Агваржин хаан нь 1423 оны харагчин туулай жил дор төрсөн. Тайсун хааны дүү юм. 1452 оны хар бичин жил дор хаан ширээнд суух ёслол болох хурим найранд ирээд алагджээ.[1][2]

Жонон хаан
Агваржин
Монголын хаан
Хаанчлал1452-1452
ӨмнөхТайсун хаан
УдаахЭсэн тайш
ЭцэгАжай
ЭхОйрад угсааны хатан
Ургийн овогБоржигин

1439 онд Ойрадын Тогоон тайш тэргүүтэй ноёд Тогтобуха тайжийг монголын хаан ширээнд залж, Тайсун хаан цолтой болсон. Тайсун хаан, дүү Агваржинг монголын баруун гарын Түмэд, Ордос, Юншээбүү аймгийг захирах жонон өргөмжлөн суулгажээ. Тэр үеэс арав гаруй жил Монгол улсыг хамтран захирч байсныг монголын түүхэн сурвалжид

Дээр хөхрөгчид наран саран хоёр Доор хөрстөд хаан жонон хоёр[3] гэж тэмдэглэжээ.

1450-иад оны эхнээс хаан, жонон хоёрын дунд гарсан эрх мэдлийн төлөөх тэмцэлийг Эсэн тайш тэргүүтэй ойрадын ноёд ашиглан, монголын хаан ширээг булаахаар хаан, жонон хоёрын дунд яс хаях болжээ. Тайсун хаан нэгэн удаа алагчуудын Цагаан гэх хүнийг Агваржин жононгоос өгөхийг шаардахад эс өгөв. Харин Цагаан гэх хүн нь "Ооно хэзээ орох вэ, Гурын эвэр хэзээ унах вэ"[4] гэж хаанаас асуу гэдэг үг заан жононг хатгасанд, тэр ёсоор хаан ахаасаа асуутал, Тайсун хаан хэлсэн нь: "Орогч ооно тэнэг, асуугч Агваржин тэнэг"[4] гэсэнд, Миний тэнэгийг эс мэдсэн биш гэж хариу хэлжээ. Энэ явдлын дараа Цагааныг булаан авч явсанд, жонон уурлаж ордосын Хатантөмөр, Юншээбүүгийн Нэхийтөмөр хоёр элчийг ойрад руу илгээж, "Би Тайсун хаан ахаасаа өөр болов. Дөрвөн түмэн Ойрадтан лугаа нэгэн болов. Харгучуг тайж гагц хошуу биш үү, ууханы Садагчин сэцэн хоёрыг алъя"[5] гэж хэлүүлсэнд ойрадын ноёд зөвшөөрч, "жонон чи хаан бол, жонон цолоо манд өг. Энэ үгийг зөвшөөрвөл нэгдье"[5] гэж элчээр хэлүүлсэнд, Жонон тэр даруй цэрэг ардаа дагуулан ойрадыг даган нутаглав. Дараа нь ойрадтай хамт цэрэглэн ирээд Тайсун хаантай байлдаж ялаад, зугтаалган алдав. Тайсун хаан Горлосын Цэвдэнгийн гарт алуулсны дараа 1452 онд ойрадын ноёд чуулж хэлэлцсэн нь:

"Өөрийн төрлөө эс санасан хүн

Манай төрлийг санаму.

Өөрийн төрийг эс санасан хүн

Манай төрийг санаму.

Өөрийн нэрээ эс санасан

Манай нэрийг санаму.

Өөрийн галд ус хийв.

Манай галд тос хийв.

Энэ хэнд сайт жонон буй"[1][2] гэж хэлэлцээд хурим найр хийх газарт хоёр гэрийг холбож бариад, гэрийн доор гүн нүх ухаж, дээгүүр нь цагаан толог эсгий тавьж бэлдэв.

Тэр өдөр тогтоосон газар нь Агваржин жонон, хүү Хархуцаг тайж болон өөрийг нь дагасан 33 өрвөлөгтөн, 44 отготон, 61 хиуртан ноёд түшмэдээ дагуулан баясгалантайяа хүрж очжээ.

хаан хошоод нөхөртэй цувж ор, бид дуулж аяга барин суулгая хэмээгээд, төдий бус олныг хол суулган, хаан дөрвөн нөхөртэй, тайж нар хошууд нөхөртэй дуудаад, гэрт орогсод орилоход чанга дуу хөгжимөөр чимээг дарж сэжиг авахуулалгүй гүн нүхийг дүүртэл зочидыг хядав.[3]

Энэ бол Ойрадын Эсэн тайш төрийн дээд эрхийг булаан авах эргэлтээ дуусгах эцсийн аллага байв. Тэрээр, түүний шадар бараа бологчидыг их гэрийн дотор ухуулсан гүнзгий нүхийг цагаан эсгийгээр таглаад, Монголчууд хамгийн хүндэт зочиноо ам цагаан эсгий дээр гишгүүлдэг ариун ёсыг бузар хар хэрэгтээ ашиглаж гучин гурван отгот, дөчин дөрвөн өрөвлөгт, жаран нэгэн хиурт олон ноёдыг тэрхүү эсгий дээр гишгүүлэн гүнзгий нүхэнд түлхүүлэн оруулж хороосон нь 1452 онд болсон бололтой. Энэ гунигт явдалын улмаас “ ноёдын үхэл чуулганд , нохойн үхэл ганганд ” гэдэг өвөрмөц хэллэг үүссэн ажээ. Гэхдээ зарим сурвалж бичигт тухайлбал: Саган сэцэн-ий Эрдэнийн товч-д Агваржин хаанд өргөмжлөгдөөд дараа нь дайллаганд уригдаж очоод алагдсан гэж бичсэн байдаг. Агваржин жононгийн хүү Хархуцагхунтайж амьд гараад Цагаадайн улсруу зугтаж яваад зам зуураа хорлогджээ.

Өмнөх
Тайсун хаан
Монголын Хаан
1452-1452
Дараах
Эсэн тайш
Өмнөх
Харгучуг Дүүрэнтөмөр хунтайж
Бага хаадын үеийн Монгол улсын Жонон
1438-1452
Дараах
Баянмөнх жонон
  1. 1.0 1.1 Хаадын үндсэн хураангуй Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. pp. 91–92.
  2. 2.0 2.1 Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 245–246.
  3. 3.0 3.1 Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар. pp. 114–116.
  4. 4.0 4.1 Хаадын үндсэн хураангуй Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар. 2006. p. 89.
  5. 5.0 5.1 Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар. pp. 243–244.