Иркутскийн их сургуульд “Налайхын нүүрсний ордын геологи ба петрографи” сэдвээр Геологи, минералогийн ухааны дэд эрдэмтний зэрэг горилжээ.
1963-1968 онд Москвад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд (СЭВ) геологийн зөвлөх.
1971 онд Жалцавын Дүгэрсүрэн нь Эрхүү хот дахь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэнд Монголын нүүрсний ордуудын геологи ба тархалтын зүй тогтол сэдвээр эрдмийн зэрэг горилж, энэ салбарын 20 эрдэмтний анхдагч болсон байна.