Гүнбилэг жонон
Гүнбилэг мэргэн хар жонон (1506-1542[1]/1550[2]) бол Даян хааны дунд хөвүүн Барсболд жононгийн ахмад хөвүүн юм. Улаан барс жил[3][4] буюу 1506 онд төрсөн. Тэрээр эцгийнхээ дараа 1519 онд жонон цолыг залгамжлаад, 1542[1]/1550[2] оныг хүртэл Ордос түмэнээр төвлөрсөн баруун гурван түмнийг захирсан. их хаанд нэр төдий захирагдаад, түүний үед баруун түмэн их хүчирхэг болсон. Түүний нэрийг түүхэнд Гүмэли, Гүнбилиг, Мэргэн хар жонон гэх зэргээр дуудлага, бичлэгийн зөрүү, буруу сонссон, эсхүл цолоор нь нэрлэх явдалтай нягт холбогдож байдаг. Түүнийг нас барсны дараа ууган хүү Ноёндара нь жонон цолыг залгамжлан Ордосын эзэн болсон ч, баруун гурван түмний улс төрийн төв нь дүү түмэдийн Алтан ханд шилжсэн.
Түүхийн тойм
засварлах1524 оны бич жилд урианхайны Түрүй ноён, Гэрэболд чинсан зэрэг ноёд цэргийн хүчээр Боди Алаг хааны хүрээг довтлон дээрэмдсэнд, Гүнбилэг жонон, түүний дүү Алтан нар нийтдээ Урианхай руу 6 удаа цэрэглэсэн ажээ. Энэхүү бослого 20 жил үргэлжилж 1544 онд дарагдсан ажээ.[5] Урианхайг номхотгох зургаан удаагийн дайн болсноос таван удаад нь 1524, 1531, 1533, 1538, 1541 онд тус бүрт нь баруун түмний цэргийн хүч идэвхтэй оролцов.
1531 онд дүү Алтангийн хамтаар урианхайг Бурхат хан ууланд довтлон урианхайг бут цохисон.[5] 1533 онд урианхайн ноёд Боди Алаг хааны орд гэрийг довтлон дээрэмдсэн тул, урианхайг хариу довтлов. Уг жилдээ хятадын Датун зэрэг хилийн хотууд руу довтлон дээрэм тонуул хийв. 1538 онд зургаан түмэн монголын хүчээр урианхайг довтлох үед баруун гурван түмнээ удирдан урианхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нарын ноёдыг барьж цаазлаад томоохон ялалт байгуулсанд, Боди Алаг хааны зарлигаар Гүнбилэг жононд "Мэргэн хар жонон" гэх цолоор шагнажээ. 1541 онд урианхайн үлдсэн цэргийн хүчийг довтлон заримыг нь олзлов.
Хөх нуурт орогнож байсан Ибрай тайш, Бурхай тайш нарын бүлэглэлийг 1532 онд Шунхалаар даван Бухын голыг гаталж уйгудын Бурахай тайшийг довтлосонд, өөрийн охиноо Гүнбилэгт өгөөд зугтан оджээ.[6]
1534 онд ордос, түмэдийн цэргийг авч Хөхнуурын газрыг довтлов. 1542 онд Мин улсын Ланжоу хотыг довтлосны дараа 37 насандаа таалал төгсчээ.[1] Харин түүний таалал төгссөн жилийг 17-р зууны түүхийн шастирт дараах хоёр байдлаар тэмдэглэжээ.
- 1617 онд зохиогдсон "Эрдэнэ тунамал нэрт шастир" буюу "Чакраварди Алтан хааны тууж"-д "Хар барс жилд (1542 он) гучин долоон насандаа, Хан тэнгэрийн заяагаар төрөл улирсан нь тийм булгээ"[1]
- Саган сэцний зохиосон Эрдэнийн товчд "Мэргэн жонон арван есөн од болоод, дөчин тавнаа цагаан нохой (1550 он) жилээ халивай"[2]
Гэр бүл
засварлахӨвөг эцэг: Даян хаан
Эцэг: Барсболд жонон
Хатад
засварлах- Тансаг хатан: Түмэд Ханлины Найлан Шигэрийн охин. Ноёндарь жонон, Байшонхор тайжийг төрүүлсэн.[2]
- Эшигэ хатан: Халх Жалайрын Эсэн шигэчиний охин. Ойдарма номхон ноёныг төрүүлсэн.[2]
- Алтанчу сайн хатан: Түмэд Монголжины Чэгүдийн Хоосай тавнангийн охин.Номтарни гоо тайж, Буянхули дурал тайж, Базар үйзэн, Бадамсамбуу сэцэн нарыг төрүүлсэн.[2]
- Намурча хатан: Ибарай тайшийн охин. Намудара дархан ноён, Унлахан илдэн ноён хоёрыг төрүүлсэн.[2]
Үр хүүхэд
засварлах- Ноёндара жонон: Ордосын Дөрвөн хороо отогт эзэн суув[7]
- Байсанхор тайж: баруун гарын Хэгүүд шувуучин, Урад тангуд отогт эзэн суув[7]
- Ойдарма номхон ноён: баруун гарын Далад ханлин, Мэргид Баханас дээр эзэн суув[7]
- Номтарни гоо тайж:баруун гарын бэсүд, үүшин дээр суув[8]
- Буянхули дурал тайж: баруун гарын Бэтэгин, Халигучин дээр эзэн суув[8]
- Базар үйзэн: зүүн гарын Хуучид, Хэриеэс дээр суув[8]
- Бадамсамбава сэцэн баатар: зүүн гарын Чагад, Мянгад, Хоньчин, Хояагучин дээр суув[8]
- Намудара дархан ноён: баруун гарын дөрвөн отог Уйгурчин дээр суув[8]
- Онлаган илдэн ноён: баруун гарын гурван отог Амахай-тан дээр суув.[8]
Өмнөх Барсболд жонон |
Монгол улсын Жонон 1519-1542 |
Дараах Ноёндарь жонон |
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Чакраварди Алтан хааны тууж. Translated by Д, Заяабаатар (1 ed.). Улаанбаатар. 2006. p. 22.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан. Улаанбаатар. p. 138.
- ↑ Чакраварди Алтан хааны тууж. Translated by Д, Заяабаатар (1 ed.). Улаанбаатар. 2006. p. 15.
- ↑ Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Translated by М, Баярсайхан (1 ed.). Улаанбаатар. p. 137.
- ↑ 5.0 5.1 Монгол улсын түүх. Vol. 3. Улаанбаатар. 2003. pp. 81–82.
- ↑ Чакраварди Алтан хааны тууж. Translated by М, Баярсайхан. Улаанбаатар. 2006. pp. 18–19.
- ↑ 7.0 7.1 7.2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.138
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 8.4 8.5 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.139