Сорхагтани Бэхи

(Сорхагтани Бэх-с чиглүүлэгдэв)

Сорхугтани Бэхи (ᠰᠤᠷᠬᠠᠭᠳᠠᠨᠢ ᠪᠡᠬᠢ1195 орчим төрсөн- 1252 онд нас барсан) нь Чингис хааны бага хүү Тулуйн хатан байсан бөгөөд Мөнх, Аригбөх, Хубилай, Хүлэгү хаадыг төрүүлсэн эх, Чингис хааны дархан бэр юм. Тэрээр Тоорил ван хааны дүү Жаха Хамбугийн бага охин бөгөөд Чингис хааны Жүрчидэйд эхнэр болгосон Ибага бэхи хатны дүү юм.

Сорхагтани
Хатан хаан

Сорхагтани Бэхи нөхөр Тулуйн хамт. Рашид ад-Диний "Дэлхийн түүх" судрын зураг. 14-р зууны эх.
Хаанчлал1204–1252
ОршуулсанГаньсу
ЭцэгЖаха Хамбу, Тоорил ханы дүү
Ургийн овогХэрэйд

Амьдрал

засварлах

Сорхугтани нь Хэрэйдийн Тоорил ханы бага дүү Жаха Хамбугийн охин юм. Монголын нууц товчоонд бичсэнээр 1203 оны үед Тоорил хан Тэмүжинээс хүчирхэг байхад Тэмүжин Тоорил хан том хүү Зүчийг хүргэн болгохоор санал болгож, 2 овог аймгаа нэгтгэе гэх санал тавив. Гэвч Тоорил хан энэ саналыг эсэргүүцэн энэ тухай ярих үеэр Тэмүжинг алахыг завдсан. Гэвч Тэмүжин энэ төлөвлөгөөг мэдээд яг эгзэгтэй үед нь зугтсан юм. Хэрэйдүүд дайнд явах замдаа өөр аймагтай тулгаран Тоорил хан Найман- уудад алуулжээ. Харин түүний дүү Жаха Хамбу нь Тэмүүжинг дэмждэг байсан ба өөрийн 2 охиныг түүнд өгчээ. Чингис хаан том охинтой гэрлээд (сүүлд нь Жүрчидэй- д өгсөн), харин бага охиныг нь өөрийн хүү Тулуйд өгчээ. Сорхугтанийн эцэг Жаха Хамбу нь 1204 онд Хэрэйдүүд Чингис хааны эсрэг босоход амь үрэгдсэн.

1232 онд Сорхугтани бэхийн авааль нөхөр Тулуй 40 настайдаа нас баржээ. Өгэдэй хаан нь бэлэвсэн бэр дүү Сорхагтанийг ихээхэн хүндэлж, ивээлдээ байлгажээ. Тухайн үед нэр хүнд бүхий бэлэвсэн эмэгтэйг ганц бие байлгалгүй, өөрийн цусан төрлийн хүний халамжинд үлдээдэг байсны дагуу Өгэдэй Сорхагтани бэхийг өөрийн хүү Гүюгт эхнэрээр өгөхөөр зэхсэн тухай Монголын нууц товчоонд гардаг. Дөрвөн хүүгээ халамжлах хүнгүйгээр орхихгүй гэсэн нэрийдлээр Сорхагтани Гүюгийн гэргий болох саналыг хүлээж аваагүй.

1241 онд Өгэдэй хаан нас барсанаас хойш 1246 он хүртэл түүний эхнэр Дөргэнэ хатан хаан ширээг барьж их хуралдайн шийдвэрээр Гүюг төрийн эрхийг залгамжлан авчээ. Энэ зуур Сорхугтани Гүюгийн дүү Боржигины толгойлогч Алтан ургийн хамгийн ахмад нь болох Бат хаантай нэгдэв. 1248 онд Гүюг Бат хааны газрыг эзлэхээр дайтаж яваад нууцлаг шалтгаанаар өөд болжээ. Үүнд Сорхугтани хамаатай байж болох таамаг эдүгэ судлаачдын дунд байдаг. Гүюг нас барсны дараа Сорхагтани өөрийн том хүү Мөнхийг Бат хаан руу явуулж, Бат хаан түүнийг олон тулаанд хамт тулалдсан гээд цэргийн ахлагч болгон томилжээ.

Сорхугтани бэхи нь 1252 оны гуравдугаар сард насан өөд болсон бөгөөд түүнийг Хятадын Ганьсу мужид байдаг христийн сүмд оршуулсан байна.

Сорхагтани бэхи нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн аугаа хатад, төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүдийн нэг мөн. Дэлхийн олон орны түүх соелд жинтэй хувь нэмэр оруулсан Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх хаадыг төрүүлсэн эх Соргагтани бэхийн тухай түүхэн эх сурвалжуудад ийн үлдсэн байдаг: хүүхдүүд нь хаан болохоос өмнө Монголд ирсэн Италийн Плано Карпини "энэ хатан татаруудын дунд маш нэр хүндтэй", Персийн түүхч Рашид ад Дин "тэрээр маш ухаантай, дэлхийн бүх эмэгтэйгээс онцгой ялгарах хүн", Ойрох Дорнодод амьдарч байсан жүд (еврей) эмч Бар Хэбрэүс гэгч түүнийг "бүх хүүхдээ төрийг гайхамшигтайгаар барихад сургаж хүмүүжүүлсэн аугаа хатан" гэжээ.

Авга ах Тоорил ханы нэгэн адил Соргагтани бэхи нь христийн шашинны несторын урсгалыг шүтдэг байжээ, үүнийг нас барснаас нь 20 жилийн дараа Монголд ирсэн Марко Поло давхар баталдаг. Гэвч тэрээр бүх шашинд хүлээцтэй ханддаг ухаалаг хүн байсныг түүний амьдралын замнал харуулдаг. Хубилай хожим Ромын Пап-д захидал бичиж католикийн олон зуун номлогч өөр рүүгээ ирүүлэхийг хүссэн нь биелэж, тэрээр 1289 онд зарлиг буулган Хятадад анхны католик сүм байгуулсан нь эхийнх нь шууд нөлөө байжээ. Сорхагтани Бэхи Хубилайн эрдэм номд анхаарч, Толочу гэдэг уйгар багшаар монгол бичиг заалгасан гэдэг.

Үр хүүхэд

засварлах

Сорхагтани бэхийн 6 хүүхэд:

  1. Мөнх хаан: Их Монгол Улсын Их хаан (1251-1259)
  2. Есүбуха, Хонгирадын Ожин хүргэнд өгсөн
  3. Думуган, Онгудын Нэгүдэй хүргэнд өгсөн
  4. Хубилай хаан: Их Монгол болон Юань гүрний Их хаан (1260–1294)
  5. Хүлэгү хаан: Персийн Ил Хаант Улсын хаан (1256–1264)
  6. Аригбөх түүний 4 дэх хүү бөгөөд Их хаанд өргөмжлөгдсөн боловч богино хугацаанд буюу 1260 он хүртэл төрийн эрхийг барьжээ.

Тулуй, Сорхагтани хоёрын удмын хаад олон зууны турш (1251-1691 онуудад) Монгол улсын төрийн эрхийг барьж, захирчээ.

Ашигласан номын жагсаалт

засварлах