Мона Лиза буюу Жоконда (итали. Mona Lisa, La Gioconda, бүтэн нэр нь — «Хатагтай Ли́за дель Жоко́ндогийн хөрөг», итали. Ritratto di Monna Lisa del Giocondo) Италийн алдарт зураач, эрдэмтэн Леонардо да Винчигийн 1503-1505 оны орчим зурсан хөрөг зураг гэж үздэг. Энэ зураг нь өнөө үед Парисын Лувpын музейн хамгийн их алдартай үзмэр болдог юм.

Мона Лиза

Уг хөрөг зураг дээр Флоренцийн торгоны худалдаачин Франческо дель Жокондогийн эхнэр Лиза дель Жоконда (Жерардини)-г дүрсэлсэн гэж судлаачид үздэг байна.

"Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх" энэ бүсгүйн хөрөг зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Жил бүр уг зургийг үзэхээр 6 сая орчим жуулчид ирдэг байна.

Жокондагийн тааврын талаар бичсэн цаас уул овоо шиг их. Мона Лизагийн инээд ямар учиртай, ер нь Луврын музейд хуулбар зураг өлгөөтэй байгаа юм биш биз, Леонардо энэ хөрөгт хэнийг зурсан бэ гэх зэрэг асуултууд урлаг судлаачид, сэтгүүлчид, урлагийн хорхойтнуудын олон арван жилийн турш маргаан өрнүүлсээр иржээ. Дунд орчим насны даруухан хувцастай, сайхан гэж хэлмээргүй эмэгтэйн том биш хэмжээний хөрөг.Гэтэл яагаад хүчтэй өрсөлдөгчид болох Рафаэлийн “Сикстины дагина” эсвэл Веласкесын “Толины өмнөх Венера” зэрэг бүтээлүүд энэ зурагт хүндэтгэлийн тавцангаа шуудхан тавиад өгөв.

Жокондагийн учиртай инээмсэглэл

Мона Лизагийн алдрын гол үүдэл нь Леонардо да Винчийн авъяас юм. Учир утгагүй зүйл гэж үгүй. Жоконда бол их мастерын нэрийн хуудас. Леонардо уг хөрөгт гарын үсэг, он сар бичсэнгүй. Гэхдээ суут зураачийн бүтээл мөн гэдэг нь эргэлзээгүй. Зургийн шинж чанар нь өөрөө үүнийг батлаад өгч байгаа юм. Шинэ содон нээлт биш харин сэргэн мандалтын үеийн бүх ололт энэ зурагт нэгтгэгдсэн өндөр түвшинд бүтээгдсэн билээ. Энд байгаль ба хөргийн зохицолдоон, бүсгүйн хагас хөндлөн суусан байрлал, үзэгчид хандсан харц, пирамид загварын зохиомж бүгд байгаа. Мөн их мастерын зурах техник ч бас илэрхий харагддаг.

Мона Лиза Европын урлагт сэтгэл зүйн хөргийн шинэ жанрын эхлэлийг тавьсан билээ. Аугаа их мастер энэ бүтээлээ туурвихдаа хурц эсрэг тэсрэг байдал ба зөөлөн хөг аялгуу хөдөлгөөнгүй зогсонги чанар ба өөрчлөлт хувиралт, сэтгэл зүйн нарийн мэдрэмж ба шилжилт зэрэг уран сайхны бүх арга хэрэгслийг ашигласан байна.

Зураач бүтээлээ нимгэн давхаргаар үелэн өмнөх давхаргыг хатсаны дараа дараачийхийг нь нэмэх аргаар зуржээ.

Гэрэл сүүдрийн тоглолтыг будгаар амилуулан эд зүйлсийн замхран манарах дүрслэл гаргахыг “сфумато” (италиар утаа шиг замхрах) гэнэ.

