Бадма Эрдэнэ хунтайж

(Омбо Эрдэнэ хунтайж-с чиглүүлэгдэв)

Бадма Эрдэнэ хунтайж[1][2] (?-1657; бас заримдаа Омбо Эрдэнэ хунтайж[3][4], Эрдэнэ тайж[4]) нь Чингис хааны 19-р үеийн ач Хотогойдын Шолой убаши хунтайжийн хөвгүүн, Халхын баруун гарын дөрвөн засаг ноёны нэг байсан.

Бадма Эрдэнэ Хунтайж
Эрдэнэ Хунтайж, Алтан хан
Хаанчлал1627-1657
ӨмнөхШолой убаши хунтайж
УдаахРинчин сайн хунтайж
ЭцэгШолой убаши хунтайж
УлсХотгойд
Ургийн овогБоржигин

Товч намтар засварлах

1627 онд эцгийгээ нас барсны дараа Хотгойдын эзэн, Халхын баруун гарын дөрвөн засаг ноёны нэг болсон. Хотгойдын хан болсны дараа 1628-1629, 1631, 1633 онуудад Ойрадын ноёдтой удаа дараалан байлдаад ялагдав.[5] "Хотгойдын Алтан ханы эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Түүний орд өргөө Увс нуурын сав газар байжээ."[6]

Түүнийг Хотгойдын эзэн байх үед Халхын баруун гарын нутагт Засагт хаантай өрсөлдөхүйц хүчтэй байсан. 1650-иад оноос Халхын дотоод дахь улс төр аажмаар хувьсахдаа 1654-1655 оны орчимд Засагт хаан Норовын хамтаар халхын баруун гарын засаг ноён Элжигэний Хатанбаатар ноёны хошуу захирах байр суурийг эвдэж, албат ардыг нь булааж будилаан үүсгээд, Сартуулын Хүндлэн тойныг[7] хошууны засаг ноён болгов.[8] 1657 онд өвчнөөр нас барсан.

Гадаад харилцаа засварлах

1627 онд Шолой убаши хунтайж таалал төгссөний дараа Хотгойдын хан болсноос хойш Орос улстай олон удаа элч солилцож харилцахдаа Монголын талаас Оростой худалдаа хийх, Ойрадын эсрэг хийж байсан дайнд цэрэг зэвсэгийн тусламж авах, тусгаар улсын адилаар найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж байсан ч, Оросын талаас Хотгойдын Алтан ханыг дагаар оруулаад Оросын эзэн хаадын боол болгон түүний нутгийг бүрэн колоничлох бодлогыг тулгаж байжээ.

  • 1631 оны 9-р сард Алтан ханы элч Томскт очиж Цахарын Лигдэн хааны довтолгооноос сэргийлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Томск хотын засаг захиргаа Алтан ханы эл тэвдүү байдлыг ашиглахаар шийдэж, Монголын элчээр Оросын харъяат болох тангараг хүчээр өргүүлээд К.Карякины толгойлсон элчийг хариу илгээжээ. Алтан ханы Хэмчиг голын хөвөөн дэх өргөөнд ... Алтан ханыг Оросын хаанд дагаар орохыг ятгах зорилго өвөртлөж байв. Алтан хан Омбо эрдэнэ Орос улстай холбоотны ёсоор оршиж, дайн тулалдааны цагт тусламж авахыг хүсч байсан бөгөөд Оросын элчийн шаардснаар харилцан туслах найрамдлын хэлцэл болгон тангараг өргөсөн.[5] Ингээд 1634 онд Оросын Я.В.Тухачевский тэргүүтэй 30 гаруй элч нар Хотгойдод ирэхэд Лигдэн хаан тэнгэрт хальж, Бадма Эрдэнэ хунтайжид Оросын хаанд тангараг өргөх хэрэгцээ байхгүй болсон ч, Оросуудын шахалтаар өөрийн харьяат түшмэлээр тангараг өргүүлсэн.
  • 1635 онд Бадма Эрдэнэ хунтайжийн номын багш Даян мэргэн ланз нарын илгээсэн элч Москвад очиж, орос монгол хэл мэдэх хүн, алт мөнгө сувд зэрэг эрдэнэсийн зүйлс, зэвсгийн ба мөнгөний дархан явуулахыг, Даян мэргэн ланз Оросын хаантай найрамдлын гэрээний ёслол үйлдэхэд өөрийн гүйцэтгэсэн үүргийг дурдаж шан харамж өгөхийг тус тус хүссэн байна.
  • 1636 онд Оросын элчин С.Александров, Б.Карташов нарын үндсэн зорилго нь Алтан ханаас Оросод дагаар орох хувийн ам өчиг, гарын үсэг авах явдал байсан хийгээд хэрэв дагаар орвол уул нутагтаа нүүдэллэн амьдрах эрхийг хэвээр үлдээх ажээ. Мөн оросууд Алтан ханыг киргизүүдээс алба татвар авахаа зогсоож, тэднийг Оросын харьяат болохыг хүлээн зөвшөөрөхийг хүчлэн шаардаж байв. Дурал тавнан, Даян мэргэн ланз нараар урьдын найрамдалтай байх тангаргийг батлах ёслолыг үйлдүүлжээ.[5]
  • 1637 онд В.Старков, С.Неверов нарын элч нар Алтан ханы гарын үсгийг Оросод дагаар орох албаны жуух бичигт зуруулж авах зорилготой байв.[5]
  • 1639 онд Будат багш, Хорчигтай багш нарын элчийг Москва руу илгээсэн ч Пермь мужийн Чердынь хотод жил орчим тусгай хяналтад байлгаад буцаасан.[5]
  • 1645, 1650 онд Томск хот руу Дархан лам, Мэргэн лам нарын элчийг илгээн харилцахыг оролдсон ч, Оросууд хариу өгөөгүй буцаасан.[5]

Гэр бүл засварлах

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 ., Жамба (2006). Асрагч нэртийн түүх. Улаанбаатар: Соёмбо принтинг. p. 68.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. Шар тууж. Translated by Ц, Шагдарсүрэн. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. pp. 80, 106.
  3. Монгол Улсын Түүх. Vol. 3. Улаанбаатар. 2003. p. 151.
  4. 4.0 4.1 Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэрхэн эхлэв: "Элжигэнийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 38–41.
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 Монгол Улсын Түүх. Vol. 3. Улаанбаатар. 2003. pp. 151–154.
  6. Монгол Улсын Түүх. Vol. 4. Улаанбаатар. 2003. p. 107.
  7. Далдан хөндлөн ноёны удам
  8. Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 35–79.