Содномын Дамдинбазар

(Жалханз хутагт-с чиглүүлэгдэв)

Содномын Дамдинбазар буюу Жалханз хутагт Дамдинбазар (1874 онд Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төрсөн- 1923 оны 6-р сарын 23-нд нас барсан) нь Монгол Улсын тусгаарлах хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн, тав дахь ерөнхий сайд нь байв. Түүнийг мөн Барон Унгерний засгийн газар доор ерөнхий сайд байсан гэдэг боловч зарим эх сурвалжууд Дотоод явдлын сайд байсан хэмээн заадаг.

Содномын Дамдинбазар
 Монгол Улсын тав дахь
Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1922 он – 1923 он
ӨмнөхДогсомын Бодоо
ДараахБалингийн Цэрэндорж
Улсын дээд хуралын дарга
Хувийн мэдээлэл
Төрсөн1874
Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу Завхан аймгийн Нөмрөг сум
Алма матерШашны боловсрол

Барон Унгерн фон Штернбергийн Азийн морин дивиз Нийслэл хүрээг Үндэсний Хувьсгалт Армигаас чөлөөлөн Богд Хаант Монгол Улсыг дахин сэргээн мандуулахад 1921 оны 2-4-р сард анх удаа Богдын зарлигаар Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажилласан. 1922 оны 3-р сарын 3-нд ерөнхий сайдаар хоёр дахиа томилогдон ажиллаж байгаад 1923 оны 6-р сарын 23-ны өдөр аян замд явж байгаад нас баржээ.

Жалханз хутагт Содномын Дамдинбазар нь 1874 онд Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт төржээ.

Дамдинбазар хүү эцэг Цэдэнсодном, эх Содномын хайр ивээл дор 3 насны сүүдэр зооглох жил буюу 1877 оны зуны эхэн сард манжийн хаан дээрхийн гэгээнтэнээс Жалханз хутагтын 8-р дүр мөн хэмээн алтан савханд нэр шингэж зарлиг ирсэн аваас одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох (Тухайн үеийн Бүрэнхаан сум) сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлин хийдэд хутагтын сэнтийд залсан байна.

Дамдинбазар нь төрөлхийн цовоо, сэргэлэн, ой сайтай байсан тул хэл бичиг, тоо зурхайн ухаан, бурхан шашин хийгээд урлаг, гүн ухаан, гадаад хэл, ёс заншил, уламжлалт арга ухааныг онцгой эзэмшиж 1890 оноос хүрээний мэргэдтэй ном хаялцаж улмаар Богд гэгээний анхаарлыг татах болжээ.

1892 онд Жалханз хутагт Дамдинбазарыг их хүрээнд дуудан ирүүлж Богд Жавзандамба өөрийн шадар хамбаар ажиллуулж гадаад дотоодын болон шашин төрийн бүх хэргийг эрхлүүлсэн байдаг. Энэ үед түүнд “Хамба номын хаан” цолыг магтаалын хамт хайрласан байна. Мөн энэ үеэр манжийн хаанаас Жалханз хутагт Дамдинбазарын нэр хүндийг ашиглаж баруун хязгаарын олон ястны сүсэг бишрэлийг нэгтгэх зорилгоор Ховдын Шар сумын тэргүүнээр суулгах зарлиг буулгаж гэгээнтэнд Түшмэл сайд хэмээх 2 үсгийн цол олгосон байна. Жалханз хутагт Дамдинбазар Богдын лүндэнгээр 1911 онд Бээжинд очиж манжийн хаанд ар Монголын олон түмний санаа сэтгэлийг тайлбарлаж шинэ Засгийн бодлогыг эсэргүүцэж буйг ойлгуулан Богд хаант улсыг хэвээр нь байлгах санал тавин хаант төрийг хүлээн зөвшөөрүүлсэн гэгээнтний оюун ухаанд биширнэм.

Түүнийг 1912 онд Богд хаанаас баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилж, манжийн амбан олон цэргийг эх орноосоо хөөн гаргах Ховд хотыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм.

Жалханз хутаг Дамдинбазарын 1919 онд Бээжинд очиж хятадын удирдлагатай хийсэн хэлэлцээр нь хоёр ард түмний найрамдал, тэр үеийн цэргийн дарангуйллыг намжаасан онцгой үйл явдал болсон юм.

Жалханз хутагт Дамдинбазар нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялахад тэр үеийн лам ноёдоос хамгийн идэвхтэй дэмжигч байж аливаа нэг асуудалд цаг үе, орчин, орон зайг нь мэдэрч хамтран зүтгэгч нараа туйлаас хүндэтгэж, яриа хэлцлийг эрхэм болгодог улс төрч нийгмийн зүтгэлтэн байсан тул 1922 онд Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдсон байна.

10-р жарны гал нохой жил буюу 1526 онд Төвдийн номын их багш Богд Зонховын анх ширээнд сууснаас хойш 25 дахь ширээтэн болж залагдсан номын мэргэн багш Жалханз хутагт Болжиржамцаас хойш Жалханз хутагтын 8 дүрийг Монголд залсан нь Очирваанийн орон хөх тэнгэрийн хийморьтой монгол түмний сүлд бурханы хувилгаан билээ. Жалханз хутагт Ц. Дамдинбазар нь 1923 оны 6-р сарын 23-нд дүрс биенийхээ зохионгуйг хурааж жанч халжээ.

Уран бүтээл

засварлах
 
  • Багшийг шүтэх ёсон,
  • Хүслийг хангагч,
  • Эрдэнийн санг хайрлагч,
  • Нигүүлсэнгүй цэнгэлт далай зэрэг олон ном зохиол туурвижээ.
  • 1930-аад оны үед түүний ихэнх бүтээлийг устгасан тул зөвхөн эхний дөрвөн номны хагас үлдсэн байна.
Өмнөх
Догсомын Бодоо
Монгол Улсын Ерөнхий Сайд
1922 - 1923
Дараах
Балингийн Цэрэндорж