Дэлхийн Жокондаг судлаачдын олохыг оролдож байгаа таавар нь энэ сфуматог гүйцэтгэх авъяаст л агуулагдах ажээ. Тэдний олонх нь энэ будгийн давхарга дор илгээгдсэн гэх “нууц захиаг” олоод үзчихсэн гэж байгаа нь хамгийн сонирхолтой. Леонардогийн өөрийнх хөрөг тэнд нуугдаж байгаа ч гэх юм. Үзэгчид зураачийн бүтээлд нуугдсан дүрслэлийг олохоор ямагт эрмэлзэж байдаг нь нууц биш. Энэхүү зургийн талаар маш олон янзын таамаглал мэдээ байдаг ч тэр болгон нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Өнөөг хүртэл энэ зургийг олон янзаар хуулбарлан зурах гэж оролдсон боловч үндсэн эх шигээ болж чадаагүйн нууц нь Леонардо Да Винчи энэ зургийг зурахдаа өөрөө будгийг нь найруулан зурсан, түүнчлэн өөр бусад хүмүүс болон туслахуудаа хажуудаа байлгаагүйгээс энэхүү зурагны үл тайлагдах нууц байдал нь харагдаж байна.

Магтуулан мандсан дүрслэх урлагийн бүтээлүүдийн дунд Жокондагийн төрөлт бараг анзаарагдалгүй өнгөрсөн билээ. Ван Эйк, Дуччо нарын шинэ бүтээл дуусаны баярыг Гент ба Сиена хот хэдэн өдөр дараалан тэмдэглэж байлаа. Тийм ч учраас мэргэжилтнүүд Жокондагийн төрсөн өдрийг нарийн тогтоож чадахгүй л байгаа юм. Жоконда 1503-1506 оны аль нэгэнд бүтээгджээ гэж үздэг. Тэгэхлээр бид Жокондагийн төрсөн өдрийг дөрвөн жилийн турш тэмдэглээд байхад буруудах зүйл ч алга. Леонардо насан эцэслэх хүртлээ захиалагчдаа өгөлгүйгээр энэ зургийг өөртөө хадгалж байсан. Гэсэн хэдий ч Мона Лиза “хорионд” байсангүй. Жоконда эхнээсээ алдар нэрийн шүүлтээр дамжсан зураг. Ганц ч зураг ийм шүүлтгүйгээр урагш алхдаггүй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс л энэ зургийн шүтэн бишрэгчид байлаа. 16-р зууны уран зурагт Жокондагийн ул мөр, нөлөө их харагдана. Агуу Рафаэль Санти гэхэд л энэ зургийн “өвчний” халдвартай байв. Леонардо зураачдын “гарын авлага” болохоор бүтээл туурвижээ. Тэд Мона Лизаг хуулбарлан уран зургийн нууцад суралцаж байлаа.

Жокондагийн алдрыг үг болгон дэлгэрүүлсэн анхны хүн нь зураач Жоржио Визари болсон юм. “Хамгийн нөлөө бүхий зураач, барималч, уран барилгачдын амьдралын тухай бичлэг” номондоо “Франческо дель Жокондагийн эхнэр Мона Лизагийн хөргийг бичих захиалгыг биелүүлэх зураач нь Леонардо болсон юм... Урлагийн хэлээр байгаль орчныг хуулбарлан дууриах эрмэлзэлтэй хүн бүрт энэ боломжийг нээж өгч, зөвхөн уран зурагт байх нарийн нандин арга барилыг энэ зурагт нэгд нэгэнгүй гаргажээ...Хүнийх гэхээсээ тэнгэрлэг гаралтай энэ хөрөг гайхамшигтай бүтээл хэмээн тооцогдож байлаа. Өөрөөр ч байх аргагүй, амьдрал өөрөө ийм байдаг” хэмээн тэрээр бичиж байв. Зургийг нэг удаа ч үзээгүй тэрээр ийм үнэлэлт өгөхдөө бүх зураачийн нийтлэг сонирхолыг илэрхийлсэн нь чухал байсан юм. Визарийн дүгнэлт нь Жокондад мэргэжлийн зураачдын дунд олон эрин цагийг элээсэн өндөр нэр хүндийг авчирсан билээ. Мөн тэрээр ирээдүйн “супер одыг” Мона Лиза Жоконда гэсэн хамгийн тохиромжтой “тайзны нэртэй” болгосон юм.

