Монгол-Киргизийн харилцаа

Монгол-Киргизийн харилцаа -хоёр улсын бүх талын харилцаа хамтын ажиллагааг хэлнэ.

1992 оны 4-р сарын 22-нд хоёр улс дипломат харилцаа тогтоосноор эхэлжээ. Бишкек дэх Монгол Улсын Ерөнхий консулын газар 2014 оны 6 дугаар сарын 1-нд нээгдсэн.

Монгол улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2-р сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол улсаас Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшнийг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм. Үүний дагуу Монгол улсын ГХЯ-аас Элчин сайдын яамаа нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьсны дагуу 2019 оны 6-р сард Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад хийсэн айлчлалын үеэр Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн байна.

Киргизийн ЭСЯ нь Бээжингээс хавсран сууж байна.

Хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан 30 хоног визгүй зорчдог.

Монгол улс Киргиз Улстай түүх, соёлын эртний гүн бат хэлхээ холбоотой. Монгол, Киргиз нь нүүдлийн соёл иргэншилтэй учир нүүдлийн мал аж ахуй, гэр ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс гэх мэт аж ахуй, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй.

Улс төрийн харилцаа

засварлах

Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 26 Гэрээ, хэлэлцээр байдаг.

Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд Киргиз улсын Төв Азийн бүс нутаг дахь Монгол улсын чухал түнш орны нэг гэж үздэг юм.

Дээд, өндөр хэмжээний айлчлалууд

засварлах

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, Н.Энхбаяр 2007 онд, Ц.Элбэгдорж 2012 онд, Х.Баттулга 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад тус тус албан ёсны айлчлал хийж байжээ. Киргизийн Ерөнхийлөгч Аскар Акаев 1993, 2002 онд, Роза Отунбаева 2015 онд тус тус Монгол улсад айлчилж байжээ.

Мөн УИХ-ын дарга Санжбэгзийн Төмөр-Очир 2003 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 онд тус тус БНКиргиз Улсад айлчилсан байна.

Киргизийн парламентын дарга А.Борубаев 2004 онд, Киргизийн Ерөнхий сайд Д.Оторбаев 2014 онд тус тус Монголд айлчилжээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Абдылдаев 2012 оны 11-р сарын 12-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийжсэн.

Монгол улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг 2021 оны 10-р сарын 11-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай ажлын уулзалт хийв.

2023 оны 5-р сарын 29-30-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Кулубаев Жээнбек Молдоканович Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

засварлах

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн асуудлыг хоёр жилд нэг удаа болдог Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссоор шийдвэрлэж ирсэн.

2018 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 705 мянган ам.доллар хүрсэн. Монголоос хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн, Киргиз Улсаас жимс, үрийн будаа, гар хивс зэргийг нийлүүлдэг байна.

Хүмүүнлэгийн харилцаа

засварлах

2018 онд Киргизийн нийт 541 орчим иргэн Монголд, Монгол Улсын 302 орчим иргэн тус улсад харилцан зорчсон байна.

Элчин сайд нар

засварлах

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг Бүгд Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровт Итгэмжлэх жуух бичгээ 2021 оны 12-р сарын 23-нд барьсан.

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усенов Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ 2017 оны 11 сард барьсан.