Дамдинжавын Майдар
Бодонгууд овогт Дамдинжавын Майдар (1919 онд өнөөгийн Дорнод аймагт төрсөн- 1994 онд нас барсан[баримт хэрэгтэй]) -БНМАУ-ын Нам, төрийн зүтгэлтэн. МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга.
Д.Майдар 1930-аад оны сүүлчээр ЗХУ-ын Буриад-Монголын автономит улсын Дээд-Үд (Улаан-Үд) хотод "Монгол Рабфак"-т суралцсан байна.
Д.Майдар 1947 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилогдож сүүлд 1953 оноос Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэх, удирдан зохион байгуулах үйл хэрэгт ухамсарт амьдрал, бүтээлч хөдөлмөрийнхөөө 35 жилийг зориулсан Монголын барилгын хүндэт удирдагч ажээ. Түүний барилгын салбарыг удирдаж ажилласан эхний жилүүдэд улсын хэмжээгээр дөрвөн тэрбум төгрөгийн барилгын ажил хийгдсэн нь Ардын засгийн жилүүдийн өмнөх 31 жилийнхээс 10 дахин өсжээ. Мөн түүний ажиллаж байсан дараагийн арван жилд Монгол улсад баригдсан барилгын ажлын хэмжээ өмнөх арван жилээс 2,5 дахин нэмэгдэж, барилгын салбарын үндсэн фонд нь 2,3 дахин өсөн нэмэгдсэн түүхтэй ажээ.
Тэрээр 1962 онд Москва хотноо болсон Дэлхийн архитекторуудын эвлэлийн хуралд ууган архитектор Б.Чимид нарыг ахалж, ажиглагчаар оролцож байсан. Дараа нь 1963 онд Гавана, Мехико хотод болсон олон улсын их хурлуудад Монголын архитекторуудын төлөөлөгчдийг оролцуулж, МАЭ-ийг Дэлхийн архитекторуудын эвлэлийн гишүүн болгосон түүхтэй. Өдгөө энэ нь дэлхийн 140 гаруй орны 1 сая 400 мянга гаруй архитекторыг нэгтгэсэн том байгууллага болжээ.
1984 онд тэтгэвэртээ гарсан.
Насны эцэст тэрээр Ю.Цэдэнбалыг "тойрон хүрээлэгч" гэсэн өөрийнх нь хэлдэгээр "ад үзэгдсэн" нэрийг зүүж, элдэв гүжирдлэгийн сэдэв болж гуниж гутраалгүй 1990 онд "Чингис хаан ба Монголын их гүрэн" гэсэн бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд энэхүү дурсамжаа 1991 онд дуусган үлдээсэн юм.