Дондогийн Цэвэгмид
Дондогийн Цэвэгмид — (1915 оны 3 дугаар сарны 26-нд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн- 1991 онд Улаанбаатарт нас баржээ)- 1942 онд БНМАУ-ын анхны гавьяат багш, АИХ-ын дарга, дипломатч, зохиолч.
Дондогийн Цэвэгмид | |
---|---|
Төрсөн: | 1915 Дорнод аймгийн Баяндун сум |
Өнгөрсөн: | 1991 |
Ажил үйл | Хэл шинжээч |
Улс орон | Монгол улс |
Төрөл | Шүлэг, Өгүүллэг, Үргэлжилсэн үг, Тууж |
Шагнал | Гавьяат багш. |
Намтар
засварлахЦэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Мойлт гэдэг газар ард Дондогийн хоёр дахь хүү болж төржээ. Арван настайдаа Улзын хошууны бага сургуульд 1925 онд орж 1928 онд төгсч, улмаар Улаанбаатар хотод Багшийн сургуульд хоёр жил суралцаад 1930 онд нийслэлд байгуулсан "Хар бологсдын бэлтгэл сургууль"-д түмэн бодисын багш болж сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн байна. 1932 оны 10-р сард нийслэл хотод бичиг үсгийн курст багшаар томилогдон дахин нэг жил болоод байтал 1933 оны 7-р сард Улаанбаатар хотын Рабфакийн бэлтгэл сургуульд шилжүүлсэн. Тэрхүү сургуульд багш, захирлаар ажиллаж байтал 1935 оны 8-р сард яамны шийдвэр гарч, эх орны алс зүүн хязгаар буюу Дорнод аймгийн төвийн дунд сургуульд багшлуулахаар илгээсэн. Тэрхүү сургуульд нэг жил ажиллаад байтал төвөөс шийдвэр ирсэн хэмээн гэнэт дуудаж, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуульд ажиллуулах болов. Ийнхүү үлгэр жишээ дунд ба багш нарыг бэлтгэх сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр 6 жил ажиллаад байтал 1942 онд МУИС үүд хаалгаа нээхэд нь лаборантаар шилжиж ажиллав. МУИС-ийн зоологийн кафедрын лаборантаар хэдэн жил ажиллахдаа оюутны хичээлд завчлан суусаар их сургуулийн программт сургалтыг үндсэндээ олж авчээ.
- 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуульд орж шалгалтуудыг нь амжилттай өгсөөр
- 1946 онд уг сургуулиа дүүргэсэн байна. Эргэж тэр сургуульдаа аспирантурт суралцаж
- 1950 онд “Монгол орны үхэр оготнын биеийн бүтцийг экологи-морфологийн талаар харьцуулсан шинжилгээ” сэдвээр биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалж,
- 1951-1953 онд МУИС-д тэнхимийн эрхлэгч, проректор, 1953-1959 онд мөн сургуульд ректор, 1959-1960 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга,
- 1972 онд бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хүртсэн байна. Түүний “Үхэр оготоно ба туулайн жишил анатомын судалгаа нь биологийн шинжлэх ухааны салбарт анх түрүүн хийгдсэн бөгөөд үхэр оготно, туулай хоёр угаас нэг гаралтай ч дэлхийн мөстлөгийн нөлөөгөөр амьдралын өөр өөр орчинд дасан зохицож хоёр өөр амьтан болсоныг нотолсон юм. Энэ нь дэлхийн биологийн шинжлэх ухааны салбарт цоо шинэ нээлт болжээ.
Биологийн шинжлэх ухааныг эртнээс сонирхож Багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа “Ургамал судлал”, “Амьдралын үүсэл”, “Хүний үүсэл” номуудыг орос хэлнээс орчуулж, МУИС-д лаборант байхдаа Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Э.М.Мурзаев, А.Г.Банников, А.А.Юнатов нарыг дагаж судалгааны ажлаар Монгол нутгаараа аялж амьтан, ургамлын талаар ихийг мэдэж, судалгаа шинжилгээний арга барилтай танилцсан нь цаашдын эрдэм судлалын ажилд нь их суурь дэвсгэр болсон байна.
Ажилласан байдал
засварлах- 1931-1937 онд Увс, Дорнод аймаг, Улаанбаатар хотын сургуулиудад,
- 1937-1942 онд Багшийн сургуульд багшилжээ.
