Монголын буддизм
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Монголын буддизм нь Хүннү гүрний үеэс эхтэй бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар сүүлийн сэргэлт эхэлсэн юм. 2010 оны байдлаар Монголын хүн амын 53 хувь Буддын шашин шүтдэг гэжээ.
Үечлэл
Монгол оронд буддын шашны давалгааг гурван үе болгодог ч 1990 оноос дахин сэргэж буйг тооцвол дөрвөн үе болгон үзэх хэрэгтэй мэт.
Эхний үе
Эхний үе нь Хүннү гүрний үеэс эхлэн Монгол нутагд оршин байсан аймгуудад тархаж байснаар тооцдог. Хамгийн анхны мэдээгээр бол НТӨ 121 онд Хүннүгийн Хөх нуур, Ганьсу мужийг захиран суусан ноёноос Хятадууд алтан хүний дүрс олзолсоныг судлаачид Будда байсан гэж үздэг. Ингэснээрээ сонирхолтой нь буддын шашинтай Хятадууд анх удаа танилцсан байна. Буддын шашин нь эхлээд Монгол оронд баруун зүгээс одоогийн Шинжан, Дундад Азиас дамжин орж ирсэн. Баруун тийш одоогийн Афганистан, Ираны дорнод муж хүртэл Буддын шашин тархсан байсан боловч сүүлдээ Муслимийн тархалтанд автан алга болжээ. Хожим хэдий Монгол оронд Түвдийн буддизм хүчтэй нэвтэрсэн ч шашин болон соёлын судар, очир гэх мэт олон хэллэгүүд Самгард хэлний угшилтай байдаг нь Монголчууд Буддизмтай эрт үес танилцаж байсныг гэрчилдэг. Ер хамгийн сонирхууштай нь Монгол орон нь түүхийн турш баруун зүгээс ирж байсан үзэл суртлын нөлөөнд автаж байсанд байгаа юм. Гэтэл тус орон нь түүх, газар зүйн хувьд ямагт Хятадын болон Зүүн Азийн соёлын нөлөөний бүс нутагт оршдог нь илэрхий.
Хоёр дахь үе
Хоёр дахь дэлгэрэлт нь Хөх нуур хавийг эзлэн суусан Өгөөдэй хааны хоёр дахь хүү Годан ноён Түвд рүү өнгөлзөж эхэлснээс үүджээ. Монголын их гүрний номлолын дагуу тэнгэрт ганц бурхан газарт ганц л Монголын хаан байх ёстой тул Түвдийг эрхшээлдээ оруулах нь эзэмшил нутаг нь хөрш зэргэлдээ Годан ноёны тэр тусмаа ирээдүйн Их хааны ширээг залгамжлах ёстой хүмүүсийн эхэнд тавигдаж байсан хүний нэр төрийн хэрэг ажгуу. Тийм боловч ядуу буурай, газар нутгийн таагүй байрлалтай, үл ойлгогдох шашин бүхий Түвд орон нь Монголчуудын гол анхаарлын төвд орох улс биш байсан. Иймд Годан ноёны мэдэлд Түвд орныг шууд эзэлчих хангалттай хүч байгаагүй тул тухайн үеийн Түвдийн хамгийн нөлөө бүхий Сажа хийдээр дамжуулан эзлэн дарангуйлахаар шийджээ. Мэдээж Монголчуудын эзэрхэг түрэмгий бодлогод дургүйцсэн Түвдүүд шууд дагасангүй. Ингээд Годан өөрийн мэдлийн багахан цэргийн хүчээр “үзүүлэх тоглолт” хийн бурханы шашин шүтэн урьдын дайчин байдлаа алдсан Түвдийн цэргийг хялбархан цохин зарим сүм хийдийг нураан ихэд тонон сүйтгэсэн байна. Гэвч Монголчуудын довтолгоо Өгөөдэй хааныг нас барснаар зогсжээ.
үеийн байдал эвгүйтсэнийг ойлгосон Түвдийн Сажа хийдийн тэргүүн Гунгаажалцан Годаны урилгыг (үнэндээ тулган шаардалт) хүлээн авч түүний өргөөнд ирж бараалхав. Уулзалт нь сүүлд шашны түүхчдийн бичдэгээр багш шавь, Түвдийн шашинд дагаар орох хүрээнд болоогүй юм. Харин Түвдийг шашнаар нь дамжуулж эзэмших үүднээс мөн Түвдүүдийн сэтгэлийг засах хэрэгтэй тул Сажа ламыг Түвдийн шашны тэргүүнээр өргөмжлөөд Монголчуудын хувьд түүнийг тахилгын лам төдийхөнөөр тавьжээ. Мэдээж дайнч Монголчууд Түвдэд “үзүүлэх тоглолт” хийн хүн, амьтнаар нь “тахилга” өргөчихсөн учир тэр нүгэлээ цайруулах тахилгын лам хэрэгтэй байсан биз ээ. Тохиролцоо ёсоор Түвдүүдийг үг дуугүй татвар төлөхийг шаардаж номхон хүлцэнгүйгээр эсэргүүцэл үзүүлэхгүй дагах зам бол Монголчуудаас аврагдах цорын ганц авралын зам, Монголчууд дагаар орсон улс орнууддаа сайн ханддаг өглөгийн эзэн гэх мэтээр Гунгаажалцан ламаар айлдуулав. [ 10, 323х]
Гунгаажалцанг дагаж түүний хоёр зээ дүү нь хамт ирсэний нэг нь хожим нь Пагва лам болсон 9 настай Лодойжалцан (1235 – 1280) байжээ. Гунгаажалцан Буддын шашин нэвтрүүлэх зорилгоор шинээр Монголчуудад зориулсан үсэг зохиох гэсэн боловч бүтэлгүйтсэн. Хожим түүний зээ дүү нь Хувилай хааны дэргэд дөрвөлжин бичиг зохиож чадсан юм. Хувилай хаан тухайн үедээ маш өндөр боловсорсон хүн байсны хувьд эзэлсэн ард түмнүүдээ дан ганц хүчээр захирч болохгүйг, оюун санаа сэтгэлийг нь татахын тулд боловсронгуй системтэй шашин хэрэгтэйг ойлгон төрийн шашины эрэлд гарчээ. Нөгөө талаар Хувилай нь Хятад орныг хар багаасаа захирч суусан хүний хувьд олон Хятад зөвлөхтэй байж тэдний нөлөөнд нилээн автсан хүн байлаа. Тэдний нэг нь Буддын шашны Хятад лам Хайюун гэгч байжээ. Уг хүний нөлөө маш их байсан учир Буддын шашныг Хувилай хаан хүлээн авахад нөлөөлсөн олон хүчин зүйлсийн нэг нь болсон байх.
Хайюун нь хаан ширээ залгуулахаар бэлдэж байсан хоёр дахь хүүд нь Женжин (Шижир алт гэсэн үг) Монгол дуудлага нь Чингим гэсэн Хятад нэр өгсөн байдаг. [8, 54х] Хэдийгээр Хятадын соёл иргэншлийг хүндэтгэж үздэг байсан боловч Хувилай уулаасаа ухаалаг алсын бодолтой хүний хувьд Монголчууд тэдний нөлөөнд автаж уусахаас сэргийлэн хэд хэдэн арга хэмжээ авсны (жишээ нь: Монгол хүн Хятад хүнтэй гэрлэхийг хориглосон ) нэг нь Хятад бус өөр газраас шашин шүтлэг авахаар шийдсэнд оршино. Энэхүү бодлогын үүднээс Ромын Пап ламд хүртэл эрдэм номтой зуун хуврага явуулахыг хүсэж байжээ. Гэвч Монгол орны газар зүйн байдлаас шалтгаалаад Буддын шашин л хамгийн боломжит сонголт болон үлдсэн болов уу. Хэдий Хувилайн хүрээнд Хятадын Күнз, Дао, Буддын шашны эрдэм номтой мундаг зөвлөхүүд байсаар байсан ч Түвдийн буддизмийг сонгосноор Монголчуудыг оюун санааны хувьд Хятадын нөлөөнд орохоос сэргийлж чадсанд Хувилай хааны улс үндэстнийхээ өмнө бас нэг гавьяа байгуулсан. Ийнхүү Хувилай хаан нь Гунгаажалцанг залсан боловч тэр үед нас нөгчсөн байсан тул түүний зээ дүү Годан ноёны ордонд байсан 18 настай Лодойжалцанг авчирч Пагва (Р’агс’па буюу хутагт гэсэн үг) ламд өргөмжлөн Түвдийн шашны тэргүүнээр залж буддын шашны нэр хүндээр Түвд дэх Монголын ноёрхолыг бэхжүүлэн өөрийн тахилгын ламд өргөмжилжээ. Ингэснээр Чан-Чун бумын Чингис хаантай уулзсан үеэс хүчийг авсан бумбын (Дао) шашны нөлөөг дарж тэдний эрх ямбын хассан байна. Мөн Хятадын Буддизмаас Монголчуудынхаа оюун санааг хамгаалжээ.
