Захчин

(Захчин ястан-с чиглүүлэгдэв)

Захчин (Zahaqin aimag) бол Ойрадын нэгэн аймаг юм. Судалгааны материалууд болон овог элкэний нэр зэргээс харахад захчины угсаа гарвал Алунгоо хатны төрүүлж өсгөсөн Бэгэнүгүдэйн үр хойчис буюу Бүгүнүд, Харчин, Мухулайнхан овог элкэнээс гаралтай хэсэг бөгөөд Өрлөг жанжин Зэлмэ, Мухулайн харъяаны ардууд билээ. Их Монгол улсын үед болон түүнээс өмнө үед амьдарч асан газар нутаг нь XIII-XIV-р зууны үеийн Их Монгол улсын задарлын үед Баруун болон Халх Монголын хилийн бүс нутаг болж оршин суугаа газрын амьдралын нөхцлөөс хамаарч тоо толгой нь эрс цөөрсөн учраас 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошигт хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан сэлгэж улсынхаа зүүн өмнөд Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Булингар гол, Өрөнгө гол, Чингэл гол, Булган гол, Цагаан тохойн газар хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна.


Захчин ястан
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд тоо — 33 мянга. Үүнээс:

 Монгол — 32,845 (2010)[1]

Хэл аялгаМонгол хэл (өрнөд-төвийн завсрын аялга)
Бичиг үсэгМонгол кирилл үсэг; Худам, Тод хоёр монгол үсэг
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан
Төрөл холбоо
Ойр төрөлбусад Ойрад, бусад Монгол үндэстэн
Хэл угсааМонгол угсаатан

Захчин хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг нь илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж захчин нэр үүссэн байна.

XYIII зууны эхэн үед захчинууд Зүүнгарын хаант улсаас Киргиз, Дундад азийн Хотон, Уйгар угсааны зарим улс, Халхтай савладаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Булингар гол, Өрүнгэ, Булган, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байв. Тэд улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвөл ан агнаж улсад ангийн мах, арьсаар алба өргөдөг байв. Бас Зүүнгарын хаант улсын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулж нэг жил өнжөөд мал нийлүүлэхийн сацуу Зүүн гарын хаант улс цэрэг хөдөлгөн дайтах, Төвд зэрэг харь улсад элч төлөөлөгч илгээх үед захчин нараас нэмэгдэл алба татдаг байсан аж.

Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж явсан байна. Тэднийг Зайлганы газар түр суулгаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулс зэрэг газар нутаглуулжээ. Улмаар 1759 онд тэдэнд нутаг олгож Байтаг, Хавтаг хавьд нутаглуулсан байна. Гэвч удалгүй газрын ойрыг харгалзаж, 1777 оноос Захчиныг Ховдын манж сайдын мэдэлд захиргасан байна.

1777 онд гүн Жамцан нас барсан бөгөөд 1778 онд Захчинаас Мамудын язгуурын албат 30 гаруй өрхийг таслан хондого сум зохион, Жамцаны хүү Мэндэшид захируулж эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Энэ үеэс захчин нь гүнгийн хошуу, бүгдийн даргын хошуу хэмээх хоёр хошуутай болов.

1801 онд Ховд хот, Өрөмчийн манж сайд нар зөвлөлдөөд Ховд, Гүйчэн хотын хооронд тавьсан, суурь өртөөний албыг гүйцэтгэж байсан халхын ардуудыг татан буулгаж нутагт нь буцаагаад, оронд нь захчинаас 80 өрх цэрэг гарган өртөөний албыг хаалгасан нь манжийн дарангуйллын туршид үргэлжилжээ.

1911 онд Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагасны эсэргэн жил буюу 1912 онд Монголын засгийн газраас манжийн тогтоосон хуучин засаг захиргааг устгахад захчин хоёр хошуу Дөрвөдийн үнэн зоригт ханы аймагт захирагджээ. Мөн захчины хоёр хошууны ноёдод манжаас олгосон хошуу захирах тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгон бүгдийн даргыг үе залгамжлах хошуу ноён болгож, гүнгийн хэргэм шагнажээ. Тэр үеэс захчины хойт хошууг захчин сэцэн гүнгийн хошуу, урд хошууг захчин бэйлийн хошуу хэмээн нэрийдэх болов.

