Давлат шах
Давлат шах (ханз: 倒剌沙, пиньинь: Dào lá shā; ?-1328), Монголын Юань улсын Есөнтөмөр хааны үеийн төвлөн засах яамны зүүн гарын чинсан байсан перс гаралтай түшмэл.
Намтар
засварлахТэрээр анх жинь вангийн яамны (晋王 内史府) ерөнхий түшмэл байсан. 1323 онд Гэгээн хаан тэнгэр болсны дараа Есөнтөмөр хааныг дагаж монгол нутгаас Ханбалигт ирж, төвлөн засах яамны пинжан жэнши (平章政事) түшмэл (чинсангийн туслах түшмэл), улмаар зүүн гарын чинсан болж дэвшсэн. 1325 оны 11 сард зарга шийтгэх яамны сайдын албан тушаалд томилогдсон ч, 1 сарын дараа зүүн гарын чинсан болжээ. 1327 онд хааны зарлигаар баруун гарын чинсан Даштөмөрийн хамт, жинь вангийн дотоод хэргийн яам, Чингис хааны дөрвөн их ордын бүх үйлийг захируулав.[1] Тэрээр эрх мэдлээ ашиглаж ойрын хүрээллийн өнгөт нүдтэн гаралтай ойрын түшмэдийг төрийн албанд ихээр оруулсан нь монгол, хятад түшмэдийн дургүйцлийг төрүүлж байсан. 1328 оны намар Есөнтөмөр хаан тэнгэрт хальсны дараа Шанду хотод хунтайж Ашидхэвийг их хааны сэнтийд залсанд, Ханбалигт Элтөмөрөөр удирдуулсан төрийн эргэлт гарч, Хүлэг хааны хөвүүн Тугтөмөрийг хаан сэнтийд залснаар хоёр нийслэлд ойрхон хугацаанд хоёр хаантай болсон. 1328 оны 9 сараас 11 сар хүртэл өрнөсөн дайнд Элтөмөрийн удирдсан цэргийн хүчинд ялагдаж, хааны хасбуу тамгын хамтаар бууж өгч, 1328 оны 12 сард цаазлуулж, эд хөрөнгөө хураалгажээ.
Гэр бүл
засварлахДавлат шах нь Хасан, Попи (潑皮)[2], Мубарак шах(木八剌沙)[2] гэх гурван хөвүүн, Мамууш (馬某沙[2]) гэх нэг ахтай байснаас Хасан нь Байжу ноёны хамгаалагч цэрэг, ах Мамууш нь цэргийн явдлын хүрээлэнгийн сайд (知樞密院事) байсан.
Эшлэл
засварлах- ↑ "Юань улсын судар - 30-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-23.
- ↑ 2.0 2.1 2.2 "Юань улсын судар: 32-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-03-23.