Хубилай нь маш өндөр боловсролтой байсан нь анх уулзахдаа Пагва ламтай Хежавра (Ядам бурханы бас нэг дүр) тарнийн судрын талаар ярилцахад Пагва лам тэр судрыг ерөөсөө уншаагүй байсан тул маргааш нь ярилцая гэж гуйснаар харагддаг. Тэгээд тэр шөнө нь уг судрыг Махагал бурханы дүр цагаан үстэй өвгөний дүрээр Пагва ламд хэлж өгсөн домогтой. Үүнээс үзэхэд Монголын хаад нь өрнийн төдийгүй, дорнын өндөр боловсролтой байсан гэж үзэхээр байна. Учир нь тэр үед Монгол газар доншуучилж явсан өрнийн туршуулуудын нэг Хувилайн төрсөн ах Мөнх хааныг Евклидийн геометр үзэж байсан гэсэн байдаг. Тэгэхлээр мань хүн ч гэсэн бас ах шигээ өрнийн боловсрол эзэмшсэн байж л таараа. Ингээд Монгол хааны гол шүтээн нь Махагал бурхан болжээ. Махагал нь догшин дүртэй бурханы шашныг хамгаалагч бурхан тул догшин Монголчуудыг бурханы шашны хамгаалагч болохыг бэлэгдэн сонгосон бололтой. Хэдий түүхчид ялангуяа бурханы шашны түүхчид буддын шашинд Хувилай хааныг энэ үес орсон гэж үздэг боловч өөрөөсөө боловсролоор нэг их илүү гарахгүй арван наймтай Түвд хүүд шавь орсон гэдэг нь юу л бол. Тэгээд ч өмнө нь Хятад зөвлөхүүд дотор нь Буддын шашинтай маш нөлөө бүхий, эрдэмтэй эрхэмүүд байсан, Пагва ламын уншаагүй байсан бурханы шашны судрыг уншсан байсан зэргээс үзэхэд арван наймтай Түвд хүүд дэлхийг эзэлж Монголын ноёрхолд оруулах зорилготой хүн оюун санааны хувьд дагаж орно гэдэг үнэмшил муутай юм. Зарим бичиг номд нь “сэрэмж алдан” тахилгын ламаар өргөмжилсөн гэсэн үг орчихсоныг ажихад дайн байлдааны явцад үрэгдсэн хүн, амьтны амь насыг тахилга болгоод даатгасан ёс төдий сэтгэл засал үйлдсэн гэлтэй. Тэгээд ч Хувилайн хожмийн үйлийг харж байхад Монгол оронд Монголчууддаа уг шашныг шүтүүлэх, дэлгэрүүлэх талаар дорвитой зүйл хийгээгүйг анзаарахгүй байхын аргагүй.
Юан гүрэн мөхөхөд л Буддын шашин Монголчуудад наалдаж үлдээгүй бодоход мань хүн шашнаар дамжуулж наанадаж Түвд орон цаанадаж бусад улс, ард түмнүүдийг барьж байх улс төрийн бодлого явуулж байсан гэлтэй. Мөн мэдээжээр буддын шашны ололт амжилт, философийг Монголчууддаа нэвтрүүлж оюун санааг нь хөгжүүлэх зорилготой л байсан болов уу. Хувилай хаан дайн байлдаан, ан гөрөө хийх, татвар эмстэй зугаалах, архи дарс уух, өөр шашны хүмүүсийг төрийн хэрэгтээ ашиглахаас ерөөсөө цааргалж байгаагүйг харахад үнэн бишрэлт буддын шашин шүтэгч болж хувирсан гэдэг эргэлзээтэй! Ямарч байсан буддын шашныг өргөмжлөн залснаар Монголчуудын оюуны сэтгэлгээний хувьд ихэд нэмэр болж бурханы шашны ном зохиолыг ихээр орчуулсан нь үнэн билээ. Тийм боловч Пагва ламын Түвд үсэг дээр зохиосон шинэ бичиг амжилт олоогүйтэй хамт, уг бичиг дээр бичигдсэн олон бичлэгүүд түүхийн сорилгыг даван дамжиж ирж чадсангүй. Хэдий тийм ч Юан гүрний дараа Монголчууд дотор буддын шашны нөлөө байсаар байсан нь үнэн. Жишээлбэл: феодалын бутралын үед буддын сахилын Буяншир нэртэй хаан сууж байсан.
Гурав дахь үе
Гурав дах үе нь тэр үеийн бүс нутгийн хамгийн хүчирхэг феодал Алтан хан нь Түвд дэх залгаа нутгуудад Монголыни ноёрхолыг дахин сэргээснээр эхэлжээ. Түмэдийн Алтан хан нь ер нь тухайн цагтаа тун ланжгар амьтан байлаа. Түүнээс Монголын албан ёсны хаан төдийгүй Хятадын Мин гүрний хаан хүртэл айн ширвээтэж байв. Түүнээс цэрвэсэн бүх Монголын хаан нь цахар аймгаа аван Хянганы нуруу даван зайгаа барьжээ. Алтан уул нь баруун түмний жонон байсан боловч эрч хүч нь нэмэгдэх тутам хаан цолонд санаархах болж Түмэн засагт хаанаас хан цол шаардан авч тайвширч байжээ. Бяр нь амтагдсан хүчирхэг феодал Зүрчид рүү дайран довтолж тэднийг дагаар оруулснаар ирээдүйн Манж гүрний мандалтыг хэдэн жилээр хойш нь татаж буян үйлдсэн байж магадгүй. Баруун зүгт Ойрадыг дайран довтолж зүүн Монгол руу халдах аюулыг цаашлуулж шахаж, хавчигдан давчидсан Ойрадуудыг Дундад ази руу булаан эзлэх дайнд түлхсэн нүгэлтэй ч байж болох. Улмаар хэд хэдэн удаа Мин гүрний хойд хязгаарыг сүйрүүлсэн довтолгоо хийн нийслэл Бээжин хотын бүслэн сүрдүүлж бас л хаан цолыг шаардаж авав. Онцлууштай нь Алтан хаан чөлөөт худалдаа, цагаач иргэдийн чөлөөтэй амьдрах эрхийг шаардаж, суларч доройтсон Хятад орныг эзлэн түрэмгийлэх бодлоос татгалзан байлдааны ажиллагаагаа хязгаарлаж байсныг бодохоор их дэвшилтэт үзэлтэй хүн байсан мэт. Ямар ч байсан өрнөдийнхний ярьдаг чөлөөт худалдаа, эдийн засаг, хүний амьдрах газраа сонгох эрх чөлөөг тэднээс өмнө Монгол хаан Хятадаас шаардаж байлаа. Тэр үед Монголчууд ч Хятадад цэргийн голдуу албанд зүтгэж, Хятадууд нь цөөнгүй тоогоор Монгол нутагт ирэн Монгол хааны иргэний салбарт зүтгэж байсныг Алтан хаан Мин гүрний хоорондын харьцаанаас харагддаг. Мин гүрэн чөлөөт худалдааг хязгаарлаж, Хятадаас зугтаж очсон иргэдийг шилжүүлж өгөхийг шаарддаг байсан бол Алтан хаан эсрэгээр байлаа.
Гадны түүхчидийг дагадаг манай толгойгүй түүхчид зөвхөн Монголчуудад суурин иргэншлийн бүтээгдэхүүн шаардагдаг байснаас Монголчууд хөрш Хятад зэрэг орон руу уулгалж байсан гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийдэг нь алдаатай ойлголт юм. Аливаа ямар ч улсад чөлөөт худалдаа хэрэгтэй, ашигтай байдаг гэдгийг орчин үеийн бүх хүн одоо гадарлах болсон байлгүй. Хятад оронд байтугай бүх дэлхий дахинд техникийн хувьсгал хийхээс өмнө нүүдэлчдийн бод мал хөдөлгөх хүчинд нь их хэрэгцээтэй байсан, мөн хүйтэн сэрүүн болдог газруудад нь дулаан хувцас шаардлагатай л байсан, хоол тэжээл энергийн давтагдашгүй эх булаг мах хэнд ч хэрэгцээтэй байдаг юм. Тэдний эдийн засаг нүүдэлчидтэй худалдаа хийхгүйгээр эдгээр хэрэгцээгээ бүрэн хангах болоцоогүй байсан гээд тоочоод байвал маргаж болох нилээн зүйл байж л байна. Энэ бүхнийг хааж, боогдуулж байснаараа тэр үеийн Хятадын эрх баригчид бүс нутгийн хөгжлийг хясан боогдуулснаар өөрийнхөө орны хөгжилд хүртэл мэдэхүйц саад болсон. Ямар ч байсан Монгол оронд буддын шашныг дахин залж ирсэн Алтан хаан гэж алдаршсан Ананд (1507-1583) нь дэлхийн түүхэнд нөлөөлөх хэмжээний сүүлчийн Чингисийн удмын хүн, тухайн үедээ бүс нутгийнхаа түүхэн хөгжилийг тодорхойлсон хамгийн хүчирхэг хүн байсныг хүлээн зөвшөөрөх байхаа. Иймээс хүч чадал нь багтаж ядаж явсан энэ хүнд
- Онолын болон оюун санааны хувьд өөрийгөө баталгаажуулж зөвтгөх. Албан ёсоор бүх Монголын хаан ширээ залгамжлаагүй тул хаан болох санаархалаа зөвтгөх онолын үндэс нь шарын шашин болон Далай ламаас авсан хаан цол нь байв.
- 2. Шинээр байгуулж байгаа өөрийн улсыг оюун санааны хувьд зангидах. Монгол орны оюуны хэргэцээг хангах. Шарын шашин орж ирснээр дэлхийн томоохон философи, соёл урлагийн бүтээлтэй Монголчууд дахин танилцаж, оюуны сэтгэлгээний дэвшил болсон нь гарцаагүй.
