Адольф Сакс (Франц: Antoine Joseph Adolphe Sax; 1814 оны 11 сарын 6-нд төрсөн - 1894 оны 2 сарын 4-нд нас барсан) нь Бельгийн хөгжмийн зэмсэг урлаач, Саксофон (Saxophone)-ыг зохион бүтээсэн.

Адольф Сакс

Адольф Сакс нь Бельгийн Динан хотод мэндэлжээ. Эцэг Шарль-Жозеф Сакс нь мөн л хөгжмийн зэмсэг урлаач байсан бөгөөд хийсэн бүрээнүүд нь өндөр үнэлэгддэг байжээ. Адольф ч бага залуу наснаасаа хөгжмийн зэмсэг бүтээх болж, 15 настайдаа өөрийн бүтээсэн кларинетээрээ оролцож, шагнал авчээ.

Тэрээр Брюссельд хөгжмийн зэмсэг бүтээх эрдэмд суралцаж, 20 настайдаа Басс кларинетыг бүтээх аргаараа патент авсан байна.

1841 оноос Парист амьдрах болж, 1844 онд хожим Саксхорн (en:saxhorns) гэж нэрлэгдэх болсон даралтат бюгл (Bugle) бүтээж, үзэсгэлэнд оролцжээ. Мөн 1845 онд саксотромба (saxotromba) хэмээх хөгжмийн зэмсэг бүтээсэн боловч олонд түгж чадсангүй.

1840-өөд он бол Саксын хувьд түүнийг хамгийн ихээр алдаршуулсан саксофон зохион бүтээх, сайжруулах ажилд хөдөлмөрөө зориулсан он жилүүд байлаа. Саксофоны үндэс болох нээлтийнхээ патентыг 1838 онд авсан боловч яг хөгжмийн зэмсгийнхээ патентыг 1846 онд авсан байдаг. Энэ хугацаанд сопрано саксофоноос эхлээд, басс саксофон хүртэл төрөл бүрийн саксофоныг бий болгожээ.

1894 оны 2-р сарын 4-нд Парис хотноо нас эцэслэсэн Адольф Саксыг Монмартрын оршуулгын газарт нутаглуулжээ.

Ном хэвлэл

засварлах
  • Malou Haine, 1980, Adolphe Sax, Editions Université Bruxelles: Bruxelles.
  • Jean-Pierre Thiollet, 2004, Sax, Mule & Co, H & D: Paris ISBN 2914266030

Мөн үзэх

засварлах

Гадаад холбоос

засварлах