1925 онд Ардын засгийн газрын шийдвэрээр захчины хоёр хошууг нэгтгэн Баатархайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Улаангомд төвлөсөн Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1931 онд хуучин Захчин бэйлийн хошуугаар Үенч, Захчин гүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Мөст, Алтай сумдыг байгуулж Ховд аймагт захируулав. Эл зохион байгуулалт өдгөө ч өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Захчингуудын уг сурвалж нь Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахиж агсан отог билээ. Тэднийг голчлон Ойрадын овог аймгуудаас, тэр байтугай халх хошуудаас ч хамруулан байгуулсан байж болох үндэстэй. XVII зууны эхэн хагаст захчин нар Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн Хавирга, Их Жултас, Бага Дултас, Булингар гол, Өрөнгө гол, Булган гол, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байжээ. XVIII зууны тэргүүн хагасын эцсээр Зүүнгарын Хаант улсад хааны шууд мэдлийн 20 гаруй отог байсан бөгөөд захчин нар биеэ даасан нэг отогт тоологдож байлаа. Тэр цагт захчин отог бүгд 2000 гаруй өрхөөс бүрэлдэж байсныг хааны тохоосон гурван зайсан захирдаг байсан. Захчин нар өөрийнхөө хүч хөрөнгөөр улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвөл ан агнаж, улсад ангийн махаар алба өргөж, бас Зүүн гарын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулан нэг жил алгасаад мал нийлүүлдэг байв. Гол төлөв ойрад гарлынх боловч түүхийн дараах үед Халхын Засагт Хан аймгийн болон Ховдын хязгаарын мэдэлд байснаар үүнийг тайлбарлаж болно. 1754 онд отгийн зайсан Хөгшин Мамууд Чин улсын цэрэгт баригдаж, харьяат 2300 илүү хүнийг нь Тэсийн гол Ойхонд шилжүүлэн Чингүнжавын хошуунд түр захиргав. Үүний хамт Хөгшин Мамуудыг Дотоод сайдад өргөмжлөн, захчины бүгдийн дарга болгожээ. 1753 онд уул захчин отгийн нөгөө нэг зайсан Дондог харъяат 1000 илүү өрхөө дайчлан Чин улсад дагасан боловч Чингүнжавыг урвахад дагалджээ. Тэр хэрд Зайсан Мамууд урваагүй тул Амарсанаад алагдав. Хойно нь захчин олныг Ойхоноос Заг, Байдрагт шилжүүлэн, 1762 онд нэгэн хошуу болгон бүгдийн дарга 1, суман занги 9 (доор нь ерийн сум 4, залгамжлах сум 1)-ийг томилжээ. 1781 оны захчин хошууны олныг Заг, Байдрагаас Ховдын баруун өмнө (уул нутаг) нүүлгээд, бүгдийн дарга-2, залан-1, занги, орлон хөөгч (хүнд) тус тус дөрвийг томилов. Хөгшин Мамуудын хуучин гавъяаг бодож, түүний шууд харъяатыг өөр нэгэн үе залгамжлах сум болгожээ.

Захчингуудын уугуул нутаг нь өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг, тэр дундаа Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумд. Түүхийн янз бүрийн донсолгооны улмаас зарим нь хил даван өнөөгийн БНХАУ-ын Шинжаанд амьдарч байгаа бол Монгол Улсад багаар бодоход 40 шахам мянган захчин бүх аймаг орон нутагт таран амьдарч буй. Хүн амын тооллогод ихэнх хүмүүс яс үндсээ буруу мэдүүлдгийн балгаар бага ястнуудын нарийвчилсан тоог гаргахад хүндрэлтэй байдаг.

Үенч сум Л. Муушар Монгол улсын хөдөлмөрийн баатар

Сандагийн Бямбацогт Монгол улсын Батлан хамгаалах яамны сайд, УИХ-ын гишүүн. Манхан сум

Эх сурвалж

засварлах
  1. Монгол улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн (Memento 12. Гуравдугаар сар 2016 цахим архивт).
  2. "Khovd Aimak Statistical Office. 1983-2008 Dynamics Data Sheet". Archived from the original on 2011-07-22. Татаж авсан: 2012-11-05.
  • Дай Чин улсын үеийн Монголын түүх Хөх хот, 1983, хуудас 317
  • Монгол Улсын угсаатны зүй Улаанбаатар, 1996, хуудас 334