- Монгол улстай дайсагнан өрсөлдөж байсан Хятадын Мин улсын эсрэг тэмцэлд дотоодын сөрөг хүчнийг ашиглан, тэдний Монголд хэрэглэж байсан өөрийг нь өөрсдөөр нь устгах арга технологийн эргүүлж хэрэглэх. Цагаан лянхуан бүлэг хэмээх Хятадын буддын шашны нууц нийгэмлэг нь Алтан хааны холбоотон болсноор Мин гүрний эсрэг тэмцэлд амжилт олоход нь түшиг тулгуур болж байжээ.[12, 237x] Ингэснээр өөрийнхөө холбоотон болох Цагаан лянхуа бүлгийн дэмжлэгийг олох хэрэгтэй байсан нь Буддын шашныг хүлээн авахад нь зарим талаар нөлөөлөсөн байх. Егөөтэй нь Монголын Юан гүрнийг түлхэн унагаахад голлох нөлөө үзүүлсэн улаан алчууртын босогчид энэхүү Цагаан лянхуа бүлгийн гишүүд байсан бөгөөд Мин гүрний эсрэг Алтан хааны холбоотон болсон нь хувь заяаны тохуурхал байлаа. Ёстой нөгөө мөнхийн дайсан, холбоотон гэж байдаггүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдгийг Монголын түүхэнд үзүүлжээ.
- Бөөгийн ёсны элдэв бурангуй заншлыг халах хэрэгтэй байв. Жишээ нь: Алтан хааны нэгэн ачыг оршуулах хойллогод зуун хүүхдийг алж эхчүүдийн уйлуулах, зуун ботгыг алж ингэ буйлуулах балмад шийдвэр гарч ард, олны дургуйцлыг төрүүлэн эсэргүүцэл тэмцэл гарчээ. Түүнчлэн тэр үеийн Монгол оронд аллага таллага, дайн мөргөлдөөн газар авч Монгол хүний зан авир хэт догшин, дайнч байлдаанч, ёс суртахуун зан заншлын үнэт зүйлс нь зэр зэвсэг, бахархал нь баатар эрс төдийхнөөр хязгаарлагдаж байсныг нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу өөрчлөх болсон нь гарцаагүй. Ингээд шарын шашны талыг баримталдаг түүхчдийн тэмдэглэдгээр Буддын шашинд орсноор цусан давалгаа хөдөлсөн их мөрнийг сүүгээр үйлдсэн тунамал далай болгон [14, 151-152х] нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг өөрчлөх явдал болсон байна.
Ийнхүү дээдсийн ноёрхолыг бэхжүүлэх, ард олны эсэргүүцэл тэмцлийг зөөлрүүлэх, дайн байлдааныг зогсоон, энх тунх амар жимэр амьдралыг хангах Монголын нийгмийн дотоодын оюун санааны хэрэгцээний улмаас шашин дэлгэрэх зайлшгүй түүхэн шаардлага Монголын нийгэмд бүрджээ.
Алтан хаан нь бүс нутгуудад Монголын ноёрхолыг дахин сэргээж эхэлснээр Түвдэд Монголчуудын ноёрхлыг тогтоох санаархалтай байсан нь ойлгомжтой. Нөгөө талаас Түвд дэх дотоод, гадаад байдал болон шарын шашин нь: Монголыг шашны нөлөөгөө дэлгэрүүлж болох бас нэг газар гэж үзсэн байх. Түвдэд шарын шашин нь ноёрхолоо тогтоохдоо уламжлал ёсоор Монголын цэрэг, эдийн засгийн хүчийг ашиглах. Монголчуудын түрэмгийлэлээс зайлсхийх боломж байгааг олж харан Алтан хааны урилгыг дуртайяа хүлээн авчээ. Хоёр талын ашиг сонирхол яв цав нийлснээр 1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Хэдий Далай лам гэсэн нэрээр алдаршсан боловч уулаасаа Далай лам нарын урьд болон хойд дахь дүрүүд нь ямагт “жамц” буюу Монголоор далай гэсэн нэртэй байсныг анзаарахгүй байж болохгүй. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ. Хэдий тийм боловч тэр үеийн Монголчууд их гүрний үлдэгдэл гэсэндээ Түвдийг эрхэндээ оруулах санаагаа орхилгүй Далай лам Содномжамцыг нас бармагц Алтан хааны ач Сүмэр тайжын хүү Далай-Эрдэнэг(1589-1616) Ёндонжамц хэмээн III Далай ламын дараагийн дүрд өргөмжилснөөр Монголчууд бусдын доор биш дээр байх ёстой бодлогыг үргэлжлүүлсэн. Гэвч тал хээрийн дайнч, энгийн, шударга, шулуун хүмүүс болохоор Монгол Далай ламаа нас бие нь жигдэрмэгц болзошгүй аюулаас хамгаалан цэргийн хамгаалалтан доор Түвд оронд тавьсан боловч шашин, сүм хийдийнхэн элдэв далд, нууц явуулгуудыг тооцоолж чадаагүйгээс Түвдэд очоод тун удалгүйгээр Монгол Далай лам ид залуухан насандаа сэжигтэйгээр жанч халив. Иймээс Монгол IV Далай лам гэнэт нас барсанд Монголчууд ихэд зэвүүрхэн дургүйцэж Түвдэд залхаан цээрлүүлэх цэрэг оруулж байсан. [7, 142х]
Мэдээжээр шинээр орж ирж байгаа үзэл суртал огт эсэргүүцэл тэмцэлгүйгээр дэлгэрнэ гэж байдаггүйгээс хойш бөө болон Монголчуудын хуучин уламжлал үзэл сурталдаа үнэнч байсан хэсгээс эсэргүүцэл үзүүлэв. Жишээ нь: Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна.[17, 207х]
Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ. Харин Монгол дахь энэхүү үйл явдлыг түүний эртний дайсан Мин улс ихэд олзуурхан хөхүүлэн дэмжин баясаж, байсан нь тэр үеийн Мин гүрний Монголд очиж байсан элч төлөөлөгч, тагнуул туршуулуудынх нь мэдээнээс илт харагддаг. [15, 194х]
Дундад зууны үеийн Монголын буддизмын түүх
Монгол цэргийг зогсоох хүч
Ертөнцийн улс гүрнүүдэд тэнгэрийн ташуур, бурханы цээрлэл гэж нэрлэгдсэн Монгол цэргийг зөвхөн
- Байгалийн гамшиг
- Дотоодын тэмцэл
- Хаан буюу удирдагч нарынхан л үхэл зогсоож байсан түүхтэй.
Энэ дэлхийн хаана ч гэсэн Монгол цэргийн зориг зүрх, цог жавхааг энэ мэтээр хараал, зүхэл, мөргөл, сор залах аргуудаар, сэтгэл зүйн хүчээр эр зоригийн мохоох гэж оролдсон тохиолдол бүтэлгүйтэж байсан нь дээр дурдсанаар үнэхээр Монгол цэргийн байлдааны ажиллагаа нь нүгэл хилэнцэт ертөнцөд өгөх шударга ёсны шийтгэл, бурхан тэнгэрийн зарлигаар ирсэн залхаалт, тэнгэрийн ташуур, тэнгэрийн тааллаар ч болдог юм бил үү? Иймд Монгол цэргийн эсрэг тэмцэх гэдэг бурхан, тэнгэрийн тааллын эсрэг байсан учир дайсан этгээдүүд нь давуу хүчтэй байсан ч шившигтэйгээр ялагдах жамтай гэж шашин, шүтлэгийн талаас нь тайлбарлаж болох мэт. Үнэхээр ч дээр дурдсан шалтгаануудаар Монгол цэргийн довтолгоо тасалдаж, эцгийнхээ тушаалыг дагалгүй Далай ламын талд орсон Арслан тайжыг цаазалснаар түүний цэрэг сарниж эсэргүүцэл этгээд нь түр ч болов амсхийв. Удалгүй өөр нэг Монгол цэрэг болох Ойрадын цэрэг ирснээр Цогт хааны цөөн тооны халх цэрэг дээр тулгуурласан, орон нутгаас татсан чанар муутай цэрэг голлосон хүчийг бут цохижээ.
Монголчилсон үгс
- Патра- бадар буюу бадарчлах,
- Важра-очир, падма-бадмаа (өөрөө бий болсон),
- Ратна-раднаа эрдэнэ гэх мэт монголчлогдсон үгнүүд их байдаг.
Монголчлох шалтгаан
Хамгийн ноцтой нь Чин гүрний бодлоготой Түвдийн Монгол руу хандах ашиг сонирхол нь нийцэж байлаа. Түвдүүд шашнаар дамжаалан нөлөөлөө тогтоож орлогын баялаг эх үүсвэрээ хадгалах зорилгоор Монгол хэл рүү Буддын ном зохиолыг орчуулж байсан улааны шашны Сажа/Сакяа урсгалынхантай тэмцэлдэж, уг урсгалыг дэмжигч Лигдэн хаан, Цогт хунтайж нартай дайсагнаж байсан нь Манжийн улс төр, эдийн засаг, дипломат бодлогоор Монголыг эзлэх зорилготой яв цав нийцэж байлаа. Эх хэл дээрээ Буддын философийг уншин ухаарч сэтгэж, хэлэлцэж чаддаг хүмүүс юу гэж Манжийн далд явууллагад амар автан, дотоодын тэмцлээсээ шалтгаалан харийн харьяат болохыг хүсэх билээ. Ер нь Монгол хэл дээр Буддын ном, судруудыг орчуулах ажил Ойрадын Зая Бандидаас (1599-1662) хойш зогссон юм. Манж, Түвдийн аль алинд нь Буддын шашны мөн чанарыг ухаардаг, түүний философийг судлан оюун санаагаа хөгжүүлдэг Монголчууд бус харийнхны хэлснийг цээжлэн, бодож сэтгэж ухаарах шаардлагагүй манкуртууд, сохроор дагадаг дуулгавартай дагалдан гүйцэтгэгч нар хэрэгтэй байсан нь ойлгомжтой.
