Монголын Зохиолчдын Эвлэл
Монголын Зохиолчдын эвлэлийн Хороо 1929 оны 1-р сарын 9-ний өдөр ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм" нэртэй анх байгуулагдсан байна.
Түүх
засварлахИх зохиолч Дашдоржийн Нацагдорж, Сономбалжирын Буяннэмэх нарын 1920-иод оны шалгарсан 17 сэхээтэн цуглаж, анхны хурлаа хийж, ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм"-ийг 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулан зорилго, чиглэлээ тодорхойлж, зохиолчдын бүлгэмийн удирдах зөвлөлийг байгуулан тэргүүлэгчдийг сонгон баталснаар жил бүрийн энэ өдрийг “Монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монголын зохиолчид нэгдэж байгууллагаа байгуулсан 1929 ондоо багтааж, “Уран үгсийн чуулган” цоморлигийг 15 хүний 36 зохиолыг оруулж анх хэвлүүлж гаргасан нь утга зохиол, урлаг, соёлын түүхэнд цоо шинэ тэмдэглэлт үйл явдал болж байжээ.
Монголын зохиолчдын түүхт 90 жилийн ойгоор төрөөс Монголын Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн энэ онд зохиолчдын байгууллагыг олон жил удирдаж ирсэн, ХХ зууны манлай эмэгтэй зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч С.Удвалын 100 жилийн ой болох юм. Мөн Монголын Зохиолчдын эвлэлийн даргаар ажиллаж байсан их зохиолч С.Буяннэмэх болон зохиолч Д.Намдаг нарын мэндэлсний 100 жилийн ой тохионо.
Үе үеийн удирдлага
засварлахМонголын Зохиолчдын Эвлэлийг 1929 оноос 1933 онд Мөрдэндэвийн Ядамсүрэн, 1934-1935 онд Сономбалжирын Буяннэмэх, 1936-1937 онд Т.Сэнгэдорж, 1938-1942 онуудад Т.Дэнчингунгаа, 1943, 1954 онд Цэндийн Дамдинсүрэн, 1947-1948 онд Шадавын Лувсанвандан, 1948-1952 онд Шагдаржавын Нацагдорж, 1953 онд Лувсандоржийн Тойв, 1955 онд Баярын Жаргалсайхан, 1956-1959 онд Дашзэвэгийн Сэнгээ, 1961-1974 онуудад Сономын Удвал, 1974-1975 онд Лодонгийн Түдэв, 1977-1990 онд Дожоогийн Цэдэв, 1990-1992 онд Дүгэржавын Маам, 1992-1993 онд Бавуугийн Лхагвасүрэн, 1993-1997 онд Долгорын Нямаа, 1997-2001 онд П.Баярсайхан /Д.Төрбат/, 2001-2008 онд Ц.Энхбат, 2009-2012 онд Х.Чилаажав, 2012-2015 онд Ц.Буянзаяа, 2017 онд А.Эрдэнэ-Очир, 2018 онд Долгорын Цэнджав, 2019 оноос Б.Ичинхорлоо нар удирдаж иржээ.
Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолч тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон байдаг. Монголын Зохиолчдын эвлэлийн ойн хүрээнд МЗЭ-ийн удирдлага их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн жил бүр “Алтан Өд” оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг байна.