Хуа И И Юй (уламжлалт ханз: 華夷譯語, хялбаршуулсан ханз: 华夷译语, пиньинь галиг: Huá yí yì yǔ) нь Мин улсын Хунъү хааны зарлигаар 1382 онд тус улсын бичгийн утгачийн хүрээлэнд харь хэлтэй хятад орчуулагчдыг сургахад зориулж зохиосон толь бичиг юм. Энэхүү толь бичгийг бичгийн түшмэл Хуо Юаньжэ, Ма Ша Ихэ нарын бичгийн түшмэд хариуцан ажилласан. Хуа-И и юй толь бичиг нь монгол, зүрчид, солонгос, вьетнам, энэтхэг, кхмер, түрэг, араб, бай, тай, япон зэрэг харь угсаатны хэлнээс бүрдсэн ботиудын нийлбэр.

Хуа-И и юй-гийн монгол-хятад толь бичгийн нүүр хуудас

Нэр томьёо

засварлах

Хуа (华) хэмээх нь хятадууд өөрсдийгөө хэлдэг эртний үг бөгөөд, И (夷) хэмээх нь харь угсаатныг хэлдэг эртний Хятад үгсийн нэг.

"И (译) хэмээгчийг утгыг өгүүлэн үгсийг тайлбарлахуй хэмээх хятад тайлбар тольд дөрвөн харь хэлний орчуулга үг болно... тухайлбал харийн хэлийг заана."[1]

"Юй (语) хэмээгч нь ... өгүүлэхийг заажээ... даруй өгүүлэлдэх болой."[1] Нийлүүлж уншвал хятад-харь хэлний үгийн толь хэмээн ойлгож болно.

 
Уйгур-хятад хэлний толь бичгийн хэсгээс

1382 онд Мин улсын бичгийн утгачийн хүрээлэнгээс харь хэлтэй орчуулагчдыг бэлтгэх сургалтын гарын авлага, толь бичиг, унших номыг бичих ажил эхлүүлэхдээ, уг ажлыг тус хүрээлэнгийн түшмэл Хуо Юаньжэ, Ма ша и хэ нарт хариуцуулжээ. Энэ ажлын хүрээнд монгол хэлний толь бичиг, унших гарын авлага зэргийг бичсний нэг нь Монголын нууц товчоо билээ. 1389 онд Хуо Юаньжэ нарын түшмэд монгол хэлний орчуулагчдад зориулж хуа и и юй гэх энэхүү толь бичгийг зохиож дуусгахдаа монгол хятад үгийн толь бичиг, унших хэсэг гэсэн хоёр хэсэгт хуваарилжээ.

  • Эхний хэсэг буюу толь бичиг нь 17 бүлэгт хуваасан 840 үгтэй. Сүүлд нь хоёр удаагийн нэмэлтээр 700 гаруй монгол үгийг нэмжээ. Толь бичгийн нэг нүүрэнд үгийн урт богиноос хамаарч 2-4 үг бичихдээ, эхлээд уйгуржин монголоор бичсний дараа хятад үгийг бичээд, адагт нь монгол үгийн авиаг хятад ханзаар галиглан тэмдэглэсэн байдаг. Тус толь бичиг нь дараах 17 бүлэгтэй. Үүнд:

Тэнгэрийн зүйл (天文門), газар орны зүйл (地理門), цаг улиралын зүйл (時令門), цэцэг модны зүйл (花木門), шувуу амьтны зүйл (鳥獸門), орд гэрийн зүйл (宮室門), эд хэрэгслийн зүйл (器用門), дээл хувцасын зүйл (衣服門), идээ ундааны зүйл (飲食門), мөнгө эрдэнэсийн зүйл (珍寶門), хүний зүйл (人物門), хүний зан байдал (人事門), өнгөний зүйл (聲色門), тооны зүйл (數目門), бие махбодийн зүйл (身體門), зүг чигийн зүйл (方隅門), ердийн зүйл (通用門)

  • Хоёрдахь хэсэгт Мин улсад дагаар орсон монгол ноёдын Хун Ү хаанд илгээсэн захидлыг унших гарын авлга болгох зориулалтаар оруулж өгсөн. Тус захидлууд нь монгол үгийн авиаг ханзаар галиглан, өгүүлбэрийн эцэст хятад үгийг нь бичжээ. Энэ хэсэгт монгол хэлээр бичигдсэн зарлиг, бичээс, илтгэл тав; Самандашир, Торгочар, Намун хүргэн, Ширэмүн жихуй, Нэцэлай жи-юаний хоёр захидал, мянганы ноён Нангиас Хадай гэсэн хүмүүсийн долоон захидал байдаг.

Товч түүх

засварлах

Уг бүтээлийг анх бичгийн түшмэл Хуо Юаньжэ, перс одон оронч Ма Ша Ихэ нар 1389 онд бичснээс хойш 3 удаа нэмж засварлажээ.

1403-1408 оны хооронд бичигдсэн Юнлэ Дадянь гэх нүсэр эмхэтгэлийг бичихдээ Монголын нууц товчоо, Хуа-И и юй зэрэг бүтээлийг багтаажээ. Ингэхдээ 1407 онд Си и гуан[2] товчооны (四夷館) түшмэд өмнөх Хуа-И и юйгийн гадаад хэлний толь нь зөвхөн монгол, түрэг хэлнийх байсныг нэмж сайжруулан монгол, зүрчид, төвд, хинди, перс, уйгур, тай, мянмар гэсэн 8 хэлний толь бичгийг гаргасан. Энэ Си и гуаний хийсэн Хуа-И июйгийн доторх монгол хэлний толь бичигт (鞑靼馆) 17 зүйлд хуваасан 314 үгийг оруулахдаа өмнөх 840 үгтэй толь бичигт ороогүй монгол үгийг нэмж оруулсан.

1468 онд Хуйтон гуан (會同館) хэмээх товчооны түшмэд солонгос, япон, рюкю, вьетнам, кхмер, чампа, тай, ява, суматрагийн аче хэл, малайз, монгол, перс хэл, цагадай хэл, төвд хэл, хэшигийн хэл (тангуд?), мьянмар хэл, юньнаний тай хэл зэрэг 18 харь хэлний толь бичиг, бусад хавсралт номыг хийсэн.

Чин гүрний Тэнгэрийн тэтгэсэн хааны үед толь бичгийг дууриалган төвд, хинди, перс, цагадайн хэл, тай, мьянмар, бабай хэл, бай хэл зэрэг найман үндэстэний хэлний толь бичгийг зохиолгосон. Ингэхдээ манж хэл нь Чин гүрний төрийн хэл байсан тул харь угсаатны хэл гэх ангиллаас манж, монгол хэлийг хасч бусад гадаад хэлийг хэвээр үлдээжээ.

1952 онд Германы хятад судлаач Эрик Хайниш "Sino-mongolische Dokumente vom Ende des 14. Jahrhunderts." (Berlin: Akademie-V 1952) нэртэй 61 нүүр эрдэм шинжилгээний бүтээл бичсэн. Тус бүтээлд Хуа-И Июйгийн хоёрдахь хэсэг болох монгол ноёдын захидал, бичээсийг хятад хэлнээс галиглаж, герман хэл рүү орчуулж, нэмэлт тайлбартайгаар хэвлүүлсэн.

Мөн үзэх

засварлах
  1. 1.0 1.1 Монголчуудын түүхэнд холбогдох харь хэлний хоёр сурвалж. УБ., 2013. И-Юй бичиг. т120.
  2. Си и гуан гэх үгийг дөрвөн зүгийн харь хэлний товчоо гэж утгачлан орчуулж болно.