Богдуудын тухай
Анхдугаар Богд
Анхдугаар Богдыг Түвдийн Дарнадын хувилгааны дүр гэсэн байна. Дарнад уг нь Түвдийн Буддизмийн Жонанг урсгалын толгойлойгч, нилээн хэдэн бүтээлтэй нэр хүндтэй, эрдэмтэй лам байв. Жонанг урсгал нь Сакяа урсгалаас салбарлаж гарсан бөгөөд шарын шашинтай өрсөлдөгч урсгалуудынх нь нэг байжээ. 1614 онд Дарнад нь Монголд ирж хэд хэдэн сүм, хийд байгуулж байсан мэдээтэй. Чухам хаагуур яаж явсан нь тодорхойгүй. Бодвол Халхад үйл ажиллагаагаа явуулж байсан юм болов уу. Түүнийг нас барсны дараа 1639/40 онд Халхын Түшээт ханы гэрт тодруулан Өндөр гэгээн хэмээгддэг Занабазарыг таван настайд нь Халхын богд гэгээн 1635-1723) хэмээжээ. Чухам яагаад Халхад Жонан урсгалын тэргүүн ламыг дахин тодруулсан түүхэн учир шалтгаан нь битүүлэг. Анхнаасаа Монголд Дарнадын хувилгаанд өргөмжилсөн үү? хожим Далай лам түүнийг Дарнадын хувилгаан гэсэн үү? гэдэг нь асуултын тэмдэгтэй.
XIV Далай ламын ам алдсанаар бол “Жонангийн хийдүүдийг V Далай лам шашны шалтгаанаар бус улс төрийн зорилгоор хаасан. … Тэд Цангийн хааныг дэмжиж байсан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох шашны дайн, мөргөлдөөний аюулаас зайлсхийсэн юм” гэсэн байна. [23] Чухамхүү энэхүү Цан хаан хэмээгчид нь Лигдэн хутагт хаан, Цогт хунтайжын холбоотон болж шарын шашны эсрэг тэмцэж байжээ.Эндээс үзэхэд магадгүй Далай ламын захиргаа өөрийн өрсөлдөгч Жонангийн урсгалыг дарж аваад удирдагчийн Халхад төрсөн болгож зайлуулсан байх талтай. Халхуудын хувьд эхэндээ улаан, шар нь хамаа байсангүй. Эсвэл Халхууд анхнаасаа улааны шашныг дэмжиж байгаад сүүлд нөхцөл байдлаас улбаалаад шарын шашныг сонгосон байх.
Цогт тайжийн Түвдийг дайлах гэсэн, Абтай ханыг Очирбат буюу очирдар (гармаа хэмээх улааны урсгалын нэг нэр) түшээт хан гэж байснаас харахад анхнаасаа улааны шашны нөлөө Халхад их байжээ. Иймд магадгүй Жонанг урсгалаар далимдуулан Түвдийг Халхын мэдэлд оруулан нийт Монголд ноёрхох алсын зорилт тавьсан ч юм бил үү? Занабазар нь нэг хэсэг Түвдэд шавилан суугаад 1651 онд 15 насандаа Халхад буцахад нь Далай лам багш нь түүнд Халхын шашны тэргүүн богд Жавзандамба хутагт цол алтан тамга хайрлахын хамт Дарнатын хувилгааны хойт дүр мөн хэмээн мөнөөх хувилгааны алт эрдэнээр бүрсэн гавлын ясыг хадгалуулан, 40 ловон, жасын нярав тэргүүтэй 50 шадар нийт 90 Түвдүүдийг бурхан шүтээн, судруудын хамт дагалдуулан өгч илгээв. Занабазар номын хувьд хир байсан нь бүү мэд. Монгол хэл рүү ном зохиол орчуулсан нь мэдэгдээгүй байна. Харин тайлбар зохиолуудыг Түвд хэл дээр бичсэн.
Монгол лам нар буддын гүн ухаан зохиолуудыг тайлбарласан зохиол бичиж байснаас өөрсдөө гүн ухааны чиглэлээр нэг их бичиж байгаагүй юм шиг. Занабазар Самгарди, Түвд үсгээс үндэслэн Соёмбо үсэг зохиосон авч амжилт олсонгүй. Ямар зорилгоор шинээр үсэг зохиосон нь тодорхойгүй. Энэ мэт шашны голдуу эрдэмтэд шинээр нилээн бичиг үсэг зохиож Монгол уйгаржин бичгийг халах гэж оролдоод байсан нь Монгол бичгийн уг сурвалж нь Христийн шашнаас гаралтай, үүнээс үндэслэн түүнээс цэрвээд байсан гэсэн сэжгийг төрүүлдэг. Шинээр Монгол бичиг үсэг зохиох улс төр, эдийн засаг, нийгмийн ямар ч шалтгаан байгаагүй юм. Өндөр гэгээн урлагийн нарийн мэдрэмжтэй авьяаслаг барималч хүний хувьд бурхадууд бүтээж Монгол маягийн бурханы арга барилыг бий болгосноороо гавьяатай. Гэхдээ энэ нь Энэтхэг, Түвдүүдийн бүтээлээс тиймч их ялгаатай бус.
Ногоон дарь эхийг Занабазарын оргил бүтээл гэдэг ба үнэхээр ногоон дарь эх нь эмэгтэй хүний бэлхүүс, хөх зэрэг биеийн харьцааг тун чадварлаг гаргаж чадсан секси бүтээл болсон. Эр хүний далд хүслийг өдөөхөөр сайхан биетэй Монгол хүүхнийг дүрсэлснийг нь ажихад мань хүн бүсгүй хүний гоо сайхныг сайн мэдэрч, амталж явсан юм уу даа гэмээр. Ядаж дор хаяж сайхан бүсгүйг шалдаж байгаад харж бүтээсэн нь илт. Тэр харин улс төрийн үйл ажиллагааны хувьд тун ч сөрөг дүрийг Монголын түүхэнд бүтээжээ. Манжид дагах Долон нуурын чуулган дээр Халхын ноёдод буян заяагүй шар хятадыг (оросыг хэлжээ) дагаснаас, эд баялагтай, нүнжигтэй хар хятадыг дагасан дээр гэж хэлснээр Халхын 550 ноёдоос нэг нь татгалзаж бусад нь зөвшөөснөөр Халх тусгаар тогтнолоо алджээ. Эндээс харахад түүх газар зүй, тухай үеийн улс төр, орнуудын талаар маш муу ойлголттой байсан нь харагддаг юм. Тэр үеийн европын хөгжлийн нөлөөгөөр Орос орон нь хэдий ядууч техник технологийн түвшнээр Манжуудаас хамаагүй илүү болчихсон байлаа. Мань хүнд Хятадын торго дурдан, хадаг яндар илүү сэтгэгдэл төрүүлсэн байдаг нь тэр үед хэлсэн үгнээс нь харагддаг. Гэхдээ Өвөрлөгчийн нутагт байсан учраас Манжид буухаас өөр зам байгаагүй биз ээ. Ихэд өндөр насалсан бөгөөд түүний үхэл тойрсон үнэн худал янз бүрийн яриа байдгаас Халхын тусгаар тогтнолыг алдсанд гэмшиж, Манжуудын эсрэг хандаснаас хорлуулсан гэдэг боловч түүнийг батлах баримт, нотолгоо байдаггүй. Энэ бол Халхуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх гэсэн хүсэл, шарын шашны нь лам нарын түүний түүхэнд гүйцэтгэсэн сөрөг үүргийг цагаатгах гэсэн хүслээс гаралтай цуу яриа л байх. Түүнийг үхэхэд нь шарилыг нь хадгалах зорилгоор Амарбаясгалант хийдийг байгуулжээ.
Манжийн хаанаас Монголчуудаас авсан өчнөөн алба татвар, цэрэг дайны зардал, тэдний төлөө байлдсан Монгол цэргийн цусны хариуд Монголчууд Манж дай чин гүрнээс иймэрхүү хэдэн сүмтэй л хоцорсон билээ. Тийм боловч Халх Манжид дагаар орсонд ганц Өндөр гэгээнийг буруутгах нь зүйд үл нийцнэ. Олон хүчин зүйлс байдгийн нэг нь Энх Амгалан хаан Халхыг дагуулж аваад “Энэ хэргийг би уулаас Далай ламтай хамт явж шийтгэсэн учир түүнд Халхыг дагаж орсныг мэдэгдэж баярлуулах хэрэгтэй” [18, 91х] гэж зарлиг буулгаснаас мэдэгддэг.
