Мурид
Мурид нь 1362 оны 9 сараас 1364 оны намар хүртэл Алтан Ордны улсыг захирсан язгууртан. Тэрээр Зүчи ханы хөвүүн Шибаны удмынх агаад Хызр хааны дүү юм.
Хаанчлал
засварлах1361 оны намар ахыгаа алуулсны дараа Гулистан хотоор төвлөч, Төмөр Хожатай хаан ширээний төлөө тэмцэлдсэн ч, ялж чадалгүй үлдсэн. Удалгүй Төмөр Хожа Ордумелигт ялагдан зугтаж, Сарай хотод хэдэн хаад солигдох зуур Мурид өөрийн хүчээ зузаатгаж байв. 1362 онд Кильдибег хааныг эсэргүүцсэн ноёдын дэмжлэгтэйгээр Сарай руу дайрч, 1362 оны 9 сард Кильдибегийг алав. Тэднийг алалдах зуур түмтийн ноён Мамай ноён Зүчийн удмын Абдуллахыг хаанд өргөмжлөн Муридын эсрэг тэмцэлдэв. Тэрээр Москвагийн ван Дмитрий Ивановичд Владмирийн хот улсуудыг захирах их вангийн эрхийг өгч баталгаажуулав. Удалгүй Абдуллах хаан Москвагийн Дмитрий Ивановичийн их вангийн эрх мэдлийг баталгаажуулсан зарлиг олгов. Үүнийг мэдсэн Мурид хаан өмнөх зарлигаа цуцлаж Суздалийн ван Дмитрий Константиновичд Владимирийн их вангийн эрх мэдлийг олгосон зарлиг буулгав. Мамай ноёны дэмжлэгтэй Москвагийн Дмитрий Иванович, Муридын зарлигийг үл хэрэгсэж, Суздальтай байлдаж ялж, Суздалийн Дмитрий бууж өгснөөр уг явдал эцэслэв.
Муридын засаглал зөвхөн Ижил мөрний зүүн эрэг дэхь Сарай хот, Гулистан орчимд байсан. Ижил мөрний булгарын Болдтөмөр бег, Мохши буюу Наручадын улсын Тагай бег, Хорезмын хотууд тусгаарлаж, ижил мөрний баруун эргийн бүс нутаг Мамай ноёнд захирагдаж байв. 1362-1363 онд Шибаны хөвүүн Баатарын удмын Хайр Болд буюу Мир Болд гэх хүн Сарай хотыг эзлэн хэсэг зуур хаан суугаад Муридад хөөгдөв. Мурид дахин хаан суусан ч, 1364 онд их сайд Ильясд алуулсан. "Алагдах болсон учир гэвэл, хаан сайдын нэг сайхан хөвүүнийг ихэд таашаадаг байсан агаад эцгийг нь хороон түүнийг оронд нь тавихыг боджээ. Бодохул, хаан Ильясийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байснаас түүнийг солихыг завдсан бололтой. Гэтэл хатан нь үүнийг сайдад дуулгасанд тэр хааныг өрсөж хороосон ажээ."[1]
Өмнөх Кильдибег |
Алтан Ордны улсын хаан 1362-1364 |
Дараах Мир Болд |
Эшлэл
засварлах- ↑ Зүчийн Улс. МУИС-Монгол судлалын хүрээлэн. 2019. p. 93. ISBN 9919-9552-2-1.