Флоренцийн торгоны наймаачны эхнэр энд зурагджээ гэдгийг Визаригаас өөр дурьдсан хүн байдаггүй юм. Харин ч бүгд үүнтэй зөрчилдөж ирсэн байна. Леонардо нэрд гарсан оргил үедээ байсан цагт түүнд хэний ч мэдэхгүй нэгэн худалдаачны эхнэрийг зурах хэрэг юу байсан юм бол гээд л байдаг юм. Зургийн талаар анхны баримттай мэдээллийг Арагоны санваартаны нарийн бичгийн дарга Антонио де Беатис гаргасан байдаг боловч Мона Лиза Жокондагийн тухай нэг ч үг дурсаагүй байна. Агуу зураачийг нас барахаас өмнөхөн Беатис Леонардогийн урлангаар орсон гэнэ. Тэрээр зураачийн урланд Жулиано Медичийн захиалгаар зурагдсан Флоренцийн хатагтайн хөргийг харлаа гэж тэмдэглэлдээ бичин үлдээжээ. Хожим эрдэмтэд их зураачийн загвар нь чухам хэн байж болох тухайд хэд хэдэн таамаглал дэвшүүлэн судалсан юм.

Тэдний дундаас загвар болоход хамгийн тохиромжтой хүн нь Мантуин вангийн хатагтай Изабелла д Эсте байв. Тэр эмэгтэй их зураачтай найзалдаг, захидлаар харилцдаг байжээ. Леонардогийн зурсан Изабеллагийн харандаан таталбартай харьцуулан харвал Луврын музейн алдарт зургийн баатартай адил төстэй шинж байдаг. Гэхдээ шүтэн бишрэгчдийн хувьд Изабелла болон Леонардогийн үеийн бусад нэртэй эмэгтэйчүүд алдарт зургийн загвар болон үлдэж чадаагүй билээ. Зөвхөн Визарийн гаргаж ирсэн наймаачин Жокондагийн эхнэр Мона Лиза энэ зурагт дүрслэгдсэн гэдэгт бүгд итгэх болсон. Үүүнээс зургийн Жоконда хэмээх 2 дахь нэр үүссэн юм. Ийн олон жилийн турш олон хувилбар дээр дэлхийн эрдэмтэн, судлаачид, урлагийн зүтгэлтнүүд маргалдаж, мэтгэлцсэний эцэст сайхан Жоконда бодит амьдрал дээр хэн байсныг эцсийн байдлаар тогтоолоо. Энэ бол Флоренцийн худалдаачны гэргий Лиза Герардини мөн болохыг нэгэн дуугаар баталжээ. Германы Хайдельбергийн их сургуулийн эрдэмтэд уг дүгнэлтийг хоёр жилийн өмнө нээсэн боловч олон нийтэд энэ тухай 2008 он гараад удаагүй байхад зарласан юм.

Леонардогийн суу билэг Жокондагийн амьд харц, түүний нууц далд, тайлагдашгүй инээмсэглэлд оршиж байна. Түүнээс гадна энэ зургийн цаана зурагдсан байгалийн зохилдлого нь асар их утга учир хийгээд далд санааг агуулж байдаг байна. Хэн ч харсан энэ зураг өөрийн гэсэн утга учрыг ойлгуулан таниулах далд нууцыг агуулж байдгаараа онцлог бөгөөд энэ нь байгалийн сайхантай хослуулан зурсантай холбоотой гэж тайлбарлах явдал ч байдаг байна. Гэхдээ үүнийг харсан жирийн нэг шүдний эмч хараад шүдээ хавирдаг зуршилтай гэж хэлжээ.

