Крымын ханлиг

(Крымийн Ханлиг-с чиглүүлэгдэв)

Крымын ханлиг (крым. Qırım Hanlığı) бол Алтан Ордны улсаас тусгаарласан улсуудын нэг юм. Крымын ханлигийг Зүчийн 13 дахь хүүгийн удам Хажи Гирей ( Hacı Geray, ١ حاجى كراى‎; Melek Hacı Geray, ملک حاجى كراى‎; 1397-1466) Крымын хойгт байгуулжээ. Гирей нь 1427 онд өөрийгөө хааанаар өргөмжлөөд 1441 онд түүнийг хаан ширээнд албан ёсоор залж тус ханлигийг байгуулсан нь өнөөгийн Украйн улсын өмнө хэсгийн тал нутаг болох Крымын хойг, мөн түүнчлэн 1556 оноос эхлэн Азов ба Кубань голын хоорондох Ногайн ордын нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Зарим үед өнөөгийн Орост ихэнх хэсэг нь харьяалагдах Донын адаг хэсгийг ч өөртөө хамруулж байв. Крымын ханлигийн нийслэл нь 1454 онд байгуулсан Бахчисарай хот юм. Алтан ордны дараах улсуудаас хамгийн урт хугацаанд оршин тогтносон цорын ганц улс нь Крымын ханлиг буюу 1441 оноос 1791 он хүртэл оршин тогтножээ. 18-р зуун хүртэл Крымын ханлиг нь тухайн үедээ Польш-Литвын нутаг дэвсгэрт хамаарч байсан Украин, Молдав, Оросоос боолчлох хүмүүс олзлон Османы эзэнт гүрэнд зардаг байсан нь тэдний хамгийн чухал „экспортын бараа“ байсан юм.[1] Крымын ханлиг нь Османы эзэнт гүрэнтэй их хэмжээний худалдаа хийхээс гадна тэдний шашныг Украинд голлон түгээн дэлгэрүүлэгчид байжээ.

Крымын ханлигийн сүлд
1600 оны үеийн Крымын ханлиг

Өмнөх түүх

засварлах

1280 оноос эхлэн Зүчи ба Бат ханы том ач болох Монголын хан Ногай нь Крым болон өмнөд Украины нутагт Их Монгол Улсаас тасран бие даан гарсан боловч тусдаа ханлиг улс үүсгэн байгуулаагүй юм. Энэхүү өөртөө засах улс нь 1298 онд Алтан ордны хан Тохтатай байлдан ялагдсан ба Ногай зугтаж яваад 1299 онд алагджээ. Дотоодын тэмцэлтэй байсныг ашиглан Женова 1266 онд өөрийн худалдааны баазыг Крымын хойгийн өмнөд эрэгт байгуулжээ. 1361 оноос 1380 он хүртэл захирагч байсан Мамай ч бас Алтан орд доторх эрх мэдлийн төлөөх тэмцэлд Крымийг өөрийн эдийн засгийн суурь баазаа болгон ашиглаж байв.

Алтан ордод 120 жилийн дараа дахиад л дотоодын зөрчил гарч эхлэв. Тухайн үед Алтан ордыг Бэрх ханы шууд удам, Чингис хааны угсааны Давлет Берди захирч байв. Тэрбээр эхлээд 1419-1421 оны хооронд богинохон хугацаанд хан суув. Давлет Берди өөрийн нэг өрсөлдөгчдөө ялагдсаны дараа Крым рүү буцан ирж тэндээ суурьшихаар болов. Үүний зэрэгцээ энэ хооронд эрх мэдлийг гартаа авсан Улуг Мухаммедтай Давлет нь үргэлжлүүлэн дайтсаар байлаа. Улугийн холбоотон болох Литвын их ван Витовт нас нөгчсөний дараа Давлетэд дахин Алтан ордын ханы эрх мэдлийг олж аван 1432 он хүртэл захирах боломж олдсон байна.[2]

Улс байгуулагдсан ба Османы эзэнт гүрэнтэй харилцах харьцаа

засварлах
 
 I. Менли Гирей хан хүү Мухаммедийн хамт I. Гирей Османы эзэнт гүрний  II. Баязид султанд айлчилж буй нь
 
Каффагаас олдсон Давлет Бердигийн нэр бүхий мөнгөн зоос
 
Бахчисарайн хааны ордон
 
1736 оны Оросын давшилт

Ханлигийг байгуулагч нь Хажи Гирей бөгөөд Бердигийн хүүг унагаан гарч ирсэн. Түүнийг Тохтамыш хантай цусан төрлийн холбоотой гэх ба Тохтамыш хан нь алтан ургийн угсааны хан байсан юм.[3] Хажи 15-р зууны дундуур хэд хэдэн ялалт байгуулсны дараа өөрийн ханлигийг байгуулав.

