Доржийн Сүхбаатар

Боржигин овогт Доржийн Сүхбаатар (1957 онд Монгол улс, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн)-Монголын хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач.

Доржийн Сүхбаатар
Төрсөн1957 он
Хэнтий аймаг, Өндөрхаан
Яс үндэсХалх
ҮндэстэнМонгол
Төгссөн сургуульАзербайжан улсын их сургууль, Удирдлагын Академи
АжилХуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач

Эцэг Сономын Дорж нь Өвөрхангай аймаг, Дэлгэрэх булаг сумын уугуул, төрийн албан хаагч байсан. Өвөг эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан, өндөр өвөг эцэг нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны Соном гялхай мээрин гэдэг эрдэм номтой хүн байсан. Эх Дунжаагийн Сэрж нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард.

Д. Сүхбаатар нь 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуулийг онц төгссөн. Тэрбээр 1974 онд 17 настайдаа Азербайжан Улсын Их Сургуулийн Хуулийн факультетад элсэн ороод 1979 онд төгсөж, “Хуульч” мэргэжил эзэмшсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн.

Д.Сүхбаатар өсвөр залуу наснаасаа эхлэн монголын түүх, өрнө, дорно дахины түүх, гүн ухаан, уран зохиолыг ихэд сонирхож судалдаг байсан. Орос хэл эзэмшсэн, англи хэл судалсан, босоо монгол бичгийг бие даан судалж сурсан.

Наяад оноос эхлэн тэрбээр дэлхийн томоохон шашин: христианизм, ислам, индуйзм, буддизмыг сонирхож бие даан судалж байв. Дараа нь удалгүй Буддын шашныг сонгож, Бурхны шашинтан болсон.

Д.Сүхбаатар 22 настайдаа төрийн албан хаагч болж, 1979-1991 онд Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргааны Зохион байгуулагч, 1992-2005 онд Улаанбаатар хотын Багануур дүүрэг, 2006-2007 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Ахлах зохион байгуулагч, Хуулийн зөвлөхөөр ажилласан.

1990-1991 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан. 1991-1992 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллаж байв. 2007 онд БНСУ-ын “Сонжингрупп” ХХКомпанийн Хуулийн зөвлөхөөр ажилласан.

2008-2017 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын Хуулийн зөвлөх, мэргэжилтнээр ажилласан.

Д.Сүхбаатар нь Хууль зүйн Магистр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн. Монголын Шилдэг Нийтлэлчдийн Клубын гишүүн.

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Д.Сүхбаатар нь 1980-аад оноос эхлэн өдгөө хүртэл орон нутаг болон төвийн сонин хэвлэл, сайтуудад олон нийтийн анхаарлыг татсан олон арван өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл бичиж байв. 1988 онд тэр үеийн монголын хамгийн олон хувиар хэвлэгддэг “Үнэн” сонинд түүний Хэнтий аймагт ажиллаж байхдаа бичсэн нэг үзэл сурталт дарангуйллын нийгмийн ном хэвлэлийн бодлогыг хэрхэн өөрчилж шинэчлэх тухай “Хэвлэлийн бодлогоо шинэчлэн өөрчлөе” хэмээх нийтлэл нь ихээхэн шуугиан тарьж, “Үнэн” сонины оны тэргүүн шагналыг авч байлаа. Түүний 1988 онд бичсэн буриад, халимаг, тува, өвөр монголын түүхийн тухай өгүүлсэн "Дагаар орсон монголчууд" хэмээх түүхэн нийтлэл нь анх 1990 онд Хэнтий аймгийн "Цагийн өнгө" сонинд цувралаар хэвлэгдэж уншигчдын дунд ихээхэн шуугиан тарьж байв. 1990 оноос эхлэн Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, ”Үндэстэн.мн ”, "Sonin.mn", "Baabar.mn" сайтад нийтлэгдэж байсан түүний бичсэн нийгэм улс төр, ёс суртахуун, шашны хурц асуудлыг хөндсөн олон өгүүлэл, нийтлэлүүд нь уншигчдын талархлыг хүлээж байв. Тэрбээр Оросын Холбооны Улсын "SaveTibet.ru" болон "Бурятия наш дом" зэрэг сайтад орос хэлээр сонирхолтой өгүүлэл нийтлэл бичиж, оросын уншигчдын анхаарлыг татаж байв.