Мона Лизагын хулгайн хэрэг

засварлах

Жокондаг хадгалаж буй Луврын музей нь 20-р зууны эхэнд өнөөдрийнх шигээ хөл хөдөлгөөнд дарагдсан музей байсангүй. Зочид багатайн гадна, харуул ч цөөтэй байв. Харуулын хувьд ихэвчилэн тэтгэвэртээ гарсан хөгшин цэргүүдээс бүрддэг байсан ба цөөн тооны эдгээр эрчүүд нүсэр музейг бүрэн хянаж хүрдэггүй байлаа.

 
Беругын зурж байсан Мона Лизаг дүрсэлсэн бүтээл

1911 оны 8-р сарын 21-ний нэгэн өглөө Францын зураач Льдовик Беру (франц. Louis Béroud) Мона Лизаг зурах гэж Луврын музейд хөл таьвжээ. Гэвч тэрээр хоосон зайнаас өөр зүйл олж харсангүй. Өөрт нь мэдэгдэлгүй Мона Лизаг засвар эсвэл гэрэл зурганд авч явсан эсэхийг асуухад музейн ажилчид үгүйсгэв. Зураг хулгайлагдсан нь тодорхой болсон хойно музейг долоо хоног хааж мөрдлөгө эхлэв. Музейн шатнаас зургийг хадгалаж байсан шилэн нүүртэй модон жааз олдсон ба дээр нь хурууний хээ ч мөн байлаа. Эхэндээ музейн хамт олноос сэжигтнийг эрж байсан ч хэрэгтний хурууний хээтэй таарах нэг ч ажилтан байсангүй. Иймд мөрдлөгө музейн хүрээнээс цааш халив. Мөрдлөгийн явцад Францын яруу найрагч Гийом Аполлинерыг (франц. Guillaume Apollinaire) сэжигтнээр татжээ. Гийом харин өөрийн найз Пабло Пикассог зааж өгснөөр залуу Пикассо мөн сэжигтнээр татагдан байцаагдаж, гэртээ нэгжлэгэ хийлгэжээ. Хэдийгээр түүний гэрээс Луврын музейгээс алдагдсан жижиг баримлууд олдсон ч Мона Лиза харин олдсонгүй. Яваандаа Аполлинер, Пикассо нар уг хулгайд гэмгүй нь тогтоогдсноор Мона Лизагын хэрэг сэжигтэнгүй болж, шийдвэрлэгдэж чадахгүй явсаар хоёр жил болжээ.

 
Мона Лиза алга болсон байдал

1913 онд Италид нэгэн дуулиант үйл явдал тохиолдов. Флоренц хот дахь уран зургийг Уффици галлерейд (итал. Galleria Uffizi) Винченцо Перуджа гэх нэгэн эр алга болсон Мона Лиза зарах гэж оролдсон байна. Галлерейн эхрлэгч Жиованни Поджи (итал. Giovanni Poggi) зургийг таниулж баталгаажуулаад Винченцог барьснаар хэргийн бүх зүйл тодорхой болов. Хэрэгтэн Винченцо Перуджа нь Луврын музейн ажилтан байсан бөгөөд Мона Лизаг жаазлах, өлгөх явцад оролцож байжээ. Перуджа музейн хамгаалалт муу байсныг далимдуулан чимээгүйхэн музейд нэвтэрч, зургийг суглан аваад, хүрмээрээ боож нуугаад музейгээс анзааргадалгүй гарч чаджээ. Винченцогийн мэдүүлгийн дагуу түүний зорилго нь Итали бүтээлийг эх оронд нь буцаах байсан гэж өчиж байв. Үйлдсэн хэргийнхээ төлөө Винченцо 6 сар шоронд суусан ч Итали даяар түүнийг нэр хүнд нь өссөн түүхтэй. Мона Лиза харин Уффици галлерейд хагас сар олны үзмэр болж саатаад Франц руу буцжээ. Мона Лизаг 1914 оны 1-р сарын 4-д Луврын ханан дээр буцаж ирэхэд түүний нэр хүнд Франц төдийгүй дэлхий даяар түгсэн байжээ. Жокондагын хөрөг нь сонин сэтгүүлээр дамжуулан улс үндэстэн, анги давхрага болгоны сонорт хүрсэн бүтээл болсон нь энэ ажээ.