Мухаммед Булак
Гият ад-Дин Мухаммед Булак (Giyāṯ ad-Dīn Muḥammad Ḫān; орос хэл: Мамат Султан) 1370/1371-1379 оны хооронд Алтан Ордны Улсын хаан байсан. Тэрээр Мамай беглярбегийн тоглоомын хаан байж, төрийн хэргийг Мамай, Тулунбег хатан хоёр шийдэж байсан бөгөөд Сарай хотод 1371-1373, 1374-1375 онд төвлөрч, бусад үед Мамайн ордонд амьдарч байсан. Түүний угсаа гарлыг түүхчид хоёр байдлаар тайлбарлаж санал зөрөлддөг. Нэгд, Өзбег хааны удмын хан хөвүүн гэдэг ч, Бердибег хаан төр барьж байхдаа Бат хааны удмын бүх эрчүүдийг хядсан тул энэ таамаг магадлал багайтай гэж үздэг. Хоёрт: Муʿизз ал-ансааб, Таварих-и гузидах-и нусрат-нама гэх хоёр сурвалжид Абдуллах хааны хөвүүн гэж тэмдэглэсэн байдаг.
Тоглоомын хаан болсон нь
засварлах1370 онд Абдуллах хаан тэнгэрт хальсны дараа 10 настайд нь Мамайн ордод хаанд өргөмжилж, Тулунбег хатанд төрийн хэргийг баригчаар томилж Сарай хотыг захируулсан. 1371 оны сүүл 1372 оны эхээр Булак хааныг Сарай хот руу илгээн албан ёсоор хаан сууринд залсан. 1371 онд Тверийн ван Михаил Александровичид Владимирийн Их Вангийн эрх мэдлийг олгосон зарлиг гаргаж илгээсэнд Владимирийн иргэд анх удаа эсэргүүцэж хөөж явуулав. Харин Москвагийн ван Дмитрий нь тухайн үед Владимирийн Их Ванг зайлуулахаар Тверийн ван Михаил тэмцээд барсангүй. Ингээд 1372 онд Тверийн ванд олгосон зарлигаа цуцлан Москвагийн ван Дмитрийгийн Владимирийн Их Вангийн бүрэн эрхийг дахин баталгаажуулжээ.
1372 онд Тугатөмөрийн удмын Урус хан зүүн зүгээс цэрэглэн ирж Сарай хотыг эзлэхдээ Булак хааныг хөөж явуулаад өөрөө Алтан Ордын 1374 он хүртэл хаан сууринд залрав. 1374 онд Урусыг Шибаны удмын Ильбан гэгч хөөж хаан болсон ч, удалгүй Мамайн цэрэгт ялагдаж 1374 онд Булак хааныг дахин Сарай хотын эзэн болгов. Гэвч удсангүй Урус хаан дахин цэрэг цуглуулан Сарайг довтлон Мамай ноёныг Булак хааны хамтаар хөөсөн. 1375 оны 6 сараас 7 сар хүртэл дахин Булак хаан суусан ч, Урус хаан эсвэл Ильбан хоёрын аль нэгэнд ялагдан Сарай хотоос хөөгдсөн. Үүнээс хойш дахин Сарайд ирэлгүй Мамайн орд өргөөнд байсаар 18 настайдаа нас барсан.
Өмнөх Абдуллах хан, Тулунбег |
Алтан Ордны Улсын хаан 1370/1371-1372 |
Дараах Урус |
Өмнөх Хажжи Черкес |
Алтан Ордны Улсын хаан 1374-1375 |
Дараах Урус, Ильбан, Хаанбег |