Хоёрдугаар Богд
Анхдугаар Богдыг нас нөгцмөгц Халхууд хойд дүрийн тодруулах гэж яаравчлан оролджээ. Тэгмэгц Манжийн хаан өөрийн хүргэн эфү Дондовдоржийн хүүг хойд дүрээр тодруулахаар Далай ламд нууцаар даалгавар өгч II Богдоор (1724-1757) тодруулсан. Өөрийнхөө гүнжээс төрсөн гэж баахан цуу тараасан боловч үнэнд гүйцэгдэн Хотгойд хатны хүү гэдэг нь олонд ил болжээ. II Богд өөрийн ах Ренчиндорж ванг Бээжинд цаазлуулсанд эгдүүцэж тэр үед өрнөсөн Халхын эрх чөлөөний төлөө тэмцэлд талтай хандав. Харамсалтай нь сахил хүртэж зориг нь мохсон хүний ёсоор Монголчуудынхаа төлөө олигтой дуугарч чадалгүй гуйвж дайвсаар Манжийн заль мэхэнд автаж тэдэнд удаа дараа ашиглуулан босогчдыг дэмжих оюун санааны асуудлыг будилуулж явсан юм. Халхад бослого дарагдсаны дараа хэрэгцээгүй болсон гуйвамтгай лам маань Манжийн хааны явуулсан тусгай хүн хорлогдож 36 насандаа таалал төгссөн гэдэг. Мөн II Богдыг нас бармагц Манж төр болон Халхын ноёдын дотор III Богдыг төрүүлэх нууц, далд уралдаан өрнөв.
Манжууд Халхын дотроос Богд төрөхийг аюултай гэж Түвд газраас тодруулж байхаар шийджээ. Тэдний хувьд энэ нь анхны туршилт бус бөгөөд өвөр Монголын шашны тэргүүн анхдугаар Жанжаа хутагтыг таалал төгсмөгц дараагийн дүрүүдийг Түвдээс тодруулах зарлиг буулгаж байсан нь Монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход Түвдүүдийг ашиглах улс төрийн зорилготой байсан нь ойлгомжтой. Түвд хүн Монголчуудын ирээдүйн талаар санаа зовохгүй. Мэдээж Монгол шашны тэргүүн Монголчуудынхаа талд орж Манжийн колончлолд саад болох талтай гэж энгийн тооцоог тэд хийжээ.Гэвч оюунлаг Халхууд буулт хийхийг хүссэнгүй.
Гуравдугаар Богд
III Богдын дүрийг бээл Намжилсүрэнгийн зэрэг долоон ноёдын гэрээс тодруулах гэж оролдов. Гэтэл Түвдийн шашны дээрээсээ хоёр дахь хүн Банчин богд нь Манжийн хааны даалгавраар Халхын гурвадугаар Богдыг 1758 оны тавдугаар сарын шинийн нэгэнд Төвдийн тайж Данзангомбын гэрт төрсөн гэж төлөг буулгажээ.
Шинэ хувилгаан 1763 онд Халхад ирэхэд нь Халхын буян, заяа дээр харь хүн суулаа гээд Монголчууд маш хүйтнээр хүлээн авч ялангуяа алсын хараатай Монгол лам нар их эсэргүүцсэн байна. III богдын багш нар, онцолбол хамба номон хан Жамбалдорж шинэ Богдыг зүйл бүрээр хавчин доромжилсон, сургах нэрээр занчсан гэгдэж түүний оронд Түвдээс лам нарыг ирүүлж III Богдын багш болгов. Энэ Богд 1773 онд арван тавтайдаа өвчнөөр таалал болов гэдэг ч V гэгээнтний намтар оршив гэдэгт бичсэнээр бол “II гэгээнтэн бузар бурангуйг дарж ариутгасны ачийг эс бодсон хэдэн шавь нар буруу үзлээр III Богдын зохиол бүхнийг хориглосон шалтгаанаар 16 төдийхөн сүүдэр зоогложухуй” [18, 93х] хэмээснийг харахад Түвд Богд заларсныг эсэргүүцсэн Монгол лам нарт хорлогдсон юм байна гэж ойлгогдохоор.
Дөрөвдүгээр Богд
III Богдыг үхмэгц Халхууд дахин Монгол нутгаасаа IV Богдыг тодруулах гэж оролдсон нь бас нэгийг өгүүлнэ. Жишээ нь, Түшээт хан Цэдэндорж, ван Санзайдорж нар өөрсдийн хөвгүүнийг IV богдоор тодруулах гэж оролджээ. Манжийн хаан үүнийг буруушаасан зарлиг гарган Түвдээс ямагт Жавзандамба хутагт тодрохыг заав. Түүний дараахан Далай лам, Банчин эрдэнэ нар мэргэ төлөг буулгаж хутагтын дүр Монгол газар төрөх шинж тэмдэг илэрсэнгүй Түвдийн газар төрөх төлөгт илэрчээ гэсэн байна.
Агуу их Буддагийн мэрэг, төлөгийг буруушааж, бурхан байдаггүй хүн өөрөө гэгээрэх ёстой гэсэн сургаалийг Түвдийн буддизм гуйвуулж түүний шашны тэргүүнүүд нь өөрсдийгөө бурхан хэмээж мэргэ төлөг үйлдэн харийн дайсанд үйлчлэн сүсэгтэн олноо хуурч байсны бас нэг яруу тод жишээ нь энэ билээ. Ингээд Халхын дөрөвдүгээр Богд Лувсандовдонваанчиг нь VII Далай ламын авга Сономдашийнд 1775 онд төрөөд 1813 онд таалал төгсжээ.
Тавдугаар Богд
Богдын тавдах дүр нь 1815 онд Төвдийн Гомбодондов гэдэг айлд төржээ. 1842 онд өвчнөөр нас барсан. Мөн VI Богд 1842 онд найман настайдаа гэгээнд тодрон Их хүрээнд ирээд тавин есхөн хоногийн дараа өвчнөөр жанч халив. Халхын VII Богд 1850 онд нялхдаа гэгээнд тодорсон. 1855 онд Их Хүрээнд ирж ширээнээ заларсан. 1868 онд гэнэтийн өвчнөөр таалал болсон.
Долоодугаар Богд
VIII Богд Жавзандамба 1869 онд Далай ламын дэргэдийн нэгэн айлд төржээ. 1875 онд Халхад ирж ширээнээ заларчээ. 1911 онд автономит Монгол улс тогтоход шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөгдсөн. 1924 онд таалал болсон. Дээрхи он дарааллыг харж сууж байхад Монголын Богдууд бүгд өөрийн үхлээр үхээгүй мэт. Ер нь бүх Богдыг хорлогдож үхсэн тухай цуурхал, баримт, ярианууд байдаг.
Наймдугаар Богд
Хамгийн өндөр насалсан VIII Богд Жавзандамба хутагт юм. Түүний үхэл хүртэл Монгол улсад хэмжээт хаант эрхийг халж үндсэн хууль батлах бэлтгэл ажлын үетэй давхцаж байдаг нь тохиолдол биш мэт.
Есдүгээр Богд
IX Жавзандамба хутагт Монгол улсын хаан болсон нь: Тал бүрээсээ араатанд боорлуулсан гөрөөс мэт болсон Манж чин гүрэн өнгөрсөн зууны эхээр шинэчлэл хийж улсаа өөд татахаар шийджээ. Ядаж байхад Бельги, Нидерланд мэтийн одой төрсөн гадаад далайн чөтгөрүүд хүртэл Чин гүрнийг дээрэлхээд байв. Ингээд хуучны олон ёсыг халж өөрчлөх болсны тоонд Монголд хандах бодлогоо шинэчлэв. Олон цагаач Хятадыг шилжүүлэн түүнд саад болсон шашны болон хуучны засаг захиргааг нь өөрчлөх нь шинэчлэлийн гол зорилгын нэг боллоо. Үүндээ шинэ засгийн бодлого гэж хөөрхөн нэр хайрлаад өнгөц харахад улс орныг хөгжүүлэх олон сайхан зорилт дэвшүүлжээ. Хамгийн ноцтой нь энэхүү шинэчлэлүүдээ Хятадуудаар хийлгэснээрээ Монгол үндэстэнд хойшид орших уу эс орших уу гэсэн асуулт тавьлаа. Монголчууд мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийж хөгжих хэрэгтэйг ойлгон ялангуяа хөгжингүй орнуудад боловсрол эзэмшсэн Өвөр Монголын Хорчин, Харчин зэрэг Манжийн хааны ордонд шадар Монгол ноёдууд өөрсдийн гараар өөрчлөлт хийхийг хүсэж байв. Гэвч илэрхий Хятадчлагдаж эхэлсэн Манжийн ордныхон зөвшөөрсөнгүй. Улмаар энэ шинэчлэл нь Манжийн төрийг унагаснаар барахгүй өөрсдийн үндэстэнг нь мөхөлд дуудсанаар дууссан билээ.Харин энэхүү шинэ цагийн дуудлага нь Монголын хамгийн хоцрогдмол хязгаар нутаг байсан Халхуудын үндэсний үзлийг өрдөж өгөв. Заримдаа сул тал түүхэн нөхцөлд давуу тал болон хувирч, давуу тал нь харин зарим нөхцөлд муу үр дүнд хүргэдгийг Монголын түүх дахин сонирхуулав. Хэт дайнч, дайныг аж ахуй, орлогын нэг эх үүсвэр болгосон Монголчууд цагаа тулахаар нэгдэж хүчирхэг цэрэг, арми гаргахын оронд хоорондоо хэмлэлдсээр бусдын эрхэнд орсон бол XX зууны эхэн үед хоцрогдсон үзлээрээ шинэчлэлийг эсэргүүцэн, үндэстний соёлоо хамгаалан тэмцэв. Цэргийн хэрэг байтугай хонио гаргах хүн ховордсон, олигтой ч зэвсэггүй Халхууд нэг хүний удирдлаганд эвлэлдэхээс өөр тэмцэх гарцгүй байлаа. Хэрэв хуучин шигээ дайнч, зэвсэг сайтай байсан бол бас л хоорондоо нүдэлдээд эсвэл дош дошин дээрээ суучихаад шинэ аюулын эсрэг тэмцэж чадахгүй нэг нэгээрээ цохигдох талтай ч байсан юм билүү? Ингээд Монголын түүхэнд анх удаа харь гаралтай хүн төрийн тэргүүн нь болсон юм. Түүнд дараахи шалтгаануудын улмаас шинэ Монголын түүхэн удирдагч болох хувь тавилан ноогджээ. Язгуураасаа Монгол улс нь тусгаар байсан тул эцэг өвгөдийн үйл хэргээ үл мартан тусгаар төр улс болох олон жилийн мөрөөдлөө биелүүлэх цаг ирснийг ойлгон Монголчууд даяр Манжийн эсрэг тэмцэж эхэлсэн түүхэн цаг үе байлаа.
