Тулунбег Ханум (Tūlūn-Bīk Ḫānum, ? - 1386) нь Алтан Ордны Улсын Бердибег хааны охин, мөн крым дэхь хиад овгийн Мамай ноёны хатан. 1359 онд Бердибег хаан улс төрийн золиос болсны дараа Тулунбег хатны нөхөр Мамай ноён Алтан Ордын төрд эзлэх байр сууриа ашиглаж 1361 онд Абдуллах хэмээх хан хөвүүнийг хаанд өргөмжлөн тус улсын эрхийг атгахын төлөө тэмцсэн. 1370 онд Абдуллах хан өөд болсны дараа нөхөр нь түүний Бат хааны шууд удмын сүүлчийн хааны охин гэх нэр хүндийг ашиглаж Сарай хотын захирагчаар томилсоноор тус улсын түүхэнд тодорсон цор ганц эмэгтэй хаан болсон.

Тэрээр нэг жил гаруй хугацаанд хаанчилж байхдаа Мохши, Сарай хоёр хотод өөрийн нэрээр зоос үйлдэн гаргажээ. 1371 онд Мамай ноён Абдуллах хааны хөвүүн Мухаммед Булакыг Сарай хотод дараагийн хаанд өргөмжилж, Тулунбегийг төрийн хэргийг захирагчаар томилсон. 1380 онд Куликовын тулалдаанд Мамай ноён ялагдсны дараа 1381 онд Каффа хотод нас нөгчсөний дараа Тохтамыш хаан цэргийн хүчээр Алтан Ордны хаан суурийг эзлэж, үнэмлэхүй эзэн болсон. Ингэхдээ Бат хааны шууд удмын ганц хүн Тулунбегтэй гэрлэж, эзэн эрхээ бататгаж чадсан. 1386 онд Тохтамышийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан нь илэрч, цаазлуулсан.

Өмнөх
Абдуллах хан
Алтан Ордны Улсын хаан
1370-1371
Дараах
Мухаммед Булак