Хафунга
Хафунга (монголоор: ᠬᠠᠹᠣᠩᠭᠠ; хятадаар: 哈丰阿; 1908年3月6日-1970年11月29日) нь Өвөр Монголын Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын дунд хошууны Ёл мод сумын уугуул, 1947-1949 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүн байсан.
Товч тойм
засварлахХафунга нь 1908 оны 3 сарын 6 нд Чин улсын Жиримийн чуулганы Хорчин зүүн гарын дунд хошууны Ёл мод сумын нутагт малчин Рэнцэннямбуугийн хүү болж төрсөн. 8 настайд нь тэдний мал хуй, бэлчээрийг нь Хятадын генерал Жан Золиний удирдсан цэргүүд дээрэмдсэн тул өөр нутаг руу нүүсэн. Хожим аав нь Манжго улсын орон нутгийн цагдаагийн даргаар ажиллах болсон.
Тэрээр найман наснаас монгол сургуульд орж монгол бичиг сурч, арван наснаас эхлэн хятад сургуульд хятад хэл, бичиг сурах болсон.
1931 онд Манжго улс байгуулагдах үед Зүүн монголыг Асган, Жаргалан зэрэг монгол залуусын хамтаар автономит улс байгуулах үйл ажиллагаа явуулсан нь бүтэлгүйтжээ. Ингээд 1932 онд Москвагийн Дорно дахины их сургуулийг төгссөн Пунсаг, Төмөрбагана нарын залуустай танилцан Өвөр Монголын Ардын Хувьсгалт Намд элсэв. Мөн Японы талаас Хафунга нарын боловсрол эзэмшсэн залуусыг Манжго улсын төрийн албанд ажиллуулах болсноор 1933-1941 оны хооронд Хянган муж, Хянган дүүрэг, Манжго улсын төрийн хэрэг эрхлэх газар зэрэг газарт томилогдон ажиллаж, 1941-1943 онд Япон дахь Манжго улсын элчин сайдын яамны газарт эрдэм шинжилгээ, оюутны сургалт хариуцсан захиралын тушаалд ажиллах хугацаанд 1000 гаруй манжгогийн оюутан японд сурсны 100 гаруй нь өвөрмонголчууд байсан.
1945 онд Япон улс дайнд ялагдаж, Манжго улс татан буугдсны дараа Вангийн сүм, одоогийн Улаан хотд Өвөр Монголын Ардын чөлөөлөх хороог байгуулж, Зүүн Монголын Бүгд Найрамдах Улсыг тунхаглахад оролцож, цэрэг элсүүлэн Өвөр Монголын Нэгдүгээр Морьт дивизийг байгуулсан. 1945 оны 10 сард Хафунга, Төмөрбагана зэрэг Өвөр Монголын удирдагчид БНМАУ-ын Улаанбаатар хотод очиж, 100,000 хүний гарын үсэгтэй Монгол Улсад нэгдэх саналыг Хорлоогийн Чойбалсан тэргүүтэй нам төрийн удирдлагад тавьжээ. Гэвч 1945 оны 2 сард Ялтын бага хурлын тогтоолд БНМАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн байдлыг тухайн үеийн хилээр тогтоох тухай батлаж, гарын үсэг зурсан байсан учраас Хафунга нарын санаачилсан Өвөр Монголыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэгтгэх гэсэн бодлого нь бүтэлгүйтсэн. Иймээс Өвөр Монголын удирдлага Хятадын автономит муж болох шийдвэрт хүрсэн.
1946 оны 1 сард Вангийн сүмд Зүүн Монголын өөртөө засах ордонг байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар Хафунга томилогдов. Ингээд Гоминданы хятад, Коммунист хятад гэсэн хоёр талд автономит эрхээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого явуулсаар ЗХУ-ын зуучилснаар 1946 оны 3 сарын 30-наас 4 сарын 2-ны хооронд Чэндэ хотод зохион байгуулсан хуралд Зүүн Монголын буюу Хөвөөт шар хошууны Д.Буяндалай, Хафунга, Улаанхүү зэрэг удирдлага, Хятадын Коммунист намын удирдлагатай хэлэлцээр хийж, 4 сарын 3-нд ХКН-ын бага хурлын шийдвэрээр автономит эрхээ зөвшөөрүүлж, ингэхдээ Зүүн Монголын Автономит ордоныг татан буулгаж, Өвөр Монголын Өөртөө засах мужийг байгуулах, Өвөр Монголын Ардын Хувьсгалт Намыг тараан, Өвөр Монголын удирдлагууд ХКН-д элсэх зэрэг шийдвэр гарсан. 1947 оны 4 сард Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдахад тэргүүлэгчээр Улаанхүү, дэд тэргүүлэгчээр Хафунга нар сонгогдсон.
1966 оны Соёлын хувьсгалын үеэр баригдаж, шоронд тамлуулсаар 1970 оны 11 сарын 29 нд Хөх хотын шоронд 62 насандаа нас барсан. 1979 оны 4 сарын 17 нд Хятадын Коммунист намаас Хафунгагийн хэргийг дахин шалгаж цагаатгасан.