Халхууд нь бусад Монголчуудынхаа төвд оршдог, гадны нөлөөнд бага өртсөн учраас хамгийн үндсэрхэг нь байв. Өвөр Монгол, Буриад зэргээс гадныханд хавчигдсан үндсэрхэг үзэлтнүүд Халхад бөөгнөрч эхэлсэн нь үндэсний үзлийг дэвэргэхэд таатай оч болжээ. Халхууд Монголын хамгийн том угсаатан тул Халхад л хөдөлгөөн гарч тэмцлийг оройлохоос өөр замгүй байв. Уг нь Өвөр Монголд аль хэдийн хэд хэдэн хүчтэй бослого гарч байсан авч түүхэн газар зүй, угсаатны онцлог, задралаас нь болж газар авч чадахгүй дарагдаж байсан юм.
Ар Монгол нь Монгол усгаатны хамгийн хоцрогдсон бүдүүлэг хязгаар байсан тул хаа ч байдаг үзэгдлийн дагуу аливаа шинэчлэл өөрчлөлтийг тун эмзэг хүлээн авав. Манж улс аль хэдийнээ авилга, шударга бус байдал, хоцрогдолдоо баригдан өмхрөн унахад бэлэн мод шиг болчихсон байлаа. Хөрш Орос улс нь Монгол мэтийн сул сул дорой газар нутгийг олз хайсан махчин адил шунан харж Хятадын эсрэг үзлээр нь далимдуулан өөрийн колони болгох далд хүсэлдээ тэчьяадан Хятадын эсрэг тэмцлийг ил далдаар дэмжэв.
Монгол орон шарын шашны гүн итгэл бишрэлд автсан байсан тул VIII Богд л нийт Монголын хөдөлгөөнийг оройлхоор олноо хүлээн зөвшөөрөгдсөн ганц удирдагч байв. Аз таарахад VIII Богд нилээн дураараа, зоримог шийдэмгий хүн байсан нь Монголчуудын үйл хэрэгт сайнаар нөлөөлөв. Эхнэр хүртэл авсан ганц Богд аж. Тэр Хятадын эрх баригчдын элдэв сүрдүүлгээс үл айн сүсэгтэн олноо зоригжуулан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдав. Харин амьдадаа бурхан мэт шүтүүлж байсан түүнийг дараа нь шинэ цагийн шүтээн коммунист бурхад нь чөтгөр, шулмын дүрд хувилган муу муухайн үндэс байсан мэтээр хэт гутаан доромжилдог байсан. Егөөтэй нь үйлийн үрийн дагуу шинэ үеийн баастай амьд коммунист бурхадад дээрхи түүх давтагдаж зарим нь амьдадаа газар доор ортлоо муулуулсан бол арай азтай нь үхсэн хойноо тамд очтолоо баалуулжээ.
Хар багаасаа бурхан мэт хүндлүүлсэн жирийн нэгэн азтай Монголжсон Түвд эр дураараа авирлаж шашин санваараа тоолгүй “хүүхэндсээр” өнгөний өвчнөөр өвдөж байсан гээд л зөндөө “баримт” байдаг ч гэсэн Монголыг гэсэн сэтгэлтэй хүн байсан нь илэрхий. Харин ардчилсан засгийн үед түүний түүхэн үүргийг хэт өргөмжилөн дахин туйлшрав. Үнэндээ 1911 оны эрх чөлөөний хувьсгалын уг нь, үндэс язгуур угсаагаа хамгаалсан Монголчуудын хүсэл эрмэлзлийн үр дүн болохоос хаант Оросын хатгаас, Богдын оройлол энэ тэр бол туслах, хавсарга үүрэг төдий байсан юм. Шарын шашинд автаж эрчүүдийн ихэнхи нь лам болсон Монгол орон дахь ганц зохион байгуулалтай хүч нь лам нар, түүний Богдоос өөр өндөр нэр хүндтэй хүн тэр үед байгаагүй ажээ. Иймээс лам нар болон VIII хутагт Жавзандамба энэ үйл хэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг шиг номхон хүлцэнгүй аж төрөх болсон Монголчуудад өөр авралын зам байсангүй. Хэдий тийм ч түүхийн энэ нэн эгзэгтэй үед шашин дэлгэрээд удаагүй байсан үедээ XVII зуунд ганц Түшээт хан аймаг нь 30,000 цэрэг гаргадаг байсан Халх Монгол арайхийж 4,000-аад муу зэвсэглэсэн ядмагхан цэрэг цуглуулж байснаар Монгол орон ямархуу түвшинд ортлоо бие бялдар, сэтгэл санаа, цог золбооны хувьд доройтсоныг бодитойгоор илэрхийлж байна.
IX Богдын муудсан мэлмийг сэргээх гэж билгийн нүдээр хардаг Жанрайсаг бурханыг бүтээжээ. IX Богд хэмээгч нь 1932 онд төрсөн ажээ. Нагац ах нь XIII Далай ламын бие хамгаалагч агаад, бас л нөгөө Банчин Эрдэнийн айлдвараар тодруулсан байна. Хөөрхийлтэй нь нэг хэсэг хэнд ч тоогдолгүй явжээ. Санваараа хүртэл орхин хоёр ч удаа эхнэр авсан олон хүүхэдтэй асман лам юм. Янз бүрийн ажил хийж явсан агаад Энэтхэгийн радиогийн Түвд хэлний тасагт хүртэл ажиллаж байсан байна. [25]
Монголын тусгаар тогтнолын дараах буддизм
Арай урт насалсан Түвд богдууд
Богдуудаас урт насалсан нь ердөө л 55 хүрсэн насалсан байгаа юм. Өндөр гэгээн хүртэл 88 хүрч урт насалсан авч Манжуудад хорлогдсон гэдэг яриа яригддаг. Ямар ч байсан II Богд Манжид хорлогдсон нь үнэн бололтой. Түвдээс заларсан Богдууд нас бага залуудаа үхээд байсан нь Монголчууд тэдэнд дургүйцээд өөрсдөөсөө Богд тодруулах гээд байсантай нь холбоо сэжимтэй юм шиг.
Хамгийн гайгүй насалсан Түвд богдууд нь: IV дүр нь 36, VIII дүр нь 55 хүрчээ. Энэ хоёр Богд нь Далай ламын ойрын хүрээнээс төрснөөрөө онцлогтой бөгөөд үүнээс тэдний арай гайгүй насалсан шалтгааныг нь олж харж болох. Тэд дангаараа бус ах, дүү болон дагалдах хүмүүстэй ирснээрээ хамгаалалтанд орсон. Мөн Далай ламын ойрын хүрээнээс ирсэн гэдэг утгаараа бага зэрэг хүндлэгдэн шууд хорлогдчихоогүй нь илт. Нөгөө талаар VIII Богдын үед Монголчууд нөхцөл байдалтай эвлэрсэн бас уг хүн нь Монголчуудад уусан жинхэнэ монгол хүн шиг өсөн, Түвд хэлээ ч сайн мэддэггүй Монголдоо элэгтэй хүн болсноор Түвд Богдуудаасаа хамгийн урт насалсан буй заа.
Лам нарын оролцоо
Лам нарын идэвхитэй оролцоо, шашин шүтлэг, уламжлал, үндэс угсаагаа хамгаалах үзэл санаа, Богд гэгээний өндөр нэр хүнд Монгол орныг Манжаас тусгаарлахад гол хүчин зүйлүүд болсон. Гэвч шинээр байгуулагдсан Монгол орны оюун санаа, хөгжлийг нь тэр үеийн Монголын элитүүд залуурдан явах чадваргүй болтлоо дэлхийн түвшнээс хоцрогдсон байлаа. Иймээс тухайн үед Монгол угсаатан дотроо оюуны боловсролоор тэргүүлж байсан голдуу буриад гаралтай сэхээтнүүдийн шинэчлэлд саад хийж гологдож эхэлсэн юм. Түүгээр барахгүй Монгол улс де фасто тусгаар тогтнолоо 1919 онд хадгалж чадаагүй амархан алдсан нь шарын шашны үзэл номлолд хэт автсанаас үүдэлтэй.
