Абдуллах хан (перс хэл: عبدالله خان, татар хэл: Ğabdullah Xan) бол 1361-1370 онд хиад аймгийн Мамай ноёны дэмжлэгтэйгээр Алтан Орд Улсын хаан сууринд заларсан язгууртан. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир юм. Хэдий 9 жил хаан байсан ч, Алтан Ордын нийслэл Сарай Бэрх хотод 1362, 1367-1368, 1369-1370 онд төвлөрч, бусад үед Мамайн Ордын нутагт нутаглаж байсан.

Эрмитажд буй Абдуллах хааны нэртэй мөнгөн гэрэгэ

Угсаа гарал

засварлах

Түүний угсаа гарлыг одоо хэр нь баттай нотлохуйц мэдээ баримт хомс. Ибн Халдуны баримтанд түүнийг Өзбег хааны удам гэж бичснийг зарим түүхчид дэмжин, Абдуллах нь Бат ханы шууд удам мөн гэх үзэл санаа байдаг ч, Ибн Халдуны бичсэн бүтээлд Тохтамышийг Бердибег хааны хөвүүн хэмээн бичсэнийг авч үзвэл Абдуллахын уг гарлын тухай мэдээ тийм ч итгэхүйц зүйл биш. Тухайн үеийн баттай сурвалжид түүнийг "Зүчийн хөвүүн Тугатөмөрийн жич хөвүүн Минкасарын хөвүүн Абдуллах" гэж тодорхойлсон нь боломжит хувилбар гэж олонх түүхчид үздэг.

 
Абдуллах хааны нэртэй зоос

Хаанчлалын үе

засварлах

Абдуллахын ивээн тэтгэгч хиад аймгийн Мамай ноён бол Бат ханы удмын сүүлчийн хан Бердибегийн охин Тулунбег хатны нөхөр төдийгүй, Крымын хойг орчмын нутагт бэхжиж чадсан хүчирхэг феодал юм. Сарай Бэрх хотод олон хаад солигдож үймээн самуунтай болсныг ашиглаж Тугатөмөрийн удамчир Абдуллахыг өөрийн хүч нөлөөг ашиглаж Алтан Ордын хаан сууринд өргөмжилжээ. 1362 онд Сарай Бэрх хот руу цэрэглэн довтлож, Кильдибег Муридад ялагдаж алагдах үеэр Мамай Сарайг эзлэн, Абдуллахыг хаан суулгав. Гэсэн ч Мамайн эзэмшил нутаг руу Литвын арми довтолсноор Мамай өөрийн армиа удирдан нутгийн зүг буцаж, Абдуллахыг үлдээгээд явсан. Мамайг эзгүй болсны дараа Мурид хаан Абдуллахыг хөөж явуулаад Сарай хотыг эзлэн захиран суусан. Абдуллах нь нийслэл хотоос хөөгдсөн ч, Мамайн захирч байсан Ижил мөрнөөс баруун зүгийн нутаг, Крым, Оросын ванлигуудын нутагт Мамайн нөлөөгөөр хаанчилсан хэвээр байсан. Мамай ноён Литватай хийсэн дайнаа дуусгаад 1367 онд Сарай хотыг эзлэн Азиз шейх хааныг алж, Абдуллахыг дахин Сарай хотод хаан сууринд өргөмжлөв. Мамай ноён удалгүй крым рүү буцсны дараа 1368 онд Астраханы ноён Хажжи Черкес төрийн эргэлт хийж, Сарай хотыг эзлэн Хасан гэгчийг хаанд өргөмжлөн, Абдуллахыг хөөж явуулав. 1369 онд Мамай ноён дахин армиа удирдан Сарай хотыг эзлэж ахиад Абдуллахыг тоглоомын хаанаар тавив. 1370 оны 6 сард Абдуллах хаан тэнгэрт халив. Нас барсан шалтгаан тодорхойгүй. Түүний дараа Мамай ноён өөрийн гэргий Тулунбег хатныг Алтан Ордын хаан сууринд нэг жил түр зуур суулгаад, Тугатөмөрийн удмын өөр нэг залуу Мухаммед султаныг хаанд өргөмжилсөн.

Абдуллахын үед Сарай, Азак, Янгишехр болон Мамайгийн нөлөөнд байсан бүс нутагт Абдуллахын нэртэй зоос, гэрэгэ үйлдэж хэрэглэж байсныг археологийн олдвороор нээн илрүүлсэн.

Өмнөх
Кильдибег
Алтан Ордны Улсын хаан
1362
Дараах
Мурид
Өмнөх
Азиз шейх
Алтан Ордны Улсын хаан
1368-1369
Дараах
Хасан (Алтан Орд)
Өмнөх
Хасан (Алтан Орд)
Алтан Ордны Улсын хаан
1369-1370 оны 6 сар
Дараах
Тулунбег