Бадраагийн Бадар-Ууган


Бадраагийн Бадрууган - (1952-2000) -Монгол Улсын урлагийн зүтгэлтэн.

Намтар засварлах

Бадраагийн Бадар-Ууганы эцэг Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Жамцын Бадраа, эх хүний гавьяат эмч Х.Бадарч нарын ууган хүү болж 1952 онд төржээ.

Тэрээр ЗХУ-ын Лениград хотын Соёлын их сургулийг театр, киноны найруулагч мэргэжилээр 1979 онд төгссөн.

1979 оноос Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрт найруулагчаар томилогдон уран бүтээлээ эхлүүлсэн байдаг. Тэнд анх Оросын жүжгийн Их зохиолч Н.Островскийн “Хонь чоно” зохиолоор жүжиг найруулан тавьсан гэдэг.

Б.Бадар-Ууган олон монголчуудад урлагийн сэтгэлгээний их өв үлдээжээ. Тэр театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө мэргэжлийнхэн үнэлж байна.

Түүний 1996 оны 10-р сард буй болгосон Радио, телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон институц болжээ.

Тэр мөн “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч. Цахилгаан бөмбөр морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аяс оруулж чадсан.

Тэрээр 1990 оноос шинэ Засгийн газрын Соёл урлагийн хорооны даргаар ажилласан.

“Хайрын дурсамж”, “Хүлээсэн хавар”, “Улаанбаатарын үдэш”, “Хонин цагаан үүл”, “Уянхан хорвоон хань”, “Улаанбаатарын агаар”, “Сэрүүн цэцэгс”, “Зүүдэлснийг минь уучлаарай”, “Гэрлэж амжаагүй явна” гээд олон өнгө төрх, хөг хэмнэлтэй дуунуудыг тэрээр амьлуулсан байна.

Түүний найруулсан дэлгэцийн уран бүтээлийн анхдагч нь Д.Намдаг зохиолчийн “Цаг төрийн үймээн” романаас сэдэвлэсэн "Төрийн сүлд минь өршөө" болон "Ертөнцийн сүүлчийн чулуу" (1995), "Шинэ үсгийн багш"(1998), "Уулын хөх сүүдэр" МУСК (2000) зэрэг бүтээл юм.

2012 онд түүний тухай "НЕПКО" компани С.Баярын зохиосон "Ууган" гэж ном гаргасан байна.

Гэр бүл засварлах

Эхнэр Нараа, хүү Б.Наранзун, дунд хүү Б.Мөнгэрэл, Б.Гийгүүлэн нар.