Монголын тэргүүний сэхээтнүүдийн нэг Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг” сонин сэтгүүлийн шинжлэх ухааны нийтлэлүүдийг лам нар эсэргүүцэж байв. Лам нар дэлхий ертөнцийн гарал үүсэл, физикийн болон химийн шинжлэх ухааны тайлбаруудыг шашны номлолтой зөрж байна гэж Богд хаанд айлтган заргалдаж байжээ.[5,98x] Улмаар тэр үеийн эрх баригчдын хоорондын тэмцэл ширүүсч гадаад, дотоод хүчин зүйлсийн оролцоотойгоор хамгийн эх оронч, чадварлаг улс төрчид нь ойрхон хугацаанд сэжигтэйгээр үхэцгээв. Ингээд лам нарын бүлэг Монгол орныг хянах болсон нь улс гүрнээ авч явж чадахгүйд хүрч тэдний толгойлогч Шанзав Бадамдорж нь жижиг Сю хочтой генерал Сю Сүжаныг орж ирэхээс өмнө улс орныхоо бие даасан байдлаас ухарсан 64 зүйл анги бүхий хэлэлцээг Хятадын төлөөлөгч Чен И хэмээгчтэй эхлүүлэв. Хэлэлцээ сунжирснаас тэвчээр алдсан Хятадууд жижиг Сюгаар захируулсан түрэмгий цэрэг оруулснаар энэхүү эмгэнэлт жүжиг дараагийн үзэгдэлдээ шилжжээ. Генерал Сю нь ердөө л Монголчуудын хоцрогдол, бүдүүлгийг ашиглан Их хүрээнд цэргийн десант буулгачихжээ. Монголчуудын хувьд энэ нь гэнэтийн зүйл болж нэг л өдөр асар олон Хятад цэрэг гарч ирээд л Нийслэл Хүрээг эзлээд авчихаж. Үнэндээ жижиг Сю хэмээх хочтой энэхүү балмад этгээд нь тухайн үеийнхээ шинэ технологийг ашиглан автомашинаар богино хугацаанд цэрэг ачаад гялалзтал хөдөлсөнд л байлаа. Их үд, бага үд, маргааш, бүтэн сар гарахаар уулзая гэдэг цаг хугацааны болхи хэмжүүртэй Монголчууд дэндүү хоцрогдлоосоо болоод юу болоод байгааг тунгааж амжилгүй хурдан машинтай, хурц зэвсэгтэй дайсандаа Нийслэл Хүрээгээ алджээ.
Шарын шашны голомтыг самарсан нь
Ингээд шашин төрийг хослон барих хувьтай төрсөн хаанаараа удирдуулсан Монголын эрх баригчид улс түмнээ хөгжил дэвшилд хүргэх байтугай, төр улсаа удирдах чадваргүй нь нотлогдон байр сууриа тавьж өгөх нь гарцаагүй байв. Улмаар Ардын нам хэмээх Оросуудаар дэмжүүлсэн бүлэглэл гарч ирснээр шарын шашны мөхлийг ёролсон юм. Тэд Оросуудаас авсан тусламжийнхаа төлөөсөнд коммунист үзэл суртал авчирснаар шарын шашинд үхлийн цохилт өгчээ. Коммунист шашин нь өрсөлдөгч шарын шашныг устгаж байж л газар авах нь ойлгомжтой байв. Гэсэн ч Монгол орон шарын шашинд хэт фанатик байдлаар автагдсан, зомби байдлаасаа хурдан гарах боломжгүй байв. Иймд Богдыг хэмжээт хаанаар үлдээн, хутагт хувилгаадаар засгийн эрх бариулж байсан авч эрх мэдэл нь үнэндээ өрнөдийн соёлын давуутайг мэдэрч, ашигласан буриад, халимгуудад, тэдний нөлөөнд орсон бусад Монголчуудад хурдан шилжиж эхлэв. Эмгэнэлтэй нь эдгээр Оросын Монгол гаралтай сэхээтнүүдээр дамжуулан зөвлөлтүүд эрх мэдлийн барьц атгалтаа аажмаар чангалсаар буддист зомбигоос коммунист зомби болтол нь Монголын ард түмний тархийг “базжээ”.
Богд жанч халсан нь
1924 оны 5 сарын 20-нд сүүлчийн Богд жанч халив. Шинэ үндсэн хууль, шинэ төрийн бүтэц байгуулах бэлтгэл ажилтай холбоотойгоор Богд гэгээнийг засгаас “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн тун оновчтой шийдлээр зарлажээ. Харин шашны зарим зүтгэлтнүүд болон шүтлэгтнүүд IX Богдыгоо нирваан дүрийг олж сүнс дахин төрдөг нүгэлт ертөнцийн амьдралын хүрдээс салсан, сансар огторгуйд тасарсан асар их мэргэдийн нэг Будда болсон гэсэн ардын засгийн мэргэн шийдвэрт нь итгэсэнгүй.
IX Богдыг сэм тодруулан, Банчин Богдоос батламж авав. Уг ажлыг Богдын засгийн үеийн баатар Гомбо-Идшин гүн тэргүүтэй Төвдөд айлчилсан төлөөлөгчдийг хувийн журмаар дагасан гэх лам Гэндэнсоном зэрэг хүмүүс хийжээ. Энэ удаа эрх мэдэл Манжуудад бус Монголчуудад байсан тул IX Богд Сэлэнгийн Зүүнхараа нутгийн Ялбагт орших мэргэн хүүхэн гэгдэх Цэнд (зарим бичигт Цэнджав гэсэн байдаг) гэдэг хүүхний гэдэснээс олдож Т.Лувсандорж гэдэг хүүхэд болон төрсөн байна.
VIII Богд нь 1948 онд нас барсан. Харин түүнийг тодруулах ажилд холбогдсон VIII Богдын багш Ёнзон хамба тэргүүтэй “ард түмний дайснууд” коммунист хуулиар хайр найргүй шийтгүүлэв. 1926 оноос ардын засаг Богдыг дахин тодруулахгүй, аливаа нэгэн хутагт хувилгаадын хойт дүрийг зөвхөн ардын засгийн зөвшөөрлөөр зарлаж байхаар хуульчилснаар Манжийн Тэнгэрийн тэтгэсний гэсэн сүржин цолтой харгис хааны 1793 онд гаргасан журмыг албан ёсоор хүчингүй болгов. Хуулиа улам чангаруулж 1934 оноос хутагт хувилгаадыг тодруулах, залах явдлыг “үүрд” цаазлан хорив. Энэ хуулийг цуцлаагүй тул өнөө ч хүчин төгөлдөр байгаа гэсэн үг!
Шинэ коммунист үзэл дэлгэрэхийн тулд хуучнаа шахах нь гарцаагүй тул адгуу хувьсгалчдын шахалтаар хүчиндэж хийсэн өөрчлөлт нь зарим хэсгийн дургүйцлийг хүргэжээ. Тэснэ тэснэ гэхээд үүнээс илүү яаж тэсэхэв гэгчээр 1932 лам нар бослого гаргав. Архангай, Хөвсгөл зэрэг нилээн хэдэн аймгуудыг хамарсан томоохон будлиан боллоо. Егөөтэй нь энэ удаа улааныхан шарыгаа даржээ. Лам нар болон шарын шашныхан хэт хоцрогдлоосоо шалтгаалаад нийгмийн хөгжлийг буцаах, дэвшилтэд техник технологийг дайсагнах замаар дундад зууны маягаар зэрлэг балмад аашилж байжээ. Хамгийн хоцрогдсон зах хязгаарын нутгуудад л бослого хүчээ авч чадсанаас нийт Монголыг хамарч чадсангүй. Орчин үеийн арми, арга барилтай ардын засгийн багахан хүч тэднийг харьцангуйгаар амархан цохисон.
Далай ламын Монгол дахь тоглолт
Түвдийн Буддизм буюу Далай ламын Монгол дахь тоглолт: Шарын шашинд их устгал явагдахаас өмнө XIII Далай лам 1904 онд Монголд иржээ. Тэр талаар маш олон зөрүүтэй мэдээлэл байдаг. Ямар ч байсан Англичуудын түрэмгийлэлээс зугтаж шашин нэгт Монголчуудыг бараадсан байна. Тэр үед IX Богдтой уулзсан, уулзаагүй хоорондын харьцаа муу байсан, байгаагүй гэх мэтээр олон янзаар бичигджээ. Албан ёсоор тэд уулзалдаагүй гэдэг. Далдуур уулзсан байх бүрэн магадлалтай. Зарим мэдээгээр бол тэд Манжийн засгийн хардалтаас шалтгаалаад уулзаж болохгүй байсан гэнэ. Гэтэл заримынхаар бол газар дээрхи хоёр бурхан хоорондоо мөчөөрхөлцөөд уулзаагүй ч юм шиг. Удалгүй шарын шашны голомт Түвдийг ч коммунист Хятадууд төвөггүй эзлээд эрхэндээ оруулав. Далай лам эхэндээ коммунистуудтай маш сайн хамтран ажиллаж Мао даргын дотны нөхөр, шавь нь гэгдэх болсон ч гэсэн цаадах нь Соёлын хувьсгалаар зангаа хувиргаж шогтсон байна. [26]
Мао их залуурчийнхаа хэт фанатик өөрчлөлтөнд тэсэхээ байсан Түвдүүд босож тэр дүйвээнээр Далай лам Энэтхэгт гарчээ. Эхэндээ мань хүнийг болон Түвдүүдийг дэлхий дахинд авч хэлэлцсэнгүй. Гэтэл Зөвлөлт маягийн коммунизм нуран унасан, Хятад хүчирхэгжиж эхэлсэн шалтгаанаар Өрнөдийнхний гартаа барьж байсан жижиг “мод” Далай лам ба Түвдүүд том хөзөр болон хувирчээ.
