Инээмсэглэл (хамтлаг)

(Инээмсэглэл хамтлаг-с чиглүүлэгдэв)

Инээмсэглэл хамтлаг сайн дурын уран сайханчдаас бүрдэж 1978 онд албан ёсоор тухайн үеийн БНМАУ-ын "Мэдээлэл радио телевизийн улсын хороо" (МРТУХ)-ны дэргэд байгуулагдсан эстрадын дуу хөгжмийн хамтлаг.

Үндсэн бүрэлдхүүн:

  • Намсрайн Ганхуяг -/гитарчин, дуучин, Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны ажилтан/.
  • Балчинжавын Долгион -/ая зохиогч, бас гитар, “Новости Монголии” сонины ажилтан/.
  • Бадраагийн Бадар-Ууган -/гитарчин, дуучин, Монгол телевизийн ажилтан/.
  • Чулууны Ганболд -/даралтат хөгжим, дуучин, Энх тайван, найрамдлын хорооны ажилтан/.
  • Ядамсүрэнгийн Оюундэлгэр /дуучин, оюутан, эмэгтэй/.
  • Гэсэржавын Пүрэвдорж -/даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч/.
  • Данзанхүүгийн Цогдэлгэр -/ая зохиогч, гитар, даралтат хөгжим тоглоно, дуулна, Монголын радиогийн ажилтан/.
  • Тогоогийн Энхболд -/Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, МОНЦАМЭ агентлагийн ажилтан/.
  • Пунцагийн Батчимэг- /ая зохиогч-гитар/.

Анх 1969-1970 оны хичээлийн жил тухайн үедээ Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 3-р дунд сургууль буюу одооныхоор бол Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн сурагчид (одооны 48-р сургуулийн байранд байж байгаад Циркийн баруун талд шинэ байранд нүүж очсон). Чулууны Ганболд, Мажигийн Энхсайхан нар 9-р ангид, Балчинжавын Долгион 8-р ангид, Намсрайн Ганхуяг 6-р ангид сурч байхдаа хамтлаг байгуулсан гэж Б.Долгион дурссан байна. Ч.Ганболд даралтат хөгжим, М.Энхсайхан ритм гитар, Б.Долгион басс-гитар барьж байжээ. Сүүлд бөмбөрчнөөр Намсрайн Ганхуяг нэмэгдсэн байна. Ганхуяг сүрхий дуулдаг. Ганболд сахилга бат сайтай, эвлэлийн үүрийн дарга байсан тул автоматаар хамтлагийн ахлагч болсон ажээ.

"Удахгуй дунд сургуулиа төгсөөд ЗХУ-д сурч байх хугацаандаа манай хэд Москвад оюутны урлагийн бригадад нэгдэж ЗХУ-ын хотуудаар тоглож байв. Энкууш буюу Тогоогийн Энхболд, “Дөрвөлжин”-гийн Баатар нар нийлж Н.Ганхуяг маань “Улыбка” буюу “Инээмсэглэл” нэрийг хайрласан гэдэг. "Би Монголдоо үлдсэн тул түр холдож 1979 онд Н.Ганхуяг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсгөж ирээд ШУТУХ-нд албан хаагч болсноор бид тал талаас цуглав. Дээрээс нь Пунцагийн Батчимэг, Бадраагийн Бадрууган, Данзанхүүгийн Цогдэлгэр, Ядамсүрэнгийн Оюундэлгэр, Гэсэржавын Пүрэвдорж нэмэгдэж Раднаабазарын Энхбазар уран сайхны удирдагчтай “Инээмсэглэл”-ийн баялаг түүх өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ" гэж хамтлагийн гишүүн Б.Долгион дурссан байдаг.

1978 оноос хамтлагийн орос "Улыбка"нэрээ орчуулж “Инээмсэглэл” болж байгуулсан ажээ. Тухайн үед “Баянмонгол”, “Соёл эрдэнэ” гэж хоёр хамтлаг л байлаа. Залуу хүмүүс учраас өөрсдийн хүссэн хөгжмөө сонсож дуугаргах эрмэлзлээр нэгдсэн юм. Манай улсын хилийн цаана ямар хөгжим эгшиглэж, залуус юуг сонирхож байна гэдгийг харуулах нь тэдний зорилго байжээ. Анхны цомог маань 20 дуутай. Радиод бичүүлсэн 60 гаруй дуу байдаг юм байна. Бичүүлээгүйг нь нэмбэл 1985 оноос өмнө бүх дуунууд нь 100 орчим байсан ажээ.

