Гэсэржавын Пүрэвдорж

Гэсэржавын Пүрэвдорж (1954 онд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, багш. Рок, попынхон дунд болон олны дунд “Сахал Пүүжээ” гэгддэг. Нийслэлийн хүндэт иргэн.

Эцэг Гэсэржав хөгжмийн мэргэжлийн хүн биш атлаа дуу, хөгжим их сонирходог байсан тул хүүдээ бага байхад нь дуу хөгжимд сонирхолтой болоход нь ихэд нөлөөлсөн ажээ. Тэрээр дөрвөн настайдаа аккордион тоглож эхэлсэн байна.

Тэрээр Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид элсэн суралцаад 5-р ангиасаа хөгжмийн зохиолчийн анги руу шилжин орж суралцсан байна. Тэрээр энэ үед Ардын жүжигчин, Төрийн шагналт Сэмбийн Гончигсумлаа хөгжмийн зохиолч болоход нь гол чиглүүлсэн хүн байсан гэж дурссан байна.

Дунд сургуулиа төгсөөд хуучин ЗХУ-ын Уралийн хөгжмийн дээд сургуульд 1975 онд элсэн орж 1980 онд төгссөн байна.

1980-1990 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш. Бие даасан уран бүтээлээ 1985 оноос "Шинэ өглөө", "Тавтай нойрсоорой", "Түүдэг гал" зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байжээ. Түүний зохиосон "Нандин эрдэнэ" дууг гавьяат жүжигчин Чулуунбаатарын Насантогтох анх дуулж байсан. Хөгжим бүжигт багшилж байхдаа "Инээмсэглэл" хамтлагтайгаа холбогдсон. Тухайн үедээ хамгийн хит дуунды аяыг зохиож байсан байна.

Алдарт "Улаанбаатарын үдэш" дууг 1985 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Пүрэвжавын Сандуйжавын үгээр зохиож анх энэ дууг Бадраагийн Бадар-Ууган дуулж олны хүртээл болгож байжээ.

1988 онд "Хөх тэнгэр" хамтлагийг байгуулсан. Рок, попын анхны цомог болох Батмөнхийн Сарантуяа, Намсрайн Ганхуяг хоёрын "Зүүдний говь" дууны аяыг зохиосон байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайн зохиолоор "Дэлхий ээжийн төрсөн өдөр" гэдэг хүүхдийн дуурь бичсэн. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон.

Г.Пүрэвдорж олны танил "Зууны манлай эстрадын дуучин", поп хатагтай Батмөнхийн Сарантуяагийн дуулсан "Мартъя", гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаагийн дуулсан "Зөвхөн тэр хайрандаа" соёлын тэргүүний ажилтан, дуучин Самбуугийн Сэрчмаагийн "Эрх хонгор сэтгэл" зэрэг дууг зохиосон.

2012 оны 9-р сард бие даасан "Нандин-Эрдэнэ" тоглолтыг С.Ононбат найруулан хийсэн.

2013 онд тэрээр Урлагийн гавъяат зүтгэлтэн цол хүртсэн.

2014 оны 10-р сард Нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн.

2014 онд Тэрээр "Сонголт", “Эгшин тасрахгүй амьдрал” хэмээх олон ангит киноны дуу, бүх “чимэг” хөгжмийг хийсэн.

2015 оны 6-р сард "Хөх Тэнгэр" хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэж тоглосон.

Г.Пүрэвдорж бол хөгжмийн зохиолчоор зогсохгүй шилдэг төгөлдөр хуурч, Монголын топ аранжировшик, омог бардам бахархах олон шавьтай хүн юм.

Г.Пүрэвдорж:-"Хөгжим бол аугаа зүйл. Баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог. Бас ус, агаар мэт хүнд хэрэгтэй. Би хөгжмийн зохиолч гэдэг нэр зүүгээд уран бүтээл туурвиж яваадаа баярладаг".

Гэр бүл:

засварлах

Хүү, охин хоёртой.