Садун
Садун (хятадаар: 撒敦, пиньинь: Sā dūn) (?-1335) нь Юань Улсын дунд үед төвлөн засах яамны зүүн гарын чинсан, цэргийн явдлын хүрээлэнгийн сайд, зарга шийтгэх яамны сайд байсан кипчак угсааны төрийн сайд юм. Тэр бол 1328-1333 он хооронд ноёрхож байсан Элтөмөр ноёны дүү.
Товч намтар
засварлах1328 оны намар Есөнтөмөр хаан Шанду хотод байхдаа өвчнөөр тэнгэрт халисны дараа хунтайж Аригибаг хаан сууринд өргөмжлөх зурвас үеийг цэргийн түшмэл Элтөмөр өөрийн захирсан асуд цэргийн хүчээр Дайду хотыг хяналтандаа оруулж, төрийн эргэлт хийж, өмнөд хятадад байсан Тугтөмөр ванг нийслэл хотод залж авч ирэн Юань Улсын их хаанд өргөмжилсөн. Тус жилийнхээ 8 сараас 10 сарын хооронд шинэ хуучин хааны талынхан дайтаж, эцэст нь Элтөмөрөөр удирдуулсан асуд, хятад цэргийн хүч ялж төрийн эрхийг атгасан. 1330 оны 2 сарын 9 нд сюаньжэн хүрээлэнгийн сайд Садуныг цэргийн явдлын хүрээлэнгийн сайдаар томилов. 1332 онд Тугтөмөр хаан тэнгэрт халисны дараа Ринчинбалыг хаанд өргөмжилж, Садуныг зарга шийтгэх яамны сайдаар өргөмжилсөн. 1333 онд Элтөмөр тайпин ван нас барсны дараа Тогоонтөмөрийг их хаанд өргөмжлөн, Баяныг төвлөн засах яамны баруун гарын чинсан, Садуныг төвлөн засах яамны зүүн гарын чинсангаар томилон, нэмж тайфу, рун ван цолоор шагнаж, Лүжоу хотыг (одоогийн Аньхуй мужийн Хөфэй хот) соёрхол болгон хүртээв. 1334 оны 5 сард Садунд дээд улсын түшээ цол (上柱国), кайфу итун санси (开府仪同三司) хүндэт өргөмж цолыг нэмж шагнасан. 1335 онд Садун ван нас барсны дараа Элтөмөрийн хөвүүн Тэнгисийн удирдсан бослого бүтэлгүйтэж, Элтөмөрийн гэр бүл, удам угсааныхны албан тушаал, эрх мэдлийг хүчингүй болгоод, эд хөрөнгийг нь хураан авч, цаазлан устгав. Энэ самуунд Садуны гэр бүл хамрагдсан юм.