Д.Сүхбаатарын бичсэн номууд нь хүн төрөлхтний түүх, соёл, шашин, урлаг, шинжлэх ухаан, бясалгал, гэгээрэл, гүн ухаан, нийгэм улс төр, хувь хүний хөгжлийн тухай өргөн сэдвийг хамарч баримт дүгнэлттэй, логик уялдаатай, далайцтай, сонирхолтой, гүн утгатай, энгийн байдгаараа уншигчдын талархлыг хүлээсэн байдаг.

Түүний бичсэн “Дагаар орсон монголчууд” хэмээх анхны ном нь 1999 онд хэвлэгдэж, уншигчдын анхаарлыг татаж байв. 2006 онд “Лам багшийн айлдвар” хэмээх номоо бичиж хэвлүүлэв.

2013 онд "Эзэн Богд Чингис хааны алтан сургаал, алдар гавьяа", "Хубилай сэцэн хаан","Төр", "Цөвүүн цагийн Монгол", "Монголын Бурханы шашны сэргэн мандалт, алдаа оноо" - "Дорны урт наслах ухаан", "Хувилгаан", "Сүсэгтэн", "Түвд оронд зорчихуй", "Мангас", "Сингапурын үсрэлт", "Мэргэн жаал" зэрэг олон нийтлэл, тэмдэглэлийг багтаасан “Гэгээрэл” хэмээх номоо бичиж хэвлүүлсэн. Энэ ном хэвлэгдэж гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, олны талархал хүлээж байв.

2015 онд “Авралын сургаал” хэмээх номоо бичиж хэвлүүлсэн. Доржийн Сүхбаатарын 2020 онд бичиж хэвлүүлсэн “Алтан ураг” хэмээх  шинэ ном нь монголын алтан ургийн их хаадын гавьяа түүх /Чингис хаанаас эхлээд Бат хаан, Газан хаан, анхдугаар Богд Занабазар,  алтан ургийн сүүлчийн удам Навааннэрэн хүртэл/ ,  харьд алдагдсан монгол туургатан буриад, халимаг, тува, өвөр монголын үнэн түүх, төгс гэгээрсэн Бурхан багшийн намтар, сургаал,  монголын хойд нутгийг харьд алдсан тухай, уламжлалт монгол төрөөсөө урвасан эмгэнэлт түүх / ойрад ноёд, монгол ноёд, улаантны урвалтын тухай /, дүрвэгсэд /дэлхийн ба монголын дүрвэгсэд /, эрдэм сурах шилдэг арга, англи, америкийн их сургуульд үнэгүй сурах боломж, эрүүл амьдрал, аз жаргал, тэгээс эхэлсэн дэлхийн тэрбумтаны өөрийгөө бүтээсэн амжилтын нууц  /америкийн Билл Гейтс, солонгосын Чон Чжу-ён, хятад бүсгүй Цюньфэй /, азийн агуу гурван удирдагчийн улсаа хөгжүүлсэн түүх / туркийн Кемал Паши, солонгосын Пак Чонхи, сингапурын Ли Куан /, дэлхийн кино урлаг, тулааны урлаг / ушу, каратэ /, Япон, Хонгконг, Макаод аялсан  тэмдэглэл, зохиогчийн дурсамж, дуу, шүлэг, эссе, уран сайхны өгүүллэг зэрэг дал гаруй бүтээлийг багтаажээ. Зохиогч энэхүү номондоо өөрийгөө бүтээсэн дэлхийн алдартай хүмүүсийн тухай буюу “Self made” сэдвээр сонирхолтой нийтлэлүүд бичжээ.Зохиогч уг номондоо орос, англи хэл дээрхи ховор чухал эх сурвалжийг хөрвүүлэн өмнө нь Монголд судлагдаагүй сэдвээр түүхэн ховор нийтлэлүүд  бичжээ. Д.Сүхбаатар 2019 онд "Ариун Түвдийн орноос агуу Наран улсад аялсан нь" хэмээх ном бичсэн. Энэ номонд тэр бээр дорно дахины орнуудаар хийсэн хувийн аялалынхаа тухай сонирхолтой нийтлэлүүд бичжээ. Мөн тэр бээр 2020 онд дэлхийн суут удирдагчид болон шилдэг бизнесмэнүүд хэрхэн өөрийгөө дайчилж амжилтанд хүрсэн тухай "Өөрийгөө бүтээхүй" хэмээх онц сонирхолтой ном бичжээ. 2021 онд Эзэн Богд Чингис хааны сургаал болон Бурхан багшийн сургаалийг өгүүлсэн "Алтан сургаал" хэмээх гэгээрэлийн тухай ховор ном бичсэн. Д.Сүхбаатар 2021 онд шинээр "Орос орон" хэмээх онцлог түүхэн ном бичсэн. Д.Сүхбаатар нь түүх, соёл, шашин, нийгэм улс төрийн сэдвээр одооны байдлаар нийтдээ 500 гаруй нийтлэл бичжээ.