Ардчилсан хувьсгалаар буддизм сэргэсэн нь
Монгол улсад 1990-ээд оноос нийгэм, цаг үе өөр боллоо. Хэдэн хөгшчүүдийн эргэж тойрдог газар болтлоо устах дөхөж байсан. Гандангийн хашаанаас ч толгойгоо цухуйлгаж чадахгүй болтлоо жижгэрч МАХН-ын илгээлт, томилолтоор ирсэн намын батлахаа түр хадгаллуулсан коммунист Хамба ламаа алга ташин хүлээн авдаг коммуист намын нэг үүр болчихсон.
Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ. Бидний оршин буй дөрөв дэхь ертөнцийн/галвын бүтээгч нь Авалокитешвара бурхан аж.
Газар дэлхий дээр бол Гаутама Будда хэлбэрээр заларчээ. Орчин үед Далай ламын дүрээр хувилан дахин дахин төрөөд байгаа гэж Түвдийн Буддизм үздэг байна. Жанрайсаг нь энэхүү бурханы газар дэлхийг билгийн нүдээрээ тольдон хардаг хувилбар нь юм.
Жанрайсаг бүтээлт
Орчин үеийн Жанрайсаг бурхан Авалокитешвара бурханы хувьд шинээр тусгаар тогтносон Монгол улсыг тэтгэх болон шарын шашны тэргүүн Далай ламын дээд тэнгэр гэсэн эдгээр бэлэгдлүүдийг агуулж бүтээгдсэн аж.
Шинээр Жанрайсаг бүтээх үйлсэд ажил, үүргийн хувьд идэвхтэй оролцсоноороо хожим Далай ламын дотны шавь гэгдэх болсон тэр үеийн соёлын сайд Н.Энхбаяр нь ерөнхийлөгч хүртэлх улс төрын кареерээ амжилттай эхлүүлэхэд нь маш сайхан сурталчилгаа, аз тохиосон ажээ. Мань хүн Буддагийн чандрыг Монголд залснаар нэр хүндээ сансарын хурдаар огцом өсгөж бүх өрсөлдөгч нараасаа давж гарав. Дашрамд өгүүлэхэд энэхүү чандрыг 1908 онд одоогийн Пакистан улсын Пешавар хотын орчимд Канишка хааны босгосон суврагаас олсон бөгөөд грекүүдийн урласан мөнгөн саванд хийж хадгалсан байсан байна.
Буддаг НТӨ 477 онд нас барсан гэж үздэг. 7 хоног гашуудсаны дараа түүний үеэл дүү Ананд тэргүүтэй дагалдагч нар нь чандарласан домогтой. Чандрыг нь янз бүрийн хаант улсад илгээгээд үлдсэнээр нь найман суврага босгосон аж. [3, XXI] Тэр үед нэгэн даргынхан хэлснээр хүний хөгжлийн дээд хэлбэр МАХН-ын нам хөөрхийлөлтэй байдалд орчихсон байлаа. Итгэж байсан коммунист үзэл суртал нь балран унаж, албан тушаалын төлөө нэгдсэн өвгөн дарга нарын бөөгнөрөл мэт харагдаж нэр хүнд нь лифтээр бууж байгаа мэт доошилж байлаа. Гэтэл өрсөлдөгч намууд нь дор бүрдээ социал демократаас авахуулаад консерватив хүртэл бүх үзэл суртал онолыг барид авчихсан МАХны намд орон зай байхгүй мэт байлаа. Иймд Хувьсгалт намын хуучин кареерист хөгшчүүд нэг мэргэн арга олсон нь хэнд ч хал балгүй даруу төлөв нэгэн судлаачаар намын даргаа тавьж шинэ үзэл сурталтай болох гэсэн нь Нагаржунайн онол болов. Хөгтэй нь энэ онол аль VII зуунд оршиж байсан Махаяна урсгалын том онолчийн төвч үзэл гэжээ. Ингэснээр Хувьсгалт нам шарын шашинтай хүртэл үзэл суртлаа булаацалдах хэмжээнд ортлоо доош нь орж, арчаагүйдсэн төдийгүй хүн төрөлхтөн түүнээс хойш хөгжиж, философи сэтгэлгээ нь хол явчихсан байсныг үл ойшоон VII зууны хэмжээнд сэтгэх гэснээрээ эртний хааны мумиг босгож тавиад намын хүндэт дарга гэж өргөмжилсөнтэй адил агуулгатай үйлдэл болжээ. Хөөрхий тэр хүндэт даргаас нь өөр хүн энэ онолыг ойлгосончгүй, хүлээж авсанчгүй. Түүхийн хошин жүжгийн сэдэв ингэж нэгээр баяжжээ.
Монголчуудын ийнхүү дампуу, сул дорой боловсрол мэдлэгтэйг ажигласан гадаад талд нь бас нэг сонирхолтой жүжиг дэглэсэн нь XIV Далай лам нь IX Богдыг дахин тодруулав. Түвдийн Буддизмаар хувилгаан дахин тодордогч нэг дүр нь онцолбол есдүгээр Богд дахин гарсан явдал нь түүхэнд анхны онцгой тохиолдол болж үлдэж болох юм. Уг нь жамын дагуу бол хувилгаан дүр нь арав дахь удаагаа хувилагдсан Богд баймаар байдаг. Ингэснээр хоёр удаа тодорсон есдүгээр Богдын аль нэг нь кинонд гардагаар хуурамч Дамбийжаа гэдэг шиг хуурамч Богд гэж дүгнэгдэхээр. Ямар ч байсан ардын засгийн үед чөтгөрийн тоо цөөрсөн юм гэдэг онигоо байдаг шиг ямар ч байсан ардчилсан засгийн үед хутагт, хувилгаад ихэрлэн төрөхөөр болж байгаа шинжтэй. Эсвэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор клон хийгээд хувилаад гаргаад ирсэн юм бол уу?
1990 он гэхэд коммунизм нуран унасан Монгол оронд оюун санааны хоосролд өртсөн үе бий. Тухайн цаг үед:
- Өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа,
- Теле холболтоор харь гарагийн мэдээ дамжуулдаг ерөнхийлөгчийнхөн үзмэрч Дашцэрэн
- Алтан цөгцний хэрэг зэрэг үзэгдэл гарч ирсэн.
Монголд Буддизмд хандах хандлага өөрчлөгдсөнийг харсан хүмүүсийн үйлдэл, тоглолт байлаа.
Мөн үзэх
Ашигласан эх сурвалжууд
- Peter, Harvey. 2000. An Introduction To Buddhist Ethics. New York: Cambridge University Press.2010 оны 1 дугаар сар 18-нд хандав. https://web.archive.org/web/20180129161336/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html
- Alice Getty. 1914. The Gods of northern buddism. Oxford. Lindtner, C. 1987. Nagarjuniana. Motilal. Conze, Edward. 1993. A Short History of Buddhism. Oneworld. 2010 оны 2 дугаар сар 2-нд хандав. http://www.buddhism-dict.net/ddb/
- Редактор Жамсран, Л. 2003. Монгол улсын түүх: Гуравдугаар боть. Улаанбаатар: Адмон
- John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press
- Редактор Цэвээндорж, Д. 2003. Монгол улсын түүх: Тэргүүн боть. Улаанбаатар: Адмон
- Редактор Далай, Ч. Ишдорж, Ц 2003. Монгол улсын түүх: Дэд боть. Улаанбаатар: Адмон
- John C. Huntington, Dina Bangdel, Robert A. F. Thurman. 2003. The Circle of Bliss: Buddhist Meditational Art. Belgium: Serindia Publication John, Man. 2008. The Great Wall. Britain: Bantam Press
- Felipe, Ferncindez-Armes. 2001. Civilizations : culture, ambition, and the transformation of nature. New York: The Free Press
- Саган Цэцэн. 1961. Эрдэнийн товч. Улаанбаатар.
- Яно Жиничи. 1925. Киндай Моко ши кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио
- Гонгор, Д. 1970. Халх товчоон: нэгдүгээр боть. Улаанбаатар
- Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар
- Нацагдорж, Ш. 1963. Халхын түүх. Улаанбаатар:СНХК
- Бум-Очир, Д. Хайлж буй Дээд Монгол. https://web.archive.org/web/20100323051550/http://www.mongolia800.mn/24tsag/2006/07/08/1277 2010 оны 3 дугаар сар 17-нд хандав.
- Peter, C. Perdue. 2005. China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. London: Harvard University Press
- Грум-Гржимайло, Г.Е. 1926. Том 2. Западная Монголия и Урянхайский край. Ленинград Лувсанчойдон. 1981. Монголын зан аалийн ойлбор. Хөх хот 2010 оны 4 дугаар сар 30 –нд хандав. http://kalachakranet.org/kalachakra_tantra_jonang_history.html
- Редактор Болдбаатар, Ж. 2003. Монгол улсын түүх: Tавдугаар боть. Улаанбаатар: Адмон