- 1942 оны намар Монгол Улсын Их Сургууль (МУИС) байгуулагдахад зоологийн кафедрын лаборантаар
- 1953-1959 онд МУИС-ийн проректор
- 1959-1960 онд Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэнгийн дарга
- 1960-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд
- 1962-1967 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд
- 1967-1969 онд МУИС-ийн ректор
- 1969-1972 онд Ардын Их Хурлын дарга
- 1972-1987 онд СнЗ-ийн орлогч дарга бөгөөд Соёлын яамны сайд
- 1973-1980 онд Дээд болон техникийн тусгай боловсролын хорооны дарга зэрэг алба хашиж байгаад 1987 оны 5 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байна.
Сонгуульт ажил
засварлах- Ардын Их хурлын депутатаар 9 удаа сонгогдож,
- МАХН-ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож,
- Ардын Их хурлын орлогч дарга,
- МАХН-ын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ.
- Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ.
Цол хэргэм
засварлах- профессор(1957)
- ШУА-ийн сурвалжлагч гишүүн(1961)
- Биологийн шинжлэх ухааны доктор(1972)
- М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн хүндэт доктор цол (1972)
- Берлиний Хумболдтын нэрэмжит их сургуулийн хүндэт профессор цол (1979)
- Онц, бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол (1981)
БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд
засварлахГадаад явдалын яамны орлогч сайд байхдаа 1961 онд БНМАУ-ыг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж (бүрэлдэхүүнд нь Халхгол сумын харъяат, дипломатч Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн нар оролцсон) ихээхэн хүчин чармайлт гаргаж БНМАУ-ыг 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын гишүүнээр элсүүлхэд гар бие оролцож НҮБ-ын индэр дээрээс үг хэлжээ.
Тухайн үед Гадаад Харилцааны Яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх байсан, ахмад дипломатч зохиолч Чойбалсан сумын харъяат Дамдины Бямбаа бичихдээ:
“Д.Цэвэгмид 1962 оны 6 дугаар сараас 1967 оны 08 дугаар сарыг дуустал БНМАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын алба хашжээ. Дипломатчаар дагнан хаасан энэ 7 жилийн үйл явдлыг Гадаад Харилцааны Яамны архиваас үзэж зарим зүйлийг тодруулахыг миний бие оролдсон билээ. ГЯЯ-ны 1 дүгээр орлогч сайд, Элчин сайдын гарын үсэг бүхий 1200 гаруй ярианы тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, танилцуулах мэдээ, илтгэх хуудас, түүний оролцоотойгоор гарсан Засгийн газрын болон ГЯЯ-ны тэмдэглэл нот бичиг меморандум, санамж хуудас зэрэг дипломат баримт бичиг, олон арван гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ” гэсэн байдаг. Энэ нь түүний дипломат албанд зүтгэсэн нэгэн хугацааны ажлын тайлангийн товч гэж үзэж болно.
Зохиол бүтээл
засварлахД. Цэвэгмид Шинэ үеийн уран зохиолын тулгыг тулалцаж,
- “Хоньчин Найдан” (1935), “Болд Самбуу хоёр” (1936) тууж,
- “Сурагч Ганбат” (1940), “Салхин зээрд”, “Анхны багш” (1982) өгүүллэг, гэх мэт үргэлжилсэн үгийн зохиол
- “Булшин дээр” (1941), “Алагдай аварга” (1967) зэрэг яруу найраг
- “Алтайн цаадах говьд” (1963), “Алс өрнөд тивд” (1962), “Гурван мянган арлын оронд” (1963), “Алтан суврагын орноор” (1964) зэрэг аян замын тэмдэглэлүүд
- “Ардын зоригт баатар”, “Хун шувуу, бодон гахай хоёр”, “Туулай” зохиолын эмхэтгэлүүд,
- “Хорлоогийн Чойбалсан”, “Ухааны далай номоос эхтэй” зэрэг номууд хэвлүүлжээ.
Мөн орос хэлнээс нэлээд бүтээлүүдийг орчyyлжээ.
Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ
Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ
Эр хүний мөрөн дээр
Элдвийг үзсэн толгой бий
Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ
Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ
гэж өөрийнхөө амьдралын замыг зохиолч хүний ёгт үгээр нэгэнтээ хошигножээ.
Гавьяа Шагнал
засварлахБНМАУ-ын
засварлах- Гавьяат багш (1942-07-25. №39)
- Сүхбаатарын одон,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- “Алтан гадас” одон,
- МХЗЭ-ийн нэрэмжит шагнал болон бусад медалиудаар,
Гадаад орны
засварлах- ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- БНБАУ-ын Кирилл-Мефодийн одон,
- Дэлхийн энх тайвны зөвлөлийн Жолио-Кюрийн алтан медалиар тус тус шагнагджээ.