Д.Сүхбаатар нь 2005 оноос эхлэн уран зохиолын салбарт бүтээл туурвиж эхэлсэн. Тэр бээр "Ээж минь миний Бурхан", "Аав минь миний Бурхан", "Бурхан багш дор мөргөмүү", "Есөн гэгээнтний магтаал", "Дурсамж", "Хэрлэн гол минь", "Монголчууд", "Амар амгалан", "Ерөөл тавин золгоё","Ухаарал" ,"Хүний ертөнц юугаар дутдаг юм бэ", "Дээд ", "Монголын гайхамшиг", "Алтан ураг" ,"Азтай эр", "Наран улсыг хүндэтгэнэм", "Доройтсон монголчууд", "Ургийн баяр", "Талархал", "Хорвоогийн жам"," Бясалгал", "Сүсэгтэн", "Гэмшил", "Харьд алдсан нутаг минь", "Сэтгэл" зэрэг шүлэг бичиж туурвисан. Д.Сүхбаатар " Богд хааны сүүлчийн бодрол", "Олзлогдсон япон цэргийн өчил" , " Мөргөлчин"," Сүбээдэй баатарын цалам", "Халагдсан албан хаагч", " Шуурга", "Босогч", "Хубилай хааны сүүлчийн бодрол" уран сайхны өгүүллэг, "Дэлхийг онилсон сүүлт од" уран зөгнөлт өгүүллэг, " Сүүтэй Бурхан", "Эрх чөлөө", "Сумын наадам", "Сансарт хүлэгдсэн Хүмүүн" зэрэг эссе туурвин бичжээ. Д.Сүхбаатар 2018 онд "Буянтай ээж минь" хэмээх дуу зохиож, видео клип бүтээж, "Н.Дашдэмбэрэл Буянтай ээж минь" гэсэн нэртэйгээр интернетийн "Youtube" дээр байршуулж, олны хүртээл болгосон. 2020 онд "Аяа, Бидний Замбуулин" хэмээх дууны аялгуу, шүлгийг зохиож, энэхүү дууныхаа видео клипийг бүтээж, "Aya bidnii zambuulin - Дуучин Ц.Туяацэцэг Аяа бидний замбуулин " нэртэйгээр интернетийн "Youtube" дээр байршуулж, олны хүртээл болгосон.

Д.Сүхбаатарын хамгийн том бүтээл бол түүний хорин жилийн турш цуглуулж хуримтлуулсан судалгаан дээрээ тулгуурлаж хоёр жил бичсэн, 2005 онд хэвлэгдсэн “Бурхан - Хүмүүн ертөнц” хэмээх 711 хуудас бүхий ном юм. Энэ бүтээл нь 8 бүлэг, 72 хэсэгтэй, монгол, орос, англи хэл дээрхи 79 ном, эх сурвалжийг ашиглаж бичжээ. Зохиогч энэхүү номондоо дэлхийн өрнө, дорно дахины хүчирхэг үндэстнүүдийн түүхэн хөгжил, өрнө, дорны их хаадын түүх, дэлхийн томоохон шашнууд, түүний дотор буддын шашны сургаал, дэлхийн соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн сэдвийг хамруулсан нь өрнө, дорныг хослуулж бичсэн дэлхийн хэмжээний том бүтээл болжээ. Монголд анх удаа дэлхийн том шашнуудын гол судар "Дхаммапада", "Библи" / Хуучин ба Шинэ гэрээ /, "Коран", "Бхавадгита"-гийн харьцуулсан нарийн судалгаа хийж, энэхүү номондоо тусгажээ.