"Энэ хамтлагтай анх 1979 онд учирсан. Би Монголын радиогийн хөгжмийн редакцид редактор байлаа. Нэг өдөр МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Энхболд манай редакцид хандан хамтлаг байгуулах тухай, байгуулах ч юу байхав, оюутан байхдаа  Москвад “Улыбка” нэртэй тоглож байсан хамтлагаа сэргээх, тэр хамтлагаа радиогийн дэргэд байгуулж голдуу бичлэг хийлгэж байхаар хүсэлт тавьж билээ. Анхандаа би “энэ хэд ноот мэдэхгүй, бас тэгээд ажил мэргэжил нь ч юү билээ” – гэсэн шүү юм бодогдоод “хөгжим ч та нарт ахадсан хоол байхдаа” – гэж Т.Энхболд дурссан. Харин Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Чимиддорж гуай /Радиогийн хөгжмийн хариуцлагатай редактор агсан/ их л уриалгахан /ер нь хүн нь тийм хүн/ хүлээн авсан юм. Ингээд л хуучин “Баян Монгол” чуулгаас үлдсэн нэг орган, гитарын “Тесла” өсгөгч, бас гитарын нэг муухан “Регент” өсгөгчтэй тэд эхэлсэн юм даа. Ер нь хаягдсан, хэмхэрхий бүхнээ л өгсөн юм. Хамтлагийн идэвхитэй дэмжигч, хэд хэдэн дуу ч хамтран дуулсан М.Энхсайхан /асан, Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан/, С.Баяр /МОНЦАМЭ агентлагт ажилтан байсан/, Л.Дэлгэрцог /Радиогийн засварын газрын инженер байсан/, Т.Галсанжаргал /Радиогийн улс төрийн тоймч байсан/ гэх мэтийн хүмүүс хөгжмийн сэлбэг зэргийг олж засаж, амь оруулж өгдөг, тоглолтын үед нь хөгжим зөөж тусалдаг байв. Ингээд л Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, П.Батчимэг, Б.Долгион нар сургуулилтаа эхэлсэн. Яваандаа Б.Бадар-Ууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гээд л залуучууд нэмэгдэж Батчимэг хувийн шалтгаанаас хамтлагийн ажлаас хөндийрсөн дөө. Гэвч Батчимэг маань “Би цас ороход дуртай” гэдэг дуу зохиож энэ хамтлагт нэрээ үлдээсэн юм" гэж хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Раднаабазарын Энхбазар дурссан байна.

Социализмын үед “Улс төрийн дууны уралдаанд” /1980 онд анх удаа/ хэдэн жил оролцож үзүүр түрүү авч байсан. БНАГАУ-д /зүүн Герман/ “Улаан дуу”  наадамд 1981 онд оролцсон.

2010 онд Улаанбаатар хотын Соёлын Төв өргөөнд тус хамтлагийн ахлагч дуучин Ч.Ганболд, дуучин, гитарчин Б.Долгион, дуучин Р.Оюундэлгэр, гитарчин Б.Батчимэг, даралтат хөгжимчин Г.Пүрэвдорж, гитарчин, дуучин Д.Цогдэлгэр, Дуучин Н.Ганхуяг бүрэлдэхүүнтэй тоглолтоо үзэгч фенүүддээ дахин хүргэсэн юм. Мөн урилгаар тус хамтлагийн гишүүн асан Б.Бадар-Ууган агсны хүү Б.Наранзун оролцож, аавынхаа хоёр дууг дуулж, үзэгчдэд сюрприз барьсан. Тэртээ 30 жилийн өмнө зохиогдон 20 жил завсарласан тус хамтлагийн дуунууд гал халуухан байлаа.

13 жилийн дараа буюу 2023 оны 12-р сарын 1,2-ны хоёр удаа мөн Соёлын төв өргөөнд "Инээмсэглэл" хамтлаг Ч.Ганболд, Б.Долгион, дуучин Р.Оюундэлгэр, гитарчин П.Батчимэг, даралтат хөгжимчин Г.Пүрэвдорж, гитарчин, дуучин Н.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй тоглолтоо амжилттай хийжээ.

Уран бүтээлүүд:

засварлах

“Би цас ороход дуртай”, ая.П.Батчимэг

“Залуусын уулзалтын дуу” үг. ая. Р.Энхбазар

“Дуучин гитар” үг. Ш.Шажинбат, ая. Ч.Ганболд.

"Бүсгүйчүүд" үг. Ш.Сүрэнжав, ая.Р.Энхбазар.

“Намрын инээсэглэл”

“Хөөрхөн Бурмаа” ая.Н.Ганхуяг

“Алтан хавчаар”

“Улаанбаатарын үдэш” үг. П.Сандуйжав, ая. Г.Пүрэвдорж

“Зүрхний үг” ая.Д.Цогдэлгэр.

“Манайд ирээрэй”

“Хослон дуулъя” ая.Б.Долгион

“Урин хавар ирлээ” үг. Балчинжав, ая Б.Долгион

“Орчлон дэлхий дээр би жаргалтай”, ая.Д.Цогдэлгэр.

“Совин билгийн дуу” ая.Д.Цогдэлгэр.

“Уулын орой голоос ундаална” ая.Д.Цогдэлгэр.

"Хавар ирлээ" ая.Б.Долгион