Элжигин

(Элжигэн-с чиглүүлэгдэв)

Монгол үндэстний халх ястны сурвалжит өвөг овог Элжигэн халх. Домгоор бол эртний Эргүнэ хунд үүссэн өвөг овгийн нэг. Дарлигин монголд хамаарч, хожим Хонгирад нарын дэргэд явжээ. Элжигэн хэмээх нэрийг "Элтегин" гэх үгээс гаралтай гэдэг. Нэрийн эхний "эл" нь эртний монгол хэнээ хүн, элгэн садан, өөрийн хүн, нөхөр, шадар гэсэн утгатай байгаад түүхэн хөгжлийн явцдаа тэр утга өргөжин тэлж ард түмэн, аймгийн холбоо, төр улс гэсэн санаа илтгэдэг болжээ. "Эл хант улс" гэх мэт. Жигин гэдэг нь алтайн хэлний тегин (эзэн) гэсэн үгээс гаралтай байна. Үүнээс үзвэл "эзний шадар" (үнэнч туслагч) гэсэн утгатай байна. Мөн зарим сурвалжид Эржигэн гэж бичдэг. XVIII зуунд манжийн "Илтгэл шаштир"-ыг анх хятадаар бичихдээ Элжигэний нэрийг "эржигэн" гэж буулгажээ. Үүнээс хожим манж, монгол хэлэнд орчуулахдаа "эржигэн" гэж авчээ. Харин сүүлдээ Элжигэн нар ч өөрсдийгөө заримдаа Эржигэн гэх болсон байна.

Элжигэн Халх нь XVI зууны дунд үеэр Даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн 2-р хүү Ноёнтой хатанбаатарт Бэсүдийн хамт захирагдсан. XVII зууны эхээр Бэсүдээс салж Бадма хатанбаатарт захирагдах болжээ. Засагт хан, Эрдэнэ тайж (Омбо-Эрдэнэ хунтайж) нар Элжигэний улсыг хувааж авах гэсэн 1655 оны маргаан нь сунжирсаар 1662 онд шинээр Засагт ханыг залгамжлах явцтай давхцаж, улмаар Засагт ханы хямрал эхэлжээ.

Монгол аймгуудыг Дарлигин, Нирун хэмээх 2 үндсэн бүлэгт хуваадаг байжээ. Нирун гэдэгт 19 аймаг, Дарлигин гэдэгт нийт 18 аймаг хамрагддаг байсны нэг нь Элжигэн аймаг юм. Дарлигин, Нирун аймгууд бол Хамаг монголын эх бөгөөд Гурван голын Монголчууд юм. Тэднийг хожим Халх гэх болсон ба энэ нэр нь бүр Дарлигиний захын отгуудыг нэрлэх ерөнхий нэр байжээ.

Ийнхүү элжигэн нь нэн эртний овог аймаг юм байна. Мөн элжигэн нь Хонгирадтай удмын хамаатайгаас гадна горлос, Баргууд овогтой ургийн холбоотой, нэг тамгатай явсан байна гэж тэмдэглэгджээ. Түүхийн тавцанд эзэн Чингис тодрон гарах үед Элжигэн нар Монгол овогтны төв нутагт байж Чингисийн цэргийн 13 хүрээний нэг нь болж Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг дэмжин оролцож байжээ.

Элжигэний хошуунд Чингисийн төрийн цагаан туг үе улиран хадгалагдаж, тахилч, өчиг тангараг уншигч, сүлд цэнгэхэд унах цагаан зүсмийн адуу маллагч, сүлдний сан, дуудлагатайгаа биетээр байсаар 1933 оноос Судар бичгийн хүрээлэнд авчирч, улмаар Улсын түүхийн музейд залагдсан билээ. 1963 онд онд нэмэлт зүйлсийг Тугчийн хүү авчирч тушаажээ. Өөр хошууд ийм зүйл байхгүйгээрээ онцлог. Түүнчлэн үүсэл гарвал, удам угсаа, түүхэн замналаа товч тодорхой тусгасан “Эл-эзний магтаал”-аа үе улиран хадгалж иржээ.

Холбоотой сэдэв засварлах