Хажи Гирейн арван хүүгийн хоорондын маргалдаанаас үүдэн I. Менли Гирей (хан суусан 1466, 1469–1475, 1478–1515 онуудад) ханы хүч ихэд суларч байлаа. Ахмед (Алтан ордны хан 1465–1481) ханы дайралт нь Менлиг 1475 оноос 1478 он хүртэл Османы эзэнт гүрэнд оргон зайлахад хүргэв. Үр дүнд нь 1478 оноос эхлэн Османы эзэнт гүрнээс хараат өөртөө засах төрт улс бий боллоо. Ар талдаа „өндөр хаалганы“ дэмжлэгтэйгээр Крымын ханлиг нь тэднийг тойрсон хөрш улсуудыг бодвол илүү тогтвортой ханлиг улс болон хөгжсөн ба Османы эзэнт гүрнээс үндсэндээ хамааралгүйгээр гадаад бодлогоо явуулж байлаа. Османы султанууд Крымын ханлигийн хаадыг харьяат гэхээсээ илүү холбоотонтой адил харьцаатай байсан байна.[4]

Нэлээд олон түүхчид Гирейн удмын хаадыг Османы эзэнт гүрэн дэх Османы удмын султаны дараа орох чухал хаадын удам хэмээн тооцон: „хэрвээ Османы удам тасарсан тохиолдолд Гирейн удмаас буюу өөрөөр хэлбэл алтан ургийнхан тэдний оронд хаан суух ёстой хэмээн тэмдэглэжээ“.[5] Гирей ханыхан эрх мэдлээрээ зөвхөн тухайн үеийн султаны дараа орох ба их везирийн дээр байна.

Крымын хангууд зоосон мөнгийг үргэлжлүүлэн хэвлэн гаргаж байсан ба ингэхдээ зөвхөн өөрсдийн дүр төрх, нэртэйгээр хийж байв. Тэд бие даан татвар татаас авах, өөрийн хуулиа зохиохоос гадна өөрийн гэсэн туграг хүртэл эзэмшиж байжээ.[6] Крымчүүд Османчуудад алба гувчуур төлдөггүй, харин ч эсрэгээрээ Османчууд тэдний цэргийг дайчилсан хэмээн алба төлдөг байв.[7] Османы эзэнт гүрэнтэй харилцах харьцаа нь холбоотон талаасаа тэр ч, оршин тогтносон хугацааны хувьд ч тэр Польш-Литвын Холбоотой жиших боломжтой юм. Османчууд тэдний морьт цэргийг европ, персийн олон дайнд дайчилсан байдаг.[8] Францын XVII зууны түүхч, газарзүйч Дюваль Д’Абвиль Крым Османы эзэнт гүрний харилцааг "Холбоот улсын" гэж тодорхойлсон байдаг, өөрөө хэлбэл тэгш тусгаар улсын хоорондох холбоо, өөр өөрийн захиргааны байгууллагтай байжээ гэж.

Алтан Ордноос чөлөөлөгдсөн нь

засварлах

1481 оноос хойш Алтан Орд улсыг захирч байсан Шейх Ахмедыг Крымын ханлиг 1502 оны зургаадугаар сард ялсан нь Оросын вангууд Алтан Ордын дараах улсуудыг, дан ялангуяа Казань- (1552 он), Астраханийн ханлигуудыг (1556 онд) алдах нөхцлийг түргэтгэжээ.

Алтан ордны улс унасан ч Крымын ханлиг хүчирхэгжиж Орос улс руу үе үе хүчтэй довтлох болсон тул Орос довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Оросын 1-р Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымын хараат байдалтай байсан гэсэн үг биш юм. Алтан ордноос салсан Казанийн ханлиг (1438–1552) 1552 онд, Астраханийн ханлиг (1466–1556) 1556 онуудад Орост эзлэгдсэний хариу болгож Крымчүүд Орост хүчтэй довтолгоо хийж байв. Крымын ханлиг Орос, Украины нутагт довтолж олон тооны хүмүүсийг боол болгон Турк руу зардаг байсан ба 1769 онд хамгийн сүүлчийн удаа Орост довтолж 1785 онд Оросын хаант улсад эзлэгджээ. "Орос,Түрэгийн 1787-1791 оны дайн" дуусгавар болж 1791 оны 12 дугаар сарын 29-нд Орос улс, Османы эзэнт гүрний хооронд байгуулсан "Энхийн гэрээ"-гээр Крымын ханлиг Оросын нэгэн хэсэг болсон ажээ.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Крымын ханлиг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

засварлах
  1. A. Fisher: The Crimean Tatars. S. 26f.
  2. Paine, Sheila: The Golden Horde: From the Himalaya to the Mediterranean. Penguin Books, 1998.
  3. Alan W. Fisher: "The Crimean Tatars." Hoover Institution Press 1978, S. 3ff.
  4. If the Ottoman dynasty is interrupted – a Giray should succeed the throne of Turkey. (Memento 17. Долоодугаар сар 2012 цахим архивт) (engl.)
  5. Sebag Montefiore. Prince of Princes: The Life of Potemkin. London, 2000.
  6. Hakan Kırımlı: Crimean Tatars, Nogays, and Scottish Missionaries: The Story of Kattı Geray and Other Baptised Descendants of the Crimean Khans. In: Cahiers du monde russe 45, Nr. 1/2004. S. 61–107.
  7. Alexandre Bennigsen: Muslims of the Soviet Empire. A Guide. 1986.
  8. List of Wars of the Crimean Tatars. zum.de (engl.)