Д.Сүхбаатар нь 2011 онд монголын уламжлалт соёл, ёс зүй, буддын сургаалийг түгээн сурталчлах, байгаль орчныг хамгаалах  зорилгоор “Номын гэрэл - Ногоон дэлхий” төрийн бус байгууллагыг санаачлан үүсгэн байгуулсан. Тэр бээр байгаль орчныг хамгаалах хуулиадад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, байгаль орчныг хамгаалах төсөл бичиж, өөрийн хандиваар хэвлүүлсэн “Лам багшийн айлдвар”, “Авралын сургаал” номоо сүсэгтэн олон болон өсвөр залуу үеийнхэнд  номын өглөг болгон үнэ төлбөргүй түгээж байв.  Д.Сүхбаатар нь өөрийн цуглуулсан номын арвин сангаас дэлхийн сонгодог болон монголын шилдэг уран зохиолын 100 гаруй номыг  Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Номын санд 1988 онд хандивлаж байжээ. Мөн сүүлийн үед бичиж хэвлүүлсэн өөрийн номуудын дээжийг 2005-2020 онд нийслэл хотын төв номын сангууд болон Багануур дүүрэг, Хэнтий аймгийн сургууль, номын санд хандивласан ажээ.  Эдүгээ тэр бээр өөрийн “ Sukhbaatar.dorj / facebook.com” дээр болон  сурагч, оюутнуудад хийдэг лекц яриандаа  өөрийн номууддаа бичсэн  монголын түүх, соёл, уламжлалт ёс зүй, Бурхан багшийн сургаал, Чингис хааны гавьяа, сургаалийг  түүвэрлэн өсвөр залуу үедээ  тогтмол таниулан сурталчилсаар байна. Д.Сүхбаатарын “Дагаар орсон монголчууд”, “Бурхан - Хүмүүн ертөнц”, “Гэгээрэл”, "Алтан ураг "зэрэг номноос нь гадаадын тэр дотроо Оросын Холбооны Улсын монгол судлаачид, эрдмийн зэрэг горилогчид эх сурвалжаа болгон иш татаж ашигладаг ажээ. Тэр бээр сүүлийн үед өөрийн бичсэн  номуудаа “Bookstore.mn” болон "Esan" электрон номын сайтад байршуулж, өсвөр, залуу үеийнхэн энэхүү  сайтаас түүний бүтээлүүдтэй танилцах боломжоор хангаад байна. Д.Сүхбаатар нь  2015 оноос эхлэн Интернет дэхь дэлхийн “Wikipedia” / Чөлөөт нэвтэрхий толь бичиг /-ийн идэвхтэй гишүүн болж, уг нэвтэрхий толь дээр монгол, орос хэл дээр гарсан монголын түүх, соёл, шашны сэдэвтэй өгүүлэлийг шинэчлэн бичих,алдаатай  зүйлийг нь зөв болгон засварлах зэрэг ажлуудыг хийж байна. Д.Сүхбаатар нь эдүгээ "Номын гэрэл - Ногоон дэлхий" төрийн бус байгууллагын Тэргүүн, "Sonin.mn" , "Baabar.mn" сайтын нийтлэлчээр ажиллаж байна.

Бүтээл ном

засварлах
  • “Дагаар орсон монголчууд” ном, 91 хуудас, УБ хот, 1999 он
  • “Бурхан-Хүмүүн ертөнц” ном , 711 хуудас, УБ хот, 2005 он
  • “Лам багшийн айлдвар” ном, 80 хуудас, УБ хот, 2008 он,
  • “Гэгээрэл” ном 364 хуудас, УБ хот, 2013 он
  • “Авралын сургаал” ном , 96 хуудас, УБ хот, 2015 он
  • "Ариун Түвдийн орноос агуу Наран улс хүртэл аялсан нь" ном, 78 хуудас, УБ хот, 2019 он
  • "Өөрийгөө бүтээхүй" ном, 77 хуудас, УБ хот, 2020 он
  • " Алтан ураг " ном, 520 хуудас, УБ хот, 2020 он
  • "Орос орон" ном, 88 хуудас, УБ хот, 2021 он
  • "Алтан сургаал" ном, 88 хуудас, УБ хот, 2022 он
  • "Мөрөн сум түүхэн товчоон" ном, 550 хуудас, УБ хот, 2023 он

Шүүмжлэл

засварлах

Хорьдугаар зууны наяад оны сүүлчээр анх бичсэн, дараа нь түүний “Дагаар орсон монголчууд” номд нь хэвлэгдсэн буриад, тува, халимаг, өвөр монголын тухай түүний "Дагаар орсон монголчууд" хэмээх түүхэн нийтлэлийг нь наяад онуудад Панмонголизм буюу Нармай Монгол үзэлтэй хэмээн шүүмжилж байжээ.

Монгол улсын төр засгаас хуульч, сэтгүүлч, нийтлэлч Д.Сүхбаатарын хөдөлмөр, бүтээлийг үнэлж 2016 онд Алтан гадас одон, 2000 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан. Нүүдлийн Соёл Иргэншлийн Академиас 2005 онд “Бурхан-Хүмүүн ертөнц” ном бүтээснийг нь үнэлж, "Чингис хааны алдар"-ын одонгоор шагнажээ. Төрөөс Д.Сүхбаатарыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан", "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр тус тус шагнажээ.